Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

JAROONZ: Хүн мөнгөний төлөө ажиллах тусам мөн чанараа гээдэг


Өвөрмөц ялгарал бүхий чамин хээнцэр гутал, малгай тэргүүтнийг гар хийцийн аргаар урлаж, уран бүтээлийн хэмжээнд гүйцэтгэдэг нэгэн эрхмийг та бүхэнд танилцуулж байна. ШУТИС-ийн Интерьер дизайны сургуулийг төгссөн ч, суралцсан мэргэжилдээ төдий л сонирхолтой байгаагүй нь түүнийг хувцас загвараар дагнан ажиллахад нь нөлөөлжээ. Улмаар гар хийцийн малгайг Монголд анхлан урлах болж, энэ чиглэлээрх ажил мэргэжлийн анхны шанг эх орондоо татсан гэж хэлбэл хэтийдсэн үнэлгээ болохгүй биз ээ. Ингээд уран бүтээлч, дизайнер JAROONZ буюу Хурцжавхлантай ярилцсанаа уншигч танаа хуваалцаж байна. Тэрбээр 2017 оноос хойш өвөрмөц хэв маяг бүхий бүтээлүүдийг урлаж байгаа юм.


Сошиал хаяг: @jaroonz.hat

-Эрэгтэй дизайнерууд тийм ч олон байдаггүй шүү дээ. Ялангуяа, Монголын нөхцөлд бол эрэгтэй хүүхдүүд техник талдаа түлхүү анхаарал хандуулдаг юм шг санагддаг. Таны хувцас загвар сонирхох болсон түүх сонирхол татаж байна? 

-Багаасаа л хувцас загварт дуртай хүүхэд байсан. Гадуур явж байгаа хүмүүсийг харна, өмссөн хувцасных нь дизайныг ажиглана. Энийг нь ингээд янзалчихвал, тэрийг нь иймэрхүү байдлаар оёсон бол илүү сайхан зохих байж дээ гэсэн бодлоос эхэлсэн. Тэгж байгаад өөрөө урладаг боллоо. Анх сонирхлоороо модон эрвээхэй зангиа хийдэг байлаа. Шувууны өдөн зангиа гээд л их олон янзаар туршсан. Дараа нь хослол хийж оёж сурсан. 

-Хослол оёдлын техниктээ хамгийн хүнддээ ордог шүү дээ. Та үүнийг хэрхэн сурч байв? 

-Тийм. Эхэн үедээ оёдолчдоор оёулж, өөрөө загвар дээр нь төвлөрөн ажилладаг байлаа. Тэр зууртаа зохион бүтээлтээс нь эхлээд өөрөө хийж сурсан. Хослол оёх ажлыг нэг оролдлогоор бүрэн дүүрэн сурна гэж байхгүй. Дор хаяж арван удаа оролдож учрыг нь олдог юм билээ. Харин хослолыг бодвол гутал хийх ажил надад арай ойр санагдсан шүү. Эхний гутлаа хийхдээ л анхан мэдэгдэхүүнтэй болчихно, хоёр дахиа хийхэд учрыг нь олчихно, гурав дахиа урласны дараагаас гоё гутал хийж чаддаг болчихно.

-Таныг малгай л хийдэг гэж боддог байлаа? 

-Миний дотор гутал хийх юмсан гэсэн бодол их төрдөг байсан. Олон ч гутал цуглуулдаг байлаа. 2017 оноос гутал урлах ажлаа үндсэндээ эхлүүлсэн юм. Монголын гутал урлалын чанар, түвшнийг сайжруулахын төлөө гэх үү дээ. Өрсөлдөөн хүчтэй байж чанар сайжирна. Намайг энэ ажлаа эхлүүлж байсан үетэй харьцуулбал одоо Монголын гутал урлал хийцийн түвшин харьцангуй сайжирсан.

-Бид нар малгай гэхээр шиляп, бүрх малгай л төсөөлдөг шүү дээ харин таны хийсэн малгайнууд их содон юм аа. Хэзээнээс малгай урлаж эхэлсэн бэ?

-Бүрх малгай өмсөх соёл Европт өргөн дэлгэрсэн төдийгүй хүмүүс өдөр тутамдаа өмсдөг шүү дээ. Би 2018 оноос малгай хийж эхэлсэн. 

-Малгай яагаад хийх болсон бэ?  

-Гэрт аавын шиляп малгай байдаг байсан юм. Би тэр малгайг өөрчилж үзмээр санагдаад багахан өөрчлөлт хийсэн болж байна шүү. Тэгэхээр нь ахиад нэг малгай худалдаж аваад өөрчилж үзсэн бас л бүтчихлээ. Түүнээсээ бүүр урамшаад бэлдэц аваад хийж эхэлсэн. Бэлдэц гэдэг нь бөмбөгөр, углуурга эсгийг хэлж байгаа юм. Тэрийг уурын машинд хийнэ, индүүднэ, хатаана гээд их цаг зарцуулсан даа. Гэхдээ л бүтсэн. Түүнээс хойш малгайнд дурлаад одоо хүртэл хийж байна даа. 

-Маш сонирхолтой юм аа. Тэгэхээр өөрөө оролдсоор байгаад сурчихсан хэрэг үү?

-Тийм. Сургууль, технологиор нь яваагүй шүү дээ. Өөрөө яг нухаж байгаад л сурсан. Одооноос л ноосныхоо мөн чанарыг таньж эхэлж байна. 

-Монголд таны урладагтай ижил хийц, бүтээл хэр дэлгэрсэн бэ?-Монголд яг гар хийцийн захиалгат малгай гэдэг утгаар нь анх би хийж эхэлсэн гэж хэлэхэд хэтийдэхгүй болов уу. Одоо бол гар хийцээр малгай хийдэг ганц хоёр хүн байдаг юм билээ.

-Загвар, хийцийн хувьд захиалгаа яаж авдаг вэ. Дийлэнхдээ захиалагчийн хэлсний дагуу хийж байна уу, өөрийн загвараар дагнаж байна уу?

-Янз янз л даа. Зарим тохиолдолд яг ингэж хийлгүүлье гээд зураг бариад ирэх хүн ч байна, өөрөө мэдээд хийчих гэх хүн ч байна. Ер нь захиалгын юм аль болох их хийх тусам хүн өөрийн мөн чанараа алдаж эхэлдэг юм билээ. Өөрөө мэдээд хийвэл яг миний ур чадвар, санаа шингэдэг болохоор сайхан л байдаг юм. 

-Захиалгын хувьд, нэг малгай гаргахад хэр хугацаа шаарддаг вэ?

-Гар хийцийн малгай үйлдвэрийнхээс тэс өөр л дөө. Олныг зэрэгцүүлэн хийж гүйцэтгэх боломжгүй заавал нэгийг нь дуусгаж байж нөгөөг нь эхлүүлнэ. Ер нь би хэзээ ч ажлыг ял мэт санаж хийдэггүй. Хийх ёстой гээд л нүдээд байхаар болж өгдөггүй юм. Учир нь малгай, гутал бүгд л уран бүтээл шүү дээ. Тийм учраас тайван гүйцэтгэдэг. Бас хатаалтаасаа шалтгаална, яарч хийвэл хэлбэрээ амархан алддаг болно гэхчлэн. Тэгээд хэсэг орхино, харна, ажиглана тэр хооронд олон сайхан санаанууд гарч ирнэ. Дунджаар нэг малгай 7-12 хоногийн дотор гардаг.

-Размер гэж юм байдаг уу, малгайныхаа хэмжээг нь хэрхэн тооцоолдог вэ?

-Гол нь размер шүү дээ. Метрээр хэмжээд л авчихна. Ерөнхий стандарт бий л дээ. Хөмсөгний дээгүүр тэд ч гэх юм уу. Гэхдээ размераас гадна зохиомжийг тооцоолно. Нүүрний хэм, бүтэц гээд олон юм бий. Тийм учраас биеэрээ ирж хэмжээгээ өгөх боломжгүй үйлчлүүлэгчдээ нүүрнийхээ зургийг явуулах шаардлага тавьдаг. Ер нь хүний царайнд тааруулж малгай урлана гэдэг гоо зүйн мэдрэмж, ажиглалт шаарддаг. Жишээ нь, урт гонзгой царайтай хүнд оройг нь урт хийчихвэл царай нь бүүр урт харагдана шүү дээ. 

-Таны хийдэг малгайны хийц загварыг хүмүүс юу гэж нэрийддэг юм бол?  

-Ковбой, бохо гээд олон төрлийн малгай байдаг. Би бол өөрийн хийдэг малгайнуудаа төрөл зүйлд ангилах дургүй. Эд чинь дүр төрх, имиж шүү дээ. Би байж болох бүх төрлөөр л хийе гэж боддог. Хэлбэр дүрсийн хувьд, гурвалжин, дөрвөлжин л байдаг гэж байгаа боловч нарийндаа их олон янз байна. Гурвалжин нь дээшээ овоолсон гэж байна, навтгар ч байна гэх мэт. Одоо бол малгайг хөөмлийн аргаар ч хийдэг болсон.

-Хөөмлийн арга гэдгийг тодруулбал?

-Малгайныхаа бэлдцийг зөөллөж байгаад гавал ч юм уу ямар нэг хэлбэр дүрсийн хэв гаргахыг хэлж байгаа юм.

-Таны бичлэгийг үзлээ. Малгайгаа хийхдээ гал ашиглаж байгаа харагдсан. Гал ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 

-Нэгдүгээрт, хүний нүдэнд сонирхолтой харагдах үүднээс ашиглана. Хоёрдугаарт, галаар материалаа шатаахаар малгай хуучин юм шиг болдог. Гуравдугаарт, материалын хувьд хатуу чанар нь нэмэгддэг юм. 

-Та сая хуучин юм шиг харагддаг гэлээ. Үүнийг тодруулбал?

-Цоо шинэ малгай өмсөж яваа хүн цагаан сараар айл хэсээд явж байгаа юм шиг харагдана шүү дээ. Тийм учраас би аль болох хуучин өнгө гаргаж хийхийг хүсдэг. Өмсөж буй хүнийх нь өөрийн хэсэг гэж бодогдохоор нийцэж байвал гоё. Тэгж хийх нь л чухал даа. 

-Таны хувьд өдөр тутамдаа малгай хэр их өмсдөг вэ? 

-Би малгайгаа ер нь л байнгын өмсөж явдаг. Миний өмсдөг малгайг харах юм бол хааш яаш, хуучин юм шиг харагдаж магадгүй. Би тийм малгайнд их дуртай.

-Өөрийн хийсэн малгайнуудаас онцолж нэг малгайг сонгооч гэвэл алийг нь сонгох вэ?

-Улаанбаатар гэдэг нэртэй малгай бий. Ямар ч чимэглэл байхгүй. Дээдэх гавал нь бидний амьсгалах гэж ядаж буй царайг илэрхийлж байгаа юм. Бид ийм хав харанхуй утаан дунд амьдарч байна гэсэн санааг илэрхийлсэн.  

-Их гоё болжээ. Хүнд бүтээлч сэтгэлгээ нь байвал юугаар ч дотоод мэдрэмжээ илэрхийлж болох юм шиг санагдлаа?

-Тийм шүү. Малгай байна уу, уран зураг, хөгжим байна уу ялгаагүй. Тийм учраас аливаа хүн өөрийгөө ямар нэг нэршлээр тодорхойлохоос илүүтэй өөрийнхөө дотоод ертөнцийг зөв тодорхойлох нь чухал гэж боддог. Энэ бүгд мэдрэмжтэй л холбоотой. 

-Хүн дотоод ертөнцөө бүтээл болгож илэрхийлдэг юм шиг санагддаг. Та тэр талаар юу гэж бодож байна. Таны дотоод ертөнц ямар вэ?

-За байз… Дотоод ертөнц гэдэг их өргөн ойлголт л доо. Харах өнцөг, өөрийгөө тодорхойлох тодорхойлолт гээд бүгд орно. Миний хувьд, би урлагт их хайртай. Юмсыг урлаг талаас нь хардаг. Тийм учраас надаас гарч буй бүтээлүүд мөн чанараа алдаагүй байгаа гэж боддог. Би бүтээлүүдээ урлаг гэж хардаггүй бизнес гэж хардаг байсан бол аль хэдийн олон хувилаад дэлгүүрт зарах байсан байх.

-Таныг урам зоригоор дүүргэдэг зүйл гэвэл?

-Хүн дэмжлэггүй бол цааш үргэлжлүүлэн юм хийнэ гэдэг хэцүү. Ялангуяа эр хүн хүсэл мөрөөдлөө хаяад хариуцлагад баригдаж, зөвхөн мөнгөний төлөө ажил хийхээр живчихдэг юм шиг санагддаг. Энэ тал дээр миний эхнэр намайг үргэлж дэмждэг. 

-Манай уншигчдад эхнэрээ танилцуулаач? 

-Миний эхнэрийг Жулдыз гэдэг. Их сүнслэг, урлагийн мэдрэмжтэй эмэгтэй бий. Хүмүүс "Anemone" хамтлагт дуулж байснаар нь мэднэ байх аа. Одоо бол йогийн багш, сэтгэл зүйч мэргэжилтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Met Gala: Дэлхийг гайхуулахаар Нью-Йоркийг зорьдог оддын гоёл
2
11 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Бен Фростын туха...
3
Уржигдар
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.08 202.70.46.20

Дуугарч ядсан, хэг ёг хийсэн хүн бололтой

0 Хариулах