
Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад энэ сарын 21-нд цагдан хорьсон байна. ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх төслийг “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.доллараар санхүүжүүлснээс нэг сая долларыг Эрчим хүчний дэд сайдаар ажиллах хугацаандаа Д.Доржпүрэв хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа аж. БНХАУ-ын "Human industrial equipment installation" компанитай сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж, гэрээний дагуу 35 сая ам.доллар шилжүүлснээс Д.Доржпүрэв нэг саяыг өөрийн өмчлөл дэх “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсныг нь мөнгө угаасан үйлдэл хэмээн сэжиглэх үндэслэл болжээ.
Д.Доржпүрэв нь АН-ын Төв аймгийн хорооны дарга бөгөөд УИХ-ын 2008, 2012, 2016 оны сонгуульд Төв аймагт нэр дэвшиж байсан. “Фин сервис” ББСБ-ыг үүсгэн байгуулагч. 41 настай, эхнэр, гурван хүүхэдтэй аж.