Гурав хоног үргэлжилсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт өндөрлөж, Владимир Путин 87.3 хувийн санал авснаар сонгуульд ялалт байгууллаа. Путин ялах нь нэгэнт тодорхой, нэр төдий сонгууль гэх шүүмжлэл дор тэрбээр эрх мэдлээ дахин баталгаажуулж, 2030 он хүртэл буюу 77 нас хүртлээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашихаар болж байна.
Тэгвэл иргэд сонгуулийн үеэр эсэргүүцлээ илэрхийлэн, саналын хуудас цуглуулах хайрцгийг устгах оролдлого олонтоо гаргажээ. Сонгуулийн үеэр сонгуулийн хайрцгийг галдан шатаах найман удаагийн оролдлого бүртгэгдэж, 214 саналын хайрцгийг эвдэлсэн гэж ОХУ-ын Сонгуулийн хорооны дарга Элла Памфилова мэдэгджээ. Одоогоор саналын хайрцаг руу будаг асгасан, шатаахыг завдсан, галтай шил шидсэн гэх мэт 15 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. Екатеринбург хотод саналын хайрцаг руу будаг хийхийг завдсан иргэн, сонгуулийн хэсэг рүү хууль бусаар ногоон будаг оруулж ирэхийг завдсан их сургуулийн профессорыг баривчилж тус бүр 15 хоног саатуулахаар болжээ.
Оросын хүний эрхийн бие даасан байгууллага болох “ОВД-Инфо”-оос мэдээлснээр Одинцово хотод бас нэгэн сонгогч саналын хуудсан дээр “бойкот” гэж бичээд авч гарахыг завдсан тул саатуулагдсан байна. Энэ мэтчилэн иргэд Оросын өнцөг булан бүрд эсэргүүцлээ илэрхийлэн, зарим нь баривчлагджээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн баасан гарагт эхэлсэн бөгөөд сөрөг хүчний нэр дэвшигчдийн олонх нь нас барсан, шоронд хоригдсон, цөлөгдсөн, сонгуульд нэр дэвших эрх нь хасагдсан байжээ.
Эх сурвалж: CNN