Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Риза Тизад тохиолдсон хэргээс авах романтик харилцааны тухай 5 СУРГАМЖ

Түүний ТикТокт оруулсан "Би хэнтэй гэрлэчхэв ээ?!" гэх 52 цуврал бичлэгээс бид юуг ойлгож авах хэрэгтэй вэ?


Хоёрдугаар сарын 14-өөс эхэлсэн Риза Тиза хэмээх эмэгтэйн цуврал бичлэг ТикТокыг "дэлбэлсэн" гэхэд хилсдэхгүй. Түүний "Би ямар н***тойгоо гэрлэчхэв ээ?!" нэртэй цуврал бичлэг дэлхий даяар түгж, хортой харилцаа, онлайн болзоо, сэтгэцийн эмгэг эцэст нь юунд хүргэж болдгийг бидэнд харуулсан. 

Риза Тиза худал ярих эмгэгтэй, манипуляци, тархи угаалтын мастер гэмээр эртэй хэрхэн танилцаж, гэрлэж, улмаар салсан тухай нэг бүрчлэн ярьсан байв. Тэрбээр нөхөртэйгөө цар тахлын өмнө онлайнаар танилцаж, хөл хорионы үеэр нэг гэрт оржээ. Легион гэж нэрлэсэн найз залуу нь эхэндээ түүнд халамж анхаарал тавьж, санхүүгийн асуудлыг нь шийдэн, Тизагийн аялахыг үргэлж хүсдэг байсан Лондон, Парисын аяллыг төлөвлөж, тансаг зэрэглэлийн машин хүртэл авч өгнө гэж ярьдаг байж. Гэвч эдгээрийн аль нь ч бодит амьдрал дээр биеллээ олоогүй юм. 

Гэсэн ч хос хоёр 2021 онд албан ёсоор гэрлэсэн бөгөөд гэрлэлтийн дараа Легионы ааш авир танигдахыг аргагүй өөрчлөгдөж, хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Тизад олон талаар эргэлзээ, айдас төрүүлж эхэлсэн байна. Тиза нөхрийнхөө хар бараан нууцыг нэг нэгээр олж мэдэх тусам гэрлэсэн эр нь яг хэн болохыг мэдэхээ байсан гэжээ. Гэрлэлтээ салгуулах хүртэлх зургаан сарын хугацаанд Тиза хүн итгэмээргүй олон ч үйл явдлын гэрч болж, эцэст нь хүүхдээ зулбуулж, бие махбод, сэтгэл зүй, санхүүгээр хохирч хоцорчээ. "Нэг ч хүн дахиж ийм хүнд зовлонг бүү амсаасай гэсэндээ өөрийн түүхийг хуваалцаж байна" хэмээн бичлэгээ эхлүүлэхдээ тэрбээр ярьсан. 

Түүний бичлэгүүд ТикТок дээр л гэхэд 400 сая үзэлт цуглуулж, Тиза сарын дотор 3.7 сая дагагчтай болоод байна. Тизагийн түүхийг инстаграмын инфлюнсер Номинтөгс орчуулж, цувралаар хүргэжээ.

Тэгвэл бид Риза Тизад тохиолдсон хэргээс ямар сургамж авах вэ? Харилцааны талаар тэр бидэнд юуг заав?

Зөн совиндоо итгэж, улаан тугийг огоорохгүй байх

Орчин цагт хань болох хүнээ олох нь үнэхээр амаргүй болсон. Тиймдээ ч хүмүүс таалагдсан хүнтэйгээ учирсан даруйдаа түргэдсэн шийдвэр гаргах хандлагатай байдаг. Сэтгэл хөдлөлдөө хэт захирагдсан үедээ бид "Red flags" буюу харилцааны явцад илэрдэг анхаарлын тэмдгүүдийг үл ойшоож, дотроо төрж буй эргэлзээгээ дарах нь бий. Тизагийн түүхээс ч үүнийг харж болохоор. Тэр Легионтой 2020 оны гуравдугаар сард танилцаж, арванхоёрдугаар сард гэрлэх өргөдлөө гарган 2021 оны нэгдүгээр сард албан ёсоор гэрлэсэн байдаг. Иймд ямар ч үед дотор хүнээ сонсож, итгэж сурах хэрэгтэй. Шинэхэн танилцсан залуу/бүсгүй тань удаа дараа худал хэлж, хэлсэн үгэндээ хүрэхийн оронд утга авцалдаагүй тайлбар хэлж байвал харилцаагаа гүнзгийрүүлэхээс өмнө зайгаа барьсан нь өлзийтэй байж мэднэ. 

Итгэл төрөхгүй байвал заавал нягтлах

Тиза саяхан "Tamron Hall Show"-д оролцохдоо "Бид яг одоо л хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болмоор байна гэж бодож байтал цаад хүнд маань нэг л зүйл болохгүй байгааг давхар мэдрээд байдаг. Гэхдээ л бид шалгаж, нягтлахаас айдаг. Учир нь бидний буруу байх вий гэдгээс айдаг. Хувийн зүгээс захихад, шалгаж нягталлаа гээд танаас юу ч унахгүй. Эсрэгээрээ анзааралгүй өнгөрвөл та заавал хохирно" гэжээ. 

Хортой хүн, хортой харилцааг таньж сурах, өөрийгөө авч гарах

Шинэхэн танилцсан хүнийхээ өнгөн тал, хэлж ярьж байгаад анхаарал хандуулахаас илүү үйлдэл, мөн чанарыг анзаарч, дүгнэлт хийхэд хэзээд буруудахгүй. Тизагийн ярьсан 50 гаруй цуврал бичлэгийн явцад түүний нөхөр Легион нарциссист, манипуляци хийхдээ гаргууд нэмээд худал хэлэх нь эмгэг болтлоо хүндэрсэн нэгэн гэдгийг харж болохоор. Ийм хүмүүс харилцааны эхэнд мөрөөдлийн төгс залуу/бүсгүй мэт сэтгэгдлийг эсрэг хүндээ төрүүлж чаддаг бөгөөд харилцаа гүнзгийрэх тусам хортой чанарууд нь тодордог. Харин та үүнийг бие махбод, сэтгэл зүрхээрээ мэдэрч, траума автлаа хүлээх шаардлагагүй. Хортой хүнийг аль болох эрт олж таних, уг харилцаанаас өөрийгөө татаж гарах чадалтай байх хэрэгтэй гэдгийг Тизад тохиолдсон үйл явдал бидэнд дахин санууллаа. Эс бөгөөд та энэ бүхний эцэст эдгэршгүй шархтай ч үлдэж мэднэ. 

Онлайн болзооны эрсдэлээс өөрийгөө хамгаалах

Мэдээж бүх онлайн болзоо бүхэн Тизагийнх шиг хар бараанаар төгсөх албагүй ч эрсдэл үргэлж байдгийг санах хэрэгтэй. Тиза нөхөртэйгөө анх танилцахдаа хоёр ч болзооны аппликэйшн дээр матч болсон байсан ба Легион нэг аппликэйшн дээр жинхэнэ нэрээрээ, нөгөө дээр нь хуурамч нэрээр бүртгүүлсэн байсныг Тиза сүүлд мэдсэн аж. 

Судалгаагаар онлайн болзооны аппликэйшн хэрэглэгчдийн 38 хувь нь хүсээгүй байхдаа сексийн холбогдолтой зураг, мессеж хүлээн авдаг байна. Үүнийг хүйсээр ангилж үзвэл 50-аас доош насны эмэгтэйчүүдийн тал хувьд нь ийм зүйл тохиолдсон хэмээн хариулжээ. 

Хувийн амьдралдаа юу болж байгааг дотны хүмүүстээ хуваалцах

Тиза нөхрийнхөө бүхий л муу муухай, хар бараан хэргүүдийг олж, гэрээсээ хөөх хүртэл хувийн амьдралдаа юу болоод байгааг ойр дотны хүмүүстээ хэлээгүй. Нэг талаар, Тиза үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлнэ гэж итгэсэн хань ижлийнхээ талаар гэр бүлийнхэндээ таагүй зүйл ярихыг хүсээгүй байж мэднэ. Нөгөө талаар, түүний хардаж сэрдсэн бүхэн худал байж болох тул баттай мэдэх хүртлээ тэвчээр заан зургаан сар хамт амьдарсан байж болох. Ямар ч байлаа гэсэн асуудал буруудсан үед түүнийгээ нуух нь тийм ч ухаалаг шийдвэр биш байж мэднэ. 

Нарциссист, манипулятор, хүчирхийлэгч хүмүүсийн хийдэг хамгийн эхний алхам бол нөгөө хүнээ гадаад ертөнц, ойр дотны хүмүүсээс нь таслах юм. Энэ үед хохирогчид улаан цайм хүчирхийлэл, худал хуурмагийг ч олж харах, эрүүлээр сэтгэх чадвараа алддаг. Тиймээс үргэлж танд сайн сайхныг хүсэж, хазайсан үед түших, алдаа гаргахаас тань сэргийлэх найз нөхөд, гэр бүлийнхэндээ бодож санаснаа хуваалцахаас бүү цааргалаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Зугтсан оросуудыг Монголд улс байгуулахыг санал болгов
2
Уржигдар
Монгол хаана байдгийг мэддэггүйгээсээ болж зодуулжээ
3
4 өдрийн өмнө
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.