Насанбаяр нь Кэмбрижийн Их Сургуульд антропологийн чиглэлээр суралцаад, өдгөө Өвөрмонголын Их Сургуулийн Нийгэм болон Үндэстэн судлалын сургуульд багшилж буй

Удиртгал
Монголчууд арван гуравдугаар зууны үеийн түүх, ялангуяа Чингис хааны үйл хэргээр түүхэн дурсамжийнхаа чухал агуулга болгож, өнөөгийн нийгмийн амьдралдаа үндэстэн угсаатны адилшлаа цогцолход идэвхтэй ашиглаж байх нь Монгол, Хятад, Орос зэрэг улсад түгээмэл оршиж байна.
Өнөөдөр дэлхийн хэвчээнд монгол туургатны хүн ам найм есөн сая тоологдох төлөвтэй. Түүний доторх хагасаас илүү нь Хятадад амьдарч байна. Хятад дахь монголчууд монгол түүхийн мэдлэгийг яаж сурч, “монгол” гэх “үндэстэн (ethnic group)”-ий адилшлыг цогцлохдоо яаж ашиглаж байхыг боловсролын систем дэх түүхэн мэдлэгийн заан сургалтын агуулга болон явцаас зохих хэмжээгээр ойлгож болох юм.
Нөгөө талаар боловсрол буюу сургалтын явцыг, төр өөрийн шаардлагаараа иргэдээ сурган хүмүүжүүлж байгаа явц гэдэг хүн судлалын онол үзэлтэд суурилж, Хятад улсад монгол хүүхдийг ямар зорилт болон шаардлагаар, ямар “монгол” болгон хүмүүжүүлж байхыг ажиглаж үзэх нь, Хятадын үндэстэн-улс (nation-state)-ын орчинд монгол түүхийн сургалт, тайлбарлал болон хэрэглэлтийг ойлгож болох ач холбогдолтой юм.
Тус өгүүлэлд, Өвөр Монгол дахь монголоор хичээллэдэг бага сургууль, дунд сургуулийн монгол түүхийн тухай сургалт, ялангуяа Чингис хаантай холбогдсон хичээлийн агуулгаар гол судлагдахуунаа болгож, Чингис хаан бодитой хичээл хүмүүжлийн явцад яаж танилцуулагдаж, үнэлэгдэж, мөн түүнчлэн монгол угсаатны залуу үеийнхний адилшлын бүрэлдэхэд ямар үүрэг гүйцэтгэж байхыг зарим талаар тодорхойлохыг бодож байна.
Нэг. Холбогдох зарим төрийн бодлого
Өвөр Монголын монгол боловсролын систем, бага сургуулиас дээд сургууль (зарим мэргэжил) хүртэл монголоор хичээллэдэгээрээ Хятадын бусад сургуулийн сургалтаас онцлогддог юм.
1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орон (засаг) байгуулагдсанаас нааш, монгол боловсролын системийг бүрэлдүүлэн хөгжүүлж ирэхдээ, коммунистаас чухам ямар зорилтоор, залуу үеийн монголчуудыг ямар хүн болгон хүмүүжүүлэх шаардлага тавьж ирснийг үзвэл, бодитой зорилт шаардлагууд нь цаг үеийн хувирлыг дагалдан хувирч ирсэн төлөвтэй.
1954 оны 11 сард хуралдсан Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхдугаар удааны цөөнх үндэстний боловсролын хурал дээр тухайн үеийн Өөртөө Засах Орны дэд тэргүүлэгч, боловсролын яамны сайд Хафунга “Өвөр Монголын боловсролын чиглэл хийгээд үүрэг” гэх сэдвээр илтгэл хийж, Өвөр Монголын тухайн үеийн монгол сургуулиудын үндсэн зорилт, тухайлбал юунд монгол боловсролыг заавал хөгжүүлэх тухай ярихдаа “Улсын байгуулалтад хэрэгцээтэй цөөнх үндэстний кадрыг бэлтгэх, ард түмний соёлын түвшинг дээшлүүлэх, цөөнх үндэстний соёлыг хөгжүүлэх, түүнчлэн бодитой оршиж бүхий соёлын хоцронгуй байдлыг аажмаар өөрчлөх” зэрэг талаар ач холбогдолтой гэж ярьжээ (Хафунга 1954:27).
1961 онд хэвлэгдсэн бага сургууль болон дунд сургуулийн “хэл бичиг” сурах бичгийн “Редакторлагчийн үг”-нд “Дунд сургуульд хэл бичиг заах үүрэг бол сурагчдын ертөнцийг үзэх эв хамтын үзлийг хүмүүжүүлэн, монгол хэл бичгийг зөв дадамгайгаар хэрэглэх чадвар болон шинэ соргог, тод эрчимтэй марксизм-ленинизмийн зохиолын стилийг эзэмшүүлэхийн хамт сурагчдад ангийн тэмцэл ба үйлдвэрлэлийн тэмцлийн мэдлэгийг олгоход оршино” гэж тэмдэглэж байв (Хасбагана 2006).
1966 он буюу соёлын их хувьсгалын үе болоход Өвөр Монголын монгол боловсролын сургалт нь улс төр болон үзэл суртлын сурталчилгааны хэлбэр болж сурагчдыг шууд пролетари (үгээгүй анги)-ийн “улаан залгамжлагч”-аар хүмүүжүүлэх болов.
Жишээлбэл, 1970 онд хэвлэгдсэн бага сургуулийн “хэл бичиг”-ийн нэгдүгээр хугацааны сурах бичгийн агуулгыг авч үзвэл ийм байна.
Мао Зүши түмэн насалтугай
Мао Зүшигийнхээ насан өлзий батдахыг хүндэтгэн бэлгэлье
Зүнгүвэй Гүнцэндэн мандтугай
Бүгд Найрамдах Зүнхува ард улс мандтугай
Мао Зүши үгээгүй ангийн хувьсгалт шугамын ялалт мандтугай
Нийгэм журам сайн
Ардын Гүншей сайн
Хувьсгалын Виюүвэнхуй сайн
Цагаан толгойн эхэнд орох дүрс
На, Ба, Па-гийн гурван хувирал
Ха, Га, Ма, Ла-гийн гурван хувирал
Са, Ша, Да, Та-гийн гурван хувирал
Ца, Жа, Яа, Ра, Ва-гийн гурван хувирал
Дэвсгэр үсэг
Н, Б дэвсгэр
Г, М, Н дэвсгэр
С, Р дэвсгэр
Ж, Б, НГ дэвсгэр
Мао Зүшигийн сургаал
Мао Зүшигийн сургаал
Мао Зүшигийн сургаал
Мао Зүшигийн сургаал
Өссөн хойноо ажилчин тариачин цэрэг болъё
Мао Зүшигийн сургаал
Мао Зүшигийн сургаал
Үгээгүй ангийн соёлын их хувьсгал мандтугай
Мао Зүшигийн сургаал
Мао Зүшигийн сургаал
Лиү Шү Чи-ийг эрс цохин унагая
Улаанхүүг эрс цохин унагая
Мао Зүшигийн сургаал
Эл үндэстний тэрслүүчүүдийг цохин унагая
Бага сургуульд монгол үсгийн цагаан толгойг заахад зориулагдсан энэхүү сурах бичгийн 32 хичээлд 10 хичээл нь шууд цагаан толгойн агуулгад холбогдсоноос бусад 22 хичээл нь цул улс төрийн уриа лоозон байна. Бас нэг дурдууштай зүйл гэвэл, сурах бичигт гарсан улс төрийн нэр томьёонуудын олонхийг шууд хятад хэлнээс авиачлан авсан явдал болно. Жишээлбэл, “зүши” (тэргүүлэгч), “Зүнгүвэй” (Хятад /Дундад улс), “Гүнцэндэн” (Коммунист нам/Эв хамт нам), “Зүнхува” (Хятад /Дундад), “Гүншей” (нэгдэл) зэрэг болно.
1976 оноос хойш өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс монгол боловсролын зорилго, шаардлага мөн түүнчлэн сурах бичгийн агуулгад зохих хувиралт гарчээ. 1984 онд анх батлагдаж, 2001 онд засвар хийгдсэн “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэстний Орны Өөртөө Засах хууль”-д боловсролд шууд холбогдсон хоёр зурвас байна. Аравдугаар зурваст нь “Үндэстний Өөртөө Засах Орны өөртөө засах байгууллага, тус орон нутгийн үндэстнүүдийн өөрсдийн үг хэл, үсэг бичгээ хэрэглэж хөгжүүлэх эрх, өөрсдийн зан заншлаа хадгалах буюу өөрчлөх эрхийг батална” гэжээ. Гучин зургаадугаар зурваст нь: “Үндэстний Өөртөө Засах Орны өөртөө засах байгууллага, улсын боловсролын чиглэлийг үндэслэн, тус орон нутгийн боловсролын төлөвлөгөө, адил бус шатны адил бус төрөл зүйлийн сургуулиудын тогтолцоо, сургуулийн хэлбэр, сургалтын агуулга, сургалтын хэл, оюутан элсэх дүрэм зэргийг хуулийн дагуу тогтооно” гэжээ.
Тус хууль дахь эдгээр заалтыг үндэслэвэл, Өвөр Монголын Өөртөө Засах Орон заан сургалт, хичээл хүмүүжлийн тохируулгыг эзэн мэдэн хийж болно гэсэн үг болно.
1986 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны боловсролын газар “Өвөр Монголын Өөртөө Засах Орны цөөнх үндэстний боловсролын ажлын дүрэм”-ийг нийтэлж, Өөртөө Засах Орны Ардын төлөөлөгчдийн хурлаар батлуулахаар бэлтгэжээ. Гэвч одоо болтол батлагдаагүй байсаар байж. Харин Хөххот, Бугат зэрэг хотын ардын төлөөлөгчдийн их хурлаас цөөнх үндэстний боловсролын дүрмийг батлан гаргажээ.
“Хөххотын цөөнх үндэстний боловсролын дүрэм” (1999 онд батлагдсан)-ийн дөрөвдүгээр зурваст нь “Цөөнх үндэстний сургуулиуд чанар чансааны боловсрол (ablity oriented education)-ыг бүх талаар авч хэрэгжүүлж, эх оронч үзэл, социализм, марксизмын үндэстний тухай үзэлт, үндэстний түүх, уламжлалт соёлын хүмүүжлийг хийж, сургуулийн дотоод дахь удирдлагаа бэхжүүлж, сургалтын чанарыг сайжруулж, цөөнх үндэстний сурагчдын бүх талын хөгжил хийгээд эрүүл өсөлтөд дөхөм тус үзүүлнэ” гэж заажээ.
Энд үндэстний түүх болон уламжлалт соёлын хүмүүжил хийхийг дурдсан нь анхаарууштай. Учир нь, энэ бол боловсролын тухай албан бичигт үндэстний түүх, уламжлалт соёлын мэдлэгийн хүмүүжлийг чанар чансааны боловсролын бүрэлдэхүүн хэсгээр анх удаа тодорхой дурджээ.
Тэгвэл, үндэстний түүхийн мэдлэгийг бодитой хичээл хүмүүжлийн явцад яаж зааж байна вэ гэвэл, монгол түүхийн мэдлэгийг голдуу хоёр зүйлийн хичээлийн агуулгаар сурагчдад зааж байна. Нэг нь монгол хэл бичгийн хичээл, нөгөө нь түүхийн хичээл болно. Түүхийн хичээлд “Хятадын түүх” (Дундад улсын түүх)-ийн Юань улсын үеийн түүхийн хэсэг болон “Монгол үндэстний түүх” гэх хичээл багтана. Гэхдээ “Монгол үндэстний түүх”-ийг дээд сургуульд элсэх шалгалтын хэвчээнд оруулаагүй учраас багш сурагчид аль аль нь ч чухалчлан үзэхгүй болоод, бодитой хичээлийн цаг болон заалтыг тохируулахгүй, зөвхөн сурах бичгийг сурагчдад түгээж өгөөд, “Өөрсдөө сурах”-ыг л шаарддаг байна.
Хоёр. “Монгол хэл бичиг”-ийн хичээл дэх Чингис хаан болон холбогдол бүхий агуулга
Бага сургуулиас дунд сургууль төгстөлх арван хоёр жилийн монгол хэл бичгийн 24 дэвтэр сурах бичгээс Чингис хаан болон холбогдол бүхий агуулгатай хичээлүүдийг шүүж хүснэгтээр үзүүлбэл ийм байна.

Дээрх бол монгол хэл бичгийн сурах бичигт байгаа Чингис хааны тухай болон холбогдол бүхий агуулгатай хичээл болно. Үүнээс гадна, монгол хэл бичгийн сурах бичиг нэгбүрт “Унших бичиг” дагалдаж байдаг. Тэр нь сургалтын агуулгын нөхвөр буюу дагалдах хэлбэрийн хувиар сурагчдаар уншуулдаг материал болно. Багш нар ердөө сонголттойгоор “Унших бичиг”-ийн агуулгыг уншуулна. Өөрөөр хэлбэл, “Унших бичиг”-ийн бүх агуулгыг сурагчдад зааж тайлбарладаг биш юм. “Унших бичиг”-ийн агуулгыг шүүж үзвэл, Чингис хаантай холбогдсон доорх хэдэн зохиол багтаж байна.
-“Есүхэй баатар” (Нэгдүгээр оны хоёрдугаар хугацааны 22 дугаар хичээл)
- “Өгөдэй хааны өршөөл” (Хоёрдугаар оны хоёрдугаар хугацааны 15 дугаар хичээл)
- “Чингис хаан Боорчийг магтсан нь” (Дөрөвдүгээр оны хоёрдугаар хугацааны 16 дугаар хичээл
- “Чингис хаан” (Дөрөвдүгээр оны хоёрдугаар хугацааны 21 дүгээр хичээл)
- “Чингис хаан мэргэн бодлогоор цасан нуралтын гамшигаас зайлсан нь” (Тавдугаар оны нэгдүгээр хугацааны 26 дугаар хичээл)
- “Сорхон шарын ач” (Наймдугаар оны хоёрдугаар хугацааны 19 дүгээр хичээл)
- “Чингисийн булш” (Есдүгээр оны хоёрдугаар хугацааны 3 дугаар хичээл)
- “Хөх судар”-ын хоёр бүлэг (Дээд зэргийн дунд сургуулийн гуравдугаар оны хоёрдугаар хугацааны 7 дугаар хичээл)
- “Чингис хааны цэргийн эрдэм” (Дээд зэргийн дунд сургуулийн гуравдугаар оны хоёрдугаар хугацааны 16 дугаар хичээл)
- Сурвалж бичиг дэх холбогдох агуулгыг үндэслэн найруулан бичсэн зохиолууд, нөгөө нь шууд түүхэн сурвалж бичгээс сонгон авсан зохиолууд байна.-
- Чингис хааны тухай хичээлүүд дэх агуулга, дүрслэл, тайлбарлалуудыг авч үзвэл, Чингис хааны дүр ийм хэдэн онцлогтой харагдана.
1. Сэцэн сэргэлэн, ухаалаг
Чингис хаан бага насандаа Тайчуудаас арга ухаанаараа дутаан гарсан, цэрэг удирдаж явах аяндаа цас нурах аюулыг сэрж мэдээд цэргээ уулнаас гаргасан, Чингис хаан шалгарсан цэрэг дайны бодлого болон арга ухаанаар дэлхий дахиныг дайлан дагуулсан зэрэг агуулгатай хичээлүүд Чингис хааны хурц сэргэлэн оюун билигийг үзүүлжээ.
2. Баатар зориг
Чингис хааны эр зориг, сүр хүчийг магтсан “Чингис хаан” гэх шүлэг, мөн хатуу зоригийг барьж их үйлсийг бүтээхийг сургасан Чингис хааны “Хол хэмээн бүү цөх” гэх сургаал шүлгүүдэд Чингис хааны баатар зориг, гүн бодлогыг товойлгон харуулжээ.
3. Ач, гавьяа, нөхөрлөл, өршөөл
Чингис хаанд хатуу бэрх үед нөхөрлөж явсан дайчин нөхөд, харийн дайсныг дарахад зүтгэж явсан гавьяат сайд нарынхаа ач гавьяаг мартдаггүй, мөн эгэл жирийн хүмүүс (өнчин хөвгүүн)-т өршөөл үзүүлдэг сайн сайхан зан чанартай байдаг. Түүнийг Боорчи, Сорхон шар, өнчин хөвгүүн, Зэлмэ зэргийн хүмүүс дэх харьцаагаар гаргасан байна.
Гурав. Түүхийн хичээл дэх Чингис хаан хийгээд холбогдол бүхий агуулга
Дээр дурдсан мэтээр монгол түүхийн мэдлэгийг монгол хэл бичгийн хичээл болон түүхийн хичээлийн агуулгын хувиар монгол сургуулиудад заадаг. Түүхийн хичээл нь анх зэргийн дунд сургуулийн нэг хоёрдугаар онд бүтэн хоёр жил заадаг Хятадын түүх (Дундад улсын түүх)-ийн хичээл болно. Энэхүү хоёр жилд заадаг хичээлийн сурах бичиг нийт дөрвөн дэвтэртэй, дэвтэр болгонд 21–22 хичээлийн агуулгатай. Монголын арван гуравдугаар зууны түүхийг долоодугаар оны хоёрдугаар хугацаанд заах сурах бичгийн арван хоёрдугаар хичээл “Монголын мандал ба Юань улсын байгуулагдсан нь” гэдэг агуулгад багтаан ярина.
Арван гуравдугаар зууны монголын мандан хүчирхэгжсэн түүхийг хураангуйлан багтаасан энэхүү хичээлд, Чингис хааны түүхэн үйл хэргийг Хятад түүхийн ерөнхий дүр зурагт багтаан ярьж, Юаньулсын байгуулагдсан ач холбогдлыг арай илүү дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Энд Чингис хааны тухай ярьсан нэг бадгийг сийрүүлбэл:
“Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн” Монголыг нэгтгэсэн нь
Манай улсын умардын монголын өндөрлөг дээр олон арвин нүүдэлчин аймаг оршин амьдарч байв. 12 дугаар зууны үед, эл аймгийн хоорондох самуундайн тасрашгүй байсан бөгөөд Алтан улсын боолчлолыг амсан, тал нутгийн ард түмэн аман тогтуунгүй байлаа. Чингис хаан яг сайхан иймэрхүү ороо бусгаа он жилд мэндэлжээ. Түүний нэр Тэмүүжин гэдэг. Нэгэн аймгийн түрүү. Тэр нэгэн салаа хүчирхэг их цэрэг ангийг зохион байгуулж, олон жилийн дайнаар дамжин ойр орчмын эл аймгийг цохин ялж Монголыг нэгтгэсэн байна. 1206 онд монголын их язгууртад их хуралдай хуралдаж, Тэмүүжинийг их хаанаар өргөмжлөн, Чингис хаан хэмээн хүндэтгэн дуудаж, Монгол улс байгуулагджээ. Үүнээс аваад монголын тал нутаг дахь урт хугацааны хямралдан байлдсан байдлыг эцэслүүлэв.
Чингис хааныг Хятадад “Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн” гэж дууддаг зуршил нь Мао Зе Дуны 1936 онд бичсэн “Цас” гэх шүлэг дэх “Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн Чингис хаан дан ганц нум тэлж бүргэд намнахыг мэджээ” гэсэн үгнээс ирэлттэй билээ. 1934–1935 оны хатуу бэрх урт замын аян дайныг амжилттай дуусгасан улаан цэргийнхэн Умард Хятадын нутагт хүрч ирэхдээ, Мао Зе Дун тус шүлгийг туурвиж, Хятадын аль олон алдарт хаадын дутагдлыг тоочин “Энэ бүхэн өнгөрчээ. Хамгийн эрхэм хүмүүс хэмээвээс, хашил эдүгээ цагийг харагтун” гэж омог бардам тунхаглажээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсний хаад (Чингис хааныг багтаана)-ын алдар цууг одоогийн хүмүүс тухайлбал Хятадын коммунистынхантай адилтгавал ялимгүй юм гэсэн үг юм. Чингис хаан зөвхөн “Нум тэлж бүргэдийг намнах” буюу цэрэг дайныг хийж чадаад, өөр бусад талаар хомстож байгаа гэсэн санаа илт харагдаж байх юм. Тоож ядсан аясаар ярьсан “Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн” гэх нэрийдэл, харин Хятад улсад Чингис хааныг үнэлэх албан ёсны нэр томьёо болж байна.
Юань улс байгуулагдсаны ач холбогдлыг зам нэвтрүүлгэ, худалдаа, тариаланг хөгжүүлсэн, Хятадын түүхэнд анх удаа мужийн засаг захиргааны дүрэм хэрэгжүүлсэн, Хятадын нутаг дэвсгэрийг урьд өмнө байгаагүй өргөн уудам болгосон (Төвд, Тайванийг жишээлж дурдсан), үндэстний нийллэгийн хөгжилтийг бий болгосон зэрэг талаар өгүүлэн буй сурах бичигт товойлгон ярьжээ.
“Хятадын түүх”-ийн хичээлээс гадна, монгол сургуульд зориулан бичсэн “Монгол үндэстний түүх” бол монгол сурагчдын монгол түүхээ сурч мэдэх чухал материал болж байна. Дээр дурдсан мэт энэхүү сурах бичгийг дээд сургуулийн элсэлтийн шалгалтад монгол түүхийг багтаасангүйгээс болж багш сурагчид чухалчлан үздэггүй тал бий.
Юу ч гэсэнь монгол сурагчдын унших боломжтой материалын хувиар, энэхүү номын агуулгыг үзвэл бас нэлээн онцлогууд харагдаж байна.
Нэг. Монголчуудын үүслийн тухай
Монгол туургатны үүслийг Хятад улсын түүхчид ердөө Дунхугаас ирэлтэй гэж үздэг нь энэхүү номд ч тусгагдаж байна. “Монгол аймаг бол Дунхугийн хойчис Ши Вэй нарын нэгэн салаа мөн. Анхандаа Мон У Ши Вэй гэдэг нэрээр түүх сударт илэрч, Эргүнэ голын өмнүүрх ой шугуйд амьдарч байжээ” (хуудас 2).
Энд Эргүнэ голыг товойлгон өгүүлж байгаа нь Хятад улс дахь монгол түүхийн судлал дахь ердийн зуршил. Эргүнэ гол нь одоогийн Хөлөн бойрт байгаа Эргүнэ гол гэж тодолдог юм. Энэ нь, монголчуудын уугуул нутгийг хэлбэл Хятад улсын нутаг дэвсгэрт байна гэсэн үг болно.
Хоёр. Чингис хааны түүхэн байр суурийн тухай
Чингис хаан Их Монгол улсыг байгуулаад, түмэн, мянган, зуун, аравны цэрэг, захиргааны дүрмийг хэрэгжүүлж, Их засгийг зарлан, Уйгуржин бичгийг хэрэглэх болсон зэрэг түүхэн үйл хэргийг ярьсны дараа хамтын үг хэл, хамтын нутаг дэвсгэр, хамтын аж ахуй, хамтын зан дадхал болон үндэстний хайр сэтгэлгээтэй монгол үндэстэн бүрэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэжээ.
Гурав. Юань улсын тухай
Юань улсын түүхэн ач холбогдлыг “Бүх Дундад улсыг нэгтгэн Тан улсаас хойших тархай бутархай байдлыг эцэслүүлж, Дундад улсын түүхэнд гараагүй нэгдсэн улсыг байгуулсан” утгаас нь тайлбарлаж байна. (хуудас 33).
Дөрөв. Орчин үеийн монгол нийгмийн хувиралтын тухай
19 дүгээр зуунаас нааших монгол нийгэм болон бусад нийгмийн харьцааг өгүүлэхдээ, хагас колони, хагас феодал гэх нэр томьёогоор Оросын нөлөө нэвчсэн Монголын нийгмийн нөхцөл байдлыг үзүүлж, Хятадын цэргийн эрхтэн мэтийн эрх баригчид Монголын газар нутгийг хагалбарлахыг эсэргүүцсэн тэмцлийг “Монгол үндэстний ард түмний феодалыг эсэргүүцсэн тэмцэл” гэж дүгнэж буй.
Тав. Монгол улсын тусгаар тогтнолын тухай
1911 огд Ар Монгол тусгаар тогтнолоо тунхагласныг ярихаас өмнө, “Аль эртнээс монгол орныг залгихаар горьдож байсан Хаант Орос болон Японы эзэрхэг түрэмгийтний өдөөлгө доор Монголын зарим ван гүн дээд давхаргатан феодалын эрх ашигаа хамгаалахын төлөө тусгаар тогтнох хөдөлгөөн явуулав” гэж тухайн нөхцөл байдлыг тодорхойлжээ (хуудас 120).
“Ар Монгол тусгаар тогтносоны дараа Өвөр Монголын хошуу чуулганд захидал ирүүлж, бүх Монгол нэгдэж, тусгаар тогтносон улс байгуулах гэж өдөөж байв. Жавзундамбын бүлгийн өдөөлгө доор 1912 оны 8–12 сарын хооронд Жирим, Зуу Уда, Улаанцав, Хөлөн бойр зэрэг чуулганы ван гүн нар хойно хойноосоо тусгаар тогтнох хөдөлгөөнийг өрнүүлэв” (хуудас 120).
“Энэ хугацаанд Японы эзэрхэг түрэмгийтэн бас ван гүн дээд давхаргатныг тэд ашиглаж, Өвөр Монголд хэдэн удаа тусгаар тогтнох хөдөлгөөнийг өдөөсөн боловч цөм ялагдлаар дуусчээ” (хуудас 121).
Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг гадаадын эзэрхэг түрэмгийтэнтэй шууд холбон, монголчуудын өөрсдийнх нь ашиг сонирхолтой хамаагүй юм шиг өгүүлсэн нь нэн онцлог болж байна. Түүнчлэн 1912–1924 оны Ар монголын тусгаар тогтнолын үйл явдал, мөн түүнээс хойших хөгжлүүдийг дурдсангүй орхижээ.
Зургаа. Улаанхүү болон Өвөр Монголын Өөртөө Засах хөдөлгөөний тухай
Улаанхүү болон бусад Өвөр Монголын хувьсгалчид 1920 оноос эхлэн хувьсгалд оролцон янз бүрийн тэмцэл өрнүүлснийг дэлгэрэнгүй өгүүлэн, орчин үеийн монгол түүхэн явц дахь хамаг чухал ач холбогдолтой үйл явдлаар үнэлсэн байна.
“Манай улсын монгол үндэстэн зуу гаруй жилийн урт хугацаанд эзэрхэг түрэмгийтний түрэмгийллийг эсэргүүцэх, Дайчин улсын хаант төр, Умардын цэргийн эрхтэн болон Гоминданы үндэсний дарлалыг эсэргүүцэх, үндэстний дотоодын феодал ангийн дарлалыг эсэргүүцэх агуу их тэмцлийг явуулж, эцэстээ Дундад улсын Эв хамт намын удирдлага доор Хятад үндэстэн болон бусад цөөн тоот үндэстний ард түмэнтэй бүлгэмдэж үндэстний дарлалын байгууллыг түлхэн унагаагаад, үндэстний орны өөртөө засахыг биелүүлэн, үндэстний чөлөөлөлтийг туйлбартай биелүүлж, монгол үндэстнээ хөгжин цэцэглэх замд оруулсан байна” (хуудас 155). Энэхүү өгүүлбэр үнэндээ Өвөр Монголын сүүлийн зуу гаруй жилийн түүхийг давамгайлах үзэл ухамсрын хараагаар хураангуйлан дүгнэж, түүхэн явцад оролцсон олон этгээдийг тодорхой үзэлт баримтлалын дагуу үнэлэн шүүмжилжээ.
Дөрөв. Хичээлийн танхимын дотно, гадна
Чингис хаан монгол түүхийн мэдлэгийг сурах бичгийн агуулгын хувиар хичээлийн танхимд сурагчдад заадгаас гадна, бас хичээлийн танхимын дотно гадна хичээлээс гадуурх үйл ажиллагааны хувиар Чингис болон монгол түүхийн мэдлэгийг сурагчид хүлээн авах тохиолдол олон байдаг. Жишээлбэл, кино, телевизээс Чингис хаан болон бусад монгол түүхэн сэдэвт бүтээлийг сонирхох, аав ээж буюу найз нөхдөөсөө сонсох, уран зохиол, зураг, дууны хувиар таашаан хүртэх зэрэг хүлээн авах боломж байдаг.
Гэр бүлийн орчин тойрон буюу хичээлийн танхим, олон нийтийн газар зэрэг янз бүрийн нөхцөл байдалд монгол түүхийн ямар нэгэн мэдээллийг хүлээн авах боломжууд нь үнэндээ монгол түүхийн утгыг тайлбарлах адил бус хэлний орчин болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн агуулгыг Хятадын үндэстэн, улсын том хүүрнэлийн бүтцэд зохицуулан өгүүлсэн байдаг бол, бусад нөхцөлд хүүрнэгдэж буй Чингис хаан болон монгол түүхийн утга нь тэр болгон ийм биш ч байж мэднэ.
Жишээлбэл, Ордост байгаа Чингис хааны онгоныг Хятадын төр засгаас “Эх оронч хүмүүжил хийх газар” гэж тогтоон, сургуулийн хүүхэд болон олон нийтийг энэхүү тахилгын газарт монгол хаант улсын түүх болон Чингис хааны үйл намтар, Хятадын түүхийн чухал агуулгаар ойлгохыг хүсэмжилсэн ч, миний хувийн ажиглалтаар бол, Чингис хааны онгон дахь тахилгын орчин дахь хаан нэн ч бурхан буюу хувилгаан сахиулсны дүрээр тухайн нутгийнхан болон хүүхэд багачуудад ойлгогдож байх нь зонхилох байдалтай (Насанбаяр 2007).
Чингис хааны тахилгад уншдаг “Эзэн сан” гэх дууг орчмын жилүүдэд Өвөр Монголын, ялангуяа Ордос нутгийн монгол сургуулиудад “Эх оронч хүмүүжил” хийх шугамын дагуу заадаг болжээ. Бурханы шашны үзэл суртал шингэсэн “Эзэн сан”-гаас нэг хэсэг сийрүүлбэл ийм байна:
Умаа хум, умаа хум, умаа хум
Зээ! Лам ядам гурван чухаг дээдээр эхлэн
Сод богд Чингис хаан дотоод нөхөдлээр
Жаргалант Сутарсун урт гаршаасаа
Заяат түшмэд ба нөхөд сэлт бүгд
Ямар бас алин энд оршсон тэнгэр лус
Рагчаа рагчаа газар усан эзэд догшид бүгд
Үйлс хүсэл хангахуйяа урин энд залар
Үйлшгүй эрдэнээр бэлдсэн тавцанд
Найман бадмын үзэсгэлэн дэвсгэрийн дээр
Найраг төгс сахиулсан их цагаан увш
Бүрэн нөхөд дотоод түшмэд ба тэнгэр лус
Бүгдээр баясаад бат суун соёрх
Ариун тахил сэтгэл лүгээ зохилдохын үүн лүгээ
Зуун амт бүрдсэн идээний дээж
Сүүний амт бүрдсэн рашааны шимээр
Сод богд Чингис хаан нөхөдлээрийг тахимуй (Сайнжаргал, Шаралдай 1983: 30–31).
Сүүлийн арван хэдэн жилд, Өвөр Монголчуудын Монгол улсад очих, Монголын хүмүүстэй харилцах зэрэг нь байнгын үзэгдэл болжээ. Өвөр Монголчууд, Монгол улсад монгол түүх соёлын тухай үзэж сонсохдоо, өөрсдийн орчинд байгаагүй өвөрмөц буюу шинэ ойлгогдохуунтай болох нь нэлээд түгээмэл болж байна. Монголд бизнесийн шугамаар хэдэн жил ажилласан нэг Өвөр Монгол найз надад “Монголын түүхийг монголд биднийхээс арай өөр хэлбэрээр ярьдаг нь, өөрийн сурсан монгол түүхийн мэдлэгээ цорын ганц үнэн гэж байсныг эргэлзүүлж, бид чухам юу сурч ямар хүн болж байгаагаа нарийн бодох хэрэгтэй шиг санагдлаа” гэж ярьсан нь нэг бодит жишээ билээ.
Ер нь Өвөр Монголчууд Хятадын үндэстэн-улсын хэлний орчинд “Дундад улс”, “Дундадын үндэстэн”, “Эх улс” зэрэг улс төр соёлын ухагдахуунаар, өөрсдийн үндэстний адилшлаа цогцлохдоо чухал орон зай гаргаж, монгол түүх болон уламжлалт мэдлэгээ энэхүү орон зайд багтаан тайлбарладаг ч, энэхүү утгын орон зай нь хэзээд хувиршгүй тогтмол бүтэц биш юм байна.
Дүгнэлт
Өвөр Монголын монгол сургуулийн сурагчид хичээлийн танхимдаа буюу хичээлийн танхимын гадна монгол түүхэнд холбогдох хичээл болон бусад үйл ажиллагаанаас сурч мэдэж болох Чингис хааны тухай ойлголт ийм хэдэн онцлогтой гэмээр.
Чингис хааны нэг насны намтар түүхийн агуулга нэлээд бүрэн бүтэн өгүүлэгдэж, Чингис хааны амьдралын өнгөрөлт явцыг үнэн мөнөөр ойлгож болох боломжтой байна.
Чингис хааны ач гавьяа, түүхэн байр суурийг тайлбарлахад Хятадын одоогийн нийгэм улс төрийн хэлний орчинд зохицуулсан талтай. Үүний улмаас Чингис хаан, монгол хаант улсын байгуулагчаас монгол үндэстний дээдэс, Хятад (Дундадын) үндэстний агуу гавьяатан болж илэрнэ.
Хичээлийн танхимын гадна, олон нийтийн газар, цаашилбал, өөр улсад Өвөр Монголчууд өөр зүйлийн хэлний орчинд хүүрнэгдсэн монгол түүхийн мэдлэгийг хүлээх боломжтой нөхцөлд Чингис хааны утга, бэлгэдэл, шинж чанар шинээр тайлбарлагддаг тал байна. Өөрөөр хэлбэл, Өвөр Монголчуудын хүн нэгбүрийн гэр бүл, нийгмийн харьцаа, амьдралын өнгөрөлт зэрэг адилгүй болоод, тэдний оюун санаанд хоногших Чингис хааны дүр тэр болгон адил биш юм. Тэр мөртөө нэг хүний оюун санаан дахь Чингис хааны дүр ч адил бус орчин тойронд адил бус болж солигдох боломж ч буй.
Ашигласан материал
- Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хорооны дунд, бага сургуулийн “Хэл, бичиг” найруулах комисс, 2005–2006, “Хэл бичиг” (бага сургууль, дунд сургуулийн 12 жилийн 24 дэвтэр), Хөххот, Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хороо
- Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хорооны дунд, бага сургуулийн “Хэл, бичиг” найруулах комисс, 2005–2006, “Унших бичиг” (бага сургууль, дунд сургуулийн 12 жилийн 24 дэвтэр), Хөххот, Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хороо
- Nasan Bayar 2007, “On Chinggis Khan: and being like a Buddha A perspective on cultural conflaition in comtemporary Inner Mongolia”, in Edited by Uradyn E.Bulag and Hildegard G.M.Diemberger (2007), The Mongolia-Tibet Interface: Opening New Research Terrians in Inner Asia, Leiden: Brill.
- Almaz Khan 1995, “Chinggis Khan: From Imperial Ancestor to Ethnic Hero”, in Steven Harrell(ed.), Cultural Encountors on China’s Ethnic Frontier, Seattle and Londo
- Хафунга, 1954, 1979
- Хасбагана, 2006, “1949 оноос нааших бага сургууль ба дунд сургуулийн хэл бичиг (монгол) найруулсан тойм байдлын шинжлэл”, Дунд бага сургуулийн сурах бичгийн судлан ярилцах хурал, Хөххот
- Мао Зе Дун, 2003, “Мао Зе Дун-ы шүлэг дууллын орчуулга тайлбарлал” (Б. Буяны монголчилго), Шваянг, Лиюүнингийн Үндэстний Хэвлэлийн Хороо
- “Монгол үндэстний түүх” найруулах дугуйлан, 2006, “Монгол үндэстний түүх”, Хөххот, Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Хэвлэлийн Хороо
- Сайнжаргал, Шаралдай, 1983, “Алтан ордны тайлга”, Бээжин, Үндэстний Хэвлэлийн Хороо \2004