UBLife Logo
-

Монголын нэг өдөр : 2016.05.31

Монголын нэг өдөр : 2016.05.31

Дархлаажуулалт

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян өнөөдөр дуусна. Өнөөдрийн 11 цагийн байдлаар тус аянд улсын хэмжээнд нийт залуусын 87.4 хувь нь хамрагдсан байна. Түүнчлэн вакцинд хамрагдсан байдлаар нь орон нутгийнхныг өнгөөр ялган судалгаа гаргажээ.  

Боомт

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баяр тохиож буйтай холбогдуулан маргааш Монгол улсаас БНХАУ-д нэвтрэх хилийн автозамын боомтууд ажиллахгүй болохыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Хоёр орны Хилийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нийтээр амрах баяр, амралтын өдрүүдэд автозамын боомтууд ажиллахгүй байхаар заасан. Хүүхдийн баяраар Монгол Улсад бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа юм. Харин агаарын болон төмөр замын хилийн боомт хэвийн ажиллах аж. Түүнчлэн Монгол, ОХУ-ын хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана. 

Энхийг сахиулагчид

Монгол Улсын IV ээлжийн цэргийн баг ИБНАУ дахь Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд оролцох бэлтгэлээ бүрэн хангалаа. Дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туганд хүндэтгэл үзүүлсэн юм. Дөрөвдүгээр ээлжийн Цэргийн багийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт 30 гаруй анги байгууллагын 100 гаруй цэргийн алба хаагч багтаж байна.  Үүний 93 хувь нь  өмнөх энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ. 

Шагнал

МҮОХ-ны Ерөнхийлөгч, доктор Д. Загдсүрэн ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны дарга, улсын аварга Гунаажавын Эрхэмбаярыг олимпийн “Алтан очир” одонгоор шагналаа. 

Уулзалт

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын “Михай Эмнюскү” олон улсын академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Чингис хааны одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, “Михай Эмнюскү” олон улсын академийн ерөнхийлөгч Ион Диасконеску, Молдовын ШУА-ийн ерөнхийлөгч Никола Давижа, академич Жорж Дука, тус академийн ерөнхий менежер Кристи Берсеану, сэтгүүлч, орчуулагч Каролина Бологан нар оролцов. “Михай Эмнюскү” олон улсын академийн ерөнхийлөгч Ион Диасконеску уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид академийн дурсгалын медаль, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа. Академийн төлөөөлөгчид Монголын соёлын байгууллагуудтай холбоо тогтоох, Монголын тухай ном бичих, франц, итали хэлээр орчуулж гаргах зорилготой юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  уулзалтын үеэр хэлэхдээ “Нэр хүндтэй шагнал өгсөнд та бүхэнд баярлалаа. Монголын тухай ном бичих гэж байгаад их баярлаж байна. Бидэнд бичих, дэлхийд хүргэх зүйл их бий” гэлээ. 

"Би цагдаа"

НИТХ-аас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “Хөршийн хяналт” хөтөлбөрийг батлан гаргасан. Тус хөтөлбөрийн хүрээнд “Ipolice” буюу “Би цагдаа” гар утасны тусгай аппликейшн гаргаж байгаа бөгөөд энэхүү аппликейшны тусламжтайгаар иргэд гар утаснаасаа гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг зураг, дүрс бичлэгийн хамт авч цагдаагийн байгууллагад шууд мэдээлэх боломжтой болжээ. Энэ талаар өнөөдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын байранд мэдээлэл хийлээ. “Хөршийн хяналтын хөтөлбөр”-ийг өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд орон сууцны иргэд хоорондоо танилцаж, нэгдэн “Хөршийн хяналтын бүлэг” байгуулж, байраа тохижуулах, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж эхэлсэн нь үр дүнд хүрч байгааг хурлын үеэр дуулгалаа. Одоогоор “Хөршийн хяналт” 815 бүлэг байгуулагджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэд “Хөршийн хяналтын бүлэг” байгуулж, 24 орон сууцны 54 орцыг камержуулжээ. Ингэснээр ахуйн хүрээний гэмт хэргийн гаралт буурсан байна. 

 

15.20 цагт

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Гадаад хэргийн яам, Чойжин ламын сүм музей хамтран “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг зохион байгуулж байна. “Хүүхэд бүр хөөрхөн” уриан дор болж буй энэхүү өдөрлөгийн хүрээнд дауны синдромтой, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдийг баярлуулах, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, найз нөхөд болох боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Энэ өдөр хүүхдүүд Чойжин ламын сүм музейг үзэхээс гадна багт хуваагдан музейн үзмэрүүдийг зурах, баримлын шавраар бүтээх зэрэг хөгжөөнт тоглоомуудаар өрсөлдөж байна. 

Айлчлал

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ирэх сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзана. Мөн тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцоно. Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон Улсууд харилцан тохиролцож ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар дээшлүүлэх мэргэжлийн боловсролын сургалтад манай улсын дадлагажигчид хамрагдах цар хүрээ өргөжин, баталгаажих юм. УИХ-ын дарга Сайтама мужийн Шибасаки үйлдвэрт зочлон, тус үйлдвэрт дадлагажигчаар ажиллаж буй монгол иргэдтэй уулзах юм. УИХ-ын дарга З.Энхболдын Япон Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс багтжээ. 

Эрүүл мэнд

Өнөөдөр тохиож буй “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд спортын яамнаас мэдээлэл хийлээ. Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж, нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн тоон үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөл нь бүгд тамхитай холбоотой. 2013 оны халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн таван хувь нь тамхи татдаг байв. Өөрөөр хэлбэл нийт хүн амын таван хүн тутмын нэг нь, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг” гэлээ. 

Нам

МАХН-ын  нэр бүхий гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийж, намынхаа гишүүнчлэлээс албан ёсоор татгалзаж буйгаа мэдэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн өнгөрсөн өдрүүдэд нойтон өлсгөлөн зарлаж, өчигдөр нэр дэвшигчдийнхээ бүртгэлийг СЕХ-нд хүргүүлсэн. МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буй гишүүдийн тайлбарлаж буйгаар Н.Энхбаярын энэ үйлдлээс шалтгаалж, нэр дэвшигчид нь тойрогтоо штабаа байгуулах, орон нутагт бэлтгэлээ базаах ажлууд нь  хоцорч байгаа аж. 

Айлчлал

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри зургаадугаар сарын 5-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалынхаа хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзана гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. 

Цахим хөтөч

“Монгол Улсын хөрөнгө оруулалтын цахим хөтөч систем” өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо. “Олон улсын тавцанд ялангуяа, эдийн засгийн хувьд манай орон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байна. Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол түлхүүр хэмээн үзэж, хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих бодлого баримталж байна. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан, энэ хуулиар хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих тогтолцоог бий болгож, татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг үзүүлж, зах зээлийг чөлөөлж, бизнес эрхлэх зардал, хүнд суртлыг багасгасан. Дэлхийн банкнаас гаргадаг Бизнес эрхлэх нь 2016 тайланд дэлхийн 189 улсаас манай улс 56 дугаарт жагсаж, хөрөнгө оруулагчийг хамгааллах тогтолцоогоороо 18 дугаарт бичигдэж байгаа нь манай хуулийн орчинд олон улсаас өгч буй өндөр үнэлгээ юм” хэмээн  Ерөнхий сайд хэллээ.  e-Regulations цахим хөтөлбөр нь Нэгдсэн Үндэстний байгууллагын худалдаа хөгжлийн  бага хурал (UNCTAD)-аас гаргасан Засгийн газрын хууль болон үйл ажиллагааг ил тод байлгаж бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Цахим системийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчдыг нээлттэй, түргэн шуурхай мэдээллээр хангах бөгөөд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж улмаар манай улсын эдийн засагт хувь нэмэр болно гэж үзэж байна.

Тэмцээн

“Miss Mongolia 2014” тэмцээний “Спортлог мисс”-ээр тодорч байсан Б.Гүнзаяа дэлхийн хэмжээний "Photo model of the world 2016" тэмцээнд оролцож, гуравдугаар байрт шалгарчээ. Тэрбээр "Elegance miss" номаницийн эзэн болсон байна. Тус тэмцээн нь Турк улсын Бодрум хотод зохион байгуулагдсан бөгөөд мисс Б.Гүнзаяа 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлджээ.  

Зам хаах хуваарь

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ маргааш Чингисийн талбайд болно. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан маргааш 08:00-18:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун, зүүн тал, Амарын гудамж буюу “Туушин” зочид буудлын урд тал, Тагнуулын Ерөнхий газрын урд зам, Ус цаг уур орчны шинжилгээний газраас Төрийн ордны баруун тал хүртэлх замуудын хөдөлгөөнийг түр хаана. Иргэд зорчигчдыг энэ өдөр Драмын театрын урд талбай, Спортын төв ордны урд талбай, Байгалийн түүхийн музейн урд хэсэг, Хангарди ордны гаднах зогсоол гэх мэт ойролцоох зогсоолуудад машин, тээврийн хэрэгслээ байршуулан замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөлөө. 

Номын сан

Монгол Улсын Их Сургуулийн шинээр баригдаж буй номын сан наймдугаар сард ашиглалтад орохоор болжээ. МУИС-ийн хичээлийн II байрны баруун талд “Монгол-Япон” төвийн чанх урд баригдаж буй 7 давхар номын сан нь уншлагын 7 танхимтай, уулзалт хурлын олон танхимтай бөгөөд олон улсын стандартад нийцсэн засалтай аж. Мөн амралтын өрөө, ресторан зэрэг бүх зүйлийг нэг дор цогцлоосноороо онцлог юм байна.

11.30 цагт

Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа "Эх орны сүү - Эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэж байна. Тус өдөрлөг Чингисийн талбайд эхэллээ. Өдөрлөгт ХХААЯ, НҮБ-ын ХХААБ, Нийслэлийн Захирагчийн алба, "Глобал Коммунитиес" Олон улсын байгуулагын "Emirge" хөтөлбөр, МХЕГ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын эмэгтэй скаутын холбоо, Монсүү ХХК, “Зах зээлийн бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүү” ХК, “АПУ” ХК, “ТЕСО-Милко” ХХК, “Витафит инвест” ХХК, "Сүүтэй Монгол" ТББ зэрэг компаниуд оролцож байна. 

11.20 цагт

Монгол Улсын Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Эх үрсийн баярыг тохиолдуулан сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээг “Гэгээнтэн Энтертаймент” кино театрт зохион байгуулж байна. Тус арга хэмжээний ивээн тэтгэгчээр “Жигүүр Гранд” групп, “Гэгээнтэн Энтертайнмент” төв хамтран ажиллаж буй. Тэд 148 хүүхдэд үнэ төлбөргүйгээр “Angry Birds” хүүхэлдэйн киног үзүүлж байгаа аж. 

Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжаар Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэх Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д ф 800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нарийн бичгийн даргаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн хяналтын инженер О.Дүүрэнбилэг ажиллана. Холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг ажлыг ажлын хэсэгт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

10.10 цагт

ХХААЯ-нд Монголын зөгийчдийн нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй “Зөгийн бал” аяны нээлт болж байна.

09.50 цагт

НҮБ-ын байранд БСШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний Комисс хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн эхний үе шат болох “Үндэсний зөвлөлдөх уулзалт, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинарыг зохион байгуулж байна.

09.30 цагт

Blue Sky зочид буудалд "Каритас Чех" Олон улсын байгууллагаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хаалтын үйл ажиллагаа эхэллээ.

Тамхигүй өдөр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр болгон зарласан. Энэ өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах аж. ДЭМБ-ын мэдээлснээр, тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна. “Тамхины тахлаар” дэлхийд жил бүр 6 сая орчим хүн нас барж байгаагаас 600 мянга гаруй нь дам тамхидалтын нөлөөллөөс  нас бардаг аж. Хэрэв дэлхий нийтээрээ тамхины эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд дээрх тоо 8 саяд хүрч болзошгүй. Хүн аль ч насандаа тамхиа хаяснаар эрүүл мэнддээ маш чухал тус хүргэж болдог байна. Тухайлбал, 30-35 насандаа тамхиа хаясан хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй адил насалдгийг эрдэмтэд баталжээ. 

МАХН

МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн өчигдөр орой 22:00 цагийн үед өлсгөлөнгөө зогсоосон байна. Учир нь Сонгуулийн ерөнхий хорооноос тус намын нэр дэвшигчдийн талаарх материалыг 21:00 цагийн үед хүлээж авсан бөгөөд Тусгаар тогтнолын талбай дээр Хүүхдийн баярын үйл ажиллагаа болох гэж байгаатай холбогдуулан өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээлэл өгчээ. Тэд Тусгаар тогтнолын талбайд өнгөрсөн бямба гарагийн 06:00 цагаас хойш өлсгөлөн зарлаад байсан. Энэ үеэр МАХН-ын хэд хэдэн гишүүдийн даралт унах зэргээр эрүүл мэндийн тусламж авах шаардлага үүссэн юм.  

Энэ өдрийн лавлах

Цахилгаан шугам, тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт 10:30-17:30 цагийн хооронд цахилгаан хязгаарлана. Тус газруудын аль хэсэгт цахилгаан хязгаарлахыг эндээс харна уу.

Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 26-28, шөнөдөө 9 градус дулаан байна. Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.     

Зуны тэргүүн харагчин могой сарын есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Билгийн тооллын 25.Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайнаНаран ургах, шингэх: 05.09-20.37Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: УулАргын тооллын тавдугаар сарын 31, ангараг гараг. Билгийн тооллын 25, могойг хүлэгч одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
3
46
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.