Хэдэн жилийн өмнө хар тамхи хэмээх хар тахал Монгол улсын хаалгыг тогшоод зогсож байсан бол одоо хэдийнэ хатавчаар дамжаад хойморт гараад суучихжээ. Ялангуяа энэ тахлыг томчуудын эрх хүүхдүүд, урлаг соёлын од болсон дуучид Монголд оруулж ирэн, хэрэглэж, “албан ёсны бус” сурталчлагч нь болоод байгаа нь нууц биш. Саяхан "Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг шүүх хурал болж, хар тамхи хэрэглэж, тээвэрлэсэн хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ял оноолоо. Уг нь бол жирийн иргэнээс илүү хатуу шийтгэл оноох ёстой атал манайд алдар нэртэй хүнийг зөөлөн шийтгэдэг уламжлал тогтоод удаж байна. Телевизийн дэлгэцээр гарч, концерт тоглон, ард түмэн, хүүхэд залуусын өмнө гарч, ашиг орлого олж, нэр хүндтэй болсон бол тэр хэмжээгээрээ хариуцлага хүлээх ёстой. Урлагийн замд орж, алдаршина гэдэг хувийн амьдралаа тодорхой хэмжээгээр золиослохыг шаарддаг. Залуу үеийн үлгэр жишээ болж явах ёстой учир тэр. Тэгвэл манайд дуучид хар тамхи хэрэглэсэн, зодоон цохион хийсэн хэрэг жил алгасахгүй гарч байгаагийн учир юу вэ? Мэдээж хувь хүний ухамсар, хүмүүжилтэй холбоотой ч гол шалтгаан нь “шийтгэл зөөлөн” байгаад оршиж байна. Тэр хамтлагийн ийм дуучин хар тамхины хэргээр баривчлагдлаа, хүн зодлоо гээд бичигддэг ч удалгүй өнөөх нь юу ч болоогүй мэт цэнхэр дэлгэцээр гаран, үзсэн зовлон, туулсан амьдралаа хуучлаад сууж байх жишээтэй. “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэгчээр сүүлдээ залуучуудад сургамж айлдаж, Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар хэмээх дуучин “Залуудаа мөн олон хүүхэд зодож явлаа. Надад зодуулсан хүүхэд үзэж байвал тэднээс уучлалт гуйя” гээд ярьж байх аж. Зүй нь тэр өдийд хар тамхины хэргийнхээ ялаа эдлээд сууж байх ёстой байлаа. Хэчнээн олон залуу түүний үгийг сонсоод муу үлгэр дууриал авсныг хэн мэдэх билээ. Америкийн ямар ч од гэмт хэрэг хийсэн бол шоронд сууж, үгүй гэхэд олон нийтийн ажил хийж, гэм нүглээ ард түмний өмнө цайруулдаг. Япон, Өмнөд Солонгост бол хэрэгт холбогдсон тухайн дуучны дуулах эрхийг хасаж, тоглосон зар сурталчилгааг нь хурааж, телевизээр гарахыг нь хориглодог. Өөрөөр хэлбэл уран бүтээлийн ажлыг нь зогсоож байгаа хэрэг. Зарим тохиолдолд гэрийн хорионд оруулж, гэм буруугаа бодоод сууж байх шийтгэл ч оноох үе олон. Хатуу ширүүн мэт санагдаж болох ч ингэж байж, ирээдүй хойч үе болсон хүүхэд залуусаа муу үлгэр дууриаллаас хамгаалж, нөгөө талаар өөрийгөө “Од” гэж бодсон, их зантай дуучдад хууль дүрэмтэй оронд амьдарч байгааг нь сануулж, даруулгатай болгодог. Уран бүтээл хийж чадахаа больсон урлагийн хүн яс махандаа тултал гэмших нь ойлгомжтой. Түүнээс биш тэнсэн ял авдаг, шүүх хурлынхаа маргааш нь цэнгээний газарт дуу дуулаад байгаа хүн үнэн сэтгэлээсээ гэмшинэ гэж үгүй. Хүний мөн чанар тийм юм. Тэгэхээр ирээдүй хойч үеэ “хар тамхичин” дуучдаас хамгаалж, эрүүл энх өсгөхийн тулд хатуу арга хэмжээ авах цаг болжээ. Юуны өмнө гэмт хэрэг үйлдсэн дуучдын уран бүтээлийн ажлыг зогсоох шийтгэл оноож эхлэх хэрэгтэй. Хийсэн хэрэгт нь тааруулан, 6 сар, 10 сар, хүнд хэрэг үйлдсэн тохиолдолд хэдэн жилээр эрхийг нь хассан ч болно. Телевизээр гарахгүй, концерт хийхгүй, зар сурталчилгаанд тоглохгүй байх хугацаандаа жирийн иргэдийн нэгэн адил улс орондоо тустай зүйл хийж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Японд урлагийнхныг тун хатуу чанга барьдаг. Зарим тохиолдолд арай хэтэрхий хатуу шийтгэж байна уу гэж бодохоор. Учир нь ингэж байж нийгэм эмх цэгцтэй, сахилга баттай байдаг байна. Хэрэг хийсэн дуучин, жүжигчнийг харьяалагддаг хамтлаг, студи, продакшнаас нь уран бүтээлийг нь хэсэг хугацаагаар зогсоох шийтгэл оноодог бол зарим үед бичлэгийн студи, телевиз, радиогоос гэмт этгээдтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарладаг. Зарим томоохон телевиз “хар тамхины хэрэгт холбогдож байсан хүнд зориулах эфирийн цаг байхгүй” гэсэн бичигдээгүй уриатай. Хэчнээн хит дуу гаргаж, шилдэг кино хийгээд ч хар тамхичин байсан бол тэр телевизийн дэлгэцээр хэзээ ч гарахгүй гэсэн үг. Коммунизмийн үед алдарт Алла Пугачева Ленинградын нэгэн зочид буудалд “Би од байна. Сайн үйлчил” гэж маргаан гаргаад төв телевизээр гарах эрхээ хасуулж байсан юм гэнэ билээ.

Харин Японд бол ёс зүйгүй үйлдэл, хууль дүрэм зөрчсөн л бол хэчнээн алдартай байсан ч зохих шийтгэлийг нь оноож, нийгмээр жигшээх арга хэмжээ авдаг. Хэрэгтэн ч ард түмнээс уучлал гуйж, албан ёсоор хэвлэлийн бага хурал хийдэг ёстой. Японд “СМАП” хэмээх хөвгүүдийн хамтлаг бий. Манайхаар бол “Камертон” гэсэн үг. Таван хүнтэй тус хамтлагийн гишүүн Горо Инагаки 2001 оны 8-р сард машинаа зөвшөөрөлгүй газар тавиад, зугатах гэж оролдоод цагдаад баригдаж, бүтэн таван сар уран бүтээл хийх эрхээ хасуулж, мөн хугацаагаар гэрийн хорионд суух шийтгэл хүлээж байв. Нэг байранд амьдардаг байсан найз бүсгүй нь “Инагакиг хорионд найзтайгаа хамт байна гэж олон нийт шүүмжлэнэ” гээд өөр байранд нүүж, түүнтэй таван сарын турш уулзаагүй гэдэг. Тус хамтлагийн бас нэгэн гишүүн Күсанаги Цүёши 2009 оны 4-р сард Токиогийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд согтуугаар хувцсаа тайлж, хашгарч чарласан хэргээр баривчлагдсан. Олон нийтийн газарт ёс бус үйлдэл хийсэн хэргээр түүний эрхийг нэг сараар хасаж, хөтөлдөг байсан телевизийн нэвтрүүлэг, оролцсон зар сурталчилгааг нь зурагтаар гаргахыг хориглосон. Күсанаги энэ явдлаас хойш таван жил архи огт амсаагүй гэдэг.

Нэрт дуучин Макихарагийн гэрээс 1 грамм хар тамхи илрэхэд шүүхээс түүнд “Олны алдартай хүн байж, үлгэр жишээ болж явах үүргээ умартсан” гээд 3 жилийн хорих ял оноож байв. Харин харьяа продакшнаас нь уран бүтээл эрхлэх эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хасаж, худалдаанд байсан CD, бичлэгүүдийг нь хураан авах шийдвэр гаргасан. Японы хошин урлагийн хаан, телевизийн нөлөөтэй продюсер Шинсүкэ Шимада якүзатай харилцаа, холбоотой байсан хэргээр урлагийн ертөнцөөс бүр мөсөн хөөгдсөн бол алдарт Тамори төрсөн хүү нь хулгайн хэрэгт орооцолдсоны хариуцлагыг хүлээж, өөрөө телевизийн бүх ажлаа хүлээлгэн өгч байлаа.Хууль дүрэмтэй газар ийм байдаг аж. Эрүүгийн хуулиар шийтгээд засардаггүй хар тамхичин дуучдыг уран бүтээл хийх эрхээр нь шийтгэж, даруулганд оруулья.