UBLife Logo
Улс төр

Том тойрог ба эмэгтэйчүүдэд халтай мөнгөний өрсөлдөөн

Ub.life
Ub.life
Том тойрог ба эмэгтэйчүүдэд халтай мөнгөний өрсөлдөөн

Монголын парламентад 13 эмэгтэй гишүүн л сонгогддог эрхтэй, ерөөсөө тийм хуультай мэт дүн гардаг УИХ-ын хоёр ч сонгуулийн дараа бид удаахь сонгуульд саналаа өгөх цаг дөхжээ. Эмэгтэйчүүдийн хууль тогтоох байгууллагад сонгогдсон тоон үзүүлэлт буюу 13 суудал өмнөх сонгуулиудынхтай харьцуулахад амжилт байсан нь бүр ч хачирхалтай. Ахиц дэвшил гарлаа хэмээн үздэг байсан энэ 13 суудал гэвч Азийн бүсийн дундажаас 4.1 хувиар, дэлхийн дундажаас 9.3 хувиар доогуур дүн юм. Бид энэ үзүүлэлтээрээ дэлхийн 193 улс орноос 129 дүгээрт жагссан.  2016, 2020 оны сонгуулиудын дүнд тус бүр 13 эмэгтэй гишүүн захиалсан мэт сонгогдсоныг хувь хэмжээгээр авч үзвэл манай парламентын 76 суудлын ердөө 17.1 хувийг л эмэгтэйчүүд эзэлсэн байлаа. 

УИХ бол төрийн эрх барих төлөөллийн төв байгууллага бөгөөд хүн амд эзэлж буй сонгуулийн насны хүмүүсийг парламентад адил тэгш төлөөлж байх учиртай. Сонгууль өгөх насны нийт иргэдийг хүйсээр нь авч үзвэл, 55 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Мөн улс төрийн өмнөх сонгуулиудад идэвхтэй оролцож саналаа өгөгчдийн 66-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлсээр иржээ. Гэвч хүн амыг төлөөлдөг УИХ-ын гишүүдийн хүйс үргэлж нэг талдаа буюу дийлэнх олонхиос ч олон нь эрэгтэй байдаг хатуу чанд уламжлал тогтжээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд олон сонгогдсон хэмээн үзэж буй сүүлийн хоёр ч парламентад хүйсийн төлөөлөл 32.9 хувиар эр хүйс рүү хазайн хэвгий тогтсон гэсэн үг. Энэ тэнцвэргүй байх зохицуулалтыг Монгол Улс хууль эрхзүйн орчноороо дархалдаг байсан юм.  

Нам, эвслээс УИХ-д нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь эмэгтэй байхыг 2019 онд хуульчилсан нь хүйсийн төлөөллийг шударгаар хангах зааг болж чадаагүй. Энэ “20 хувиас доошгүй байх” гэдэг квотын түүх Монголын хууль тогтоомжид 2005 онд эхлэхдээ 30 хувь байв, гэвч УИХ-ын сонгуульд ганц удаа ч хэрэглэлгүй 2007 онд цуцлагдсан. УИХ-ын 2008 оны сонгуульд гуравхан эмэгтэй сонгогдож, 1992 оны үзүүлэлт рүү буцсан юм. Тэр үед эрчүүдийн парламент ёстой “ичсэндээ” л эмэгтэйчүүдийн квотыг 2011 онд дахин гаргаж ирэхдээ “20 хувиас доошгүй байх” заалтыг дэмжиж, нам эсвлүүд УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ жагсаалтад 20 хувийн квотоор эмэгтэйчүүдийг өрсөлдүүлснээр анх удаа 11 эмэгтэй хууль тогтоох байгууллагын босгоор алхаж байв. 2015 онд эмэгтэй дэвшигчдийн квотод нэг алхам урагшлаад нэг алхам хойшилсон тохуутай явдал тохиолдсон нь “30 хувиас доошгүй” гэж хуульд нэгэнтээ зааж үзээд ердөө таван сарын дараа шалавхан авчихсан. Ингээд 20 хувь эргэн ирж, үүнийг дээд хязгаар мэт хэрэглэж, УИХ-ын сүүлийн хоёр сонгуулиар 13 эмэгтэй гишүүнтэй хоёр парламент бүрдсэн билээ. 

Одоо болох УИХ-ын 2024 оны сонгууль Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа, Сонгуулийн тухай болон Улс төрийн намын хуульд ч өөрчлөлт оруулсан  хууль эрх зүйн шинэ тогтолцоогоор явагдана. УИХ-ын суудлын тоо 76-гаас 126 болж нэмэгдсэн. Өмнөх сонгуулийн мажоритар тогтолцоо мажоритар, пропорциональ холимог хувилбарт шилжиж өөрчлөгдсөн. Тойрог томсож, 76-гаас бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар эрс цөөрсөн. 78:48 буюу 126 гишүүний 78-ыг мажоритар буюу тойргоос, 48-ыг хувь тэнцүүлж буюу намын жагсаалтаар сонгохоор болсон.

Эмэгтэйчүүд нэр дэвших, сонгогдох магадлалыг хамгийн ихээр шингээсэн хувилбарыг судлаачид холимог тогтолцоо гэж үздэг. Тэр дундаа 50:50 хувилбарт тогтох, чингэхдээ намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй дэвшигчдийг зип буюу цахилгаан товчны жишгээр тэгш хэмтэйгээр дэс дараалан нэрлэх, тойрогт өрсөлдөх дэвшигчдийн 50 хувь нь мөн эмэгтэй байх шаардлагыг тавьж байлаа. Хууль эрхзүйн орчин шинэчлэгдэхдээ УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоох заалт 2028 оноос эхлэн хэрэгжих тухай санал гишүүдийн 60 гаруй хувийн дэмжлэгээр батлагдсан. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хувиас доошгүй байхаар нэр дэвшүүлэх ёстой.  

Ийм өөрчлөлт хийхээс нэг жилийн өмнө хүйсийн тэнцвэрийг парламентад хэрхэн хангах тухайд иргэдийн дунд санал асуулга явуулахад дүнд нь улс төрийн намууд УИХ-ын сонгуульд дэвшигчдийнхээ 36 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлбэл зохистой хэмээн үзжээ. НҮБ-ын “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийнхөн энэ үзүүлэлтийг 40 хувьд хуульчлах ёстой гэсэн байр суурьтай байлаа. Чингээд эцсийн мөчид 30 хувь болж батлагдсан энэ заалт сонгуульд нэр дэвших үйл явц ид үргэлжилж буй энэ өдрүүдэд улс төрийн намуудад хэрхэн үйлчлэхийг харах л үлдлээ. Эмэгтэй нэр дэвшигчдийн тоог 30 хувиас доошгүй байхаар заасан ч өмнөхөөс 3-4 дахин том тойрогт явагдах энэ сонгууль улс төрд танигдсан, хуучин хүмүүст ээлтэй байдаг. Энэ удаа шинэ залуу нэр дэвшигчид болон эмэгтэйчүүдэд ээлгүй, хатуу ширүүн сорилт тулгарах гол шалтгаан санхүүгийн асуудал болж байна. Том тойрогт өөрийгөө таниулах, сурталчлах зардал бүү хэл хугацаа ч тун шахуу болж байна. Үндэсний аудитын газраас сонгуульд тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 895 саяас 1.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Энэ дүн нэр дээрээ ийм боловч нэдэр дээрээ үлэмж өсөх магадлалтай байгаа юм. 2024 оны сонгуульд квот бяцхан өссөн, намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй 1:1 маягаар нэрсийг ээлжлэн жагсаах, нэг тойрогт хамгийн багадаа нэг эмэгтэй дэвшүүлэх зэрэг алхмууд хийгдсэн ч бодит байдалд эмэгтэй улстөрчид санхүүгийн бэрхшээлээс болж хөл тушаатай өрсөлдөх магадлал тун өндөр байна. Улс төр дэх эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад бүлэглэлийн ашиг сонирхолд автах, мөнгө угаах зэрэг элдэв хуйвалдаанд оролцох, авлига авах зэрэг шударга буй үйл явдалд нэн болгоомжтой хандах, татгалзах байр сууринд ажилладаг нь жишиг юм. Энэ онцлог тэднийг мөнгөний сонгуульд ялагдах шударга бус магадлал руу түлхдэг нь тоогүй хандлага юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.