Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн ДАШТ 9-р сарын 13-21-ний өдрүүдэд Хорватын Загреб хотноо болох билээ. Бид энэ тэмцээнийг угтан дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхоны тухай сонирхолтой НАЙМАН баримтыг хуваалцаж байна.
#1. Онцлох барилдаан: Каори Ичогийн 189 дараалсан ялалтын цувралыг зогсоов
2016 онд болсон Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри”-гийн үеэр Монголын тамирчин П.Орхон дуулиан дэгдээсэн нь ялагдал гэгчийг мартагнаад байсан дэлхийн 10 удаагийн аварга, олимпын наадмын гурван түрүүтэй Каори Ичог ялсан явдал юм. Каори Ичо түүнтэй учраа таарах хүртлээ 13 жилийн туршид 189 барилдаанд дараалан ялж, дэлхийд босоо аварга гэдгээ тунхаглаад байв. Гэвч түүнийг Монголын тамирчин П.Орхон 10:0-ээр ялсан нь дараагийн дэлхийн аварга хүч түрэн гарч ирж буйг даянд зарласан явдал болсон.

#2. Ялгуусан амжилттай жил
П.Орхоны хувьд 2017 онд дараалсан есөн тэмцээнд түрүүлж, замналынхаа хамаг л оргил амжилтууддаа тэр жил хүрсэн билээ. Тэрбээр тухайн жилд насанд хүрэгчдийн УАШТ-ээс эхлэн оюутны УАШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран При”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гран При, цэргийн ДАШТ, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гээд дараалсан найман алтан медалийг атгасан юм. ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тэмцээнийг оролцуулан тооцвол үндсэндээ есөн тэмцээнд нэвтхэн түрүүлсэн гэсэн үг. Тухайн жилдээ Монголын оны шилдэг тамирчнаар тодорч "Бөртэ Чоно" шагналыг гардсан.

#3. Зэрэгцээ хоёр өндөрлөг
Монголын чөлөөт бөхийн 62 кг-ын жинд нэгэн цаг үед босоо барилдаж буй хоёр дэлхийн аварга хүч сорьдог нь дотоодын өрсөлдөөнийг үнэнхүү үзүүштэй, хүлээлттэй болгодог. С.Цэрэнчимэд, П.Орхон нар бол биe биeэ хурцалж, өнгөлж байдаг зэрэгцээ хоёр өндөрлөг билээ.
П.Орхоны хувьд, бяртай, уртай барилддаг онцлогтой бол С.Цэрэнчимэд хийцтэй, мэдрэмжид суурилсан уран барилдаанаараа гайхагддаг нэгэн.
Өнгөрсөн жил “Парис-2024” олимпын наадмын эрхийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах УАШТ-ий үеэрх тэдний учраанд П.Орхон ялсан бол өнөө жилийн УАШТ-д С.Цэрэнчимэд илүүрхсэн. Тэгвэл “Улаанбаатар опен”-ий финалд П.Орхон давсан билээ.
Түүнчлэн П.Орхон 2017 оны ДАШТ-ийг зорихдоо сорилго тэмцээнд дэлхийн аварга С.Батцэцэгийг үнэнхүү илүүрхэн ялж байв. Тухайн жил тэд хоорондоо дөрвөнтөө учраа таарахад бүгдэд нь П.Орхон давсан байдаг.

#4. Допинг илрэв
П.Орхоноос 2018 оны Азийн наадмын үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн тул дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан билээ. Улмаар 2022 оны есдүгээр сарын 16-ны өдрөөр түүний торгуулийн хугацаа дуусгавар болсон тул эргэн дэвжээнд зодоглох боломжтой болсон юм. Гэхдээ энэ зуурт П.Орхон Токиогийн олимпыг өнжихөд хүрсэн.

#5. П.Орхон дэвжээнээ ахин зодоглосон нь
Түүний хувьд, допингийн торгуулиа дуусгаад зодоглосон эхний тэмцээнүүддээ урьдынхаараа шилдэг барилдаанаа толилуулсан юм. Тухайлахад, дөрвөн жилийг дэвжээнээс хол өнгөрүүлээд өрсөлдсөн анхны тэмцээн болох МУГТ Ц.Цогтбаярын нэрэмжит тэмцээний финалд дэлхийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэгийг ялж, түрүүлсэн. Ингэж түүний ялалтын цуурай ахин сонсогдох болсон юм.
Удалгүй Америкт зохиогдсон “Bill farrel” ийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж, 2023 оны хавар насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар дөрөв дэхиэ тодорсон. Түүний өрсөлдөгчид амархан байгаагүй. Шигшээ барилдаанд л гэхэд Токиогийн олимпод 20 настайдаа оролцож тавдугаар байрт шалгарсан, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзултай учраа таарч, даралтаар цэвэр ялсан юм.

#6. Азийн АШТ-д гурав дахиа финалдсан нь
П.Орхон допингийн торгуулиа дуусгаад 2023 оны Азийн АШТ-д үзүүрлэсэн.
Тэрбээр дэлхийн аваргад түрүүлснийхээ дараа жил нь Азийн аваргад манлайлсан Монголын долоо дахь эмэгтэй тамирчнаар тодорсон билээ.
П.Орхоны Азийн АШТ-д үзүүлсэн амжилтуудын тухайд, 2018 онд Бишкект аваргалж, 2014 онд Алматыд, 2023 онд Астанад мөнгөн медаль зүүсэн юм.

#7 .Дэлхийн аваргад ахин хүч сорьсон нь
П.Орхон түрүүлснээсээ зургаан жилийн дараагаар ДАШТ-д ахин зодоглосон нь 2023 оны үйл явдал билээ.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, Хятадын Жиа Лүнийг 8:5-аар, 23 хүртэлх насны дэлхийн аварга Ана Паула Годинесийг 13:6 оноогоор ялж шөвгийн наймд шалгарсан. Гэвч Германы Луиза Нимешийг 3:0-ээр илүүрхэж яваад барилдааны төгсгөлд оноо алдан 3:4 оноогоор ялагдчих нь тэр. Тэд өмнө нь "Рио-2016" олимпын наадмын дагах барилдаанд учраа таарахад П.Орхон цэвэр ялж байсан юм.
Тэгвэл манай бөх “Парис-2024” олимпын наадмын 5-р байрт шалгараад дэлхийн дэвжээнд ахин хүч сорихоор зэхэж байна. Дараалсан хоёр томоохон тэмцээний үеэр цагийн төгсгөлд оноо алдаж ялагдсан тэр одоо л дутуугаа гүйцээх цагтаа иржээ.

#8. Дэлхийн дэвжээнд гарцаагүй том итгэл найдвар юм, тэр
Юу гээч, түүний сэтгэлийн хат, барилдааны авьяас, итгэлийн хүчээр бахархахгүй, бишрэхгүй байхын аргагүй. Допингоос болж, замналынхаа ид гялалзах, сэтгэл дүүрч, итгэл ханасан 4 жилийг дэвжээнээс хол өнгөрүүлээд ийм өндөр түвшинд өрсөлдөж байгаа нь бахархмаар явдал юм.
Тамирчны ид үeэ бэлтгэл ч хийх боломжгүй, хорио цээрт үдсэн ч энэ цагийн дэлхийн шилдгүүдтэй зодоглох гэсэн түүний ЗОРИГ бол биширмээр. Цээжин цаана нь хэчнээн харуусал хурж, хэр гүн шаналж, шаралхаж байгааг нь бид тааварлашгүй. Бүхнийг сэтгэлдээ багтаадаг ид насандаа, өнгөрсөн жилүүдийг өрсөлдөөн дундуур туучаад булуу халсан үeдээ ирсэн сэн бол Парист тэр баараггүй л Олимпын аварга байлаа даа.
Түүнд дэлхийн хошой аварга болох итгэл бий, зориг бий, туршлага ч бий. Гагц алдаагаа давтахгүй, нягт барилдах л чухал байна.
