"Яруу найрагт би илүү бодитой хандсан. Бусдыг дуурайхыг хүсээгүй. Миний өөрийн яруу найраг гэж юу байх ёстой вэ гэдгийг л олохыг хичээсэн”. (Б.Батрэгзэдмаа)
Ub.life сайт болон Fat Cat Jazz Club-ээс хамтран зохион байгуулдаг "Poetry Night"-ийн 2025 оны эхний эвентийг зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Зөвхөн хайр” номоор нэрийдэн нэгдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочид зохиолч Б.Батрэгзэдмаагийн тухай халуун дурсамжаа хуваалцаж, шүлэг бүтээлээс нь дээжлэн уншсанаар хэн бүхний сэтгэлд дулаахан нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэв.
Б.Батрэгзэдмаагийн “Зөвхөн хайр” яруу найргийн түүврийг саяхан “Улбар паблишинг”-аас эрхлэн хэвлүүлж, уншигчдын гарт хүргээд удаагүй байгаа юм.
Иймээс түүний шүлэг, бүтээлээ уншиж, уншигчдтайгаа уулзаж байсан Fat Cat Jazz Club-ийн тайзыг онцолж зохиолчийг дурсах үдшийг зохион байгуулсан нь энэ.
“Зөвхөн хайр” яруу найргийн эвентэд зохиолч Б.Батрэгзэдмаагийн охин Б.Анар, “Цаг хугацааны хээ” номоо хэвлүүлээд удаагүй байгаа “Болор цом”-ын эзэн яруу найрагч Сайнжаргалын Начин, МУСГЗ зохиолч Бямбаагийн Сарантуяа нар зочноор хүрэлцэн ирж, Б.Батрэгзэдмаа найрагчийн бүтээлүүдээс уншсан юм.
Үргэлжлүүлэн та бүхэнд “Зөвхөн хайр” яруу найргийн эвентээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хуваалцаж байна.