Энэ жилийн “Universe best songs” наадамд “таньдаг” царай маш олон харагдана. Наадамд дөрөв дэх удаагаа хүчээ сорьж буй нэгэн оролцогч энэ удаа солонгос дуу сонгосон боловч сандарсан, өөртөө итгэлтэй дуулаагүй, урьдахаас өөрчлөгдөөгүй гэж шүүгчдэд зэмлүүлэн ахиад л эхний шатандаа бүдрэв. Шүүгчид дуу нэгтэйгээр “Чи дөрвөн жил оролцож байж яг нэг хэвээрээ, ерөөсөө ахиагүй байна” гэцгээснээр түүний оролдлого ахиад л бүтэлгүйтэв. Гэвч үнэн гэвэл тэмцээн өөрөө ч бас энэ хугацаанд огт өөрчлөгдсөнгүй.
Уйтгартай шүүгч нартай, тэд нь нэг л юмаа ярьдаг, орчин үеийн хөгжмийн зах зээлийн талаар өөрсдөө мэдлэг багатай. Шинэ нэвтрүүлгээ өмнө нь уг наадамд оролцож байсан залуусаар хөтлүүлж буй нь нэг л үлбэгэр, амтгүй. Дээр нь энэ төрлийн шоуны арга барил уйтгартай болж, ижил сценаритай дэлхийн бусад шоу үзэгчээ алдаж байгааг ч анзаарсангүй бололтой.
“Universe best songs”-ийн санаагаа анхлан авсан “American idol” анх Америкийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болж, шуугиулж байв. Саймон Коуэлийн нэрийг мэдэхгүй хүн байдаггүй, түрүүлээгүй дуучин нь хүртэл од болж, хөгжмийн ертөнц Келли Кларксон, Кэрри Андервуд, Женнифер Хадсон зэрэг чадалтай дуучдаар бүл нэмсэн. Тэд одоо ч шуугиулсан хэвээр. Гэтэл Английн “X-Factor” шоу гарч ирж, шүүгчид нь оролцогчдоо дасгалжуулдаг хэлбэрт шилжсэн нь шинэлэг, сонирхолтой санаа байсан тул “American idol” –д хүнд цохилт болж, тэрнээс хойш уг нэвтрүүлэг эрчээ алдсаар өнөөдөр дурсдаг хүн ч үгүй болсон. Улмаар өнгөрсөн жил шоуг дахин зохиохгүй гэдгээ мэдэгдэж, үүдээ барьсан.
Дараа нь арга хэлбэрийн хувьд нэн сонирхолтой “Voice” шоу гарч “American idol”-ийг ч, “X-Factor”-ийг ч бут ниргэж, өнөөдөр Америкийн төдийгүй дэлхийн хамгийн олон үзэчтэй шоуны нэг болсон байна. Уг шоу удахгүй Монголд гарах гэж буй.
Өдгөө “Universe best songs” нэвтрүүлэг яг л “American idol”-той нэгэн адил нэр хүнд нь буурсаар байна. Монголын хөгжмийн зах зээлд жилд 15 хамтлаг, дуучин нийлүүлдэг ч тэднээс нь анхны ялагч Ч. Цэлмүүн, А.Хишигдалай хоёроос өөр амжиттай яваа хүн алга. Түүнтэй харьцуулбал “Making the band” нэвтрүүлгээс төрсөн хамтлагууд харьцангуй амжилттай байж мэдэх шүү.
“Universe best songs”-ийн өмнөх ялагчид одоо хаана явааг хэн ч мэдэхгүй. Нэвтрүүлгийн үр дүн нь ч сулын жишээ энэ.
Эх хэлээрээ л биш бол хаанахын ч хамаагүй дуу дуулж болдог, дэлхийн өөр хаана ч байхгүй “Universe best songs” тэмцээн өдгөө 10 дахь жилдээ зохиогдож байна. Харин хүмүүс нэг их анзаарсангүй. “Энэ тэмцээн одоо хүртэл болсоор байгаа юм уу?”, “Universe best songs”-т ороогүй хүн үлдсэн юм уу” л гэж хайнгадуухан асууж байна. Анхны жилийн ялагчийн нэр гэтэл тэр үед хүн бүрийн ам дамжиж байлаа. Энэ удаа тэгсэнгүй. Энэ шоу хэдийнэ улиг домог болсон гэдгийг UBS-ийнхэн хэчнээн цаг хугацаа, орон зай туулж ойлгохыг бид таашгүй нь бололтой.
Шинэчлэлт хийхгүй бол ядаж Монголын нэг шинэ үе бойжтол түр хүлээх хэрэгтэй биш үү. Нэгэнт эхлүүлсэн энэ шоугаа хийж яваад, нэг хэсэгтээ завсарлахгүй бол одоо сүүлдээ оролцох ч хүнгүй болох нь.