“Нарийхан, бядгүй хөлтэй амьтан юм” гэсэн бодол зурсхийх зуур “басамжилсан” бодлыг минь няцаах мэт яах ийхийн зуургүй Мэнэнгийн талаар давхиад өнгөрөх цагаан зээр. Их л сонин амьтан юм гээч! Харахаар өрөвдөх, хайрлах, бахархах сэтгэл давхцана. Цагаан зээр цагт дунджаар 70 км хурдалдаг амьтан аж. Дорнын уудам тал, ухаа толгодоор идээшилж, 20-30-аараа, зарим үед 5000 хүртэлх толгойгоор сүрэглэн бэлчдэг байна. Хялгана, шаваг, хазаар өвс, үет ургамлаар хооллодог цагаан зээр энэ жил харангадаж үхэх аюулд өртсөн тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл болон хэсэг сэтгүүлч хамтран Дорнод аймгийг зорьж, газар дээр нь очин, бодит байдлыг сурвалжиллаа.Дорнод аймагт Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тэргүүтэй тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Цаг уурын газар зэрэг холбогдох албан газруудын ажилтнууд нөхцөл байдалтай танилцан, шуурхай ажиллан зээрийн сэг зэмийг устгах, ариутгах ажлыг эрчимтэй хийж байв. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох хүмүүст шуурхай заавар өгч байсан юм. Түүний хэлснээр цаг агаар эрчимтэй халж байгаа нь зээрийн харангадах гол шалтгаан гэж тайлбарласан. Зургаадугаар сарын сүүлчээр зээр төллөдөг учраас туниа муутай шаргачин, янзага эндэх нь элбэг гэнэ.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас зургаадугаар сарын сүүлч, долоодугаар сарын эхээр зүүн зүгийн нутгаар аагим халуун үргэлжилнэ хэмээн мэдээлсээр байсан. Байгалийн гамшигийг амьтан байтугай хүн ч сөрөхөд бэрх байна. Аагим халуун эдгээр өдрүүдэд цөөрөм, тойром нь ширгэж, хужир нь цайран харагдана. Үүнийг нь ус хэмээн андуурч цөөрөмд орсон зээрнүүд шаварт шигдэж үхсэн тохиолдол цөөнгүй байлаа. Нөгөө хэсэг нь авто замын хажууд амь тавьжээ. Холоос харахад авто зам зэрэглээтэн гол, ус мэт харагддаг бололтой. Харин үлдсэн хэсэг нь шонгийн модны сүүдэр хэсэг, гүүрэн гарцны дор сүүдэрлэн хэвтээд амьсгал хурааж. Зээрнүүдийг эцэслээд удсан эсэхийг гэдэс нь хэр хөөснөөс бэлхнээ харж болно. Ооно, шаргачин, төрөөд удаагүй нялзрай янзага гээд л нэг сүргийн зээрнүүд гулдайн унажээ.
Дорнод аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантулга “Сансрын хиймэл дагуулаас авсан зургаас үзэхэд манай аймаг ерөнхийдөө гантай байна. Зээр харангадаж үхсэн тухай эхний мэдээлэл зургаадугаар 28-нд ирсэн. Бид тус өдрөөс сумдад албан тоот хүргүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болгосон. Зургаадугаар сарын 29-нөөс эхлэн хоёр удаа ажлын хэсэг гарч, газар дээрээс нь ажилласан. Нутгийн бүх хэсгээр зээр үхсэн үү гэвэл үгүй. Юутай ч зээрнүүдийн сэг зэмийг арилгаж, халдваргүйжүүлж байна. Мөн дээж авч, Улаанбаатар луу явуулсан. Голдуу тэнхээ тамир муутай шаргачин, янзаганууд амь тавьсан бол бусад нь нүүдэллэж, Тосон хустай, Зүүн гол зэрэг нуур цөөрөм ширгээгүй газарт хүрч байна гэсэн мэдээлэл ирсэн. Шувууд харангадаж үхсэн тохиолдол гараагүй байна” гэж мэдээллээ.
Дорнод аймаг 700 мянга орчим зээртэй юм байна. Энэ зун тус аймгийн Халх голын баруун хойд хэсэг, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын заагаар зээр олноороо харангадаж үхжээ. Долдугаар сарын эхэн гэхэд 400 гаруй зээр үхсэн мэдээтэй. Гэхдээ тэднийг үхлээс аварч, усан сан байгуулах, ширгэсэн цөөрмийг усаар хангах буянтай үйл хэрэг хийж буй хэсэг залуус бий. Эдгээр залуус хэчнээн зээрийн амь амьдралыг аварч байгааг тоолох аргагүй билээ. Та бүхэн санаж магадгүй. Хэдхэн хоногийн өмнө усгүйдэж, харангадах шахсан зургаан хунг аварч, жижигхэн хиймэл нуур бэлдэж өгсөн залуусын мэдээлэл цахим ертөнцөд нэлээд тархсан. Энэ сайхан буянтай ажлыг хийж, олон амьтны амийг аварч яваа хамт олон бол “Дорнын их гэгээ”, “Томо бюлдинг” компанийнхан юм. Дорнодод өдөртөө 30-35 градус халж, хөрсөн дээрээ бараг 40 градус гарч байгаа учир ховорхон байдаг цөөрмийн ус ширгэж, шавар нь үлдсэн учир зарим зээр цөөрөм дээрээ ирж, шигдэж үхсэн тохиолдол нэлээд байв.
“Зээрийн төл болохоор нь Зэмби гээд нэрлэчихсэн юм” гэж харангадаж үхэхээс аварсан янзаганы тухай “Дорнын их гэгээ” компанийн захирал Б.Маргад-Эрдэнэ сэтгүүлчдэд сонирхуулан явав. Зэмбигийн ижил сүрэг нь аагим халуунд харангадаж үхсэн аж. Түүнтэй хамт 2 янзагыг тус компанийнхан аврахаар кемпдээ авчирсан ч ганц амьд үлдсэн нь Зэмби. Тэр одоо хүмүүстэй ижил дасал болжээ. Өхөөрдөм жижигхэн сүүлээ годогнуулан савтай уснаасаа ууж, хүн бүрийн хайр энхрийлэлд багтсан кемпийн “маамуу” гэхэд хилсдэхгүй. Ус уух хувьтай амьтан юм санж.
Мэнэнгийн талаар сурвалжилга хийн явах зуур машины агааржуулагч нэн тустай байсныг онцлох хэрэгтэй болов уу. Машинаас буумагц бүгчим агаад эгээтэй л саунд суух мэт санагдаж, хотоос яваа бид халуун байгааг гайхашран ярихад нутгийн хэдэн залуус “Хннн, энэ юу ч биш. Тэнгэр бүрхэг сүүдэрлэх газартай явна. Харин ч “хөөрхөн” өдөр ирчихээд” хэмээн доогтойхон инээхэд бидэнд илүү хэлэх үг олдсонгүй.
2010 оноос эхлэн Дорнодын Тамсагийн талбайд үйл ажиллагаа явуулж буй технологийн тээврийн “Дорнын их гэгээ” компанийн захирал Б.Маргад-Эрдэнэ “Ойрд халалт ихсэж байгаа энэ үед манайх нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр нүүдлийн шувууд болон хээрийн зэрлэг амьтдад зориулан тав дахь усан сангаа байгууллаа. Өмнөх жилүүдэд Тамсагийн сав газарт ингэж айхтар хуурайшиж, халж байгаагүй. Усан сан байгуулах газраа сумдын болон аймгийн Байгаль орчны газар, “Петрочайна”-гийн ажилтнуудтай хамтарч сонгодог. Цаашдаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад усан сан нэмж байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь гал түймэр гарахад, ган гачиг болоход “Петрочайна Дачин Тамсаг” компанитай хамтран ажилладаг хятад компаниуд болон үндэсний компаниуд үргэлж хамтран ажилладаг. Гэхдээ зарим Хятадын хөрөнгө оруулалттай монгол компаниуд бүх зүйлийн ард хоцорч, монголчуудын тухтай ажиллаж, амьдрах нөхцөл байдлыг уландаа гишгэх байдал нэлээд бий. Энэ асуудалтай бид холбогдох шат шатанд нь тэмцэнэ гэж боддог” хэмээн муу сайн мэдээллээ илэн далангүй хуваалцсан юм.
Нэг усан санд том, жижгээс хамаарч 25-50 тонн ус ордог аж. Уснаас гадна газар ухах машин, техникийн түлш, шатахуун зэргээс эхлэн хэдий хэр хөлс, хүч орж байгааг тооцох аргагүй юм. Угаас хүний сэтгэлийн үйлийг мөнгөөр хэмжих боломжгүй гэлцдэг шүү дээ. Байгаль эхийн өмнө хэн хүнгүй хүчин мөхсдөх хэдий ч байгаа боломж бололцоогоо ашиглан буян үйлдэх хүмүүс цөөнгүй гэдгийг тэд баталсан билээ. Цаг агаарын гэнэтийн халалтад өртөж 400 гаруй зээр үхсэн ч үлдсэн хэд нь нуур тойромдоо хүрчээ. Дорнын их талдаа дураар давхи, давхи зээрийн сүрэг минь!