“Баянзүрх” хүнсний захад үхрийн мах хамгийн хямд байна
Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллийг хүргэж байна.
Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллийг хүргэж байна.
Махны үнэ
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буюу 200 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.7 хувиар буюу 60 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1 хувиар буюу 65 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ 4.6 хувиар буюу 310 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
“Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, I гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 3-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 0.7 хувиар буюу 10 төгрөгөөр буурч, харин лууван 5.7 хувиар буюу 55 төгрөг, байцаа 32.7 хувиар буюу 420 төгрөг, хятад сонгино 2.8 хувиар буюу 35 төгрөгөөр тус тус өссөн байв.