Хайх зүйлээ бичнэ үү

34 мин

Энэ хавар уншигчдын гарт анхлан хүрч буй онцлох 30 ном


“Надад байгаа хамаг сайн сайхан бүгдийг би номоос олсон” гэж М.Горький бичжээ. Харин “М.Горькийд байсан хамаг сайн сайхан гэгдэх тэр зүйлс нь хүнлэг сэтгэл, гүн мэдлэг байсан юм” хэмээн нэрт сэтгэгч Л.Түдэвийн “Хүүхдийн зохиолын онцлогууд” номын нэгэн өгүүлэл эхэлдэг. Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид энэ хавар уншигчдын гарт анхлан хүрч буй 30 номыг онцолж байна.


Л.Ишцэрэн "Төмөр ба нүүдэлчид"

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголын археологийн шинэ судалгаа цуврал-IX” дугаарт археологич доктор, профессор Л.Ишцэрэнгийн “Төмөр ба нүүдэлчид-Монголын нүүдэлчин төрт улсуудын төмөр үйлдвэрлэл (НТӨ II – НТ XIII зуун)" нэгэн сэдэвт бүтээл хэвлэгджээ. 

Энэ бүтээл бүхэлдээ Монголын нүүдэлчин төрт улсуудын нийгмийн зохион байгуулалтыг археологийн баримтаар тодруулахад чиглэгдсэн ажээ. Тиймээс та бүхэн энэ бүтээлээс нүүдэлчдийн төмөр үйлдвэрлэл гэж юу вэ? Үйлдвэрлэл нүүдэлчдийн хувьд ямар үүрэгтэй байв? Нүүдэлчдийн үйлдвэрлэгч хэн байв? Нүүдэлчдийн үйлдвэрлэлийн технологи нь тэдний нийгмийн зохион байгуулалттай хэрхэн холбогдож байсан вэ? зэрэг асуултын хариултыг олж авах болно. 

Түүний судалгаанаас үзвэл нүүдэлчид нийгэм үйлдвэрлэлийн хувьд нарийн зохион байгуулалттай байсан бөгөөд энэ нь тэдний хүчирхэг, тусгаар байхын үндэс суурь нь болж байсны зэрэгцээ үргэлж шинэчлэгдэн сайжирч байсныг өөрийн судалгааны үр дүнгээр батлан харуулжээ.

Өөрөөр хэлбэл, ихэвчлэн дурсгал хийгээд олдворын шинжилгээнд анхаарлаа хандуулдаг археологийн судалгаанд үйлдвэрлэлийн технологи, арга ажиллагаанд тулгуурлан түүхэн үйл явцыг сэргээх гэсэн түүний оролдлого бол судалгааны шинэ өнцөг, шинэ чиг хандлага хэмээн хэлж болно.


Арсен Венгер "Миний намтар"

Орчуулагч: Д.Батцэнгэл

“Ухаан орсон цагаасаа хойш зөвхөн хөлбөмбөгийн төлөө “номын мөр” хөөх хувраг мэт амьдарч байгаа минь хүсэл тэмүүлэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөн сонголт…”.

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч, менежерүүдийн нэг, олон шинэчлэл-инноваци хийсэн домогт Арсен Венгер өөрийн намтраа дэлгэн бичжээ. 

Венгер уг бүтээлдээ, хөлбөмбөгийн тоглогч дасгалжуулагчийн намтраа өгүүлэхээс гадна өөрийн үнэт зүйлс, суурь зарчим, манлайлал, хувь хүний хөгжил, менежментийн тухай туршлага, зөвлөмжөө өгүүлсэн байна.

Английн "Арсенал" клубийг хэрхэн “ялагдашгүй” болгож, дэлхий дахинд таниулж, цэнхэр гарагийн өнцөг булан бүрээс дэмжигчтэй болгосон тухай хуваалцсан байна. Тухайлбал, залуу авьяастныг нээх-хөгжүүлэх, тоглогчийн хоолны дэглэм, тамирчны сахилга бат, багийн сэтгэлзүй, даруу төлөв зан чанар, бэлтгэлийн талбай дахь өөрчлөлт шинэчлэлт, тоглолтын хэв маяг, уран гоё тоглолт, спортын шинжлэх ухаан, инноваци шинэчлэлт хөлбөмбөгт нэвтрүүлэх, шинэ цэнгэлдэх хүрээлэн бүтээх, санхүүгийн эрүүл бүтэц, клубийн философи, зөв зохистой менежмент засаглал, үнэт зүйлсээ тодорхойлж, түүндээ үнэнч байхын чухлыг онцолсон аж. Товчхондоо, хөлбөмбөгийн түүхэнд нэр нь тодоор бичигдсэн энэхүү эрхэм дэлхийн хэмжээний хөлбөмбөгийн клуб, брэнд хэрхэн бүтээн бий болгосныг уг бүтээлээс мэдэх боломжтой.

Түүнчлэн, сургалтын арга барил, тамирчин-дасгалжуулагч, шавь-багшийн харилцаа, менежментийн туршлагаа олон төрлийн судалгаа, баримтад тулгуурлан тайлбарласан нь авууштай.

Энэхүү бүтээл нь:

  • Арсеналын хөгжөөн дэмжигч, хөлбөмбөгийн хорхойтон,

  • Тамирчин, дасгалжуулагч, 

  • Бизнесийн менежер, манлайлагч ,

  • Аливаа зүйлийг шинэчилж, бүтээн бий болгохыг хүсэмжилж буй хэн бүгдийн алдалгүй унших бүтээл юм.

Арсен Венгер. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч, менежерүүдийн нэг. 1949 онд Францын Страсбург хотноо төрсөн. 1996 онд "Арсенал"-ын менежерээр томилогдон гайхалтай амжилтад хүрэхээсээ өмнө Франц, Японы хөлбөмбөгийн клубүүдэд ажиллаж байсан юм. 2018 онд менежерийн ажлаа хүлээлгэн өгснөөс хойш Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу ФИФА-гийн “Дэлхийн хөлбөмбөгийн хөгжил хариуцсан хэлтсийн тэргүүн”-ээр ажиллаж байна. Эдүгээ Венгер Лондон, Парис хотод сэлгэн амьдардаг.


Стивен Кинг "Бичихүйн тухай"

Орчуулагч: Б.Баясгалан

Бүх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд Entertainment Weekly сэтгүүл “Хаантан (Кинг) түм бум наслаг” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.

Стивен Кинг 1947 онд АНУ-ын Мэйн мужийн Портланд хотод мэндэлжээ. Тэрээр 1967 онд “Шилэн шал” нэртэй өгүүллэгээ сэтгүүлд анхлан хэвлүүлж, уран бүтээлийн гараагаа албан ёсоор эхлүүлж байв. Кинг 1971 оноос Хэмптен хотын ахлах сургуульд хэл-уран зохиолын багшаар ажиллаж эхэлсэн агаад багшлах хугацаандаа оройн цагаар болон амралтын өдрүүдээр зохиолоо бичдэг байжээ. 1973 оны хавар Doubleday хэвлэлийн газар “Кэрри” романыг нь хэвлэснээр Кингийн нэр уран зохиолын ертөнцөд цуурайлах болов. Тэр цагаас хойш “Ногоон бүс”, “Гялбаа”, “Үхлийн бүс” зэрэг 70 гаруй роман, 5 уран зохиолын бус ном, 200 гаруй өгүүллэг, тууж бичсэнээс 60 гаруй ном хэвлэсэн нь борлуулалтаараа дэлхийд тэргүүлсээр байна. Стивен Кингийн зохиолуудаар 40 гаруй кино хийгдсэн нь мөн л кино урлагийн салбарыг доргиосон, шилдэг бүтээлүүд болсоор...  

Кинг 2003 онд Америкийн уран зохиолыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ АНУ-ын Үндэсний номын сангийн медаль, 2014 онд Үндэсний урлагийн медаль, 2018 онд Америкийн утга зохиолын PEN шагнал тус тус хүртжээ.


Габриэль Гарсиа Маркес “Наймдугаар сард уулзъя”

Орчуулагч: Б.Нямдорж

Колумбын алдарт зохиолч Габриэль Гарсиа Маркесын “Наймдугаар сард уулзъя” зохиолыг
“Монсудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдад хүргэх гэж байна. Гол дүрийн
бүсгүй болох Ана Магдалена жил бүрийн 8 сард гатлага онгоцоор ээжийгээ оршуулсан арал руу
очсоноор дахин дахин шинэ адал явдалтай учирна. Тус зохиол нь эмэгтэй хүний дотоод ертөнц,
сэтгэл зүйн онцлогийг харуулснаараа өвөрмөц бүтээл болсон ажээ. Мөнөөхөн л Гариэль Гарсиа
Маркесын цог галтай бичлэгийн хэлбэр, найруулгыг та тус номоос бүрэн мэдэрч, түүнийг ахин
дурсах болно.


Эдогава Рампо “Хүн сандал”

Орчуулагч: Д.Дашмөнх

Детектив уран зохиолын төрөлд дорнын гэх өнгө аясыг гаргаж ирсэн, Японы адал явдалт зохиолын нэрт төлөөлөгч Эдогава Рампогийн "Хүн сандал" түүвэр орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар дахин хэвлэгдэхээр болжээ. Эдогава Рампогийн зохиол бүтээл нь хуудас бүрдээ айдас түгшүүр, огиудас зэвүүцэл, санаанд оромгүй эргэлтээр дүүрэн. Магад та үүнийг уншаад өөрийн сандлаас огло харайн босох бий вий.

*Зохиолч бүсгүйн хүлээн авсан захидалд өрнө зүгийн хийцтэй том зөөлөн сандалд орж нуугдсан мужааны түүх гардаг. Ядуу мужаан эхлээд хулгай хийх санаатай байсан ч эцэстээ сандал дотор хөшин сууж амьдрах амьдралдаа дасаж, идэж, унтаж, хоргодож, бэлгийн таашаал мэдэрч, сэтгэж, дурлаж, солиорч... нэг үгээр бусад хүн шиг л амьдарна. Бидний зэргэлдээ оршин буй, ухамсраас гадуурх параллель амьдрал... Нэг л өдөр шунал тачаалдаа автсан мужаан тэр амьдралаасаа гарч хүний ертөнцөд эргэн ирж зохиолч бүсгүйд дурлалаа илчлэхээр шийднэ. Харин өөрт нь мэдэгдэлгүйгээр өөрийг нь янаглан тэвэрч, үнэрлэн мансуурч байсан эрийн дурлалыг бүсгүй мэдээд яах бол?... Чухамдаа яах ч үгүй. 


С.Лочин "Өрнө дахины уран зохиол"

МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор (Sc.D), зохиолч С. Лочин агсны “Монголын эртний уран зохиол. Эрт цагаас ХХ зуун хүртэл” номын үргэлжлэл болох “Өрнөд дахины уран зохиол” хэмээх ном хэвлэлтээс гарчээ.

Социализмын буюу Зөвлөлтийн үеийн академик дүн шинжилгээн дээр суурилсан, ихээхэн буурьтай, нийтийн ойлголтоос хавьгүй мэргэжлийн түвшин рүү гүнзгийрсэн өнгө аястай бичлэгээрээ энэ ном хүндэтгэл төрүүлнэ. Хөнгөн шингэн бичлэгтэй номуудаас их өөр шүү. Та бас нэгэн чухаг өнгө аясыг эндээс мэдрэх вий. Номыг мөд унших хүнд илүүц магтаал тоочиж цаг үрээд хэрэг ч үгүй биз. Юутай ч, ийм үнэ цэнтэй, залууст сурах бичиг болохуйц, зохиолчдод мөн ширээний ном байхуйц бүтээлийг өөлж гоочлох хүн гарахгүй биз. Гарсан ч тэдгээрийг тоомсорлох хэрэггүй, тийм л жинтэй бүтээл гэж бодож байна. Эрхэм ах нөр их ажиллаж, Өрнө дахины уран зохиолын тухайд цэгцтэй тойм мэдлэг олгох санаагаар мөхөс залууст бүү хэл, их сургуулийн багш нарт ч чухам сайхан “будаа идэх” гарын авлага бэлдчихжээ. Юу үнэн бэ, тэр үнэн.

Зүгээр л нэг дууны үг ч юм уу, шүлэг найраглал, эсвэл аахар шаахар өгүүллэг тууж мэтсээр дагнаад сэтгэлгээнийхээ царааг харуулахад өнөөдрийн уран бүтээлчийн хувьд хангалтгүй. Роман хэдийгээр маш нийлмэл, үйл явдал гэхээсээ илүү сэтгэлгээний өнгө аяс шаарддаг төрөл мөн ч, бас л дан гагц романаар тухайн уран бүтээлчийн дотоод ертөнц бүрэн илэрхийлэгдэхгүй. Тийм ч учраас өнөөдрийн туурвигчид бол сэтгэгчид, эргэцүүлэгчид, түүхчид, судлаачид болж байна. Эртний иргэншлийн өв хөрөнгө, өнөөгийн сэтгэлгээ тогтож төлөвшихөд нөлөөлсөн сод туурвилуудыг яг л дээд боловсрол олгох сургалтын гарын авлага хэлбэрээр бичигдсэн байна. 


И.Алтансүх “Эртний нүүдэлчдийн гоёл чимэглэл: Ээмэг”

Бид эртний нүүдэлчдийн эрхлэх аж ахуй, шүтлэг бишрэл, хувцас хэрэглэл, гоёл зүүсгэлийн талаарх мэдээллийг тэдний үлдээсэн оршуулгын зан үйлээс мэдэх бүрэн боломж бүрдээд байна. 

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Иванжавын Алтансүхийн бичсэн эл каталог ном нь археологийн чиглэлээр малтлага судалгаа явуулдаг МУИС-ийн Антропологи, Археологийн тэнхим, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын сан хөмрөгт хадгалагдаж буй ээмгүүдийг он цаг, хэлбэр хийцээр нь ангилж, түүхийн сурвалж бичиг болон хаад хатдын чимэг зургуудтай харьцуулан судалсан бүтээл юм. 

Түүхч, археологич И.Алтансүх 2018 онд Урианхайчуудын цана, цуур, хөөмэйн соёлын түүхэн уламжлал номыг хэвлүүлж байсан билээ.


Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй ДОНТРЫН ДЭЭЖИС

Судрын ном зүйн мэдээллийг илтгэх хэрэгслийг донтор гэх бөгөөд тодруулбал түүнд ангилал, зохиогч, номын нэр, боть, дугаар, гарчиг зэргийг агуулдаг. Монгол ном судар өөрийн гэсэн онцлог бүтэцтэй ба түүний салшгүй хэсэг нь номын донтор юм. Монголчууд бичиг үсэгтэй болж судар ном бүтээж эхэлсэн үеэс номын чимэглэлийн урлаг болон хөгжиж иржээ. Донтрыг урлан хийсэн төрөл бүрийн торго дурдан, бөс даавуу, зураг дүрслэл, бичиг үсэгт монголчуудын үйл урлалтай нарийн нандин өв хадгалагдан байдаг онцгой төрлийн соёлын өв юм. Сударчилсан номын хуудсыг үдэж дэвтэрлэлгүй, тус тусдаа байхаар бичиж, хэвлэсэн байдаг тул тэдгээрийг баринтаглах эсвэл шоголд хийн хадгалдаг учир тус баринтаг, шоголд ямар ном, зохиол байгааг донторгүйгээр гаднаас нь хараад мэдэх аргагүй юм. Иймд донтрыг судрын зүүн талд унжуулан хавчуулснаар тухайн номын баринтаг, шоголыг нээж, задлахгүйгээр ямар аймгийн, хэддүгээр боть болохыг хялбар мэдэх боломж олгодог. Монголчууд номын донтрыг төрөл бүрийн аргаар урлаж иржээ.

Тухайлбал, донтрыг урлахдаа дээд зэргийн торго дурдан, хоргойг сонгон авч, сайн чанарын өнгөт торгон болон алт мөнгөн саатай утсаар зээгт наамал, уран хатгамал хатгаж, зүү утас ороолгон гоёмсоглон урласан нь нэлээд элбэг бий. Үндэсний уламжлалт гоёл чимэглэлийн урлалын нэгэн төрөл болох зүү ороох оёдол нь урлаачаас их тэвчээр, нарийн торгон мэдрэмж шаарддаг бөгөөд оёдол нь бат бөх болдгоороо өвөрмөц юм.


"Нүүдэлчдийн аяга" эрдэм шинжилгээний каталог (хамтын бүтээл)

Каталог нь нүүдэлчин монголчуудын эртний идээ ундааны соёлыг илтгэх аяга сав суулгаар дамжуулан, тэдний хооллох ундлах соёл, зан заншил хэрэглээ, материал болон урлах технологийн хөгжил хувьсал, соёлын нөлөөлөл, ижилсэл, гадаад харилцаа холбоог тусган харуулахыг зорьсон үзмэрт тулгуурласан түүх- угсаатан, соёлын эрдэм шинжилгээ судалгааны бүтээл юм.

Нүүдэлчдийн аяга каталог нь: 

1. Түрүү хүрлийн үед холбогдох чулуун аяга

2. Хүннүгийн сав суулга

3. Сяньби аяга

4. VI-X зууны үеийн аяга, сав суулгын зүйлс

5. Хүн чулууны аяга хийгээд цөнгөрөг

6. Дундад зууны монголчуудын модон аяга (X-XIV зуун)

7. Монголын эзэнт гүрний өндөр суурьт аяга

8. XVII-XX зууны эхэн үе монголчуудын аяга сав

9. Мөнгөн аяга

10. Тожил хийцийн аяга

11. Монгол шаазан гэсэн бүлэг, сэдэв, агуулгатай бөгөөд 170 гаруй аяганы судалгаа хамрагдсан.


"Үр минь чамайг хүлээж байна" (Гэрэн редакц)

Орчлон хорвоогийн юм бүхэнд чи чухал”. 

Агуулга: Энэхүү номд дөнгөж төрсөн хүүхдийн өмнө энэ хорвоогийн юм бүхэн шинээр нээгдэхээ хүлээж байдаг тухай өгүүлнэ. Шинэ хүнээ өлгийдөн авчхаад буй ээж, аавуудад ч уншиж дууссаны дараа сайхан мэдрэмж төрүүлэх ном. 

Нас: 0+ насныханд, ялангуяа дөнгөж төрсөн нярайд зориулсан. 

Онцлог: Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хараа тогтоогүй байдаг учир, тод ялгарал ихтэй өнгө бүхий карт, зураг, даавуун ном харуулж харааг нь тогтоох нь элбэг. Энэ ном нь хар дэвсгэр дээрх тод ялгарал бүхий өнгөт зурагтай. Хүүхэд өсөж том болохын хэрээр улам хөгжиж буй үгсийн санд нь уул, гол, од, гэр, хот, ном, хүмүүс, амьтан гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг нэр үгсийг танилцуулах зорилгоор шигтгэсэн. Амьгүй зүйлсээс амьтай зүйлс хүртэлх энгийн нэршлүүдийг таниулж өгөх зорилготой. 

Мөн нярайн номууд хурц өнцөггүй байх ёстой байдаг тул дугуй булантай.

Д.Урианхай “Философийн суулгацууд”

Суулгацууд”-д минь хүн төрөлхтний тэнэг бодолтнуудын болоод гэгээн бодолтнуудын аль алины нь бодсоныг би давхардуулан бодсон “Хоёрдогч” санаанууд байгаа л байх, бодоогүйг нь өөрийнхөө толгойгоор бодоод өөрийнхөөрөө томъёоллож, шинэ санаа оноо ч уулын энгэрийн яргуй хөөж яваа ямаа, хонь шиг бэлчээстэй ч байгаа л байх, мэргэдийн бодсон бичсэнийг уншаагүй, мэдээгүй омтгойтсоноор тэдний орхисон онгорхой цоорхойг нөхөх, цойлдох үүрэгтэй байтал чадаагүйн гэм ч цухалзаж байгаа л байх, би өөрөө баттай үнэнийг хэлж мэдэхгүй байна, харин “Суулгацууд”-ыг минь бүрэн бүтнээр нь уншиж дууссан хүн товтойг хэлж чадах нь магад аа!...

Мөнхүү номын дараагийн залгамж, философи сэтгэмжийн томоохон бүтээл "Философийн ургацууд" ном мөн хэвлэгджээ. Эл номонд алив утгыг хураангуйлан товчилсон урьд хэвлэгдэж байгаагүй 800-аад эш товчууд нь хүмүүн төрөлхтөнд өргөсөн энэ цагийн утгын нэгэн оргил монгол суу билиг юм.


Монгол Улсад хэвлэгдсэн ном зүйн бүртгэлүүд (Ном зүйн ном зүй)

Ном олноор хэвлэгдэж, нэр төрөл олшрох тусам тэдгээрийг сэдэв агуулгынх нь дагуу бүртгэн уншигч, судлагч олон нийтэд мэдээлж, сурталчилах, ашиглуулах хэрэгцээ үүсдэг. Энэ хэрэгцээг шийдэх зорилгоор ном зүйн ухаан буй болжээ. Ном зүйн ухаан нь дотроо ном зүйчлэх аргыг агуулах бөгөөд түүний дагуу ном зүйч, судлаачид ном зүйн бүртгэлийг эмхэтгэн, нийтэлдэг. 1935 онд Монгол улсад анхны ном зүйн бүртгэл хэвлэгдсэн цагаас хойш бидний олж тогтоосноор нийт 391 ном зүйн бүртгэл хэвлэгджээ. Нэг ном зүйн бүртгэлд 5000 орчим номыг бүртгэсэн байлаа гэж үзэхэд нийт 2 сая гаруй нэрийн номын мэдээллийг энэхүү ном зүйн ном зүйгээс олж үзэх боломжтой түлхүүр болж байна гэсэн үг. Үүнийг Монгол цэргийн аравт, зуут, мянгатын зохион байгуулалттай зүйрлэж болох юм. 


Зигмунд Фройд "Сэтгэцийн эмгэг судлал өдөр тутмын амьдралд"

Сэтгэл судлаач Зигмунд Фройдийн үнэ цэнэтэй бүтээлүүдийн тоонд зүй ёсоор ордог “Сэтгэцийн эмгэг судлал өдөр тутмын амьдралд” бүтээл нь бид яагаад өдөр тутмын амьдралдаа танил хүнийхээ нэрийг мартдаг, гадаад үгийг төрөлх хэлний үгээсээ илүү мартах хандлагатай байдаг, ярьж, бичих, уншихдаа яагаад алдаа гаргадаг зэрэг олон асуултын хариултыг психоанализийн үүднээс өгдөг. Товчхондоо бидний “санамсаргүй” гэж үздэг бүхний цаана ямар нэг дарагдаж, нууцлагдсан үл ухамсарлахуйн сэдэл байдгийг олон сонирхолтой жишээгээр тайлбарлажээ. 

Мөн урьд нь тохиолдож байсан юм шиг мэдрэмж яагаад төрдөг, бодож явсан хүнтэйгээ яагаад таардаг зэрэг өдгөө хүртэл оньсого, таавар мэт байгаа асуултуудын хариултыг үл ухамсарлахуйн үзэл санаагаар тайлбарласан нь энэхүү номын агуулгыг илүү баяжуулсан юм. Үүгээрээ хүн төрөлхтний оюун санаанд нууцлагдсан сонин содон зүйлсийн тайлбарыг психоанализийн үүднээс энэхүү ном өгөх юм.

Сонирхуулахад, 2012 онд эл номыг "Өдөр тутмын амьдралын психопатологи" нэрээр Б.Нямгэрэл гэх орчуулагч монгол хэлнээ хөрвүүлж байсан бол энэ удаад Ч.Нямсүрэн шинээр эх хэлнээ орчуулсан ажээ.


Ф.А.Кудряфев “Буриад монгол ард түмний түүх” Орчуулагч: А.Алимаа

Орчуулагч: А.Алимаа

Буриад монголын түүх судлаач Феодор Кудрявцев Буриад монголын ард түмний түүх (История бурят-монгольского народа) гэсэн бүтээл туурвиснаа 1940 онд Ленинградад хэвлүүлсэн байна. Үүнийг дахиж хаана ч хэзээ ч хэвлэсэнгүй. Аз болоход 80 жилийн дараа Буриадын Үндэсний номын санд яагаад ч юм ганц хувь хадгалагдан үлджээ. 

Энэ ном хэвлэгдэж байх үеийн Буриад монгол нь өнөөгийн Буриадаас тэс өөр байлаа. Буриад монголчууд өөрийн хэлтэй, уйгаржин монгол бичгээрээ уншиж бичдэг, монгол сургуульд хүүхдүүд нь явдаг, хөдөө тийшээ орос хэл мэддэггүй, өв соёл, зан заншлаа хадгалсан монгол үндэстэн байжээ.


"Тогтмол хэвлэлийн өгүүллийн ном зүйн бүртгэл"

Товлосон хугацаанд гардаг хэвлэлийг тогтмол хэвлэл гэх бөгөөд үүнд сонин, сонин сэтгүүлүүд хамаарна. Монгол улсад тогтмол хэвлэлийн өгүүллийн ном зүйг 1950-иад оны сүүл үеэс "Сонин сэтгүүлийн өгүүллийн он дараалсан бичиг" нэрийн дор эмхэтгэн хэвлүүлж эхэлжээ. Харамсалтай нь энэхүү ажил 1988 оноос хойш тасалдаад байсныг 2019 оноос "Тогтмол хэвлэлийн өгүүллийн ном зүйн бүртгэл" нэрээр хэвлэх болж, энэ удаад 10 дахь ботио эмхэтгэн хэвлүүлээд байна.

10 дахь ботид 35 нэрийн тогтмол хэвлэлд гарсан 9729 өгүүллийг багтаажээ. Тогтмол хэвлэлийн өгүүллийг цуглуулан эмхэтгэхэд Монгол Улсын Үндэсний номын сангийн мэргэжилтнүүдээс гадна аймаг, нийслэлийн нийтийн номын сан, ИДС-иудын ном зүйч, номын санч, мэдээллийн ажилтнууд оролцон хамтран бүтээснээрээ онцлог юм. 


Ф.Скотт Фицжеральд "Агуу Гэтсби"

Орчуулагч: Б.Чандмань

Америкийн нэр хүндтэй зохиолч Ф.С.Фицжералдын “Агуу Гэтсби” хэмээх энэхүү романыг агуулгын гүн утга, бичлэгийн тансаг хэлбэрийг нь аль болох тод харуулсан цоо шинэ орчуулгаар хүргэж байна.

Жилээс жилд алсарч холдсоор байдаг гэрэлт сайхан ирээдүйн ногоон гэрэлд Гэтсби итгэж байсан юм. Өнөөдөр яах вэ, гараас мултраад, биднээс займран одох нь хамаагүй, маргааш бид илүү хурдан гүйж, илүү холд гараа сунгахад л… гэж. Тэгээд л нэгэн сайхан өглөө…

Ингэж бид давлагааны эсрэг тэмцэн байж урагшлахаар зүтгэдэг боловч завьтайгаа хамт цаг үргэлжид л өнгөрсөн рүүгээ хөвж байдаг билээ л…


К.С.Люис "Нарниагийн товчоон: Морь ба хүү"

Орчуулагч: Б.Амарбаясгалан

"Монсудар" хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцын зүгээс дэлхийн алдартай туульсын зохиол болох Нарниагийн товчоон цувралыг албан ёсны эрхтэй орчуулан хүргэж байгаа билээ.

Зохиолч К.С.Люис анх Нарниагийн тухай ганцхан ном буюу "Арслан, шулам ба шүүгээ"-г бичээд дуусгах бодолтой байжээ. Гэвч гарын шавь, сайн найз, урам хайрлагч, үзэг нэгт зохиолч Р.Л.Грийн Нарниагийн өтгөн ногоон ой дунд яагаад ганц ширхэг гэрлийн шон өдөр шөнөгүй асаж байдгийн учрыг асуусанд тэрээр эхний ном дээрх профессор Киркийн хүүхэд насны талаар "Илбэчний зээ дүү" номыг бичиж түүний асуултад хариулахаар шийдсэн гэдэг. "Илбэчний зээ дүү" бол Люисийн хувьд Нарниагийн товчоон дундаас хамгийн зүдэрч бичсэн ном. Нарниагийн товчоон цувралын бусад зургаан ном 1953-1948 онд бүрэн бичигдэж дууссан бол "Илбэчний зээ дүү" 1949 оны сүүлийн хагасаас 1954 он хүртэл сунжирсан байна. Тэр уг нь 1949 онд "Арслан, шулам ба шүүгээ"-г бичиж дуусмагцаа "Илбэчний зээ дүү"-г эхлүүлсэн ч эхний 26 нүүрийг бичээд хоёр жил завсарлажээ. Үүний дараа "Ханхүү Каспиан", "Даун Трэйдер хөлгийн аялал", Мөнгөн сандал", "Морь ба хүү" номуудыг бичиж дуусгажээ.

Тийнхүү хожим "Мөнгөн сандал" (анх Нарниагийн шөнө гэж нэрлэх гэж байсан) номоо бичиж дуусмагц "Илбэчний зээ дүү" рүүгээ эргэн оржээ. Тухайн үедээ номоо дуусгаж, номын нөхөр Грийнд уншуулсан ч үйл явдлын дарааллын хувьд алдаатай гэх шүүмж сонсоод хэвлүүлэлгүй азнасан аж. Тэр хоорондоо Люис "Эцсийн тулаан" номыг бичиж, 1953 оны хавар дуусгамагцаа "Илбэчний зээ дүү"-г дахин засаж, 1954 оны эхээр бүрэн төгсгөжээ.


Б.Энхжаргал, Э.Мишээл "Сургуульд юу болдог вэ?"

Хүүхдийн номын зохиолч Б.Энхжаргал өнгөрсөн онд хүүхэд насанд тохиолддог амьдралын шилжилтийн үеийг даван туулахад нь туслах зорилготой цувралынхаа “Цэцэрлэгт юу болдог вэ?” номыг эрхлэн гаргасан билээ.

Энэхүү номын цуврал болгож “Сургуульд юу болдог вэ?” номоо уншигчдийн гарт хүргэжээ. Хүүхдүүд аливаа зүйлийн талаар мэдлэг мэдээлэл, төсөөлөлтэй байх нь шинэ орчин, нөхцөл байдалд орох бэлтгэлтэй болоход тусалдаг. Энэхүү номоороо сургуульд юу юу болдог ерөнхий ойлголт төсөөллийг өгөхөөс гадна дараах агуулгын хүрээний мэдээллийг шинэхэн сурагч дүү нартайгаа хуваалцахыг зорьж байна. 

  • Сургуульд сурахын тулд ямар бэлтгэлийг хангах хэрэгтэй вэ? 
  • Суралцахуйд суралцахуй 
  • Хүмүүс юуны тулд сургуульд явдаг вэ? 

Энэхүү ном нь 3 – 5 настнуудыг сургуулийн амьдралд бэлтгэх, сургуулийн шинэхэн сурагчдыг шилжилтийн үеийг даван туулахад туслах зорилготой бөгөөд сургуулийн бага ангийн сурагчдын хувьд ч сургуулийнхаа тухай эргэцүүллийг нэмж, сургуульдаа дасан зохицох үйл явцыг дэмжихэд тустай ном юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: Болжмор.


Ж.Р.Р.Толкин "Бөгжний эзэн: Бөгжний барилдлага"

Орчуулагч: Б.Амарбаясгалан

Британийн зохиолч, философич Жон Рональд Руэл Толкин 1892 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Өмнөд Африкийн төв хэсэгт байх Блумфонтейн хотноо төржээ. Толкины уран бүтээлийн замнал 1937 онд "Хоббит" хэмээх бүтээлийг нийтлүүлснээр эхэлжээ. "Хоббит" зохиол гарсан даруйдаа уншигчдыг байлдан дагуулж, зохиолчийн баялаг уран сэтгэмж олон шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан юм. Толкин хүүхэд ахуй наснаасаа л эртний болон дундад зууны үеийн үлгэр домгуудыг ихэд сонирхож, Дундад газар хэмээн нэрийдсэн үлгэр домгийн ертөнцийг өөрийн төсөөлөлдөө бүтээж эхэлсэн ажээ. Тэрхүү ертөнц нь тун ч нарийн зураглал бүхий байгаль газар зүй, түүхтэй агаад хүмүүсээс гадна хоббитууд, элфүүд, одойчууд, гоблинууд гэх зэрэг өвөрмөц оршин суугчид, тэр бүү хэл өөрийн гэсэн тусгай хэлтэй. 

Хоббит зохиол асар их амжилт олсон учир Жорж Аллен & Анвин хэвлэлийн газраас үргэлжлэлийг нь бичихийг Толкинд санал болгожээ. Зохиолч уг саналыг хүлээж авснаар 1954 онд Бөгжний эзэн хэмээх удаах номыг арван долоон жилийн хугацааг зарцуулан бичиж дуусгасан юм. Бөгжний барилдлага бол Ж.Р.Р.Толкины Бөгжний эзэн хэмээх XX зууны уран сэтгэмжийн яруу тод, алдар суут сод бүтээлийн эхний хэсэг билээ.

Эл ботид Шаир нутгийн нам жим буйдхан тосгоноо суух Фродо Баггинст хөгшин ах Билбо нь өөрийн бөгжөө найдан өвлүүлснээр маш их хариуцлагын эзэн болж байгаагаар үйл явдал эхэлдэг. Улмаар Фродо гэр орноо орхиж, аюулыг сөрөн Дундад газрыг хөндлөн гулд туулж Үйлийн гавд очин бөгжийг устгаж харанхуйн эзний бузар санааг эцэс болгох үүрэг хүлээнэ. Хоббит зохиолын нэгэн адил энэ зохиолд ч бас гол баатар өөрт ахадсан гэмээр даалгавартай учрах ч үйл явдал өрнөх тусам эр зориг, овсгоо самбаа болон анд нөхдийнхөө тусламжтайгаар улам бүр өсөж хөгжинө.  

Зохиолч Ричард Хьюз эл бүтээлийн тухай “Уран сэтгэмжийн цар хүрээ хийгээд хуудаснаас хуудас дамжин уншигчийн сэтгэлийг ховсдох, нүдэнд харагдтал өгүүлэх ур чадвараар энэ номын өндөрлөгт дөхөж очих зохиол үгүй еэ” хэмээн дурсаж байв. Мөн зохиолчийн үзэг нэгт анд К.С.Люис “Ийм олон талтай атлаа бүгд өөр өөрсдийнхөөрөө тун үнэн бодит, зохиолчийн хувийн сэтгэл зүйгээс бүрэн ангид, маш бодит, жинхэнэ хүн төрөлхтөнд тулгардаг асуудлуудыг хөндсөн хэр нь ямар ч зүйрлэл ашиглаагүй төсөөллийн ертөнц хэзээ ч байгаагүй. Түүнээс гадна хошин, эелдэг, баатарлаг, аймшигт, бузар муу гээд бараг төгсөшгүй хөврөх олон үзэгдэл, дүрүүдийг тун чадварлаг дүрсэлсэн бүтээл” хэмээжээ. “Энэ бол мөнхийн бүтээл. Мөнхөд, үүрд гялалзана” гэх Наоми Мичисоны үг бас бий. 

Бөгжний эзэн хэмээх энэхүү гурамсан бүтээл анх гарсан цагаасаа дэлхий даяар 150 сая гаруй хувь хэвлэгдэж, XX зууны хамгийн алдартай уран зохиолын бүтээлүүдийн нэгд тооцогдох болсон юм. Тиймээс ч Ж.Р.Р.Толкиныг орчин үеийн зөгнөлт уран зохиолын төрлийн эцэг хэмээн зүй ёсоор тооцдог бөгөөд түүний бүтээлүүдийг эртний болон дундад зууны үеийн агуу туульсын зохиолуудтай жишин үзэхэд ч буруудахгүй билээ. 


С.Билгүүн, Б.Мөнгөнтуул "Дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд..."

Шатар бол хатуу зүй тогтолцоо, нарийн учир утгатай нүүдлүүдтэй, маш олон шавхагдашгүй арга боломжтой, гаргах гарцтай хүн төрөлхтөний давтагдашгүй бүтээл мөн. Ийм чанарыг агуулсан спортоор хичээллэж авьяас билэг, нөр их хөдөлмөрийн цогцоор л байлдан дагуулдаг Дэлхийн аварга гэдэг хүндэт цолыг өнөөдөр дэлхийд 17 шатарчин хүртээд байна. 

Монголын үе үеийн шилдэг шатарчид дээрх Дэлхийн аваргуудтай хүч үзэн тоглож байсан олон сургамжит өргүүд байдаг билээ. Тухайн өргүүдийг эмхэтгэн, тайлбарласан "ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНД..." номыг 2011 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Монгол улсын 6 удаагийн аварга, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва болон доктор профессор, шатрын спортын дэд мастер Д.Батхуяг агсан нар гаргаж байсан юм. Харин өнөөдөр тус номын үргэлжлэл болох 2-р ботийг Их мастер С.Билгүүн болон гавьяат тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул нар бүтээсэн байна.


"Сэцэн хан Навааннэрэн" (хамтын бүтээл)

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг зохион байгуулсан VIII Богд Живзундамба хутагт болоод Чингис хааны алтан ургийн Халхын дөрвөн хан, язгууртан ноёдын түүхэнд эзэлж байсан байр суурийг шинжлэх ухааны үндсэн дээр судалсан эрдэм шинжилгээний ном юм.

Энэхүү номонд Хан Хэнтий аймаг байгуулагдсан түүх, Халхын Махасамади Далай Сэцэн хан Цэрэндондовын Навааннэрэнгийн намтар, үйл хэргийн тухай болон ханы хэргэм залгамжилсны 100 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын илтгэл, үзэсгэлэнгийн материал багтсан болно.


Ө.Үлэмжтөгс “5W1H”

"Нуухыг хүсэж буй зүйл бол жинхэнэ мэдээ. Бусад нь сурталчилгаа" хэмээх үг эрэн сурвалжлах сэтгүүл зүйг тодорхойлдог. "Сэтгүүлч болно гэдэг бэрхшээл хайхын нэр" гэдэг үг мөн эрэн сурвалжлах сэтгүүлч хүнд хамаарна. 

Зохиолч Ө.Үлэмжтөгсийн шинэхэн романы үйл явдал нэгэн сурвалжлагч эр ээлжийн амралтаараа улстөрчийн суртал сэтгүүл хийхээр хотоос явж буйгаар эхэлдэг. Угтаа сэтгүүл зүйн нэр хүнд, итгэл үнэмшлийг урвуулан ашиглаж, далдаар сурталчилж мэдээ гэж шошго тавих нь байж боломгүй хэрэг гэж сурвалжлагч итгэдэг боловч энэ бүхнийг тун ч гарамгай хийж байгаадаа гутарна. Нэг бус удаа шүү. Харин нэг л орой манай баатар талын нэгэн суурингаас эрс шийдэж эргэн одох бөгөөд буруу эргэлт ч гэж хэлж болох энэ үйлдэл нь зохиолын гүн рүү хөтөлнө. Юун түрүүнд зохиол эхний хэдхэн хуудсаараа сэтгүүлчийн тухай романтик худлын үгс олон арваар улиглах нийтийн дууг амьдралд нийцэхгүйг тодоор харуулжээ. Номын төгсгөлд бүдэрсэн баатар эсвэл ялсан баатар байх эсэх асуултыг харин уншигчдад үлдээе. 


Цахим эрин үеийн үндэсний ном зүйн нийтлэг туршлага

2000 он гарснаар дэлхий дахинд үндэсний ном зүйн талаарх ойлголт өөрчлөгдөж, түүнийг хэрхэн зохион байгуулах талаар олон улсын номын санч, мэдээллийн ажилтнууд зөвлөлдөж эхэлжээ. Энэ өөрчлөлтийн гол хөшүүрэг нь цахим мэдээлэл, веб сайтын өсөлт байв. Үүнийг шийдэх зорилгоор Олон улсын номын сангийн холбооноос (IFLA-International Federation of Library Associations and Institutions) улс үндэсний номын сангуудын онцлогт тохирсон арга аргачлалыг гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүний үр дүнд “Цахим эрин үеийн үндэсний ном зүйн нийтлэг туршлага” гарын авлагыг эмхэтгэн боловсруулжээ. Монголын ном зүйч, мэдээллийн ажилтнууд тус холбооныхонтой харилцаа тогтоож, үндэсний цахим ном зүй хийх тухайгаа дуулгахад "...Үндэсний ном зүйтэй болно гэдэг өдөр тутам болдог үйл явдал биш бөгөөд энэ нь тухайн улс үндэстний оюуны болоод соёлын ололт амжилтын тухай олж мэддэг чухал суваг, хэрэгсэл нь мөн бөгөөд иргэд, эрдэмтэн, түүх судлаач нарын хувьд эрдэнсийн сан лугаа адил бүлгээ..." хэмээгээд, тус гарын авлагыг орчуулан ашиглах онцгой эрхийг олгосон юм. Ингэснээр Монголд ном хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүс ашиглах боломж бүхий олон улсын удирдамжтай болоод байна. 


"Монголчуудын хувцас, гоёл чимэглэл" каталог (хамтын бүтээл)

Монголын Үндэсний музей сан хөмрөг, цуглуулгаа олон нийтэд хүргэн эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж цуглуулгын төрөлжсөн каталог, номыг эрхлэн хэвлүүлж байгаа билээ. Энэ хүрээнд "МОНГОЛЧУУДЫН ХУВЦАС, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ" каталогийг шинэчлэн хэвлэн толилуулж байна.

Сан хөмрөгт хадгалагдаж буй хувцас, гоёл чимэглэлтэй холбогдох археологи, угсаатны зүйн 150 гаруй үзмэрийн судалгаа, хураангуй тайлбар, гар зураг, гэрэл зургийн хамт монгол, англи хэлээр бичсэн, QR кодтой цахим хэлбэрээр болон монгол бичгийн хувилбараар унших боломжтой юм.


"Тува дууны дээжис" (Эмхэтгэсэн: Л.Тунгалаг)

Рашид ад-Диний “Судрын чуулган” номондоо тэмдэглэснээр “Уулын үхэр маллагч” нарын бидний сайн мэдэх нэршил нь “Цаатан” билээ. Соён, Хөвсгөлийн уулсаар цаа буга адгуулан маллах Умард хязгаар, хил орчмын нүүдэлчдийн маш үзэсгэлэнт ахуй, амьдрал Монгол орны хоймор Дархадын цэнхэр хотгорт дархад зоны аж байдалтай зэрэгцээ оршдог. Үндэсний статистикийн хорооны 2022 оны тайланд тэмдэглэснээр “393 цаатан амьдарч буйн 150 нь хүүхэд” байна. Цаатан иргэд Монгол орны хэмжээнд гагц Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгаар нутаглан амьдардаг. 

Нутгийн иргэд эцэг, өвгөдөөс уламжлан ирсэн өв соёлоо үеэс үед дамжуулан үр ачдаа өвлүүлэн дуулж, хуурдсаар ирсний нэгэн хүндтэй төлөөлөл нь тува дуу билээ. 

Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа нэгэн ардын сониуч захидлын хариуд “Ардын урлагт аар саар, голох хаях юм гэж байхгүй. Ардын урлагийн авьяастан гэдэг бол нэг хоёр хүнийг тоочих биш нэн нийтлэг үзэгдэл” гэж хариулсан байдаг. Үнэхээр ч нүүдэлчдийн ахуй, соёл, түүхийн хүчтэй савлагаануудыг гэтлэхдээ язгуурын хэв шинжээ алдалгүй, бүр зарим нь ай савын хувьд улам баяжин тэлснээрээ өдгөө даян дэлхийд хүндтэй байр суурийг эзлэх учиртай юм. 

Гэлээ ч угсаатны дуу хуур гэдэг үе улирах тусам дуудлагаас эхлэн үг, аялгууны хувьд ч хувьсан өөрчлөгдөж, мөнхүү зэрэгцээ угсаатныхаа хэл, соёлын нөлөөгөөр сан хөмрөгийн хувьд ч дундрах эрсдэл бас байдаг. Нутгийн хэл, аялгаараа ярихаас ичиж, балмагдах үе ард хоцорчээ. Цагийн аясаар нэгэн үе ерөөл магтаал, оньсого таавар, дайралцаан, үлгэр тууль, дуу хуурын үг, аялгууг өөрчилж эзэмших байдал нутаг бүхэнд өргөн тархсан. Гэтэл аливаа өвийн язгуурын шинж нь хэдий хэрээр өөрчлөгдөнө үнэ цэн нь мөн төдий хэрээр буурдаг учиртай.

Золоор нүүдэлчдийн дунд энэ бүхний нарийн учгийг сайтар мэддэг хүн олон байжээ. Үүний тусаар бид гээгдэж, орхигдуулах магадтай байсан өв, соёлынхоо олон сан хөмрөгийг өнөө үед язгуурын шинжээр нь тээн ирээд байна. 

Ялангуяа даяаршил хүчтэй явагдаж буй энэ үед цөөнх угсаатны соёлын өвийг хамгаалан, авч үлдэх нь нэн чухал асуудал болжээ. Иймд Цагааннуур сумаар нутагтай тува хүмүүсээс цээжнийх нь дууг аялуулан, тэгэхдээ хэл аялгууны хувьд язгуурын байдлаар нь бичиж тэмдэглэхийн сацуу мөн зэрэгцүүлэн үгийн дуудлагыг байршуулж, криллээр хөрвүүлсэн нь утгыг тодруулсан ач холбогдолтой ажээ. 

Эцэст нь дуу бүрийг нотлон бичсэн нь аялахад дөхөм юм. 


Ж.Ж.Фрэзeр "Домог зүйн хүн судлал"

Орчуулагч: Ж.Отгонбаяр

Философич, орчуулагч Ж.Отгонбаярын эрхлэн гаргадаг "Софило" цувралын X боть болох Ж.Ж.Фрэзeрийн "Домог зүйн хүн судлал" бүтээл монгол хэлнээ хэвлэгджээ. Тэрбээр "Алтан гишүү" хэмээх суут бүтээлээрээ дэлхий дахинаа алдартай агаад эл номыг мөн л Ж.Отгонбаяр багшийн орчуулгаар монголчууд анхлан эх хэлээрээ уншсан билээ. 

Харин бид "Домог зүйн хүн судлал" нэрт бүтээлээр нь дамжуулж балар цагийн илбэ дом, домог зүйн сэтгэлгээний судалгаатай нь танилцах юм. Философи, хүмүүнлэгийн ухааны сонгодог бүтээлүүд болоод философичдын үзэл бодол үйл хэргээс ийн цувралаар орчуулагдаж буй нь бид "Хүний тухай" нухацтайгаар уншиж судлахад том ахиц дэвшилд хөтөлсөн үйл билээ. Нийгэмд философитой холбогддоггүй салбар үгүй тул эдгээр цувралын үнэ цэн хэмжээлшгүй юм


Ц.Батсайхан “Монгол үндэстний эсгий ширмэл урлал” 

Нүүдэлчин соёл иргэншлийн тод илэрхийллийн нэг болсон эсгий ширмэлийн урлал монголчуудын түүх, соёл, урлаг, шашин, ахуй, ёс заншлыг түүхэн урт хугацаанд тээж ирсний сацуу гайхамшигт ур хийцтэй, хүн төрөлхтний бүтээсэн хивсний гурав дахь төрөл болох тухай  “Монгол үндэстний эсгий ширмэл урлал” номонд цогцоор нь багтаан судалж бичжээ. 

Уг номын нэгдүгээр бүлэгт эсгий ширмэл урлал үүсч хөгжсөн түүх, соёлын орчныг зургаан ангилалд хуваан тухайн цаг үеийн урлаг, уран сайхны онцлогтой холбон бичиж, хоёрдугаар бүлэгт энэ урлалын 2000 гаруй жилийн хөгжлийг түүхэн өөрчлөлтийн дагуу үе үеэр нь нарийвчлан бичиж, гуравдугаар бүлэгт ширмэл ширдгийн хээ зохиомж утга соёлын илэрхийллийн тухай бичихдээ ширмэлийн урлал дахь оюун санааны хийгээд урлахуйн нэгдэл, монгол хээ чимэглэлийн ерөнхий төлөв, ширмэл ширдгийн хээний агуулга, утга учир, хэрэглэж болдог, болдоггүй хээ, ширмэл урлалын төрлүүд, утга соёл буюу ерөөл, холбогдох зан заншил зэргийг  хамруулан хөндөж, дөрөвдүгээр бүлэгт эсгий ширмэл ширдэг урлах технологи, түүхий эд, боловсруулалт, ширдэг ширэх дараалал зэргийг багтаан бичжээ. Энэхүү ном нь зөвхөн судлаач, урлаач нарт төдийгүй өргөн олон түмний танин мэдэхүйн мэдлэгт зориулагдсан бүтээл юм. 


Ц.Одончимэг “Friends” үзэж англи хэлээ сайжруулцгаая"

Америкийн телевизийн олон ангит бүтээл болох “Найзууд” цувралын бүлэг тус бүрээс сонирхолтой үг хэллэгийг түүвэрлэн орчуулж, ойлгоход амаргүй өвөрмөц хэлц, хэлц үг, хар ярианы үг хэллэг зэргийг цувралаа үзэнгээ номоосоо суралцах боломжтойгоор эл бүтээлийг бэлтгэсэн нь хэл сурахаар зэхэж байгаа болон цувралыг сонирхолтой байдлаар үзэхийг хүссэн хэнд ч болов таалагдах нь лавтай биз ээ. 

Номд оруулсан тухайн үг хэллэг хаана гарч буйг Netflix суваг дээрх цаг, минутаар бичсэн тул уг албан ёсны эх сурвалжийг үзэх нь зүй. Өвөрмөц хэлц, хэлц үг, харилцан ярианы үг хэллэгүүдийг тайлбарлахдаа, монгол, англи тайлбар, нэмэлт жишээ өгүүлбэр, орчуулга, зургийн хамт баяжуулсан ба маш сонирхолтой, амьдралд ойр хэрэглээний үг хэллэгийг түүвэрлэсэн тул номын хуудас бүр үнэ цэнтэй болно.

Эхний цуврал хэдийн хэвлэгдсэн агаад bookworm.mn сайтаар захиалаад хүргүүлэн авч уншаарай.


Эмэран Майэр “Тархи-гэдэсний холбоос” 

Орчуулагч: Т.Ариунсанаа

Тархи, биеийн механизмд бидний амьдралын хурдан өөрчлөгдөж буй хэв маяг нөлөөлж байгаа нь мэдэгдэв. Хоол шингээлт, биеийн жин, дархлаа, тархины хөгжил, эрүүл мэндийн зохицуулагч механизмууд тусдаа биш, харин цогц ажилладаг ажээ. Одоо л бид гэдэс, гэдсэн доторх нян, нянгуудын бүтээсэн дохиологч молекулууд бүхэлдээ (микробиом) эл зохицуулагч системд том үүрэг гүйцэтгэж буйг ойлгоод байна.

Анагаахын сургуульд суралцаж байхдаа би сургалтын арга зүй нь нэг л биш байгааг мэдэрсэн юм. Өөр өөр эрхтэн систем, өвчний механизмыг судлах үед түүнтэй тархи холбоотой эсэхийг огт авч үзэхгүй байлаа. Энэ номдоо би тархи, гэдэс, гэдэсний олон их наяд нянгууд өөр хоорондоо хэрхэн харилцдаг, тэр нь тархи, гэдэсний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг тухай цоо шинэ тайлбарыг толилуулна. Эл харилцаа алдагдвал сөрөг үр дагавар үүсдэг ба тэтгэн дэмжих юм бол төгс эрүүл мэнд бүтээж болно гэсэн санааг ч мөн танилцуулна.


Анни Эрно "Байр суурь"

Орчуулагч: Д. Болортуяа

Францын зохиолч Анни Эрно Байр суурь (La Place, 1983) зохиолдоо боловсрол, гэрлэлт, хувь хүний үнэт зүйл, хэл яриа, зан араншин, нийгмийн давхарга зэрэг амьдралын өнгө будгийг хайр хагацал, гуниг зовлон, үл ойлголцол гэх сэтгэлийн нарийн нандин мэдрэмжтэй хослуулан аав охин хоёрын харилцааг энгийнээр хүүрнэжээ. Тодруулбал, 12 настайдаа сургуулиа орхиж үйлдвэрийн ажилчин, улмаар бизнес эрхлэгч болсон аав, хувийн сургуульд суралцдаг (буржуаз) байсан охин хоёрын хоорондын харилцаа хийгээд ялгааг дүрсэлсэн аж. Аав нь ном уншдаггүй, “соёл” гэдгийг зөвхөн “газар тариалан эрхлэх” гэх утгаар ойлгодог байсан авай.

Байр суурь хэмээх зохиолчийн дөрөв дэх номыг судлаачид “уран зохиолын нээлт” гэж цохон тэмдэглээд “цөөн хуудсанд эцгийнхээ амьдрал ахуй, түүнийг бүтээсэн нийгмийг бүхэлд нь дүрсэлжээ” хэмээн дүгнэсэн ажээ.


Мүраками Харүки "Нэгдүгээр биеийн ганц тоо"

Орчуулагч: Ёко Мицунага

Хүмүүн бид баяр, гуниг ээлжилсэн амьдрал хэмээх их далайг туулдаг. Тэр л хүмүүний амьдралын шаргал хуудас болсон эгэл өдрүүдийн дурсамж, хайр дурлал, хагацал гуниг, дур тачаал, хошигнол, хорсол, тэсвэр тэвчээр, ганцаардал, худал хуурмаг, үнэнч сэтгэл, төсөөлөл мөрөөдөл гээд амьдралын олон өнгө, мэдрэмжийг мэдрүүлэх “Нэгдүгээр биеийн ганц тоо” хэмээх өгүүллэгийн түүврийг уншигч танд өргөн барьж байна.

Харилцан адилгүй цаг хугацаанд амьдралынх нь нэгээхэн хэсэгт тохиосон (үгүй ч байж болох) үйл явдлыг өгүүлэгч хүүрнэхдээ нууцлаг өвөрмөц дүрүүд болон дуу хөгжим, спорт зэрэгтэй уялдуулан дүрсэлсэн нь уншигчдад нарийн нандин мэдрэмж төрүүлэх биз ээ. 

Нэгдүгээр биеийн өгүүлэмжээр хүүрнэх өгүүллэгүүдээс зөвхөн "Якулт хараацай багийн тухай шүлгийн түүвэр”-т л зохиолч өөрийн нэрийг дурдсан байдаг. Тиймээс энэ нь зохиолчийн жинхэнэ намтар дурсамж уу, уран зохиол уу гэдэгт хэн нэгэн нь эргэлзэж ч магад. Зарим уншигч эдгээр өгүүллэг нь ганц өгүүлэгчтэй гэж таамагласан бол зарим нь жазз хөгжим, бейсболд дуртай ахимаг настай эрэгтэй өгүүлэгч бол зохиолч өөрөө гэж үзсэн нь бий. Зохиолчийн өгүүллэгийн түүвэр уншигч танд мөн л асуулт үлдээж, нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэхэд хүргэх биз ээ. Танд өгүүллэг аль өнцгөөс хүрч, ямар бодолд автуулахыг таашгүй.


Райан Холидэй "Бэрхшээл бол зам"

Орчуулагч: О.Онон

Дэлхийн агуу хүмүүст онцгой аз, авьяас, эсвэл туршлага байсангүй. Тэд ганцхан ‘Замд бэрхшээл болж буй зүйл нь зам болж хувирна’ гэсэн ганц үгийг л дагадаг. Юмсын талаар өөрийн ойлголтуудыг удирдаж, хэдийд өөрчилж чадахаа ойлгон, үйлдлүүдээ нэгэн зүгт чиглүүл. Тэгээд бүх саад бэрхшээлийг өөртөө ашигтайгаар эргүүлж сур.

Олон улсад нэр хүндтэй маркетингийн мэргэжилтэн, бестселлер номын зохиогч Райан Холидэй “Бэрхшээл бол зам” номдоо өнөөгийн ертөнцөд амжилтад хүргэх энэхүү мартагдсан томьёоллыг шинэчлэн тайлбарлажээ. 


Монгол Улсын Үндэсний номын сангийн баримтын эмхэтгэл: 1972-2021 он

1972-2021 оныг хоорондох Монгол Улсын Үндэсний номын сангийн түүхэнд холбогдох түүхэн баримтуудыг эмхэтгэн гаргасан хоёр дахь боть. Энэ ботид Социалист нийгмийн үеийн Улсын төв номын сан, Улсын нийтийн номын сан, 1990 он гарснаас хойшхи Ардчилсан нийгэм дэх Улсын төв номын сан, Монгол Улсын Үндэсний номын сангийн хөгжил, дэвшил, өөрчлөн байгуулалттай холбогдох баримтууд багтжээ. Өмнө нь буюу 2020 онд Монгол улсад орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус эмхэтгэлийн 1921-1971 оны хоорондох эхний боть хэвлэгдэн гарч байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
12 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.09 203.23.49.147

Номыг худалдаж авч болох хаяг, утасны дугаарыг тавьж болох уу

0 Хариулах