Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусчээ. Шинэ театр нийт 850 хүний багтаамжтай бөгөөд 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх юм.
Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ аваад буй. Харин шинэ театрын даргаар "Шинэ үе" продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболдыг 2022 онд томилсон байдаг.
Театрын үйл ажиллагаа нь мөн хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох юм. Тухайлбал, номын сан, кафе, дугуйлан, сургалт зэрэг үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлэх аж.
Эх Сурвалж: Соёлын Яам