Бага насны чинь баатар Жеки Чан 70 нас хүрлээ гэдэгт та итгэх үү? Тиймээ, тэр өчигдөр 70 насны тэгш ойгоо тэмдэглэсэн. Уншигч та энэ мэдээг хараад өөрөө нас ахиж байгаагаа мэдэрч, сэтгэлд чинь гуниг төрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Инээмсэглэл, алиа хошин зангаараа бүх хүний сэтгэлийг татсан Жеки Чан бол тулааны урлагийн мастер, жүжигчин, найруулагч, дуучин, каскадёр хүн. Түүний талаар маш олон баримт, таамаглал байдгаас арвыг нь бүгдээрээ хамтдаа суугаад үнэн худлыг нь шалгаад үзье.

Баримт 1. Аав ээж нь хэт ядуу байсан тул хүүгээ зарах гэж байсан
Нэг хэсэг хэвлэлээр байнга гарсан энэ мэдээ худлаа. Ирээдүйн одын гэр бүл маш ядуу байсан нь үнэн. Түүний аав Консерватив намын тагнуул байсан тул баригдахгүйн тулд Хятадаас Хонконг руу зугтжээ. Хамаг хөрөнгөө хаяад ганц чемодантай яаран, зугтсан гэдэг. Хонконгод тэд ажил олдвол хийж, арай ядан байрныхаа мөнгийг төлж байв. Эх баригчид төлөх мөнгөгүй байсан тул аав нь танилуудаасаа мөнгө цуглуулж байжээ. Энэ явдлаас болж Жеки Чаныг зарах гэж байсан гэсэн домог үүссэн юм. Удалгүй тэд Австралид шилжиж, Жеки хүүхэд насаа ногоон тивд өнгөрөөжээ. Эцэг эх нь хүүгээ том болсны дараа Хонконгод буцаж ирэн, Чан Хятадын театрын академийн Бээжингийн дуурийн сургуульд арван жил суралцсан байна.

Баримт 2. Жеки Чанд ямар ч даатгалын компани үйлчилдэггүй
Үнэхээр түүнээс даатгалын компаниуд холхон явахыг хүсдэг. Даатгуулахаар очсон ч арга саам хийгээд зайлсхийдэг ажээ. Тэд түүнийг “мазохист” гэж нэрлэдэг. Учир нь Жеки зураг авалт дээр бүх үзүүлбэрээ өөрийн биеэр хийдэг. “Айдас байхгүй, Орлон тоглогч байхгүй, Надтай эн зэрэгцэх хүн ч байхгүй” гэдэг үг бол түүний уриа. Үүнээсээ болоод хэд хэдэн удаа үхлийн ирмэг дээр ирж байв. “Хэзээ ч битгий том хүн бол” намтар зохиолдоо Чан “Үхэх хамгийн шилдэг арга юу вэ? Жишээ нь, Брюс Ли залуудаа нас барж, үүрдийн домог болон хувирсан. Хэрэв би “Бурханы дуулга-3” киноны зураг авалт дээр галт ууланд уначихсан бол сайхан төгсгөл байх байлаа. Фэнүүд минь уйлж, “Жеки Чан дуртай зүйлээ хийж байгаад амь эрсдлээ” гэж хэлэх байсан биз. Тэгвэл сайхан л байна. Гэхдээ бид бүгд үхэхийг хүсдэггүй төдийгүй тэтгэвэртээ гарахыг ч хүсдэггүй шүү дээ” гэж бичиж байв.

Баримт 3. Түүнд бүтэн яс үлдээгүй
“Мэдээж өвддөг. Би эрүүгээ 3 удаа хугалж байсан. Цаашаа дурдвал хамар, бүх хуруу, өвдөг, шагай, мөрний яс, хавирга хугарч байлаа. Тархиндаа хагалгаа хийлгэж байсан. Жижигхэн шарх, гэмтэл, хавдраа би тоолдоггүй” гэж тэр хошигнож байлаа. Жекигийн хамгийн том гэмтэл бол “Бурханы дуулга” киноны зураг авалт дээрх гэмтэл. Тэр хананаас мод руу үсэрч гарах ёстой байсан ч алдаад 12 метр өндрөөс унасан юм. Тархи нь цөмөрч, цус алдан, хамар хугарснаас гадна олон шүдээ алдаж, баруун чих нь юм сонсохоо болисон байлаа. Чаныг дахин ийм үзүүлбэр хийхгүй байх гэж бодож байтал хэдэн сарын дараа Жеки зураг авалтаа дахин эхлүүлсэн юм.

Баримт 4. Жеки Чан юунаас ч айдаггүй
Худал мэдээлэл. Хамгийн хэцүү дасгалыг ч өөрөө хийдэг түүнд айдаг зүйл бий. Жеки цагаан халаттай хүн харахаараа зугтдаг. Гэхдээ сүнс биш эмч, сувилагч нараас ухаанаа алдтал айдаг байна. Намтартаа тэрээр “Би тариа хийлгэхээс хамгийн их айдаг. Могой, жоом хорхой, хулганаас айдаггүй ч тариур харангуут хөл салганаад ирдэг. Толгойд тэр дороо тариур арьс нэвтлээд, биед шингэн зүйл шахаж байгаа төсөөлөл буудаг” гэж илэн далангүй бисэн байдаг. 1978 онд болсон зураг авалтын үеэр тэр хөлөө гэмтээжээ. Халдвар орохоос эмээсэн сувилагч тариа хийхээр ирэхэд Жеки зугтаж, араас нь сувилагч хөөн, бөөнөөрөө нийлж байж, арай ядан тарьж чадсан гэнэ. Энэ айдсаасаа болоод Чан гэмтэх болгондоо өвчин намдаагч тариулалгүй, аймшигт өвдөлтийг тэсэхээс өөр аргагүй болдог байна.

Факт 5. Жеки Чан Холливудыг үзэн яддаг
Чан Холливудын ачаар дэлхийн хэмжээний од болсон ч Холливудад дургүй гэдгээ нуудаггүй. Яагаад тэр вэ? Нэг талаас Жеки бол Оскарын шагналын эзэн. Америкт алдаршсан цөөхөн ази жүжигчдийн нэг. Нөгөө талаас, тэр америк маягийн хошин шог, марзагналд дургүй. Нэг удаа тэрээр “Би Жорж Лукас, Стивен Спилберг нарын алдартнуудтай хамт ажилласан ч би Холливудад амжилт олж чадахгүй байсан. “Юрийн галавын цэцэрлэг” киног бодоод үз. Тэнд тоглосон жүжигчдийн нэрийг санах гээд оролд. Үзэгчид үлэг гүрвэлүүд, найруулагчаас бусдыг нь мартчихсан байгаа. Харин Азид бүгд Жеки Чаны бүтээсэн кинонд тоглосон Жеки Чаныг үзэх гэж ирдэг. Ямар нэртэй, ямар агуулгатайгаас нь үл хамааран үздэг. Зөвхөн Жеки Чан л ингэж чадна” гэж хэлж байв.

Баримт 6. Жеки Чан өгөөмөр, тусархаг
Тэр өөрийгөө БНХАУ-ын үнэнч эх оронч гэж үздэг. 1988 онд Буяны сан байгуулж, ядуу оюутнуудад тэтгэлэг өгч, тусалж байв. Дараа нь 10 хүүхэд өргөн авч, 50 хүүхдийг ивээлдээ оруулсан. БНХАУ-ын Засгийн газар түүнд тун хүндэтгэлтэй хандаж, Үндэсний баатрын хэмжээнд авч үздэг.

Баримт 7. Жеки Чан бичиж чаддаггүй, муу уншдаг
Үнэхээр Чан бараг бичиг үсэггүй гэхэд болно. Төрөлх хятад болон англи хэлээр маш муу уншдаг гэнэ. Сургуульд сурч байхдаа тэр хичээлдээ бараг суудаггүй, сахилгагүй нөхөр байсан тул толгойд нь эрдэм мэдлэг үлдээгүй байна. Жеки “Хэзээ ч битгий том хүн бол” намтар зохиолтой ч номыг нь Жу Мо хэмээх бүсгүй 3 жил бичиж дуусгажээ.

Баримт 8. Жеки Чан эротик кинонд тоглосон
Жеки Чан кино болгон дээрээ сайн талын баатар болдог. Түүний кинонд цус урссан хүчирхийлэл, ил задгай эротик үзэгдэл байдаггүй. Хэт задгай киноны урилгаас шууд татгалздаг. Харин сэтгүүлчид түүнийг 1975 онд Хонконгийн инээдмийн эротик кинонд тоглож байсан, нүцгэнээр дэлгэцэнд гарч байсныг илрүүлсэн юм. Энэ талаар Жеки “Тэр үед амьдрахын тулд олдсон ажил болгоныг хийдэг байлаа. Гэхдээ эротик кинонд тоглосон маань том хэрэг биш гэж бодож байна. Марлон Брандо ч нүцгэн тоглож байсан” гэж тайлбар тавьж байлаа.

Баримт 9. Жеки Чан эрүүл амьдралын хэв маягийг үнэнч дагадаг
Харамсалтай нь, худал баримт. Алдар хүндийн оргилд гараад Жеки Чан нэг хэсэг биеэ тоосон. Асар их хэмжээний мөнгө олж байсан тул архи дарс ууж, мөнгийг баруун, солгойгүй цацаж байв. Үүнийгээ тэр өлсгөлөн хүүхэд настайгаа холбон тайлбарласан. “Өөртөө итгэлгүй болохоороо би сахилгагүйтдэг байсан. Баян айлын хүүхдүүд намайг огт тоодоггүй байлаа. Дорд үзсэн үйлдэл болгонд би галзууртлаа уурладаг байсан. Дараа нь би их хэмжээний бэлэн мөнгө авч явдаг болсон. Багадаа ядуу зүдүү байсан хүн бэлэн мөнгөтэй болохоор аюулгүй юм шиг мэдрэмж төрдөг” гэж хэлж байлаа. Чан анд найзууддаа их мөнгө зарцуулдаг ч эхнэрээ хөрөнгө мөнгөний төлөө өөртэй нь гэрлэсэн гэж сэжиглээд мөнгөө нуудаг байжээ.
“Нэг жилд би хүмүүсийн өдрийн хоолыг даахад л 2 сая ам.доллар зарцуулсан байсан. Цаг, машин, савхин хүрэм гээд хүмүүст үнэтэй бэлэг өгдөг байлаа. Орлон тоглогчоор ажиллаж байх үед амь насаараа дэнчин тавьж, маргааш ч үхэх эрсдэлтэй байсан тул бид өдөртөө л мөнгөө үрдэг байсан” гэж тэр намтартаа бичсэн.
Архинд орсон Жеки ажилдаа хоцордог боллоо. Согтуугаар машин барьж, хоёр спорт машин эвдэв. Биеэ үнэлэгч хөлсөлж, дэргэдүүрээ эмэгтэй хүн зүгээр өнгөрөөхөө больжээ. Жүжигчин Элейнтэй хоромхон зуур холбогдоод охинтой болсон. Хэдийгээр тэр эцэг нь гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч хүмүүжүүлэхэд нь оролцохгүй гэдгээ хэлсэн. Ингээд эхнэрээсээ уучлал гуйж, энгийн амьдралдаа орсон түүхтэй.

Баримт 10. Жеки – маш муу аав
Үүнийгээ тэр өөрөө хүлээн зөвшөөрдөг. Намтартаа тэр хүүгээ гэмтээх шахсанаа дурссан байдаг. Гэр бүлийн хэрүүл маргааны улмаас Жеки хоёр настай хүүгээ шидэж орхитол хүү нь буйдан дээр ойчжээ. Хэрэв шалан дээр унасан бол хүнд гэмтэх байсан нь гарцаагүй энэ явдал Чаны зүрхэнд гүн туссан байна. Жеки хүүдээ анхаарал хандуулдаггүй байсан ч дараа нь киноны ертөнцөд ороход нь тусалсан. Жейси хэд хэдэн кинонд тоглосон ч гэмт хэрэгт орооцолдож, хагас жил шоронд ороод амжжээ. Жеки Чаны нэр хүндэд тун халтай зүйл байсан тул тэр хүүгээ хүнд үед нь дэмжсэнгүй, тусалсангүй.
“Залуучуудын хувьд энэ явдал хар тамхинаас хол байх хэрэгтэйг харуулсан хичээл болсон гэж найдаж байна. Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүй хариуцлагаа хүлээж байна. Жейси бид хоёр ард түмэн, олон нийтээс уучлал гуйж байна” гэж олон нийтийн сүлжээнд бичээд л тэр таг болсон. Хүүдээ тэр хэзээ ч дотно, сайн байгаагүй мэт л.

Өв хөрөнгөний талаар “Хэрэв хүүд минь уураг тархи байдаг бол тэр өөрөө мөнгөтэй болж чадна. Хэрэв байхгүй бол миний мөнгийг л үрэх болно” гэж Жеки ярьж байв. Үүгээрээ тэр гэр бүлийн гишүүдийнх нь хэн нь ч түүний хөрөнгөд санаархаж чадахгүй гэдгийг ил тод хэлсэн. Бүх мөнгөө сайн үйлсэд зориулна гэж мэдэгдсэн.

Жеки гэр бүлээс гадуур төрсөн охиноо удаан хугацаанд хүлээн зөвшөөрөхгүй байв. Охингүй мэт л царайлж, энэ сэдвээс тойрч, зугтдаг байлаа. Дараа нь гэнэт охиноо гэртээ авах гэтэл оройтсон байв. Ад үзэгдэн, япуу зүдүү өссөн охин эцэг эхээ үзэн яддаг болсон байлаа. Тэр бүр амиа хорлох гэж оролдсон. Жеки Чан ч охинтойгоо нэгэн гэрт амьдарч чадахгүй нь тодорхой болж, тэд салцгаасан, одоо бараг харилцдаггүй гэнэ.