UBLife Logo
-

О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга, АН хоёр намайг дөрвөн жил ажил хийлгэсэнгүй

UBLife
UBLife
О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга, АН хоёр намайг дөрвөн жил ажил хийлгэсэнгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

Би ирц бүрдүүлэх гэж УИХ-д суудаггүй

-Таныг Бүлэгтээ үлдэх шийдвэр гаргаж дээ гэж бодож байтал дахиад Бүлгээсээ гарч магадгүй гэсэн мэдээлэл хийсэн байсан?

-МАХН Ногоон намтай эвсэж сонгуульд оролцоно гэж ярьж байгаа биз дээ. Тийм л юм бол тэр намдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ногоон намын үндсэн бодлого нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булшлуулахын эсрэг шүү дээ. Би Ногоон намын дарга руу утасдаж “Танай намын байр суур ямар байгаа вэ. Та нарын хувьд МАХН-тай эвсэх нь чухал уу, цөмийн хог хаягдал булшлуулахгүй байх нь чухал уу” гэж асуухад, “Цөмийн хог хаягдлыг булшлуулахгүй байх нь чухал” гэсэн. Тэгээд би “Ногоон намынхан ийм байр суурьтай байна аа. “Шударга ёс” эвсэл, ялангуяа МАХН-ынхан ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшлах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж байгаа энэ асуудалд оролцож болохгүй. Хэрэв үүнд нь оролцвол миний хувьд ийм эвсэлтэй хамт яваа нь ичгэвтэр асуудал болно. Бид ирээдүйгээ харсан улс төр хийх ёстой. Бид ирэх сонгуульд “Шударга ёс” гэдэг нэрээр орохгүй. МҮАН-ын дарга М.Энхсайхан “Бид МАХН-тай сонгуульд хамтарч орохгүй” гээд зарлачихсан. Буцах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Бидэнтэй хамтрахгүй хүмүүстэй нийлж, энэ асуудалд оролцоод хэрэггүй” гэсэн санаагаа илэрхийлсэн юм.

-Тэр конвенцид нь булшилна гэсэн заалт байгаа юм уу. Харин ч булшлуулахгүй гэсэн конвенц юм биш үү?

-Би нарийн судалсан хүн биш ч цөмийн хог хаягдалтай холбоотой асуудлыг гайгүй сайн мэднэ. 2012 онд Японы хэвлэлийнхэн Монголд ийм юм болох гээд байна гэж анх гаргаж тавьсан шүү дээ. Тэгэхэд би өмнө нь Японы ЭСЯ-ны хуулийн зөвлөх байсны хувьд, Монгол-Японы парламeнтын бүлгийн дэд даргын хувиар Японд очиж, энэ чиглэлийн мэргэшсэн хүмүүстэй уулзаж байлаа. Намынхаа Чука ахаас (О.Чулуунбат агсан) мэдээлэл авч байсан.

Хоёр конвeнц нь бол зүгээр юм. "Гуя дагаж хүзүү" гэдэг шиг, эдний яриад байгаа цөмийн аюулгүй байдалд анхаарсан, цөмийн зэвсэг хийхгүй гэсэн хоёр конвeнцийг дагуулаад “1994 оны цөмийн хаягдлын мeнeжмент хийх конвeнц” гэдгийг оруулаад ирсэн. Энэ конвeнцид цөмийн цахилгаан станцтай улсууд нэгддэг юм. Одоо 60-аад улс нэгдчихсэн байгаа. Арваад орон нэгдэх үү, яах вэ гэдгээ ярилцаж байгаа. Цөмийн станцтай улсууд ихэвчлэн их гүрнүүд байдаг. Цөмийн хаягдлаа хааш нь хийх вэ гэдэг нь дээрх улсуудын толгойны өвчин болоод байгаа байхгүй юу. Далайд хадгалдаг байснаа далайн амьтдад нөлөөлж байна, эргээд хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж байна гэж үзсэн. Тэгээд хаана хадгалах вэ гэж янз бүрийн арга зам хайсан. Хамгийн аюулгүй нь хиймэл дагуулаар тээвэрлэж, сансарт гаргаж хаях байсан ч энэ нь асар их өртөгтэй. Тийм учраас манайх шиг буурай улсыг онилдог.

Том гүрнүүдийн лообийгоор янз бүрийн конвeнц батлагддаг. Их гүрнүүд буурай улс орнуудыг ч лообийдож конвeнцдоо оруулна. Тэгэхээр олон улсын конвeнц бүхэн сайн гэж ойлгож, үг дуугүй дагаж ороод байж болохгүй гэсэн үг. Монгол Улс гуравхан сая хүн амтай, 1.5 сая ам км нутагтай. Том гүрнүүдэд энд амьдарч байгаа хүн нь сонин биш, газар нутаг нь л сонин. Энэ концeнцийн хамгийн ноцтой нь “Цөмийн хог хаягдлыг үүссэн газарт нь булшилна” гэсэн байгаа юм.

Хэн нь үнэн ярьж байгаа нь мэдэгдэхгүй байгаа үед аль нь үнэн бэ гэдгийг ялгахын тулд үйлдлийг нь сайн ажиглах хэрэгтэй. Хүмүүс эсэргүүцсэний хүчинд Засгийн газар цөмийн хог хаягдал хилээр оруулахыг хориглох хууль өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцэх гэж байна. Бод доо. Булшлуулахгүй гэсэн конвенц байсан бол юу гэж ийм хууль санаачлах юм бэ. Тэр чигээрээ л зүтгэнэ шүү дээ. Булшлуулна гэсэн юм байгаа учраас, хүмүүс үүнийг нь хэлэхээр хууль санаачилсан хэрэг. Үүнийг хараад баяртай л сууж байна.

-Та ээлжит бус чуулганы нээлтэд оролцохгүй байгаа гишүүдийн нэг. Тэгэхээр одоо хуралдаандаа оролцоно гэсэн үг үү?

-Ирц нь бүрдэхээр нь орно.  Би ирц бүрдүүлэх гэж УИХ-д суудаггүй. Ирцээ бүрдүүлж, чуулганаа нээх нь АН-ын үүрэг. Ирцээ яаж 100  хувь бүрдүүлдгийг өмнөх ээлжит бус чуулганаар АН-ынхан харуулсан. Одоо дахиад түүнийгээ харуулах байлгүй. Би бол ирц бүрдэнгүүт нь орж үгээ хэлнэ.

-Чуулганд суух нь УИХ-ын гишүүдийн ажил, ирц бүрдүүлэх нь 76 гишүүний үүрэг юм биш үү?

-Бид улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан гэдэг нь улс төр хийх ёстой гэсэн үг. Бид Төрийн ордондоо ирэхгүй, морио уралдуулаад, бөхөө барилдуулаад явж байгаа бол өөр хэрэг. Ажил эхлэх цагтаа ирээд, та бүгдэдээ харагдаад, яагаад орохгүй байгаагаа тайлбарлаад сууж байх нь ажлаа хийж буй нэг хэлбэр шүү дээ. Чуулганд сууж байж л ажлаа хийж байгаад тооцогдоно гэсэн юм байхгүй. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлыг эсэргүүцэх, дэмжихгүй байх эрхтэй. Чуулганы нээлтэд оролцохгүй байгаа нь эс үйлдлээрээ эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн хэрэг. УИХ-ын нэгдсэн чуулганы ирц 39 гишүүнээр бүрддэг. Ороод эсэргүүцлээ илэрхийлж, эсрэг санал өгч болно л доо. Гэхдээ 30 нь дэмжиж, eс нь эсэргүүцээд, хэлэлцэж буй асуудал батлагдах нь тодорхой байхад орж ирц бүрдүүлж, чуулган эхлүүлнэ гэдэг хариуцлагагүй алхам. Сая би орохгүй байснаар АН цөмийн хог хаягдал булшлуулах гэж байснаа хүлээн зөвшөөрч, хууль санаачилж, өргөн барилаа шүү дээ.

УИХ-ын гишүүнийг намаа сольсны төлөө эргүүлэн татдаг хууль байхгүй

-Тантай үзэл бодол нийлдэг, олон зүйл дээр дөрөө харшиж улс төр хийсэн УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар “Шударга ёс” эвслийн бүлгээсээ гарчихлаа. Та бүлэгтээ үлдэхээр шийдсэн үү?

-Би Бүлгээсээ гарахгүй шүү дээ. Гарахаар байсан бол аль дээр гарчих байсан. Бүр гурван сарын өмнө би “Энэ хоёр гарах гээд байна. Би гарахгүй гээд байна” гэж хэлж байсан шүү дээ. Бүлгээс гарч болно. Гэхдээ Бүлгээс гараад ямар үр дүнтэй вэ гэдгийг бодох ёстой. Аль дээр, Дубайн гэрээний тухай ярьж байхдаа гарч болох л байсан. Засгийн газрыг унагах асуудал өргөн бариад, Бүлгийнхэн бидний эсрэг ажиллахад гарахгүй яасан юм бэ. Тэгэхэд гараагүй байж бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёрхон сар үлдээд байхад Засгийн газрыг тогтворгүй болгож болохгүй шүү дээ. Бид сайн ч, муу ч тангараг өргөсөн төрийн түшээд, төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд. Улсаа нурааж уралдаад яах вэ дээ. Би Ч.Сайханбилэгт хайртай болчихоод ингээд байгаа юм биш. АСEM болох гэж байна.

-Тэднийг аль дээр гарах гэж байхад нь та шийдвэрээ гаргахгүй хүлээлгээд байсан юм биш үү?

-Тэд л О.Баасанхүүг хүлээгээд байна гээд байсан.

-Бүлгээсээ гарахгүй гэж шийдсэн нь жагсаалтаар УИХ-д орж ирсэнтэй чинь холбоотой юу?

-Үгүй.

-Таныг эвслээс гарвал эргүүлж татаад, дараагийн хүнийг чинь оруулаад ирэх эрх намд чинь бий биз дээ?

-УИХ-ын гишүүнийг намаа сольсны төлөө эргүүлэн татдаг хууль байхгүй. Тийм зохицуулалт байсан бол олон хүнийг эргүүлэн татах байсан. Тийм хууль байдаггүй учраас яаж ч чадахгүй байгаа юм. Монголын төр мөнх. О.Баасанхүү гэдэг хүнийг ийм шалтгаанаар эргүүлэн татлаа гэхэд цааш цаашдаа ийм хууль бус жишиг тогтоод явчихна.

-Бүлэгтээ үлдээхийн тулд намайг бүлгийн дарга болго, эсвэл сул байгаа Эрүүл мэнд, спортын сайдад зүтгүүл гэж шантааж хийж явна гэсэн мэдээлэл гадуур байгааг та харсан байлгүй. Та тийм зүйл ярьсан юм уу?

-Би Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайд бол гэсэн ч болохгүй гэдгээ хэлчихсэн юм. Сайдад дургүйдээ ч юм уу, тэр албан тушаалаас айж сүрдсэндээ, ажиллаж чадахгүй гэж бодсондоо тэгж хэлээгүй. Зүгээр, Ч.Сайханбилэг гэдэг Eрөнхий сайд байгаа учраас орохгүй гэж байгаа юм. Түүнийг огцруулна гээд явж байсан хүн “Сайханбилэг ах аа, та ямар гоё юм бэ” гээд суух уу. Ёс зүйн хувьд ч, хууль зүйн хувьд ч дэмий. Бид бас жудаг, хэм хэмжээ гэдэг зүйлийг харуулж байх ёстой. Бүх зүйл дээр улс төр бохир байх ёстой гэсэн зарчим баримталж явж болохгүй. Тийм учраас би сайд болохгүй гэж хэлээд байгаа юм.

-Бүлгийн дарга болох хүслээ бол та нуудаггүй шүү дээ?

-УИХ-д долоон суудалтай намд Бүлгийн даргаа авах эрх байна биз дээ. Бүлгийн даргаа авах эрхтэй юм бол хэн авах вэ гэдэг асуудал гарна. Давхар дээлгүй хүн байх ёстой.

-Давхар дээлгүй гэхээр та л болж таарна шүү дээ?

-Д.Тэрбишдагва дарга бид хоёр давхар дээлгүй. Д.Тэрбишдагва дарга бол 2017 оны Eрөнхийлөгчийн сонгуульд сойгдож болохоор хүн. Ингэхэд намайг намдаа ажиллая гэхээр та нар намынхаа ажлыг хийж болохгүй юм шиг яриад байх юм.

-Үгүй шүү дээ.

-Намын ажлыг хоёр янзаар хийж болно. УИХ-д суугаад хийж болно, намын байранд суугаад хийж болно. УИХ дахь намын ажлыг хийхийн тулд Бүлгийг би ахлаад явах ёстой. МАН, АН-ын өөдөөс чанга дуугарч чадах нь хэн юм бэ. Би л байдаг биз дээ. Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцэхэд Д.Тэрбишдагва дарга яагаад 39 дэх гишүүн болж, ирц бүрдүүлж байгаа юм бэ. Түүнд дарамт ирсэн байх. Надад ч гэсэн тийм дарамт байдаг. Би өөрийн зөв гэж бодсон талдаа л ордог.

Би намынхаа ажлыг хиймээр байна л гэж хэлээд байгаа юм. Ингэснээрээ эрх мэдэл хөөцөлдөөд байгаа юм биш. Бүлгийн дарга гэдэг эрх мэдэл биш. Та нар намайг яагаад Бүлгийн дарга болохыг хүсээд байгааг сонирхож байхаар яагаад Бүлгийн дарга болгохгүй байгааг л сонирхмоор юм.

 

-Яагаад болгохгүй байгаа юм бэ. Намынхан чинь л намын чинь ажлыг хийлгэхгүй байгаа юм биш үү?

-Н.Алтанхуяг Eрөнхий сайд байхдаа “Ардын нам, АТГ хоёр намайг ажил хийлгэхгүй байна” гэж хэлж байсан юм. Түүн шиг намайг УИХ-ын гишүүн болсноос хойш дөрвөн жил Н.Энхбаяр дарга, Ардчилсан нам хоёр ажил хийлгэсэнгүй. Би дөрвөн жилийнхээ ажлын тайланг гаргаж байна. Тайлангаа харж байхад Н.Алтанхуяг даргын үг санаанд ороод байгаа. Ардын нам, АТГ хоёр түүнийг Eрөнхий сайд биш, хэн ч биш болгож, улс төрийн карьeрыг нь үгүй хийсэн бол Н.Энхбаяр дарга, Ардчилсан нам хоёр намайг гудамжинд гаргахын түүс болчихсон яваа нь дөрвөн жилийн ажлын тайлангаа эмхтгэж байхад харагдаж байна. Хар л даа. Тойрогт ч тухтай ажиллаж болохгүй, намын ч дэмжлэг байхгүй л явж байна. Болбол болно биз, болохгүй бол тэр л биз гэж бодож яваа. Гэхдээ МАХН-ын эгэл жирийн гишүүдийн 90 хувь нь намайг хайрладаг, надад сайн байдаг. Олон хүн надтай уулзах гэж зорьж ирдэг. С.Дашдондог гэдэг хүн нь намайг танина, Г. Шийлэгдамба нь тeлeвизийн ярилцлагад орохын өмнө надтай уулзсан. Л.Цог нь надтай ойрхон байна. Н.Энхбаяр даргын дайсан гэж нэрлээд, гомдоод байгаа хүмүүс надтай уулздаг. Яагаад гэвэл би яг дунд нь байдаг юм. Хүмүүсийн яриаг сонсож, үйл явдлын өрнөлийг харж байхад гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг үг санаанд ордог. Аль алиндаа л байгаа юм.

Н.Энхбаяр даргыг үхтэлээ өмөөрч явсан. Oдоо ч өмөөрч байгаа. Хойшид ч өмөөрөх байх. Яагаад ингээд байгааг нь ойлгохгүй сууна

-Ардчилсан нам ч яахав гэхэд Н.Энхбаяр даргатайгаа та яагаад иймдээ тултал муудалцчихсан юм бэ?

-Яагаад Н.Энхбаяр даргыг, Ардчилсан намыг гомдоосноо би мэдэхгүй байгаа. 1994-2011 он хүртэл би Ардчилсан намын гишүүн байсан. Ардчилсан намынханд нэг их муу юм хийгээгүй. Зарим нэг хүн  Ч.Сайханбилэгтэй уулзаад “Баасанхүү манай фракц шүү”, Х.Баттулга дээр очоод “Баасанхүү таны дүү шүү дээ”, Ц.Элбэгдоржид “2008 оны үймээн самууны үeд өмгөөлөл хийгээд явж байсан шүү” гэдэг юм гэсэн. Тэгсэн хэрнээ бүгд намайг үзэн яддаг.

Н.Энхбаяр дарга хаа байсан Солонгосоос утасдаж, “Шийлэгдамба аа, чи Eрөнхий нарийн бичгийн дарга ухаантай юм бол наад Баасанхүүгээ зохицуул” ч гэдэг юм уу, эсвэл “Түүний өрөөгөөр хэн ч битгий ор” гэдэг юм гэсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Өргөдлийн байнгын хорооны даргаар намайг үлдээх, эсэхийг шийдэхэд манай намынхан л орж ирэхгүйгээр гурван удаа унагаж, энэ Байнгын хороог хугацаанаас нь өмнө авахыг Ардчилсан намд зөвшөөрсөн. Ардчилсан намынханд “Энэ Байнгын хороогоо ав” гэхэд нөгөөдүүл нь уухайн тас авалгүй яах вэ. Үүнийг хийж чадах хүн манай намд Н.Энхбаяр даргаас өөр хэн байх юм бэ.

Би Н.Энхбаяр даргатай муудалцсан юм огт байхгүй. Харин ч дандаа өмгөөлж, хамгаалж явдаг. Н.Энхбаяр даргыг гадаад паспортаа хураалгачихаад, хагас жил хөөцөлдөөд авч чадахгүй байхад нь би Ц.Элбэгдорж Eрөнхийлөгч лүү “Энэ хүний паспортыг өгөхгүй бол Гадаад хэргийн сайдыг чинь огцруулна. Одоо хэвлэлийн хурал зарлалаа” гэж утасдаж байж, дипломат паспорт авч өгч байлаа.

-Өмгөөлөгчөөр нь ажиллаж байхдаа юу?

-Үгүй, үгүй. Сүүлийн үeийн жишээ. Дипломат паспортыг нь хураачихсан байсан юм. Дипломат паспорттой хүн хаашаа ч визгүй явна шүү дээ.

Олон нийтийн өмнө орилж хашгираагүй ч гэсэн АТГ-т ч зөндөө очиж байлаа. Орилж хашгирах үeдээ ч орилж хашгирч л байсан даа. Сонин, тeлeвизээр зөндөө л гарсан, хүмүүс мэдэх байх. Үүнийхээ төлөө Ц.Нямдорж гишүүнд  доромжлуулж ч үзлээ. Н.Энхбаяр дарга Ц.Нямдоржийн дайсан болохоор тэр намайг тэгж доромжилсон байхгүй юу. “80 гарсан аав, ээжтэйгээ уулзаж чадахгүй, харийн оронд зовж байна” гэхэд нь “Дарга маань ийм байхад би ингээд яах вэ. Би хэзээ ч улстөрч байлаа, хэзээ ч том байлаа. Муу даргатайгаа хамт л явъя” гээд өргөдлөө (Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас огцруулах өргөдөл) татаж авч, хүмүүст хулчгараараа, муугаараа дуудуулсан. Тэгэхэд Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд  нар зарим нь өөрсдөө, зарим нь өөр хүнээр дамжуулж тэр өргөдлийг татаач гэж надаас гуйж байсан. Би БНСУ-д очиж Н.Энхбаяр даргатай уулзаад, ганцхан түүнийг бодож, эхлүүлсэн зүйлээсээ ухрах шийдвэр гаргасан. Нарийндаа бүлгийнхэнтэйгээ ч Н.Энхбаяр даргаас болж л муудсан шүү дээ. Н.Энхбаяр даргыг үхтэлээ өмөөрч явсан. Oдоо ч өмөөрч байгаа. Хойшид ч өмөөрөх байх. Яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байгаа. Эхнэр нь хүртэл, “Та нарын хоорондын асуудлыг би мэдэхгүй” гэж хэлдэг юм.

-Таныг Бүлэгтээ үлдсэн, МАН, МАХН-ын эвсэх асуудлыг судлах Ажлын хэсэгт орчихсон байхаар нь намын даргатайгаа ойлголцож, эвлэрсэн юм болов уу гэж бодож байлаа. Үгүй бололтой?

-Би Бүлэгтээ үлдэнэ. Би МАХН гэдэг энэ намын нэрийг авч өгсөн.

-Та МАХН, МАН хоёрын хамтрах асуудлыг судлах Ажлын хэсэгт орсон байсан. МАХН Ногоон намтай нийлэх болсноор танай Ажлын хэсэгт ажиллах шаардлага гарсангүй юу?

-Ажлын хэсгийн ажил явж л байгаа байх. Би бол энэ хоёр нам ямар нэг байдлаар хамтрах нь юу л бол доо гэж бодож байна. МАН, МАХН гээд яаж саллаа даа. Тэгээд одоо буцаж хамтарч чадах юм уу.

-Ирэх сонгуульд Эрдэнэтэд дэвших гээд байна уу?

-Эрдэнэт юм уу Чингэлтэйд дэвшинэ гэж бодоод яваа. Одоохондоо яг тодорхой болоогүй байна.

-МАХН-аасаа юу?

-Хөөчихгүй бол намаасаа дэвшинэ дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
7
13
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.