Экс буюу салсан залуугаа зүүдлэх нь заавал аймшгийн муухай зүүд байх албагүй ч ямар ч гэсэн өглөө сэрэхэд таагүй байх нь мэдээж. Зүүдэндээ та хоёр буцаад нийлж, зугаалж цэнгээд өглөө нь хар даран сэрлээ гэж бодьё. Ямар утгатай юм бол? Зүүд судлаач, энэ сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан, Олон улсын зүүд судлалын холбооны гишүүн Лаури Лёвенберг бидэнд учрыг нь тайлбарлаж өгнө.
Хэрэв анхны хайр зүүдэнд орж ирвэл
Анхны хайрыгаа дурсан санаж, гунигласан болохоор тэр зүүдэнд орж ирсэн хэрэг биш гэдгийг ойлгоорой. Хамтдаа байхын сэтгэл хөдлөл, аз жаргал, хүсэл мөрөөдлийг танд дахин мэдрүүлэхийн тулд ирсэн юм. Анхны хайр нь хүний сэтгэл санаанд дээрх мэдрэмжүүдтэй хоногшсон байдаг тул жишээ нь, таны одоогийн харилцаа уйтгартай болсон, ганцаардсан тохиолдолд ийм зүүд орж ирдэг. Далд ухамсар чинь таныг энэ мэдрэмжүүдийг эргүүлэн өгөх хэн нэгнийг ол гэж сануулж байгаа юм.
Саяхан салсан залуу зүүдлэгдвэл
Энэ бүхэн таны далд ухамсар өнгөрсөн явдлыг даван туулахад тус болох гэж байгаа хэрэг. Өнгөрснөө үлдээж, урагш явахад танд юу хэрэгтэй вэ? Та салсандаа баяртай байна уу, эсвэл дахин уулзмаар байна уу? Уур чинь хүрдэг үү, өөрийгөө буруутгадаг уу? Энэ шалтгаанаа олсон цагт өнгөрснөө даван туулахад хялбар болно. Экстэйгээ дахин уулзаж, эвгүй яриа болох байсан ч уулзаад даваад гар гэсэн утгатай зүүд юм.
Экс залуу эргэж уулзья гэж гуйсан зүүд
Нөгөөх чинь уучлал гуйгаад, эргэн уулзья гэж гуйж байгаа зүүд зүүдлээд сэрэхэд заримдаа үнэхээр бодит юм шиг санагддаг. Нээрээ дахин эхлэх хүсэл ч төрнө. Харамсалтай нь хуучин найз залуу чинь биш та өөрөө дахин уулзах хүсэлтэй болохоор ийм зүүд төрсөн хэрэг. Та сэрүүндээ бодохыг хүсэхгүй байгаа ч дотроо энэ талаар мөрөөддөг юм байна.
Хэрэв тэр танд дургүйцэж байгаа зүүд зүүдэлбэл
Маш гунигтай зүүд ч эерэг нөлөө бий. Та түүнийг хамт байлгахыг үнэхээр хүсэж байхад тэр “Би явлаа” гэж хэлж байвал таны далд ухамсар бүр мөсөн сал гэж зөвлөж байгаа юм. Шууд, хатуу чангаар үүрд Баяртай гэж хэлэх өдөр.
Хуучин залуутайгаа унтаж байвал
Үнэндээ таны биеийн ямар нэг хэсэг эксээ эргүүлэн авахыг хүсэж байна. Хэрэв гэнэт тааралдлаа гэхэд магадгүй та өөрөө эхэлж, буцаад нийлэх боломжтой. Хэрэв маш эрт салсан залуутайгаа нэг оронд орж зүүдэлсэн бол сайн тэмдэг. Учир нь таны сэтгэл зүрх тэр хагацлыг даван туулчихсан, шарх эдгэрсэн утгатай.
Экс залуугийнхаа муу зуршлыг зүүдэндээ харвал
Далд ухамсар юу ч мартдаггүй, хадгалдаг. Одоогийн найз залууд чинь танд таалагддаггүй ямар нэг зуршил байна. Хуучин залуу чинь тамхи татдаг байсан байж магадгүй, харин шинэ нь татдаггүй ч уудаг, эсвэл заавал ямар нэг муу зуршилтайг байгаль дэлхий анхааруулж байна.
Зүүдэндээ та хоёр дахиад салбал
Юуны өмнө хэзээ салснаа эргэн бодьё. Хэдэн сарын өмнө салсан бол энэ зүүд таны зүрх шархлаад үлджээ гэсэн үг. Харин нэлээд эрт салсан бол энэ зүүд таныг одоогийн амьдралд чинь юу тохиолдоод байгаагаа тунгааж үз гэж зөвлөж байна. Албан тушаал ахих ёстой байтал дэвшүүлээгүй, хийсэн ажлаа үнэлүүлээгүй байгаа юм байна. Тэгэхээр өөрийн ажлаа үнэлүүлэх цаг иржээ.
Экс залуу чинь аюулд ороод та аврах гэж байна гэж зүүдэлбэл
Энэ нь та хоёрын харилцаа танд том туршлага, хичээл болжээ гэдгийг харуулж байна. Энэ сургамжийг ирээдүйд ашиглах ёстойг сануулжээ. Өнгөрснөөс аврах юм юу байна гэж хайгаад үз. Жишээ нь, та салаад илүү хүчтэй болсон бол энэ чанараа одоо ашигла гэж байгаа юм.
Экс залуу чинь аюулд ороод та аврахгүй байгаа бол
Хаягдсанаас үүссэн сэтгэлийн гунигаа орхих цаг болжээ. Экс залуу чинь туулж байгаа тэр аюул нь өнгөрснөө мартах гэсэн таны сэтгэлийн тусгал юм.
Хэрэв зүүдэндээ та хуучин найз залуугаа албал
Сайн тэмдэг. Бүх гомдол, зовлон, стрессээ дуусган, мартах хэрэгтэйг зааж байна. Дараагийн найз залуудаа энэ гомдлоо гаргах эрсдэлтэй тул одоо орхиорой. Харамсалгүйгээр алж байна гэдэг та шинэ дурлалдаа саад болох зүйлийг устгаж байгаатай агаар нэг.
Хэрэв та зүүдэндээ хуучин залуудаа алуулбал
Зүүдэндээ үхэх нь бүх юм дуусаж, өөрчлөгдөж байгаа зүлийг илэрхийлдэг. Харин аллага бол хүчээр алдсан зүйл, өөрчлөлтийг заана. Тэгэхээр тэр үнэхээр зүүдэнд таныг албал юунаас болж салснаа эргэн санах ёстой. Тэр чамаас салахдаа өөртөө итгэх итгэл, гэгээн бодлыг тань аваад явсан байж магадгүй. Энэ зүүд тэр бүхнээ эргүүлэн авч, хохиролгүй болох хэрэгтэйг үзүүлж байгаа юм.
Хуучин залуугийнхаа гэр бүлтэй хамт байвал
Энэ бол хамгийн түгээмэл зүүд гэнэ. Архаг тамхичин тамхинаас гарахаар тамхи татаж байна гэж зүүдэлдэг. Өдөр тутмын дассан орчин чинь хуучин залуутай хамт алга болжээ. Удалгүй ийм зүүд ирэхээ больж, шинэ зүүд зүүдэлдэг болно.