"Яруу найраг гэдэг тайван амгалан байх үедээ л бусдад нөлөөлөхүйц сонгодог соёлыг бий болгож чаддаг тайвшрал, аз жаргалын хэмжүүр. Энэ нь хамгийн нарийн мэдрэмжийг хүлээж байдаг тансаг орон зай". (Г.Бадамсамбуу)
Ub.life сайт болон Fat Cat Jazz Club-ээс хамтран зохион байгуулдаг "Poetry Night"-ийн 2024 оны эхний эвент "Энд, одоо" нэрээр 1-р сарын 15-ны өдөр болж, өнгөрсөн оны төгсгөлд "Болор цом" наадамд цолгорсон найрагчид болон цоо шинэ номоо хэвлүүлээд удаагүй байгаа өнөө цагийн хүчирхэг найрагчид хүрэлцэн ирж, өөр өөрийн өнгө аяс бүхий шүлгүүдээ уншсан юм. Мөн энэ удаад залуу найрагчид "Тарган муур" жазз клубт ирсэн хойноо өгөгдсөн сэдвийн дагуу шүлэг туурвиж, шинэ бүтээлээ уншсанаараа онцлог байлаа. Үргэлжлүүлэн энэ үдэш хүрэлцэн ирсэн зочдыг танилцуулъя.
Саяхан хэвлэгдээд буй “Нүд чинь миний тэнгэр” ном яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн дөрөв дэх шүлгийн түүвэр юм. Тэрбээр үүнээс өмнө яруу найргийн төрлөөр "А тэмдэглэл", "Дотоод тэнгис", "Зүрхэнд агч Намур" номуудыг хэвлүүлсэн.
Түүний бүтээсэн яруу найргаас хөндий хоосон дуу хоолойг олж сонсохгүй. Харин амьдралд итгэдэг, тэмцдэг эрэмгий эмэгтэйн чин зүрхний үнэн дууллыг сонсож болно.
ДАВАА ГАРАГИЙН ӨГЛӨӨ
Тийм ээ, энэ даваа гарагийн өглөө
Тэврэлдээд нойрссон дулаан хөнжил шиг
Тийм дулаахан өглөө!
Ар нуруу, энгэр цээжинд мэдрэгдэх
Амьсгалын халуун - Илч!
Илч төөнөсөн дулаахан өглөө.
Сэрүүхэн, цастай, сэлүүн өглөө.
"Манай үүгээр цас оржээ. Наагуур чинь?
Малгайлж бус ялимгүйхэн оржээ.
Шуурах янзтай байснаа тогтоод,
Шувууны мөр шиг л цас оржээ.”
Харилцуурын цаадах ээжийн урь дулаан дуу
Хачин нөөлөг сонстох өглөө!
Шувууд бөөвийж, цасан дээгүүр мөр нь тодхон,
Шувууд шиг шулганаа жаалуудын мөр ч бас тодхонд
Дулаахан гутлаа гаргаж өмсөөд, хос мөрөө үлдээж
Дулаан гэрээсээ хоёр хүн гарах өглөө!
Ороолтоо сайтар ороогоод нэг нь инээнэ,
Ороолтондоо хошуугаа шургуулж, нөгөө нь мишээнэ
Орчлон ертөмций гэдэг нь инээсэн, цайлган хүүхэд шиг
Орог сааралхан хотын цав цагаан өглөө!
Булан тохой бүрд нь цасны гэгээ татсан
Буурах өвлийн эхэн дэх ийм дулаан өглөө! (Цагаанчулуугийн Дэлгэрмаа)

"Болор цом"-ын эзэн яруу найрагч С.Начин. Тэр бол хэзээ ч цаасны амь насыг барж муу шүлэг бичихгүй яруу найрагч. "С.Начингийн шүлгүүдийг эртнээс мэдэх учраас түүний шүлэг яаж өөрчлөгдснийг барим тавим хэлж болно. Тэр өөрийгөө хайж, эрэлхийлэл хийж буй нь сайн хэрэг. Олз омгийн тухайд дараагийн асуулт л даа. Яруу найраг бол оюуны дээд зэрэглэл, дээд түвшний туурвил юм шүү дээ уг нь. Бичиг үсэг мэддэг, хэн дуртай нь <<шүлэг>> бичихийн дон туссан тийм үе шиг зууны эхэнд мандан бадарсан нь яг л дэнгийн гэрэлд эргэлдэгч, бас амиа егүүтгэгч эрвээхэй мэт санагдаж билээ" хэмээн яруу найрагч О.Содномпил түүний "Ай" номын өмнөтгөлд бичжээ.
Авах юм чи бид хоёрт яасан их байна вэ? хайрт минь
Аниргүйг хоёулахнаа мэдрэх орон байраас эхсүүлээд
Ор дэр, тасалгааны таримал цэцэг хүртэл хэрэгтэй л байна
Орчлон ертөнц хичнээн гайхамшигтайг чи л надад мэдрүүлсэн шүү
Хэзээ нэгтээ амьдрах сууцныхаа тагтан дээр
Хамтдаа агаар сороод, одод ажиглаж ээ зогсоход
Үс чинь салхинд хийсэж л таараа
Үсийг чинь салхинаас харамлахад хавчаар ч бас хэрэгтэй биз дээ
Чинийхээ төлөө ирээдүйд ирэх үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө
Чухам үнэнийг л ирэлхийлсэн мөрүүдийг би урсгах хэрэгтэй
Нүдэнд чинь дандаа жаргал үзэгдэж байдаг
Давалгаа нь дандаа тогтуухан байгаасай гэж
Нартын дор би олон сайхан ертөнцүүдтэй хамт хөдөлмөрлөсөөр л байна
Дахиж хэзээ хүн төрлийг олох ч билээ дээ хоёулаа. (Сайнжаргалын Начин)
Өнгөрсөн жилийн "Болор цом" наадмын шилдэг тавд шалгарсан яруу найрагч М.Дэвээжаргал. Тэрбээр дөрвөн жилийн өмнө тус наадмын тайзан дээр анх шүлгээ дуудаж байсан. Харин өнгөрсөн жил эхний шатнаа уншсан шүлэг нь олны сэтгэлийг хөдөлгөөд амжсан юм. Эл шүлгийг дор хуваалцъя.
Асганы хэлтэрхий өнхөрсөөр уул болдог талд
Адууны хөхөл мэт сул өвс ганхаж байдаг сан
Амгайн чимээ салхины баруунтаа хадахад
Амгалан, өгөөмөр зүүдийг орчлон бүгдэд илгээдэг сэн
Сүнсийг нь ахуйн шаналгаа бөхийн тамгалсан
Сэтгэл тамирдуулагч мөхөс үгийн эрин зуунд амьдарнам
Сэргэн мандалт, үүх түүх, сэлэм хуй, бахархах завгүй
Сэнсэрмэл үгсээр зүрхээ бялдан алхнам
Хүүхэн хэл чичрүүлэн чимчигнэтэл зүсэж гадагшлах
Үгсийн хүчийг хүснэм
Хүмүүний дотор амьдралыг ерөөгч
Хувьт хэлний минь шуурга бүү намжаасай
Цасан боронгоор нүүр нүдгүй ороолгох
Цастай уулын жим шиг авианд бэдэрч байнам
Цангасан адуу шандын усыг хүдхийтэл залгилах шиг
Ялгуун хэлээ өөмж эс чадаад захаас нь хүртэж явнам
Аав аа, ээж ээ… аврал мэт ийм үгсийн шидээр хорь хүрч
Арал тэрэгний мөөр шиг хөхөрч, хэмхэрсэн дөрвөдийнхөө аялгаар ярьж байна аа
Халиасан тэнгэр минь хараачаан цаахан көкрэх шиг
Халиат келнай хөвхөг дүүргэж амьдарнам аа
Асганы хэлтэрхий өнхөрсөөр уул болдог талд
Адууны хөхөл мэт сул өвс ганхаж байдаг сан
Амгайн чимээ салхины зүүнтээ хадахад
Амгалан, өгөөмөр зүүднээс орчлон бүгдийг сэрээнэм зээ.
Үргэлжлүүлэн "Энд, одоо" эвентийн үеэрх зураглалыг фото сурвалжилгаар хуваалцаж байна.