UBLife Logo
-

Орос ах нараас гаралтай 7 дохио зангаа

Орос ах нараас гаралтай 7 дохио зангаа

Хойд хөршүүдээ бид сайн мэднэ. Гэхдээ тэдний зарим уламжлалт дохио зангааны учир начрыг нь сайн мэддэг бил үү? Яагаад тэд салаавч гаргаж, малгайгаа газар хаядаг юм бол?

1. Газарт малгайгаа хаях

Ямар нэг хүнд хэцүү шийдвэр гаргасан гэдгээ илэрхийлсэн дохио юм. Малгай нь орос эрчүүдийн хувьд сахалтай нэгэн адил нэр хүнд, нийгэм дэх байдлыг илэрхийлдэг зүйл байв. Олон нийтийн өмнө малгайгаа авах нь нэгэн ёсны шийтгэл, шившиг байжээ. Дээр үед өр ширэнд баригдсан хүмүүсийг ингэж шийтгэдэг уламжлал байсан. Харин сайн дураараа малгайгаа авч, газарт хаях нь тухайн хүн шийдсэн, ямар ч эрсдэлд ороход бэлэн байгааг илэрхийлдэг.

2. Шилэн хүзүүгээ маажих

Оросууд ямар нэг юманд эргэлзсэн үедээ шилээ мааждаг. Яагаад? Тархиныхаа цусны эргэлтийг сайжруулах зорилгогүй гэдэг нь ойлгомжтой. Энэ дохио ардын домог ярианаас үүдэлтэй гэдэг. Эртний Орост хүмүүс хүнд хэцүү үед энэ маягаар элэнц хуланц, өвөг дээдсээ туслахыг дууддаг байсан гэнэ.  

3. Цамцаа уран, цээж нүцгэлэх

Энэ дохио анх гарахдаа ямар нэг тангараг өргөх ёслол байсан бололтой. Эртний оросууд цамцаа уран, цээжин дэх загалмайгаа харуулан, Үнэн алдартны шашинтан гэдгээ харуулдаг байсан гэсэн таамаглал ч бий. Цаазаар авах үеэр ялтны цамцыг урж, цээжийг нийтэд харуулдаг байсан талаар түүхэн сударт бичсэн байдаг. Харин хүн сайн дураар цамцаа уран, цээж задгайлах нь тухайн хүн өөрийн зөв гэдгээ батлан тангараглаж, буруудсан тохиолдолд шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ харуулж байгаа аж.

4. Цээжээ цохих

Энэ дохиог монголчууд Орост оруулж ирсэн, нүүдэлчний цэрэг дайны ёслолын нэг гэж түүхэн номонд бичжээ. Сударт дурдсанаар талын нүүдэлчид ийм маягаар эзэндээ тангараг өргөдөг байж. Цээжээ цохих нь тухайн хүний үнэнч шудрага зүтгэлийг харуулдаг.

5. “Ямаа”

Эврийг дүрсэлсэн энэ дохиог гэмт хэрэгтнүүдийн “Нүдийг чинь сохлоно шүү” болон металл хөгжим сонирхогчдын зангаатай холбоотой гэж үздэг нь буруу юм. Үнэндээ “ямаа” бол хэдэн мянган жилийн өмнө үүссэн дохио. Сүнс, чөтгөрөөс хамгаалах эртний дохио юм. Эцэг эхчүүд хүүхэддээ ямаа яаж мөргөлдөж байгааг харуулан, чигчий, долоовор хуруугаар үзүүлдэг байсан нь жирийн нэг тоглоом биш хүүхдээс хар, цагаан хэл амыг холдуулах арга, дом байлаа. Эртний Грекийн уран илтгэгчид энэ дохиог байнга ашигладаг байсан нь сургаал, сургамж гэсэн утгатай байжээ.

6. Салаавч

Салаавч олон улсад өргөн түгсэн дохио ч Орост хамгийн их хэрэглэгддэг. Эртний Орост энэ дохиог анх худалдаачин германууд оруулж иржээ. Тэд энэ бүдүүлэг дохиогоор орос бүсгүйчүүдийг урхидан, эргүүлдэг байв. Салаавч нь Германы fick-fick machen хэмээх дотнын харилцаанд орохыг урьсан үгнээс гаралтай гэдэг таамаглал ч бий. Харин Орост салаавч нь эрс татгалзаж байна гэсэн утгатай.

7. Хоолойгоо няслах

Ууж наргихийг уриалан дуудсан энэхүү орос дохио анх XIX зуунд үүссэн байна. “Зангианыхаа араар хийх” гэдэг хэллэгээс үүссэн. Тэр үеийн Оросын армид ууж, иддэгээрээ алдартай байсан хурандаа Раевский энэ дохиог гаргажээ. Николай II хааны үед хуурай хууль буюу архи, дарсыг хориглох зарлиг гарахад архи шаглан зарагчид хоолойгоо няслан, архи зарж байгаагаа хүмүүст мэдэгддэг байв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
26
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.