Английн "Челси" клубийн хамгаалалтын ноён нуруу Тиаго Силва 5-р сарын 19-нд явагдах Премьер лигийн сүүлчийн тойргийн тоглолтод оролцоод Бразилийн "Флуминенсе" клубт нэгдэнэ.
Цэнхэрүүд 39 настай Силваг 7-р сарын 1-нд солилцооны цонх нээгдэхээс өмнө төрөлх багтайгаа бэлтгэл хийхийг зөвшөөрчээ.
Тэрбээр "Флуминенсе" багт хоёр жилийн хугацаанд тоглохоор тохиролцсон аж. Тус клубт шигшээ багт олон жил хамт тоглосон Марсело түүнийг хүлээж байна.
Ингэснээр Силва Европт 30 цом өргөсөн 14 жилийн урт аялалаа дуусгаж, хөлбөмбөгчийн замналаа эхлүүлж асан төрөлх багтаа эргэн очих юм.
Силва 2020 онд "Парис Сент-Жермен"-ээс үнэ төлбөргүй "Челси"-д ирсэн бөгөөд Цэнхэрүүдийн төлөө 152 тоглолтод оролцож, есөн гоолыг оруулсан төдийгүй Аваргуудын лиг, Европын Супер цом, Клубүүдийн ДАШТ-д түрүүлсэн билээ.
Тэрбээр ярилцлагадаа “Би "Челси"-д дөрвөн жил сайн тоглосон. Премьер лигт 39 настай өндөр түвшний тоглогчийг харна гэдэг ховор үзэгдэл" гэсэн юм.