Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алисагийн тэмдэглэл: Арванхоёрдугаар сард л тохиох ид шид


Та бүхэндээ The New York Times-тай хамтарсан "Turning Points" сэтгүүлийн цоо шинэхэн дугаарт орсон Алисагийн тэмдэглэл нийтлэлээ хүргэж байна. Олон гайхалтай бичвэр, нийтлэлийг манай шинэ гаргасан дугаараас уншаарай.

Illustrations by: Dear friend Suren Ganbaatar

Зарим дурсамж цагаан сортой үс шиг дурсамжинд гялтганаж, тэр үеэс хойш хэчнээн ухаан суусныг минь мэдрүүлдэг. Зарим нь амьдралдаа ганц л удаа амталж байсан чихэр шиг, бас уруул шиг байдаг.  Энэ оныг эргээд харахад бидний хувьд ямар мэдрэмжээр дүүрсэн байх бол? Заримдаа ядармаар, туйлдмаар байсан. Гэртээ хариад орон дээрээ унахад л нулимс сул асгарах мөчүүд нэг гэлтгүй тохиосон. Өөрт хэзээ ч тохиогоогүй дурсамжийг төсөөлөн, санаа алдаж суух мөчүүд ч байсан. Ажилдаа дарагдаад хөмсгөө зангидан суух мөч, муудалцаад дуугаа хураах, уучлаад эргээд харах мөчүүд ч бий. Улирч өнгөрөх нэг жил бүр нэг чихрийн хайрцаг. Бид ууттай чихэр лүү гараа сунгахдаа юу тааралдахыг хэзээ ч мэддэггүй шиг заримдаа амьдралаас төсөөлөөгүй амтыг мэдрэх нь олонтаа. Энэ жил таны нямбайлан тэнийлгэсээр төмөр хайрцганд цуглуулсан чихрийн хайрцаг ямар өнгөтэй байсан бэ? Ягаан гялгар цаасаар хучигдсан ч гуниг гэх нэртэй исгэлэн чихэр үү, амьсгал авах зайгүй гэнэтийн мэдрэмжээр дүүргэсэн тэсэрдэг чихэр шиг догдлол уу?

Тэр дундаас мэдэрсэн хамгийн гашуун, исгэлэн амт, миний сонсохыг хүсээгүй үгс энэ дунд хэдэнтээ таарав. Хүмүүс хутга, мэсний өмнөөс өргөх бамбайтай байдаг ч хурц үгсийн өөдөөс ямар ч хамгаалалтгүй байдаг нь харамсалтай. Бид үгсээс авсан шархаа үүрд далд мэдэрч амьдрах ч хэзээ ч бусдад үзүүлж зүрхэлдэггүй билээ. Энэ жил миний сонсохыг хүсээгүй үгс олон ирсэн. Танд ч бас ирсэн үү? Та чимээгүй уйлж, чимээгүй гэмшиж бас шархалсан, түүнийг нь хэн ч анзаараагүй, түүнд нь хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрсөн байж мэднэ. Гэхдээ энэ амьдрал гэж бодохоор, энэ бидний ардаа хийсэн нэг жил гэж бодохоор, нэг их уртаар санаа алдмаар санагдана. Эцэст нь гэх шиг. Хундага дарсаар угааж, тамхины утаагаар замхруулахаар оролдох бидний өнгөрсөн. Биднийг илтгэх өнгөрсөн. Бидний хүүхэд нас.

Хүүхэд байхад бидний ертөнц ямар байсныг төсөөл дөө. Ярьдаг амьтад, үлгэрийн мэт харш, нисээд хүрч болох хаант улс, амь орж гүйлдэх тоглоомууд, шивнэлдэх ой мод, дуулалдах гол ус... Энгийн зүйл гэж нэгээхэн ч байгаагүй. Бүх зүйл дотроо ид шидтэй бас ариун. Бидний айдаг эсрэг дүрүүд, хорон санаатнууд хүртэл эцэстээ эвлэрч, гар барих, уучлах, найзууд болох тийм л нээлттэй зүрх.

Тэгтэл тэр бүхэн бага багаар алга болох шиг санагдаж эхлэхэд би айсан. Тоглоомууд хөдлөхгүй, амьтад ярихгүй, ус зүгээр л урсаж, орд харш биш энгийн л тоосгон байшин нүдэнд харагдах болсон. 20 нас хүрээд аажимдаа шинэ жил үлгэрийн мэт санагдахаа больж, Алиса шиг төрөөгүй өдрөө тэмдэглэхээ больж, Питер Пэн эргэн ирж намайг дагуулаад ниснэ гэж найдахаа больсон.


Дараа нь нэг л мэдэхэд том хүн. Бид ямар хурдан том хүн болцгоосныг хар даа? Энгэртээ нээгээгүй захиануудтай, хэлээгүй үгстэй. Өнгөрсөн нэг жилээ гунигтай нүдээр харж, санаа алдаад л. Ирэх жилийн өрнүүн их ажлаа бодож жаахан ядраад л. Гэлээ ч шинэ жил ойртох мөч өөр байдаг. Арванхоёрдугаар сард л тохиох ид шид яг энэ үед биднийг аврахаар ирдэг. Бяцхан найдвар, гэрлэн чимэглэл, ногоон гацуур дээрх улаан шаргал чимэглэл, орой дээр нь гялалзах од биднийг инээмсэглэхэд хүргэдэг. Өнгө өнгийн чихрийн цааснуудаа ялгаж суусаар байх цагаас хумсалж, дотор орших хүүхэд аалийг гаргаж ирдэг. Энэ үед бид эргээд хүүхэд болчихдог. Ямар ч харуусал үүрдийнх биш. Бас ямар ч сэтгэл өвдөм дурсамж одоогийн жаргалыг давахуйц биш. Бага байхад ямар ч хүнд хэцүү үйл явдал яг тэр үед идэж буй зайрмагнаас давж гардаггүй байсан. Зөвхөн тэр зайрмаг, тэгээд аз жаргал. Яг энэ мөчид ч бид жаргалтай мөчүүд дээрээ төвлөрч, эргээд хүүхэд болдог нь ямар сайхан бэ? Гунигтай, сэтгэл өвтгөм үгс цээжинд өвөлжхөөр шийдсэн ч бид тэнд гал асаах хүчийг олж авсаар. Жил бүрийн эцэс эргээд харах, дахин нэг удаа шархлах боломж өгдөг ч, бүгдийг нь анагаах бас дахин эхлэх боломж өгдөг нь ямар сайхан бэ. Эдгэхийн тулд л шарх байдаг юм.

Ууттай бэлэг авахаар догдолж буй хүүхэд шиг санагдана. Миний бэлгэн дотор шоколад байх болов уу?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.