Үе тэнгийнхэн дунд хэрүүл маргаан, үл ойлголцол бололгүй л яах вэ. Гэхдээ түүнийг эрүүл, зөв аргаар шийддэг байх нь бидний хүүхэд насандаа суралцах ёстой хүн хоорондын харилцааны анхны бөгөөд чухал чадваруудын нэг билээ. Хэрэв чиний эргэн тойронд хэн нэгэн хүүхэд бусдыг дээрэлхэж, доромжилж, дарамтлан хүчирхийлж байгааг харвал юу хийх ёстой вэ? Энэ бүхнийг зүгээр л хараад өнгөрүүлнэ гэж үү? Яавал зохилтойг энэхүү бичвэрээс маань уншаарай.
Арван жилд байхдаа хэд хэдэн удаа дээрэлхэлт гэх зүйлийг мэдэрч байсан юм. Нэг удаа бүр тэсэхгүй идэр есийн хүйтнээр дан дүрэмт хувцастайгаа гарч гүйгээд, нэг мэдсэн чинь хаа хол газар ганцаараа зогсож байсан. Маш их гомдож, ичиж, уур хүрч бас шархалснаасаа болоод хэсэг хугацааны ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ. Гэхдээ ямар ч том хүн над дээр ирээд "Миний дүү зүгээр үү" гэж асууж байгаагүйг л санадаг. Бүгд над руу сонин хараад л, би тэр хүйтэнд алхсаар байгаад буцаад сургуульдаа очиж байсан. Тэгэхэд ээж, бүр аав маань хүртэл ирчихсэн байж билээ. Аавыгаа би амьдралдаа арвын дотор л харж, уулзаж байсан юм болохоор хараад, үнэхээр энэ үйлдэл ямар том, аюултай зүйл болохыг ухаарах шиг болсон.
Тэгээд багш, эцэг эх, намайг дээрэлхсэн хүүхэд гээд бид нар хоорондоо ярилцаж байсан. Тэр хүүхэд надаас уучлал гуйсан, би ч толгой дохисон. Уучилчихсан, бүх юм зүгээр мэт хэрнээ яг үнэндээ би одоо болтол заримдаа эргээд тэр хүйтэн өвөл гэгээ тасарч байхад танихгүй газар дан цамцтай зогсож байсан охин болчих шиг санагддаг. Хэзээ ч арилахгүй юм шиг тийм хөндүүр, муухай дурсамж миний дотор байдаг. Түүнээс гадна болж байсан олон дээрэлхэлт, муухай үг, доромжлол одоо ч, эх хүн болчихсон байхад хүртэл хааяа дурсагдаад зүрх зүсдэг. Дээрэлхэлт, муухай үг, үйлдэл гэдэг ийм аюултай. Чамайг үүрд дагаж болно. Арилгах гэж оролдсон ч ямар нэг хэлтэрхий үлдэж мэднэ. Дээрэлхэж байсан хүүхдэд ч тэр ирээдүйд маш том харамсал цээж дотор нь лугшина. Хэрэв би тэр өдөр хөлдөөд үхчихсэн бол яана, тэгж гүйж байгаад машинд дайруулсан бол, хатгаа тусаад эдгэхгүй байсан бол, өөрийгөө гэмтээхээр шийдчихсэн байвал яана гэж заримдаа айж, бяцхан жаахан өөрийгөө очоод тэврээд авмаар санагддаг. Тиймээс дээрэлхэлтийг ямар ч үед эсэргүүцдэг байцгаая. Бас энэ нийтлэл чамд, чиний найзууд, эх эгч, гэр бүлийнхэн, багш, чиний итгэдэг томчуудад тус болно гэж найдаж байна.
Аливааг дэргэдээс ажиглаж буй хүмүүсээс дараах дөрвөн үйлдэл гарах нь хамгийн түгээмэл байдаг.
1. Зарим хөндлөнгийн хүмүүс дээрэлхэж буй хүний талд орж, нөгөө талыг дооглон инээж, буруу үйлдэл хийж байгаа нэгнийг хөөргөх үйлдэл хийдэг. Үүнээс гадна сэтгэгдэл болон пост, зурвас зэргээр нэг талыг баримталж, олон хүн рүү буруу мэдээлэл тараах зэргээр буруутай үйлдэл хийх нь элбэг.
2. Зарим хөндлөнгийн хүн ямар ч үйлдэл хийхгүй боловч дотроо дээрэлхэж буй хүний талд байдаг бөгөөд цааш юу болохыг харахыг хүлээж байдаг.
3. Зарим хөндлөнгийн хүмүүс ямар ч үйлдэл хийхгүй, дуугүй өнгөрдөг. Тийм зүйлийг хараад "надад хамаагүй" гэх бодол төрдөг. Эсвэл өөр шалтгаантай байж ч болох юм. Магадгүй ямар нэг үйлдэл хийхээс айдаг, эсвэл юу хийхээ мэдэхгүй байгаагаас болж тэд үйлдэл хийдэггүй. Энэ төрлийн хүмүүс дотроо дээрэлхэлтийг буруу зүйл гэдгийг мэдэрдэг гэсэн үг.
4. Харин зарим хөндлөнгийн хүн энэхүү үйл явдлыг харж тэсдэггүй бөгөөд ямар нэг байдлаар туслахыг оролдож, үйлдэл хийдэг байна.
Тэгэхээр чиний өмнө дээрэлхэлт, дарамт, хүчирхийллийн хэрэг үйлдэгдэж байна гэж бодъё. Олуулаа нийлээд нэг хүүхдийг зодох, түлхэх, үг хэлээр доромжлох, гүтгэх, биед нь халдах, доош нь хийх гээд ямар нэгэн таагүй үйлдэл болж байгааг харахдаа чи ямар хариу үйлдэл гаргадаг вэ?
Хэрэв та дээрэлхэлтийн үеэр хэрхэн тухайн хүнд туслахаа мэдэхгүй байгаа бол дараах аргуудыг санал болгож байна. Надад итгээд, ганц л удаа зориг гаргаад алхам хийж үзээрэй. Сайн хүн байх, сайн үйлдэл хийх нь үргэлж сэтгэлд амар байдаг гэдгийг хэзээ ч битгий мартаарай.
1. Багш, эцэг эх эсвэл насанд хүрсэн хэн нэгэн итгэдэг хүндээ энэ үйл явдлын тухай хэлээрэй. Тэд чамд яаж туслахаа мэдэх ёстой. Хэрэв тэд тусалж чадахгүй, эсвэл бүр тоохгүй байвал тэр тун тоогүй. Зарим томчууд зүгээр л яаж сайн том хүн байхаа заримдаа мартчихдаг юм. Тиймээс анхаарч сонсох хэн нэгэн хаа нэгтээ байгаа учир заавал тийм хүнийг олж энэ тухай хэлэх ёстрой. Дуугүй өнгөрч хэзээ ч болохгүй шүү. Хэрэв чи өөрийгөө дараа нь мэдэгдэхээс айж байгаа бол нэрээ нууцлахыг хүсэх бүрэн эрхтэй юм шүү.
2. Зөөлөн бас уужим бай. Дээрэлхэлтэд өртсөн хүүхдэд чи өөрийгөө дэргэд нь байгаа шүү гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Магадгүй тэд сэтгэл санааны хүнд байдлаас болоод эхэндээ чамайг түлхэж, бүр муухай аашилж ч болно. Гэхдээ чи бага багаар алхам хийх хэрэгтэй. Хамт хичээлээ хийхийг урих, автобусанд хамт явах, чихэр өгөх гэх мэт ямар ч жижиг үйлдэл байлаа гэсэн хамаагүй түүнд мэдрүүлж, хамгийн гол нь би чамайг ойлгож байна гэдгээ харуулах хэрэгтэй. Тэдэнд сайхан сэтгэлээр хандаж, харанхуй руу улам бүр унахгүй байхад нь туслаарай.
3. Мэдээлэлтэй байх нь чухал. Ячмар хүүхдүүд, яагаад, яаж, хаана энэ бүх буруу зүйлийг үйлдээд байна вэ гэдэг тухай мэдээлэл олж авч, түүнийгээ энэ бүхнийг зогсооход ашиглах хэрэгтэй. Томчууд хүүхдүүдийн дунд болж буй зүйлсийг тэр болгон бүрэн сайн мэдэхгүй байдаг тул чиний өгөх ямар ч мэдээлэл үнэ цэнтэй гэдгийг битгий мартаарай.
4. Чиний ойр дотнын хэн нэгэн ийм үйл явдалд буруу талаар холбогдохгүй байхад мөн анхаар. Эхлээд чи ойрын хүрээнээсээ эхлэх хэрэгтэй. Дээрэлхэх муухай шүү гэдгийг найз нөхөд, гэр бүл, ах эгч, дүү нартаа хуваалцаж, тэднийг ийм үйлдэл хийхээс сэргийлэхэд чи ч маш том үүрэгтэй байх болно.
5. Ийм төрлийн зураг бичлэг, текстийг цааш дамжуулахгүй байхад туслаарай. Олон нийтийн сүлжээн дээрх ёс бус бичлэгийг цааш мэргэжлийн, арга хэмжээ авч чадах том хүнд мэдэгдэх, мөн цааш хүүхдүүдийн дунд улам тараахгүй байхын тулд репорт хийх зэргээр чи тусалж чадна. Өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн сэтгэгдэл, пост бичиж, дээрэлхэлтийг длэмжихгүй байгаагаа бусдад мэдэгдэж, уриалах нь боломжтой.
Хэрэв чи хэн нэгнийг дарамтанд оруулж, доромжилж байсан бол, тийм хүнийг өмөөрч, нэг талд нь орж байсан бол, дотроо хүлээн зөвшөөрч чимээгүй анзаарч зогсдог байсан бол одооноос эхлээд өөрчлөлт хийх цаг нь болжээ.
1. Хэн нэгнийг өвтгөж, гомдоож, хүч хэрэглэхээсээ өмнө хэсэг хугацаанд бодож, дараа нь гарах үр дагаврыг тооцоолдог байх.
2. Өөртөө хийж болох ямар нэгэн хобби, сонирхолтой зүйл олох. Жишээ нь тоглоом тоглох, кино үзэх, найзтайгаа ярилцах, ямар нэг сургалтад явах гэх мэтээр өөрийгөө буруу зүйл хийхээс холдуулах хэрэгтэй.
3. Итгэж найддаг насанд хүрсэн хүнтэй ярилцах нь чухал. Өөрийг чинь анхаардаг, асардаг, хайрладаг, чамайг ямар нэг үйлдэл хийхэд хамгийн ихээр анхаарал хандуулдаг хүнтэй ярилцаад, өөр арга зам олоорой.
4. Хүн болгон өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх. Энэ бол маш энгийн ойлголт. Хүн бүр өөр бөгөөд бүгд чам шиг байх албагүйг хүлээн зөвшөөрөхөд л бүх зүйл сайхан болно. Тэр хүн чамаас илүү эсвэл дутуу биш, зүгээр л өөр гэдгийг ойлгох нь бидний амьдралд хамгийн чухал байдаг.
5. Хэрэв хэн нэгнийг дээрэлхэж, муухай хандаж байсан бол, эсвэл тэр үед юу ч хийлгүй харж, дэмжиж байсан бол тэр хүнээсээ уучлал гуйгаарай. Чи өөрөө ч, тэр хүн ч илүү хөнгөрч, дараа нь харамсах нь арай багасах болно. Гол нь сэтгэлээсээ уучлал гуйх хэрэгтэй.