"Bullet Journal" гэж юу вэ?
Сүүлийн үед “Bullet Journal” буюу хувийн төлөвлөгөөний дэвтэр хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа билээ. Өнгө үзэмж сайтай, хараад л бичсэн ажлуудаа үр дүнтэйгээр хийх сэдэл төрөх “Bullet Journal”-ийн талаар судалж мэдээд өөрийн гэсэн хөөрхөн дэвтрийг бүтээх аргыг бэлдлээ.“Bullet journal” нь аливааг төлөвлөж хийх дуртай, бичиж, зурах сонирхолтой хүн бүрт таалагдах болно. Тэмдэглэл, хийх ажлын хуваарь, бусад төлөвлөгөө бүгдийг нэг дор тэмдэглэнэ гэсэн үг.Энгийн нэг төлөвлөгөөний дэвтэр, тэмдэглэлийн дэвтэр биш өөрийн хүссэн өнгө загвараар өөрчилж бичсэнээр таны гоёмсог дэвтэр бэлэн болно.
“Bullet journal”-г хэрхэн хийх вэ?
Хамгийн хялбар аргаар өөрийн гэсэн дэвтэртэй болох аргыг сонирхуулая. Илүү ойлгомжтой байлгах үүднээс 5 дугаар сарын төлөвлөгөөг зургаар орууллаа.
1. Юуны өмнө танд ямар ч хамаагүй тэмдэглэлийн дэвтэр, 2 өнгийн үзэг, шаардлагатай бол тодруулагч хэрэгтэй.

2. Эхний хуудсанд тухайн сарынхаа нэрийг их гоёоор зохиомжлон бичээрэй.
3. Дараагийн 2 хуудсанд тухайн сарын ерөнхий төлөвлөгөөг бичнэ.
4. Тэгээд тухайн сард дадал болгохыг хүссэн зуршлын хүснэгт гаргана.
5. Араас нь залгуулаад өдөр бүрийн төлөвлөгөөгөө бичнэ.
6. Хүсвэл өөрийн дуртай сэдвийн дор шинэ хуудас нээж болно.
Сар дуусаад дараагийн сараа энэ маягаар эхлүүлээд явна. Хийсэн зүйлсдээ дүгнэлт хийгээд байх боломжтой тул үр дүнтэй. Хийх ажлаа төлөвлөх нь зорилгодоо хүрэх бодитой алхмуудын нэг болно. Тиймээс үр дүнтэйгээр хийж чадвал, цаг хугацаагаа зөв ашиглаж зөв дадал сууж олон зүйлийг амжуулж сурна.
Танд амжилт хүсье!
Нийтлэл бэлтгэсэн: Г.Халиун
