UBLife Logo
Ном

Оны онцлох ном: Стивэн Жэррардийн "Миний түүх"

Оны онцлох ном: Стивэн Жэррардийн "Миний түүх"

Уншигч та бүхэндээ домогт хөлбөмбөгчин Стивэн Жэррардийн "Миний түүх" номоос нэгэн бүлгийг хуваалцаж байна. Эл номыг хөлбөмбөгийн тайлбарлагч Л.Оюу-Од таван жилийн хугацаанд орчуулж, 2023 онд уншигчдийн гарт хүргэсэн билээ. Тус ном Стивэн Жэррардыг "Ливэрпүүл"-ээс явсны дараахан хэвлэгдэж, спортын төдийгүй хэвлэлийн салбарт жинхэнэ шуугианыг дэгдээсэн юм.

Жэррард Премьер лигт түрүүлээгүй нь гарцаагүй үнэн. Түүнийг үүгээр насан туршид нь шоолох байх. Гэхдээ өргөж болох байсан олон цомуудын оронд олон хөгжөөн дэмжигчээс үүрдийн хайр хүртсэн нь бас л үнэн. Тэр бол хөлбөмбөгийн үүрдийн баатар, ахлагч, домог, олон хүний хайрладаг тамирчин билээ.


Миллэниум цэнгэлдэх, Бямба гараг, 2006 оны 5-р сарын 13

Тэнгэрт нар мандсан л бол дийлдэшгүй мэт санагдах өдрүүд бий. Хорин таван настай юуг ч чадах бяр амтагдсан үе. Яг л тийм өдөр байсан. Хүч, чадал, итгэл чиний биед багтахгүй халих мэт. Энэ бүх мэдрэмж хэзээ ч дуусашгүй мэт сэтгэгдэл төрнө. Энэ бүхний сайхныг мэдэхгүй жаахан хүүхэд л биш бол ийм өдөр үнэхээр гайхалтай байдаг юм.

Төгс мэт өөртөө санагдах боловч энэ бүхэн удаан үргэлжлэхгүй. Тийм учраас л залуу хөлбөмбөгчид ийм өдрүүдийг дэмий өнгөрүүлж болдоггүй юм. Бүх зүйл сайхан, хорин таван настай байхад энэ тухай ч бодох ч үгүй л дээ. Зөвхөн тухайн үедээ өөрийгөө зүгээр л дураар нь тавьдаг. Байгалиас заяасан, хэзээ ч арилшгүй мэт.

Би тэр улиралд Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны шилдэг тоглогч болоод байлаа. Премьер лигт мөр зэрэгцэн тоглож буй Англи дахь шилдэг тоглогчид санал өгдөг учраас үнэхээр өндөр ач холбогдолтой шагнал. Би Кардиффт морилохдоо 21 гоол оруулчихсан багийнхаа мэргэн буучийн хувиар ирлээ. Лигтээ бид гутгаарт ороод байв. ФА цомд бид Манчестер Юнайтед, Бирминхэм Ситиг 7:0-ээр шөвгийн наймд буулган авч, Челсиг хагас шигшээд хожсон.

Би аль хэдийн ФА цом, Лигийн цом, УЕФА-гийн цом, Европын цомын эзэн болчихсон байв. Сүүлийн гурван тэмцээнийх нь шигшээд би гоолдсон. Би ФА цомын аваргын дахин нэг медаль авч бас түүхэн амжилтад хүргэх гоол оруулахаар зэхсэн юм. Хэрэв гоолдвол энэ дөрвөн цомын шигшээ тоглолтод гоолдсон анхны Англи хөлбөмбөгчин болох байлаа. Гэхдээ түүхэнд нэрээ мөнхлөхөөс илүү Ливэрпүүлдээ дахин нэг цом авчрахыг хүссэн. Хурцлагдсан ч гэлээ бас амгалан тайван байх аж – Энэ бол амжилтын ардаас хөөж байхад бий болох хамгийн төгс зохицол.

Аз жаргал бас бахдал бардамнал тоглолтын өмнө цалигаж байлаа. Нүд гялбам хувцас солих өрөөний модон сандал дээр Ливэрпүүлийн улаан оймсоо өмслөө. Пүүзэн дээр минь хоёр жаахан охины минь нэрсийг бичжээ. Лилли Элла зүүн пүүзний минь хэлэн дээр, харин дөрөвхөн настай байсан Лэксигийн нэр баруун талын пүүзний минь хэлэн дээр. Би тэднийхээ ч төлөө мөн тоглох гэж байлаа. Тус бүрд нь нэг гоол оруулбал онцгой өдөр болно. Үдээсээ үдэж байхдаа бүх зүйлийг чадах юм шиг эрч хүч ханхална.

Энэ бол Миллэниум цэнгэлдэхэд болох ФА цомын сүүлчийн финалын тоглолт байв. Шинэ Уэмблиг босгож байх зуур нийтдээ энд зургаан шигшээ тоглолт болсны эхнийхийг нь буюу 2000 онд бид тэр өдөр өөрсдөөс минь хавьгүй илүү тоглосон Арсеналыг буулган авсан. Зөвхөн Арсеналых болох ёстой мэт байсан цомыг Майкл Оуэний төгсгөлд оруулсан хоёр гоол булааж биднийх болсон юм. Бид 2:1-ээр хожсон. Энэ удаа би дахин нэг Лондонгийн баг болох Вест Хэмийг буулган авч, Ливэрпүүлийнхээ дэмжигчдэд Миллэниумд дурсагдах өөр нэгэн тоглолт бэлэглэнэ гэдэгтээ итгэлтэй байлаа.

Налгар Тавдугаар сарын үдийн үеэр цэнгэлдэх гайхалтай сайхан мэлтийж байв. Вест Хэмийн дэмжигчдийн хувьд цөөхөн тохиох ФА цомын шигшээ тоглолт байсан учраас манайхнаас дутахгүй дуутай, шуутай байлаа. Харин ийм мөчид Ливэрпүүлийн дэмжигчид хэзээ ч энгийнээрээ байдаггүй билээ. Рафа Бенитесийн хоёр дахь улиралд тэд маань шинэ Испани үг сурсан бололтой. Конкүйстадорс буюу Скаузэр болгоны мэддэг болсон “Булаан эзлэгчид” гэх утгатай үгийг сийлсэн том баннер харагдах ажээ.

Булаан эзлэх төрхөмөндөө орсон би ханхүү Уиллиамыг багийнхан дээр минь зочилж, тэднийг нэг бүрчлэн бүтэн нэрээр нь танилцуулахдаа аль чадахаараа боловсон байх гэж хичээсэн сэн. 

Вест Хэмийн ахлагч Найжил Рео Кокер, шүүгчид нартай төвийн шугаман дээр уулзалдлаа. Би зоосыг шидэж зүүн гарынхаа ар дээр буулгав. Бүх зүйлийг гартаа байлгаж байгаа гэдгээ харуулах гэсэн бас нэгэн миний арга.

Бодит байдал тоглолт дээр эсрэгээрээ харагдлаа. Тэр өдрийн турш Вест Хэмийн төлөө эцэж цуцашгүй гүйсэн Иосси Бенаюн хорин нэг дэх минутад Дин Эштонд дамжуулав. Тэр өдрөөс хойш төд удалгүй гэмтлийн улмаас замнал нь өндөрлөсөн Эштон бөмбөгийг аваад Лионел Скалони-д маш гоё дамжуулалтыг өглөө. Жэйми Каррагэр аюул ирж байгааг харсан боловч Скалонигийн хөндлөн дамжуулалтыг Пэпэ Рэйнагийн хаалганд азгүй байдлаар гоол болгон өөрийнхөө хаалганд чихчихлээ. Удалгүй Маттью Этэрингтоны цохилтыг Пэпэ Рэйна хаасан ч бүрэн өөрийн болгож амжаагүй байхад нь Эштон нэмж цохин гоол болгосноор бид долоон минутын дараа 2:0-ээр хожигдож эхэллээ. 

Хагас цагийн өмнө дийлдэшгүй мэт санагдаж байсан миний мэдрэмж надаас замхран оджээ. Төгс мэт эрч хүчтэй эхлүүлсэн өдрөө гутамшигтай хожигдох гэж үү? Жил хүрэхгүй хугацааны өмнө бид Истанбулд АС Миланы эсрэг 3:0-ээр хожигдож байсан. Ёроолд үлдсэн эрч хүчээ би сэргээж чадсан. Тиймээс миний итгэл тасарсангүй.

Гучин хоёр дахь минутад нэхсээр байгаад бөмбөг авлаа. Авсан бөмбөгөө Вест Хэмийн талбай руу чиглүүлэн дамжуулав. Тэгчхээд зог тусч зогсоод зорьсондоо хүрсэн эсэхээ ажин харлаа. Би баруун хөлөөрөө дөчин ярдын зайнаас гоёмсог дамжуулсан юм. Тэр бөмбөг Жибрил Сиссе бид хоёрын яг хүссэн цэгт очсон. Сиссе гүйцээх ёстой байсан бөгөөд тэр ч хөл алдан унаж явахдаа ёстой дуу алдам байдлаар шууд гуядан төгсгөж чадсан. Үнэхээр итгэмээргүй цохилт байлаа. Хачин инээдтэй үсний засалт, шар сахалтай Сиссе босож ирээд гараа савчин, орилж харагдана. Юу гэж орилоод байгааг нь бид сонсоогүй боловч ажваас “Итгэ ... итгэ ... итгэ” гэж л байгаа бололтой. 

Би итгэж байлаа. Анхаарлаа төвлөрүүлсээр л. Хоёрдугаар үе эхлээд есөн минутын дараа би 2-2 болгосон гоолыг орууллаа. Би бөмбөгийг багтаа авч үлдээд Шаби Алонсод дамжуулсан. Шаби харин Петер Краучд өгсөн. 6 фут 7 инч өндөр нуруугаа ашиглан Краучи толгойгоороо над руу чиглүүлэн газарт хавсруулан өглөө. Өмнө нь ингэж олон удаа дамжуулсан даа. Бөмбөг нэг ойгоод дахиад нэг ойлоо. Харин би яг л хорин таван настай, дийлдэшгүй мэт санагдаж байхад аяндаа өөрөө бий болдог хүч, техникээр бөмбөгийг хаалганы дээд буланд цөм цохин зоосон.

Хаалганы ард суух Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид тэсэрлээ. Би цохисон эрчээрээ цааш гүйлээ. Зүүн гараа дэлгэж, цээжин дээр минь мандах Ливэрпүүлийн сүлдэн дээр баруун гараараа дэлдэн гүйлээ. Бас баярт умбан хэлээ гаргажээ. Тоглолтын өмнө мэдэрч байсан бүхэн тэгэхэд тархи руу минь буцан орсон.

Энэ бол Айронсайдын гудамжинд мөрөөдөлдөө умбан оруулдаг байсан бас нэгэн гоол минь байсан юм. Гэхдээ энэ удаа бодит боллоо: Комик номын мөрөөдөл минь бодит амьдрал болон хувирчээ. Ямар сайхан өдөр вэ? Ямар сайхан шигшээ тоглолт вэ?

Гэхдээ жаран дөрөв дэх минутад багийн маань ирээдүйн хамтрагч, Вест Хэмийн насан туршийн үнэнч дэмжигч Пол Кончески зүүн жигүүрээр туун орж ирэхэд ФА цомын ид шидийн тухай бодол маань сарнисан юм. Би түүний ардаас хамаг эрчээрээ дагаж байлаа. Эчнээ танил болсон алх савж буй мэт цохилтыг гүйцэтгэхэд нь би хөлөө сунган бөмбөгт нь саад болох гэж оролдсон. Түүнийг цохилт гүйцэтгэсэн эсвэл хөндлөн дамжуулалт өгснийг одоо ч би мэдэхгүй гэлээ Кончески ууртай гэгч нь алхаар нам цохиж буй мэт хаалга руу явууллаа. Маш хол нисэн ниссээр Рэйнагийн толгой дээгүүр бөмбөг орлоо. Вест Хэм 3, Ливэрпүүл 2.

Сиссе эмчийн тусламж авч байхад шүүгчийн мэдлийн цагийг зарлалаа. Скалони бөмбөгийг хажуугийн шугамаар гаргав. Шударга тоглолт байсан ч гэлээ тоглолт дуусаж байлаа. Манайх хажуугаас бөмбөгийг шидэхдээ мөн л шударга тоглолтын үйлдэл гаргаж Скалони руу буцаан шидэж өглөө. Тэр бөмбөгийг цөлөхдөө над руу чиглүүлээд явуулчихсан учраас энэ бүх нэр төрийн, спортын үйлдлүүдийг хийсэндээ халагласан байх.

90 дэх минутад би Скалонигийн цөлсөн бөмбөгийг хүлээн авлаа. Би зүүн талдаа байсан Жон Арне Рийсэд бөмбөгөө дамжуулж байхад цэнгэлдэхийн зарлагч дөрвөн минут нэмж сунгасныг зарлалаа. Надад ч тодхон сонстов. Булчин, шөрмөс таталдсан миний чих түүний хүнгэнэсэн чанга дуунаас яахин зайлах билээ. Халуун нарны доор өнгөрүүлсэн урт өдрийн төгсгөлд хөл минь хөдлөхөө байжээ. Гэхдээ өөртөө хүчтэй байна шүү гэж захисаар л байлаа. Дийлдэшгүй мэт мэдрэмж минь байсаар л. Арай ядан майтганах боловч дийлдэшгүй мэт санагдсан хэвээрээ.

Рийсэ Вест хэмийн талбай руу эргүүлэгтэй дамжуулалт өглөө. Фернандо Морьентес бөмбөг рүү тэмүүлэв. Гэхдээ Данни Габбидон тулаанд ялж, толгойгоороо холдууллаа. Бөмбөг хаалганаас холдон ниссээр газар нэг, хоёр ойлоо. Соронзлогдсон гэлтэй бөмбөг над руу чиглэв. Би хаалганаас гучин таван ярдын зайд бөмбөгийг эзэмшээд, хаалганы зүг гүйе гэсэн ч чадал байсангүй. Зөв совингоороо би эхний хүрэлтээрээ цохъё гэж шийдлээ. Бөмбөгийг агаар дээр хөөрч явахад нь зангасан баруун хөлийнхөө эцсийнхээ дусал эрч хүчийг шавхан юм юм үзсэн пүүзээрээ цөм цохилоо.

Мөрөөдлөө атгаж авч байгаа мэт хүссэнээрээ цохисон. Бөмбөг нүдэнд минь зэрэглээ шиг л алсран одов. Төгс цохисон болохоор агаарт харахад маш хүндрэлтэй ажээ. Миний цохисон бөмбөг ниссээр, ниссээр. Хэдхэн секунд хөөрсөөр .... май чи!

Вест Хэмийн хаалганы тор хойшоо далбилзаж, тэд гэнэтийн цохилтод орох нь тэр. Би дахиад нэг харлаа. Үнэхээр би ингэчихлээ гэж үү? Гоол!

Ливэрпүүлийнхэн маань улаан галын наадам хийж эхэллээ. 3-3. Шүүгчийн мэдлийн цагт тэнцүүллээ. Миний замналын хамгийн шилдэг гоол.

Магнай хагартлаа баярласан ч гэлээ эцэж цуцсан би өмнөх гоолоо бодвол гоолын баяраа олигтой тэмдэглэх чадал хомс байлаа. Багийнхан маань намайг бүчин авахад би инээмсэглээд л үлдсэн.

Агуу Жинжэ болох Рийсэ миний хоёр хацраас алгаараа хавсран, нүд нь толгойныхоо орой дээр гарсан шинжтэй юм хэлж байгаа харагдана. Лав л миний хийсэн гайхлыг биширсэн шинжтэй амандаа нэг юм хэлээд л байв. Даанч би юу ч сонссонгүй. Хагас ухаантай байсан намайг Жинжэ орхин явахад эргэж хараад өмсгөлийнхөө ард байгаа нэрэн дээрээ товшлоо. ЖЭРРАРД.

Энэ бол миний гоол. Би үүнийг хийсэн. Бид ийнхүү цаг сунгаж тоглохоор болов. Мөрөөдөл минь амьд хэвээрээ.

Рео Кокерийн цохилтыг Пэпэ Рэйна итгэмээргүй байдлаас хааж, Марлон Хэйрвүүд ойж ирсэн бөмбөгийг нэмж чадалгүй алдсаныг эс тооцвол туйлдаа хүртэл ядарсан тэр нэмэлт гучин минутын тухай санахгүй байна. Бид торгуулийн цохилтоор асуудлыг шийдэхээр болоход сэтгэл санаа минь ямар ч дарамтгүй байсан. Хувцас солих өрөөнд Лилли Элла, Лэксигийн нэрийг шивсэн пүүзээ өмсөж байхдаа биеэр минь гүйж байсан өөртөө итгэлтэй байдал дүрэлзсэн хэвээр л байлаа. Итгэмээргүй чадалтай мэт санагдсаар л. Бид цомын эзэд болох нь гэдгийг би мэдэж байсан.

Диди Хаманн хамгийн түрүүнд цохиж, орууллаа. Сами Хүүпиа хоёр дахь цохилтыг алдсан боловч Жинжэ бид хоёр өөрсдийнхөө цохилтуудыг оруулсан. Дөчин нас шүргэж яваа Тэдди Шэринхэм Вест хэмийн төлөөх цохилтоо маш сайн гүйцэтгэсэн. Гэхдээ Бобби Замора, Кончески нарын цохилтыг манай торгуулийн цохилт сайн хаадаг Пэпэ зогсоосон юм.

Ийнхүү 3:1-ээр тэргүүлж байхад Антон Фердинанд Вест Хэмийн дөрөв дэх цохилтыг гүйцэтгэхээр ирлээ. Тэр заавал оруулах ёстой байсан ч Пэпэ дахин нэг удаа гайхалтай хаасан. Ингээд дуусаа. ФА цом биднийх.

Вест Хэм үнэхээр ид шидийн мэт тоглосон боловч тэр өдөр гарцаагүй бидний өдөр байсан. Тэр өдөр минийх байсан. Вест Хэмийн дэмжигчид Ливэрпүүлд болон надад зориулж бүгд босож, алга ташиж байсныг би үргэлж санах болно. Хөлбөмбөг хатуу харгис боловч басхүү сэтгэл татам чанар ч нуугдаж байдаг. Би Вест Хэмийн дэмжигчдэд хандан гараа өргөн ёсолсон.

Тоглолтын шилдгийн шагналыг авсныхаа дараагаар ханхүү Уиллиам надад цомыг гардуулан өглөө. Би цомыг өндөрт өргөж, Ливэрпүүлийнхэн салютаар хучигдлаа. Орилж, баярлалдсан манай тоглогчид бас суудлаасаа босож баярлах 35,000 дэмжигчидтэйгээ хамтдаа ийнхүү дийлдэшгүй нэгэн оройг тэмдэглэсэн юм.

Ганцхан Рафа л тайван, тогтуун хэвээрээ. Мөсөн хүнийг бидний дээрээс өдрийн турш шарсан нар ч жаргах хүртлээ мандаад ч хайлуулж чадсангүй.

Тэр өдрийн орой багийнхан, тоглогчид, бидний эхнэрүүд, найз охид ирэн баяраа тэмдэглэж байхад би Рафа дээр очлоо.

Түүн рүү чиглэн явахдаа би дотроо нууцхан “Маш сайн байна. Стиви” гэдэг үг хүлээж байсан ч тэгээгүй юм. Тэр надтай гар бариад яг л хуучныхаараа “Дараагийн улиралд бид Премьершипт илүү сайн байх хэрэгтэй байна” гэлээ.

Би тэгэхэд Рафаг бараг хайрласан. Түүний зорилго бол миний зорилго: миний итгэл бол түүний итгэл.

Тэр миний гоолуудын тухай эсвэл багийн тоглолтын тухай дурсаагүй. Харин оронд нь тэр надад ирэх улирал хорин таван гоол оруулах гэсэн зорилгыг минь боловсон байдлаар чангахан сануулсан юм.

Цомын финалд хоёрыг хийснээр би энэ зорилгодоо хүрэхэд хуруу дутсан ч гэлээ Рафа надад “Чи хэзээ ч хорин тавыг хийхгүй юм байна. Хоёроор дутчихлаа ш дээ” гэсэн юм.

Тэгснээ гайхалтай нь Рафа инээмсэглэлээ. Энэ удаа сайшаасан инээмсэглэл байлаа. Түүний инээмсэглэлээс бараг л халуун дулаан магтаал мэдрэгдсэн.

“Дараагийн улирал босс оо...” гэж маасайтлаа инээснээ “Дахиад оролдоно оо би” гэж хэллээ. 

Рафа бид хоёр мөс ба гал байвч үнэн хэрэгтээ ямар ч ялгаагүй байсан. Бидний үргэлж нандигнаж явах нэгэн мөч болох тэр ФА цомын шигшээ тоглолтын дараа ч, бид хоёр Ливэрпүүлийг, бас намайг илүү сайжрах ёстой гэж бодож байлаа. Бид хоёул Лигт түрүүлэх тухай бодолд бүрэн автсан байсан.

Хэдийгээр энэ бүхэн хэзээ ч бүтээгүй боловч одоо эргээд харахад тэр өдөр миний нүд гялбам оргилдоо хүрсэн өдөр байжээ. Зөвхөн хоёр гоол оруулж, гоолын дамжуулалт өгснөөс гадна би бүх талаараа тэр тоглолт надад зориулагдсан мэт тоглосон билээ. Хэрэв би “Алив намайг хөлбөмбөгийн талбай дээр юу хийж чаддагыг хар” гэж хэлэх нэг тоглолтыг сонгох болбол би гарцаагүй 2006 оны 5-р сарын 13-ны ФА цомын финалыг сонгоно.

(Стивэн Жэррард "Миний түүх" номоос., орчуулагч Л.Оюу-Од)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.