"Номын жор" клубын залуус сайн дураараа зохион байгуулдаг "Номтой өвлийн өвөө" төсөл үргэлжилсээр, багагүй хугацааг ардаа үдэж, мөн ч олон хүнийг баярлуулжээ. Тэд утга зохиол, шинжлэх ухааны төлөөлөл болсон буурлуудаа баярлуулж эхлээд сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлж ном соёлын салбарыхандаа ч хүрч очдог болжээ. Тэд өөрсдөө "НОМТОЙ ӨВЛИЙН ӨВӨӨ" гэсэн тусгай бэлэг бэлтгэж, өвлийн өвөө, цасан охин, алиалагчийн дүрээр бэлгээ түгээдэг байна. Буурлууд ч мөн өвлийн өвөө ирэхийг дуулаад байдгаараа гоёод хүлээж суудаг гэнэ лээ. Ийм сайхан арга хэмжээг зохион байгуулдаг хүмүүсийн тухай уншигч та бүхэндээ таниулах үүднээс энэхүү нийтлэлийг хүргэж байна.
Хоёр жилийн өмнө Ч.Ганжавхлангийн фэйсбүүк дээрх постоос би энэхүү төслийн тухай анх мэдээлэл авч байлаа. Б.Базарсүрэн бол CHUU CHUU Travel Club, Book Cafe Mongolia, Номын жор зэрэг газруудыг хамтран үүсгэн байгуулагч. Гэвч хүмүүс түүнийг "Номтой өвлийн өвөө"-гөөр нь илүү таних биз ээ.
2016 оноос тэр энэхүү төслөө эхлүүлж, сэтгэлээр бүтсэн бэлгүүдээ цасан охидын хамтаар хүргэн өгч, баяр дээр баяр нэмдэг болсон юм.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/1d92190148504c04b6d0be932169a27c.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/5b99287df29a29aa1d05cdecbe7232a9.jpg)
2017 онд "Номтой өвлийн өвөө" илүү олон хүнийг хамарч чадсан юм. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны 280 номыг долоо хүрэхгүй хоногийн дотор борлуулж, он гарахаас нэгхэн хоногийн өмнө гэрт нь зочилсон байдаг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/942b8b520ae9b64ff9f4f6a41dfa8401.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/9c7896381bca41fdf291b906a69952ec.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/a01d6d5677c69c3015eb3860fa36b0ed.jpg)
Өвлийн өвөө, цасан охид маань тун ч азтай хүмүүс юм. Хамтдаа зургаа татуулаад зогсохгүй мэргэн сургаал, ерөөлийг нь сонсоно гэдэг тэдний хувьд ч мөн бэлэг байсан биз ээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/8e14720340b0448c8107620dfcd4ae2e.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/ac3cbd8bcad1805ba8b99eef8990fa69.jpg)
Энэхүү төслийн тухай олж дуулсан АНУ дахь Монголчууд "Номтой өвлийн өвөө 2019"-ийг дэмжиж, хандивын аян өрнүүлж эхэлсэн байна.
Хамгийн сайхан нь тэдний анх тавьсан зорилтот хандив хэдийнээ бүрджээ!
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/5ffa9c28116945a0ae352fa33d0016b3.png)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/a90e3b1e1109dd5e65a6f94731d7fca2.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/526949ca1ed157d912515d15595e6a6b.jpg)
Уг төсөл цааш үргэлжлэхэд хүн бүхний сэтгэл, урмын үг хамгийн чухал. Та бүхэн "Номын жор" болон "The Book Cafe Mongolia" зэрэг пэйж хуудас, группуудэд нэгдэж, өөрийн чадах зүйлээрээ тус нэмэр болох бүрэн боломжтой. ЭНД дарж группт нэгдээрэй.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/b3f19ce67372e493b6a626f67ab5a6d5.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/24950390297f0e31e2d8a0a7fb8341e4.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/8d72f5f4e3b8159d626ce06d7f1c482a.jpg)
"Ирэх жил ирээрэй" гэх үг хамгийн дулаан санагдана. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй томчуудыг баярлуулж, догдлуулсан энэхүү төслийн тухай магтаалын үгээр, талархлаар дүүрэн постууд цааш тасралтгүй хөврөх болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/e84f769836fce1bd923a0caca798be62.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/f62c0e8610cb62796476dff90ade0d83.jpg)
Бэлэг бэлгийн дээд ном гэдэг. Тэрхүү номыг бичиж буй хүмүүс, мэргэд тэгэхээр хүмүүний дээд байж таарна. Та энэ шинэ жилээр хэнийг баярлуулах вэ хэмээн бодож суугаа бол өөрт тань хамгийн их нөлөө үзүүлж чадсан, энэхүү улс эх орны хамгийн эрхэм хүмүүсийг битгий мартаарай. Цасан охид, өвлийн өвгөн очиход хэчнээн их баярлаж буйг нь та эдгээр зургаас харсан байх. Үргэлж л сайхан үг, сэтгэлээр дутаж явдаг бид нэг нэгнээ өчүүхэн гэлтгүй чадах зүйлээрээ баярлуулж явбал тэр хамгийн сайхан. Энэхүү төслийг санаачилж, идэвхтэйгээр авч яваа залуустаа баяр хүргэе.