UBLife Logo
Спорт

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр заалны барилдаанд зургаа дахиа түрүүлэв

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр заалны барилдаанд зургаа дахиа түрүүлэв

Дөрөвдүгээр сарын 28-нд бөхийн өргөөнөө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат "Гандангийн бүрхэг" хэмээн алдаршсан, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, "Гүйдэг" хэмээн алдаршсан, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан явагдаж өндөрлөлөө.

Эл барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр долоо даван түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв. 

Н.Өсөхбаяр арслангийн хувьд, бөхийн өргөөнд явагдсан улс, аймгийн цолтнуудын барилдаанд дөрөв дэхээ түрүүлсэн нь энэ. Тэрбээр гурван жилийн хугацааг бэртэл гэмтэлд алдаагүй бол улсын цолонд өлхөн хүрчихээр бөх юм. Н.Өсөхбаяр 1998 онд төрсөн агаад Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д гурав дараалж түрүүлсэн төдийгүй залуучуудын УАШТ-ээс мөн нэг түрүүтэй. 

2014 оны улсын наадмаар хүүхдийн барилдаанд үзүүрлэж байв. 

Харин Р.Пүрэвдагва арслангийн хувьд, сүүлийн хоёр сарын хугацаанд зааланд явагдсан барилдаануудад тав дахиа үзүүрлэсэн нь энэ. Гэвч тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сараас хойш зааланд түрүүлж чадаагүй байна.

Их шөвөгт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших нар шалгарлаа. 

Харин шөвгийн наймд, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Г.Ганжад, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.