Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос 2024 онд ажиллах олон улсын зэрэглэл бүхий шүүгчдийн нэрсийг танилцууллаа.
Ганболдын Нарангэрэл Монголоос анхлан олон улсын зэрэглэлтэй талбайн эмэгтэй шүүгч болжээ.
Тэрбээр Монголын Хөлбөмбөгийн дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох Дээд лиг, Нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигийн тоглолтуудад талбайн шүүгчээр ажилладаг.
Ингэснээр өнөө жил Монголоос Б.Хаш-Эрдэнэ, Э.Нямсайхан, Г.Нарангэрэл /Эмэгтэй/ нар олон улсын талбайн шүүгчээр, Э.Галбадрах, Г.Сүх-Эрдэнэ, Б.Логьшир, Н.Оргил, Ө.Батцэцэг /Эмэгтэй/ нар туслах шүүгчээр ажиллах боломжтой.
Одоогоор Монголын хөлбөмбөгийн холбоонд 14 эмэгтэй шүүгч идэвхтэй ажиллаж байна. Энэ нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр тоо баримт юм.
Бид 2024 онд олон улсын зэрэглэлтэй Монголын хоёр дахь эмэгтэй шүүгчтэй танилцаж буй нь энэ.
Монголын хөлбөмбөгийн холбооны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр “Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөлбөмбөгийн талаарх ойлголт харилцан адилгүй байна. Тиймээс бид эмэгтэй шүүгчийн анхан шатны сургалтыг эрэгтэйчүүдээс тусад нь явуулдаг болсон. Хүлээн зөвшөөрөгдсөн шүүгч л гэж байдаг, харин сайн шүүгч гэж хаана ч байхгүй. Эмэгтэйчүүд шүүгчийн ажилд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг амаргүй. Тэднийг Дээд лигт ажиллах хүртэл нь бэлдэхэд хамгийн багадаа 4-5 жилийн хугацааг зарцуулж байна. Одоогоор Монголын Дээд лигийн тоглолтыг талбайд удирдан явуулсан нэг ч эмэгтэй шүүгч байхгүй. Г.Нарангэрэл Монголын хөлбөмбөгийн Нэгдүгээр лигт талбайн шүүгчээр ажилласан анхны эмэгтэй болсон нь ердөө өнгөрсөн жил шүү дээ. Г.Нарангэрэл долоон жил шүүгчээр ажиллаад сая энэ түвшинд хүрч байна. Энэ хугацаанд хэд хэдэн эмэгтэй шүүгч ээж болсон. Хүүхэд төрүүлээд ажилдаа буцаж ирэхэд том сорилт, тэсвэр тэвчээр шаарддаг. Үүнийг харгалзан Азийн болон Монголын хөлбөмбөгийн холбооны дүрэмд хүүхэд төрүүлээд ажлаасаа завсардсан тохиолдолд тухайн шүүгчийн зэрэглэлийг хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэвээр нь хадгалахаар тусгасан. Бусад тохиолдолд шүүгчид жил болгон шалгалт өгч зэрэглэлээ хамгаалдаг юм. Ер нь хүлээн зөвшөөрөгдсөн шүүгч болоход багагүй хугацаа хэрэгтэй. Нэг сайн шүүгч бэлдээд хоёр жил болж байтал үргэлжлүүлэн ажиллаж чадахааргүй боллоо гэх нь бидэнд хамгийн том гарз байдаг” хэмээн ярьсан юм.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/4aa1298f-9daf-490b-9f58-1883798d1e1e/60e14c91c8954dc032f4625154ae1b89.jpg)