UBLife Logo
Ном

Г.Хашбаатар | "Дурсамжийн сан хөмрөг" өгүүллэг

У.Чинзориг
У.Чинзориг
Г.Хашбаатар | "Дурсамжийн сан хөмрөг" өгүүллэг

Уран зохиолд шимтэгч уншигчдадаа зохиолч Гантөмөрийн Хашбаатарын "Дурсамжийн сан хөмрөг" өгүүллэгийг хуваалцаж байна. Тэрбээр яруу найргийн төрлөөр "Эртний улирлын түүх" /2018/, "Яруу феномен" /2023/ номуудыг хэвлүүлээд буй. Мөн хайрын шүлгийн “Цагаан Уул-2023” наадамд түрүүлсэн, өнөө жилийн "Болор цом" наадмын шилдэг аравт, “Тагтаа” хэвлэлийн газраас залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг шилдэг бүтээлийн уралдаанд яруу найргийн төрлөөр шилдэг тавд шалгарч байсан гэдгээр нь уншигчид эчнээ таних биз ээ. Г.Хашбаатар нь утга зохиолын "Хас Дорно", "Гүн утга" бүлгэмүүдийн гишүүн юм. 


Гантөмөрийн Хашбаатар

ДУРСАМЖИЙН САН ХӨМРӨГ

/мемофонд/

            Дээд айл ус алдах шиг бороо орно. Үгүй ээ, бороо орох шиг дээд айл ус алдана. Сэтгэлийн хана, тааз нэвт норчихлоо. Үгүй ээ, зүгээр л хана, тааз нэвт норчихлоо. Энэ удаагийн ус арай их байна шүү. Намайг бүгд орхиод явсан тэр өдрийн бороо шиг... Хана нэвчсэн ус далд байх цахилгааны утсыг норгож энд, тэнд манас, манас хийх хачин чимээ гарна. 

            “Хачин гэх үг бодит үнэнээс зугтагчдын ашигладаг заль шиг санаддаг шүү”.

Тог тасарсан нь илт. Зурагт минь л шатсан байгаасай билээ л. Эвдэж бас хаяж чадахгүй, гэхдээ үзэхгүй хэр нь асааж орхидог. Төвөгтэй хэр нь тэндээ байж л байдаг хэрэггүй эд. Эсвэл гэрэл зургууд бүгд норж бүдгэрч үгүй болсон байгаасай. Хаяж болохгүй, гэвч сөхөж хардаг ч үгүй ДУРСГАЛ төдий дүрст өнгөрснүүд. Өмнө нь бага сага ус алддаг л байсан. Гэрлийн бүрхүүл дээр дуслах чимээ, гэрлийн хугаралд ус нөлөөлөхөөр солонго үүсдэг тухай бодох ч сайхан шүү. Хөрш чинь бодох зүйл өгөхгүй бол хөрш гэж бүү хэл гэж хаа нэг газар тэмдэглэж орхисноо саналаа. Дээд айл руу очлоо. Хаалгыг нь хэд хэдэн удаа зөөлөн ч биш чанга ч биш тогшлоо. Хүн байхгүй нь илт. Гэртээ ороход гэгээ алдарчээ. Наран талын байр биш тул бүтэн харанхуй ноёлж. Асаагуурын гэрлээр замчилж буйдан дээрээ суув. Дээд айл ингэхэд яагаад дандаа ус алддаг юм бол оо. Сантехникийн ажилчин нэг ч удаа тэднийд ирж ус алдалтыг янзалж байгаа харагдаагүй. Эсвэл... эсвэл...

            Эсвэл дээд айлд ЭРДЭМТЭН амьдардаг юм болов уу? Тэр энгийн цэвэр усыг НУЛИМС болгох туршилт байнга хийдэг байх. Тэгээд тэр нь дандаа бүтэлгүйтэж, тэсэрч дэлбэрээд гэрээр нь дүүрэн ус асгарна. Олон удаа ус алдсан гэхээр үнэхээр уйгагүй, хийж буй ажилдаа тууштай гарцаагүй  ЭРДЭМТЭН хүн байх нь. Туршилт нь мөн л бүтэлгүйтээд тэрбээр шар айраг уухаар гарсан тул гэр нь эзгүй байгаа бололтой. Хана, тааз, норсон бүхнээс чийг үнэртэнэ.

            Элдэв юм бодож хэвтсээр унтаж орхиж. Сэртэл ус алдалт зогсжээ. Зогсжээ ч гэж дээ эрдэмтэн гутарч ханаад гэртээ ирж нулимс болоогүй усаа шавхаад эргээд ажилдаа орсон болов уу. Өдрийн гэгээ адил тог ирчихсэн байна. Үгүй ээ, тог ирсэн мэт өдрийн гэгээ цонхоор шургалжээ. Сууц өмчлөгчдийн холбооноос ажилчдыг дуудлаа. Тогоо ч залгуулж, энд тэнд хуримтлагдсан усыг шавхууллаа. Тэднийг явсны дараа эрдэмтэн хэзээ ахиад туршилт хийх бол гэсэн бодол л надад үлдлээ. 

            Тамхи авчхаад, хариугүй хөдлөх дөхсөн цахилгаан шатанд арайхийн амжиж суув. Амжсандаа, амьсгаагаа даран хэсэг юу ч ажралгүй зогсов. Гэнэт хажууд хүн буйг анзаарлаа. Ямар гоё цувтай хүн бэ? Хөлийн шагайнаас эхлэлтэй урт саарал цув. Товчнууд нь илүү ч үгүй дутуу ч үгүй яг л донжоо олжээ. Бүс нь биед таарсныг нь илтгэн бэлхүүсийг нь сайхан дарж ороожээ. Яг л ийм цувтай болох сон. Тэр хүн гартаа цэвэр ус барчихсан байна. Өө ... буух давхар минь ирчихлээ.

            Гэртээ оронгуут тэр хүн арай нөгөө эрдэмтэн биш байгаа гэсэн бодол төрөв. Яг мөн. Тэр мөн байж. Гартаа тэр цэвэр ус... Үгүй ээ тэрний туршилт амжилттай болсон бололтой. 0,5 савтай ус биш НУЛИМС барьсан байжээ. Цув, цув гэсээр би царайг нь харсангүй. Харсан ч билүү. Эсвэл тэр царай төрхгүй хүн байв уу. Царай үгүй тул нүдгүй, нүд үгүй тул нулимсгүй. Тийм болохоор түүнд нулимс хэрэгтэй байсан. Гэхдээ НҮДГҮЙ хүн хэрхэн туршилт хийх билээ дээ. Утгагүй юм. Гэхдээ л эрдэмтэн чаджээ. Тэр усыг нулимс болгож чадсан байна. Ямартай ч дээд айл минь ахиж ус алдахааргүй болсон нь сайн хэрэг шүү. 

            Ойр дотны хүн бурхан боллоо. Гашуудал ийм хатуу. Намайг уйлуулж орхисон гэхээр тэр хүн надад эрхэм байжээ. Ямар их харуусал вэ? Тэр үнэхээр сайн хүн байсан. Гэхдээ муу зүйл их ч хийсэн. Би уйлсаар л байх юм. Нулимсаа савламаар...Эрдэмтнийг ямар их үзэн ядна вэ... Уйлж, бүлцийсэн царай төрхөө угаахаар угаалгын өрөө орлоо. Ус нээгээд нүүрээ булхуулав. Өө новш гэж. Эрдэмтэн манай угаалтуурын усыг ч НУЛИМС болгочихсон байна. Муу өөдгүй амьтан. Туршилт нь амжилттай боллоо гээд ингэх гэж үү. Халаагуурын дотуур хоржигнон урсах усны чимээнээс давс үнэртэх шиг. . . Гэхдээ сайн тал нь хоолондоо давс хийхээргүй л боллоо.

            Маргааш өглөө нь гэнэт л дээд айл ус алдлаа. Ахиад л. Дээд айл ус алдах шиг бороо орлоо. Үгүй ээ, бороо орох шиг дээд айл ус алдлаа. Энэ удаад эцэг, эхээ алдсан тэр өдрийн бороог санагдуулав. Хана, тааз нэвт норов. Хана таазнаас нэвт давс үнэртэнэ. Уй гашуу эгэн сэдрэх шиг хэцүү зүйл хаа байх билээ. Бид угтаа дурсан санагдах тэдгээр харууслыг баллуурдах гэхдээ худлаа инээж, дараа өдөр лүү алхаж чаддаг хэрэг үү. Хаа сайгүй давс үнэртэнэ. Хачин гашуудал. Ер нь гашуудал гэдэг үг нулимснаас гаралтай. Нулимсны гашууныг дүрсэлсэн хэрэг. Дээд айлын ус манай шалнаас доод айлын тааз руу зугуухан нэвчинэ. Ус бишээ нулимс. Энэ их нулимс. Ингэхэд эрдэмтэн яагаад ийм их нулимс хийчхээд түүнийгээ асгах болов. Зогсоо зайгүй нулимс...

 Яагаад ч юм өөрийгөө давсалсан бүтээгдэхүүн шиг мэдрэх. Үгүй ээ, би ер нь яагаад өөрийгөө өргөст хэмх эсвэл утсан загас, мах шиг мэдрэх гэж. Бүгд л давслуулсан мэт удаан аж төрөх ёстой ч билүү. Тийм бол би энэ их нулимсан дунд яг одоо та нарын мөрөөдөл болж байна. Дээд айл, эрдэмтэн, нулимс энэ бүхэн угтаа хэнд хэрэгтэй. Амьдрал угаасаа л гашуун бүхний гадна хальсыг ховхлоход мөн л дотроос гашуун зүйл гарч ирдэг. Хуурмаг ёсоор л хэн хэн рүүгээ дулаан царайлж гашуун бүхнийг, чихэрлэг мэт идэцгээж хоосон инээмсэглэж, тамшаархдаг бишүү. 

 Сэтгэл зүрхийг эмтлэхээр, цээжин дээр хүнд зүйлээр цохих шиг чимээ гарлаа. Үгүй ээ, зүгээр үүд тогшиж буй аж. Үүдээ онгойлгох ёстой шүү дээ. Ер амьдралд бид хүссэн хүсээгүй ч үүдээ нээх л болдог. “Доод айлын чинь хүн байна аа, танайх ус алдаад байна” гэж үүд нүдсэн хүн сандрангуй өнгөөр хэлэв. Манайх биш ээ дээд айл гэхэд тэр хүн гайхсан төрхөөр дээш заагаад “танайх энэ арван таван давхар байрны хамгийн дээд давхрын айл шүү дээ” гэчхээд, явахдаа нэг бус удаа хальт эргэж харсаар шатаар буув. 

Үүднээсээ дээш харвал дээвэр лүү гардаг жижиг шат, жижиг таг бүхий хаалга л харагдлаа. ЭРДЭМТЭН ХААЧЧИХАВ АА. 

Би үхчихлээ. Үгүй ээ, эрдэмтэн үхчихлээ. Үгүй ээ, бид арван таван давхарын дээврээс үсэрчхэж. Урт саарал цув минь ямар гоё харагдана вэ? Тас атгасан 0,5 савтай цэвэр ус. Үгүй ээ, нулимс минь. 

          “Хачин байгаа биз. Энэ чинь л бодит үнэнээс зугтагчдын ашигладаг заль шүү дээ”

Айлууд цонхоо нээжээ. Давс үнэртэнэ.  

2023 он.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.