UBLife Logo
Спорт

Барилдах эрхээ хасуулаад буй Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой НАЙМАН баримт

Барилдах эрхээ хасуулаад буй Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой НАЙМАН баримт

Өнгөрсөн оны 12-р сарын 7-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө явагдсан Ургацын баярын хоёрын даваанд Улсын заан Б.Серик өрсөлдөгч бөхийнхөө хүзүү шанаан дээр хүчтэй тулж боссон нь үзэгчдийг бухимдуулсан. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа уучлал хүсч, зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээхээ мэдэгдсэн юм. Үндэсний бөхийн холбооноос түүнийг нэг жил барилдуулахгүй гэсэн хатуу шийдвэр гаргасныг Б.Серик хүлээн зөвшөөрсөн ч улсын аварга О.Хангай "хатуудсан шийтгэл" гэж шүүмжилсэн билээ. Бид энэ удаад Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан Бердимуратын Серик тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.


#1. "Д.Анар намайг амлалаа гэхэд "Заан боллоо" гэж тайвширсан"

Тэрбээр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар өөрийн найз, Улсын заан Д.Анараар долоо давж, Улсын заан хэмээх өндөр цолонд хүрсэн билээ. Тэд өмнө нь 2019 оны наадмаар дөрвийн даваанд оноолт таарахад Б.Серик барилдалгүй элэг бүсээ тайлж найзыгаа гар амар дээш өгсүүлж байсан. Тиймдээ ч Д.Анар тусыг санаж, хожим нь найзыгаа өөрийн цолонд хүргэсэн нь энэ юм.

Энэ тухайд Б.Серик "Би Д.Анартай цуг суудаг ч хэнийг амлах гэж байгааг нь асуугаагүй. Адилхан л хөдөлмөрлөөд, амжилтын төлөө зүтгэж яваа найзыгаа "Намайг ав" гээд шалаад байлтай биш. Төрийн наадмын түрүү үзүүрт нэр нь яригдаж байгаа найзынхаа сэтгэлийг тэгж үймүүлээд яах вэ гэж бодоод чимээгүй л байлаа. Би сайхан найзынхаа буянд заан болсоон. Өмнө нь 2019 оны наадмаар дөрвийн даваанд таарахад "Миний найз бэлтгэл сайн байгаа юм чинь цолоо ахиулаарай" гээд тахимаа өгч байлаа. Тэр жил Д.Анар заалны барилдаануудад сайн барилдаж, хэд хэдэн том барилдааны түрүү, үзүүрт үлдээд байсан юм. Харин 2023 онд Д.Анар намайг амлалаа гэхэд "Заан боллоо" гэж тайвширсан" хэмээн дурссан байдаг.


#2. Жүдо бөхийн Монгол Улсын аварга

Тэрбээр Үндэсний бөхөөс гадна бөхийн өөр олон төрлөөр барилддаг. Тухайлбал 2012 оны жүдо бөхийн УАШТ-д олимпын аварга Н.Түвшинбаяртай финалдаж, мөнгөн мeдаль авч байв. Улмаар 2013 онд жүдо бөхийн Үндэсний шигшээ багт дуудагдан, Н.Түвшинбаяр аваргын бэлтгэл хангагчаар 2016 оны олимп хүртэл хамт бэлтгэл хийсэн ажээ. Б.Серик жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий -100кг-ын жинд 2020 онд түрүүлж байсан.


#3.Самбо бөхийн Монгол Улсын үнэмлэхүй аварга

Б.Серик самбо бөхийн УАШТ-д 2017, 2019, 2020 онуудад түрүүлж, 2018 онд мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хүрэл медальтай. 2019 онд Насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцоод мөн хүрэл медаль хүртэж байв.


#4. Сумо болон кураш бөхөөс зугтаасан нь

Тэрбээр хүүхэд байхдаа Япон Улсыг зорьж сумогийн тэмцээнд оролцоод eс барилдаж, хүрэл мeдаль авч байсан. Тухайн үеийн нэгэн явдлыг дурсахдаа "Гадаа зогсож байтал япон хүмүүс ирээд "Дагвадорж аваргын дэвжээний хүмүүс байна, энд үлдэх санал тавьж байна" гэсэн. Би 14 хоног бэлтгэл хийгээд шантарчихсан байсан болохоор зугтахын түүс "Би жүдо барилддаг хүн байгаа юм. Нутагтаа очиж жүдогоор барилдана" гээд бултчихсан" гэсэн байдаг. 

Мөн 2015 онд Казакстанд кураш бөхийн дэлхийн цомын тэмцээнд оролцохдоо, Казакстаны аваргатай таарч их ойролцоо барилдаан болж байв. Шүүгчдийн саналаар Казакстаны аварга ялж, Б.Серик дөрөвт үлдсэн юм. Харин эл барилдааны тухайд "Тэд намайг судлаад "2016 оны олимп хүртэлх бүх тэмцээнд явуулна. Жүдогоор манай улсын нэр дээр барилдаач" гэсэн. Тэгэхэд бас л "Би үндэсний бөхөөрөө барилдана" гээд зугтааж байлаа" хэмээн ярьжээ.


#5. "Баавгайтай ноцолдсон омгоос улсын заан төрөлгүй яахав"

Б.Серик нэгэн ярилцлагадаа өөрийн угсааг танилцуулахдаа "Манай омог "Баавгайтай барилдсан" гэдэг түүхтэй. Нутагтаа очихоор "Эдний омгийнхон их зоригтой, бяртай хүмүүс" гэж ярьдаг. Саяхан очиход нутгийн хөгшчүүл "Баавгайтай ноцолдсон омгоос улсын заан төрөлгүй яахав" гэлцэж байсан" хэмээн ярьсан байдаг.


#6. Сошиалд түүнийг барилдуулах хөдөлгөөн өрнөсөн нь

Сүүлийн хэд хоногт Б.Серик зааныг барилдуулахыг хүссэн олон нийтийн хөдөлгөөн цахим орчинд хүчтэй өрнөж байна. Учир нь түүнд оногдуулсан нэг жил барилдуулахгүй байх шийтгэл нь том цолтнуудаас ганцхан түүний үйлдэлд хэрэгжсэн нь шударга бус гэж үзэж байгаа юм. Улсын аварга О.Хангай энэхүү шийтгэлийг анхлан шүүмжилж "Арай хатуудсан шийдвэр" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байв. Мөн Б.Серик тухайн үед өөрийн цахим хуудаснаа залруулга гаргаж, уг үйлдэлдээ уучлал гуйн, ямар ч хариуцлагыг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн нь хүлцэнгүйн илрэл билээ. Үүгээр ч барамгүй, Б.Серик заан үйлдэлдээ гэмшиж, зургаан барилдааны туршид цалингүй хөлийн цэцээр ажилласан нь бөх сонирхогчдын талархлыг хүлээсэн юм.


#7 Казтай заан

Б.Серик заан өнгөрсөн оны 11-р сараас анхны бизнесээ эхлүүлээд байна. "Гэрийн каз" нэртэй пэйж хуудсыг нээж, өөрийн брэндийн казнаас захиалга өгсөн хүмүүст биеэр хүргэж өгсөн нь хүмүүсээс өндөр үнэлгээг авсан. Иймд түүнийг "Казтай заан" гэж авгайлах болжээ. 


#8 "Мянган бөхийн манлай болж үлдэхийн төлөө хичээнэ"

Б.Серик зааныг жудагтай бөх гэж зон хүндэлдэг. Унасан ч тахимаа түргэн өгдөг, үүний сацуу үргэлжид инээмсэглэн алхах нь олны сэтгэлийг дулаацуулдаг биз ээ. Тэрбээр "Бөх" сонинд өгсөн ярилцлагадаа "Цаашид нутаг усныхаа нэрийг дуурсгаж төрийн наадмын үзүүр түрүү булаалдан мянган бөхийн манлай болж үлдэхийн төлөө хичээнэ. Дүү нарт, мэх л сайн давтаарай гэж захъя. Их давтсан мэх хэзээ нэг өдөр хэрэг болно шүү" гэсэн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.