Уран зохиолд шимтэгч уншигчдадаа зохиолч Хандхүүгийн Нямхишигийн "Умар зүг" өгүүллэгийг хүргэж байна. Тэрбээр яруу найргийн төрлөөр “Бөгтөр хөх өвс”/2008/, “Зун гээсэн чөдөр”/2010/, “Нэргүй ном”/2014/, “Хөх цэгцгий жиргэнэ”/2018/, "Жийд хэлний бадгууд"/2023/, эсээ бичлэгийн төрлөөр “Алхах тоолонд элс нурнам”/2017/, хүүрнэл зохиолын төрлөөр “Гашуун амт: Амтлаг үнэр"/2020/, орчуулгын төрлөөр Туркийн алдарт яруу найрагчдын шоронд бичсэн шилмэл шүлгийн түүврийг “Хоёр үетэй үг” /2021/ нэрээр хэвлүүлээд буй юм. Түүнийг “Болор цом” наадмын дэд байрт шалгарч, 2018 онд “Алтан-Өд” шагналыг яруу найргийн төрлөөр хүртэж байсан гэдгээр нь уншигчид эчнээ таних биз ээ. Х.Нямхишиг өдгөө Эрдэнэт хотноо ажиллаж амьдран, уран бүтээлээ туурвиж байна.
Хандхүүгийн Нямхишиг
УМАР ЗҮГ
1.
Гэрээсээ гараад урагшаа харахад хүйт даана. Байшингуудын ар нуруу, дээврүүдэд тогтсон цас ийм сэтгэгдэл төрүүлнэ. Харин арагшаа харахуй цаанаа л нэг өег дулаан. Ав адилхан байшингууд, гэвч дээвэр нь цасгүй. Учир нь наранд ээвэр тал шүү дээ. Өвөлд би умар зүгт ширтэх дуртай.
2.
Бид хоёр хөрлөж хатуурсан цасан дээгүүр явсаар байлаа. Тэрээр урт хормой дороо ойр ойрхон гишгэлэн, миний гараас чаргуулдан алхана. Тийнхүү алхах нь урагшлахын тулд биш, урт хормойгоо хөндийрүүлэхийн тулд л өшигчиж буй мэт санагдана. Цас ер цөмөрсөнгүй. Хэрэв цөмөрвөл түүний амнаас ямар нэг авиа гарна даа гэж би бодож явлаа. Анхандаа би түүнийг хөтөлж явсан юм. Харин одоо бол хөтлөх ч биш, хөтлүүлэх ч биш, гэхдээ л хэлхэлдсэн чигээрээ явж байна.
Одоо буцъя л даа!
Цас зөөлхөн байх үед тэр ингэж үглэсээр байсан юм. Цас хатуурч эхлэхээс авахуулаад л тэр дуугаа хурааж, би харин амандаа;
Нохойн дуу ойртож байна даа... гэсээр явлаа.
Нохойн дуу гэдэг үнэхээр дулаан үг шүү. Бид умар зүгт явж байгаа юм. Нохойн дуу шиг дулаан зүгт... Цас улам хатуурна. Тэр хүрэмнийхээ малгайг өмссөн агаад малгайнх нь хиймэл үс өвсний толгой шиг сагсаргалан цантжээ. “Даарах тусмаа хөөрхөн болдог хүн гэж байх аа?” хэмээн бодохуйяа дотор цэлмэнэ.
Цас хатуурах тусмаа явахад амар! гэж би хэллээ.
Тэр над руу гайхсан шинжтэй цочир харав. Айсандаа л тэгж харсаныг нь би хэдэн хормын дараа мэдлээ. Гэнэтхэн л тэрээр асгартал уйлж эхлэв. Нулимснаас нь уур савсана. Гэхдээ миний ханцуйнаас зуурсан гараа тавьсангүй. Цас улам хатуурсаар, бид явсаар л байлаа. Одоо бол би ч дуугаа хураачихав. Бодохдоо уран яруу ч бодсоноо гаргаж хэлэхдээ маруухан хүн юм аа, би. “Нулимсыг нь алгаараа арччих юм сан” гэж бодлоо. “Гэхдээ минийх нүгэлт гар шүү дээ, нүгэлт гар...” гэж бас бодов. Тэгж, тэгж тэр уйлахаа болилоо. Доош ширтэн, яг ширтсэн газартаа гишгэн урагшилна. Надаас барьсан гар нь нэг л аясаар болчихжээ.
Хөөрхий дөө... гэж би өөрийн мэдэлгүй шивнэв.
Тэр над руу гайхсан шинжтэй ширтлээ. Гэхдээ энэ удаад жинхэнээсээ гайхсан шинжтэй ширтэв шүү. Бид түр зогсож, эргэж харлаа. Нүдэнд торох бараагүй цасан тал цэлийнэ. “Дахиж эргэж харах ч хэрэггүй юм байна даа” гэж бодохуйяа дотор уужирлаа. Тэгээд цааш явав. Би ч, тэр ч дув дуугүй. Миний толгойд үг байтугай бодол ч үгүй болжээ. Тэр ч гэсэн лавтайяа ахиж уйлахааргүй болсон дог оо. Алхаа нь арай хөнгөрчихөж. Тийн явж атал тэр гэнэтхэн халтирав.
Ээээ... гэж огцом дуу алдлаа.
Уруулд нь үл ялиг инээмсэглэл тодрохыг би анзаарав. Цас хатуурсаар мөс залгажээ.
Үүгээр гол урсдаг юм. Загас ихтэй гол... гэж би хэллээ.
Гэвч тэр аанай л үг дуугарсангүй. Мөсөөр гарахдаа бид харин хөтлөлцлөө. Голын цаад эргээс дахиад л хатуу цас... Мөснөөс холдсон ч бид хөтлөлцсөн чигтээ явсаар байлаа. Түүний сормуус нь цантаад улам дэрвэгэр болжээ. Тэгтэл гэнэт цас цөмрөв.
Ээ...ээж... гэж тэр дуу алдлаа.
Бидний өмнө уул тулж иржээ. Уулын мод ч ойртжээ. Цас улам зөөлөрнө. Газар өгсүүрдэж, түүний амьсгаа түргэслээ. Хэсэг өгсөөд түр зогсоцгоов. Гэхдээ би эргэж харсангүй. Эргэж харах бүрд тэр “Ашгүй, буцах нь уу даа” гэсэн янзтай ширтээд байсан болохоор нь, бас арагшаа хараад ч хэрэггүй гэж шийдсэн болохоороо зориуд тэгэв. Бид цааш өгслөө. Мод залгаж, туулайн мөр олширч, ганц нэг бор шувуу дэрхийн ниснэ... Тэгсээр зорьсон газраа ирлээ. Анчны урц. Урьд нь би энд гурван удаа ирж байсан юм. Түүнийг хөтөлж яваа энэ нүгэлт гараа арай өөр үйлд зориулж явахдаа шүү дээ. Гэхдээ амь л бол амь л даа, уг нь... Урц нөмөр сайтай. Өмнөх хоноцуудын бэлдсэн тулгын гурван чулуу, хуурай түлээ бэлэн байв. Бид амьсгаагаа дарагдтал хэсэг чимээгүй суулаа. Тэгээд би ам нээж;
Чамайг хөтлөөд наашаа гарахад юу гэж бодсон бэ? гэж асуув.
Танай өвсний амбаарт очих нь дээ л гэж бодсон.
Суурингаас бүр гараад явчихаар нь юу бодов?
Тэрүүхэнд нөгөө нэг... эзгүй жүчээ байдаг даа? Тийшээ аваачих нь дээ гэж бодсон.
Тэрнээс өнгөрөөд явчихаар нь...?
...
Тэр дахиж дуугарсангүй. Би босож, урцаа тойрч, эргэн тойронд нүд чихээ хэсэг бэлчээгээд дараа нь түүдэг ноцоолоо. Түүнийг галын хажууд ирж гараа хөлчих үед би;
За ингээд хоёулаа гал голомтоо бадраачихлаа гэж хошигнов.
Тэр дөнгөж сонсогдох төдий, сулхан инээлээ. Тэгсхийгээд нар жаргаж, харанхуй болов. Шигүү ойн гүн харанхуйд бид үг дуугүйхэн үнсэлцлээ.
3.
Одоо буцъя л даа! гэх үгсээр тэр намайг сэрээв.
Би босож цасаар гар нүүрээ угаагаад хоёр үмх цас идлээ. Дотор чичирч байв. Дараа нь түүн рүү очлоо. Тэр урцны үүдэнд өмнө зүг рүү ширтэн, элгээ эвхэн суух авай. “Хөөрхий дөө” гэж би амандаа шивнэв. Тэгээд;
За буцацгаая! гэлээ.
Бид хөтлөлцөн явсаар уулнаас буув. Цас хатууран хатуурсаар биднийг дааж эхэллээ. Нэг л мэдэхэд атгалцсан гараа тавиад, би түүний ханцуйнаас чаргуулдчихсан явж байв. Өмнө зүгт бөртийх ч бараа туруугүй, гэвч цаанаа л нэг жихүүн. Тийм ээ, хүйтэн зүг...
Ийшээ газар нь уруу шүү дээ, одоохон оччихно оо гэж тэр хэлэв.
Голын мөсөөр гарах үед бид хөтлөлцсөнгүй. Би бүр ханцуйг нь ч тавиад, бид дан дангаараа тэнцвэрээ олж явлаа. Дахиад л хатуу цас...
Чи эцчихээ юу даа? гэж тэр шоолонгуй асуув.
Би муухан инээвхийлсэн ч юм хэлсэнгүй. Өмнө зүгийн жавар хавирга нэвт хайрна. Энэ зүгт суурин маань, гэр минь, гэмт үйлдлийн минь ул мөр, тэр ул мөрийг хэмжиж, шинжиж, шиншилж, аль нэг булан тохойд намайг отон суугаа цагдаа нар буй. Бид явсаар л байлаа. Аль аль нь таг дуугүй. Гэвч миний хувьд “Би гэмт хэрэгтэн!” гээд бүр цээжнийхээ гүнээс хашхирчихмаар санагдана. Тэгээд араас нь; “Чиний хайртай эрийг би хөнөөчихсөн!” гэж хашхирмаар... Даанч хоолой дээр чулуу шиг нэг хатуу юм тээглэчихээд ер дуу гарсангүй. Тийн явж атал түүний хөл дор гэнэтхэн цас цөмөрлөө. Тэр;
Ээж эээ! гэж дуу алдав. Би цөмөрсөн цас руу гишгэсэнгүй, зогтусан зогсоод;
Чи ээждээ оч доо! гэлээ.
Хэдэн хормын дараа би ганцаархнаа умар зүгт сажилж явав. Нулимс урсана. Нулимснаас минь уур савсана. Ханцуйнаас салхи л чаргуулдан байв.
2023 он.