Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Born Retro I Өнгөрснөөс ирээдүй рүү

Энэхүү нийтлэлийг он гарахын өмнө олны хүртээл болсон "Turning Points 2024" сэтгүүлд зориулж нийтлэлч, артист З.Энхмөнх бичсэн юм.


Энэхүү нийтлэлийг он гарахын өмнө олны хүртээл болсон "Turning Points 2024" сэтгүүлд зориулж нийтлэлч, артист З.Энхмөнх бичсэн юм. 

Эргэн дурсахуйн давалгаа

Энэ жил хэд хэдэн хамтлаг тайзнаа эргэн ирсний дотор “Татар”, “Опозит” тэргүүтэй рэп, хип хопууд хамтлаг цөөнгүй байв. Үзэгчдийг нэгэн цагт шуугиулж чадсан тэдний  тоглолт цэнгэлдэх хүрээлэнг дүүргэснээр барахгүй тоглолтын дараа “Татар”-ын дуунууд “Mmusic”-ийн долоо хоногийн жагсаалтыг тэргүүлсэн. “Comeback”-ийн давалгаанаар дуучин Д.Болд “Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй” дуугаа ремикслэн дүрсжүүлсэн нь хоёрхон сарын өмнө. “Чингис хаан”, “Хурд”, “Номин талст”, “Инээмсэглэл” гээд 1990, 2000-аад оны хөгжим ч тайзнаа дахин амилав. Хамгийн сүүлийн жишээгээр “Sweetymotion”, “Гурван охин” хамтлагийн шинэ жилийн дууны шинэчилсэн найруулгыг нэрлэж болно. Олон улсын уран бүтээлчдээс дурдвал, бид тун саяхан “The Beatles”-ийн дууг хиймэл оюун ухааны тусламжтайгаар гүйцээснийг сонордсон. Мөн Cat Power Боб Диланы хамгийн алдартай цомгийг коверлож амьдаар дуулсан нь сонирхолтой үйл явдал байлаа.

Эдгээрийн цаад зорилго юу вэ? Өөрсдийн бүтээлийг цаг хугацааны эрхэнд мартагдуулахгүй байхын зэрэгцээ шинэ үеэр фэнүүдээ зузаатгах явдал үүний голлох шалтгаан. Хуучны дуунууд бидэнд хоногшсон дуртгал дурсамжуудыг, заримд нь бүр аав ээж, эмээ өвөөг гээд дотнын хэн нэгнийг санагдуулж байдаг шидтэй. Дотно дулаан санагалзлыг мэдрүүлж чаддаг төгс форм үнэндээ хөгжим биш гэж үү? Бүтээлийг сэргээн хөгжимдөж, дуулахыг уран бүтээлчдийн зарим нь төдийлөн чухал сэдлээр биш, өөрийн дур сонирхолдоо хөтлөгдөж хийх нь бий. Түүнчлэн сэргээж туурвихдаа бүтээлийг консептжуулж, бүтээлчээр хандах нь ч байна. Аль ч сэдлээр бай, үр дүн нь сонсогчдод таашаал, гүн сэтгэгдэл төрүүлж байвал тэр сайн бүтээл болсны шинж болов уу.

“Born Retro” төсөл төрсөн нь

Зориуд нэг үеийн хөгжмийг сэргээх зорилгоор бүтээгдэж байгаа төсөл бол “Born Retro”. Зарим монгол уран бүтээлчээс ялгаатай нь төслийн баг өөрсдийн зохиосон хөгжмийг бус XX зууны хөгжмийн зохиолчдын мартахын ирмэг дээрх дуунуудыг сонгож цоо шинээр найруулж буй. 1990-ээд оны хөгжмийг санаж сэрнэ гэдэг нэг хэрэг, харин түүнээс өмнөх, бүр 50 жилээс өмнөх үеийнхийг сэргээн сонсож, эрэл хайгуул хийнэ гэдэг өөр.

“Born Retro” төслийн баг продюсер З.Энхмөнх миний бие, гоцлол хуучирч Э.Цэндсүрэн, хөгжмийн найруулагч prismobeats нараас бүрдэж буй. Эхний удаад таван дуутай ЕР цомог гаргахаар төлөвлөж, одоогоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын “Би чамд хайртай”, Сүхбаатарын одонт, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн “Униар татсан уулсын дээгүүр”, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, цэргийн хөгжмийн удирдаач Ш.Эрдэнэбатын “Цэнгэлтэй үдэш”, хөгжмийн зохиолч Хаймчигийн Баатарын “Зулзган цагаан хус”-ыг сонгоод байна. Бүтээл тус бүрд нэг зочин уран бүтээлч (рэппер Doid, дуучин Маралжингоо, Twinpearly, Энгүүн)-ийг урьж оролцуулдгаараа бас төсөл маань онцлог. Төслийн баг хуулийн дагуу хөгжмийн зохиолч, яруу найрагчид, тэдний өв залгамжлагчдаас бүтээлийг шинэчлэн найруулах зөвшөөрлийг нь авсныг онцолъё. 

Дуу гэдэг аливаа орны ард иргэдийн ондоошил, тэдний ой дурсамжийг тээж явдаг нэгэн соёлын өв. Монголчууд бид ардын болон нийтийн дууны баялаг сантай, тэдгээр нь тухайн нийгэм цаг үеийн тусгал болж, бидний сэтгэл оюуныг тэтгэсээр ирсэн. Мэргэжлийн дууны санг бид Монголд мэргэжлийн хөгжмийн институт бүрэлдэн бий болсон 1937 оноос (“Уран сайхны сургууль” буюу одоогийн МУК) өмнө хийгээд хойно гэж ангилж болох ба XX зууны сэтгэлд хоногшсон дуунууд одоо цагийн залуучууд бидний өндөр өвөө, эмээ нарын үеийг төлөөлөн хамаарч буй. Чухамдаа тэдгээр дууг бид энэ цаг үед илүү их судалж, хадгалж, цаашид өвлүүлэх чухал үе тулгараад байгаагийн зэрэгцээ Монголын хөгжмийн үйлдвэрлэлд чанартай, хамтын сайн бүтээл нэн хэрэгтэй байна. 

Rework буюу өмнө нь байсан дууг шинэчлэх нь анхдагч бүтээлийг улам дэлгэрүүлж, насыг нь уртасгах ач холбогдолтой. Шинэ үеийн залуус язгуур, үндэсний хөгжмийг сонсож ойлгоё гэвч хэлбэрийн хувьд хуучинсаг буйн улмаас тэдний сонирхлыг татахгүй байгаа тал бий. Үндэсний хөгжим, дууг тэдэнд илүү дөт хүрэх жанрт хөрвүүлэх нь “Born Retro” төслийн бас нэгэн зорилго. 

Дуу бүтэх явцын хувьд гэвэл, дууны судалгаа, сонголтыг Цэндсүрэн хийж, хөгжмийн продюсер prismobeats эх дууны дуурьсалд үндэслэн бүтэц, гармонийг нь зохион, ийн дэвссэн гармони дээр зочин уран бүтээлч, Цэндсүрэн нар өөрсдийн зохиосон үг аялгууг оруулснаар бүтэж буй. Сонсогч та анзаарвал дуунуудын бүтэц өөр хоорондоо адилгүй. Жишээ нь “Би чамд хайртай” нь оршил + [бадаг + дахилт] + [бадаг + шинэ ая] + рэп, төгсгөл гэсэн бүтэцтэй бол “Цэнгэлтэй үдэш”  [бадаг + дахилт] + шинэ ая + рэп + [бадаг + дахилт] гэсэн зохион байгуулалттай. Харин “Униар татсан уулсын дээгүүр” дууны хувьд бадаг дахилтыг шинээр зохиож, дууны эх ая нь оргил хэсэгт байршсан.


Тэгвэл бүтээлийг шинэчлэн найруулах rework формат гэж юу вэ?

Сэргээн найруулах буюу rework бүтээл гэдэг нь хуучин хөгжмийг ижил нэрээр шинэчлэн найруулж туурвихыг хэлнэ. Ингэх нь эх ажлыг эвдэх бус, зохион байгуулалтын хувьд өөрчилж, шинэ хэв шинжид оруулсан гэсэн үг юм. Цаг үетэйгээ уялдуулан шинэчлэхдээ аливаа уран бүтээлч өөрийн стиль, өнгө төрхийг шингээх нь бий. Үүнийг манай хуулинд “үүсмэл бүтээл” гэж нэрлэсэн байдаг. Rework/recreation нь хөгжмийг шинэчлэхтэй холбоотой өөр форматуудтай андуурагддаг талтай. Жишээ нь, rework нь дууг коверлохоос ялгаатай. Ковер хөгжим нь өмнө зохиосон дуу хөгжмийг зохион байгуулалтын хувьд өөрчлөлгүй өөрийнхөөрөө дуулж хөгжимдөхийг хэлдэг ба дэвсгэр хөгжим нь өөр байж болдог. Харин rework нь бүтэц, зохион байгуулалт, гармони, тэмпийн хувьд өөрчлөгддөг. Харин ремикс нь хуучин дууг шинэчлэдгээрээ утгын хувьд rework-той адил боловч эх бүтээлийг жанрын хувьд шилжүүлдэг (фолк дууг дэнс жанр луу гэх мэт) төдий. Харин rework нь эх зохиолын цоо шинэ хувилбар байдаг. Мөн ремиксийг эх аудиод манипуляц хийх гэж ч хэлж болно. Rework бүтээлийн зарим жишээнээс дурдъя. 

Исландын төгөлдөр хуурч Викингур Олафссоны “Bach Rework” цомог. Тус цомог нь барокко хөгжмийн зохиолч И.С.Бахын клавирт зориулсан бүтээлүүдийг саунд дизайны хувьд шинэчилснээр уур амьсгал, интерпретацын хувьд цоо шинэ бүтээл болж чадсан. Ингэхдээ электро хөгжмийн дуугаралтаар баяжуулж, зарим зүүн гарын аялгууг баруун гарт шилжүүлж тоглосон гэх мэтийг нэрлэж болно. Рок төлөөллөөс “The Flaming Lips” хамтлагийн “Dark Side of the Moon” цомгийг онцолъё. 2009 онд гарсан уг цомог нь 1973 оны “Pink Floyd”-ийн “Dark Side of the Moon” цомгийн шинэчилсэн хувилбар. “The Flaming Lips” нь Хэнри Роллинз, Peaches нартай хамтран өөрсдийн психеделик рок стильд оруулж бүтээсэн нь эх бүтээлийг улам сонирхолтой болгосон байдаг билээ. Бидний сайн мэдэх А.Вивалдигийн алдарт хийлийн бүтээл “Дөрвөн улирал”-ыг орчин цагийн хөгжмийн зохиолч Макс Рихтер шинэчлэн зохиосон “Vivaldi - The Four Seasons” цомгийг мөн дурдаж болно. Рихтер цомогтоо эх бүтээлийн 25 хувийг л авч хэрэглэсэн гэдэг.

“Born Retro” төслийн хувьд сонгож буй дууг шинэчлэн найруулахдаа эх дууны агуулга сэдэв, намба төрхийг харгалзаж, хадгална. Гунигийн сэдэлтэй бүтээлийг баярын дэвсгэр хөгт оруулаад үндсэн санааг алдагдуулбал өнгөрснөө алдаршуулахын хэрэг үгүй билээ. 

Бага эргэлтэд орсон хөгжмүүдийг сонгон судлах явцад бүтээлийн эх сурвалж бүдгэрсэн байдал ажиглагдаж байна. Жишээ нь Монголын анхны эмэгтэй хөгжмийн зохиолч С.Маяагийн “Болзоо” дууг зарим сурвалж дээр Г.Дарамзагд гэж бичжээ. Энэ мэтчилэн бүртгэлжүүлж сайжруулж, сэргээн түгээх олон дуу хөгжим бидэнд байгааг төслийн явцад ухаарлаа.

Бид өөрсдийгөө дуучин ард түмэн гэдэг. Гэхдээ дуучин түмний бүтээлийг шинэ үед үлдээхдээ илүү мэргэжлийн, илүү шинэ санаагаар баяжуулж хүргэх нь зүйн хэрэг гэж бид үзсэн юм. Эцсийн дүндээ экспериментал ямар ч ажлын үр дүнг цаг хугацаа л харуулсу.

Нийтлэлийг: З.Энхмөнх


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Dispatch-д “баригдсан” алдарт хосуудын чансаа
2
18 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Бен Фростын туха...
3
Уржигдар
Фото: ATEEZ хамтлагийн Инчон стиль
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.