Гадаа дулаарч, гүйх таатай боломж эхэлсэнтэй уялдуулан гүйлтийн талаар Н.Энхзултай ярилцлаа. Бидний мэдэх “Sustainable Mongol” подкастын үүсгэн байгуулагч, хөтлөгч Н.Энхзул саяхан “UB Run Crew”-ийн хэсэг залуусын санаачласан 100км-ийн #challenge-ийг 8 гаруйхан хоногт дуусгаж түрүүлээд байгаа билээ.
- 100км сорилыг хэрхэн олж мэдсэн бэ?
- Гүйж эхэлж байгаа, гүйлтэнд дурлаж байгаа “UB Run Crew”-ийнхэн дөрөвдүгээр сард 100км-ийн challenge гаргаад, хүмүүсийг нэгдэхийг уриалсан юм билээ. Энэ талаар тодруулж асуухад Nike Run Club аппликейшнаар нэгдэх тухай хэлсэн. Өмнө нь өөртөө сарын 50км-ийн зорилго тавьж байснаас биш 100км-ийг тавьж байгаагүй.
- 100км-ээ хэдэн өдөрт дуусгасан бэ?
- 8 өдөр, 12 цаг 21 минутын дотор гүйсэн. Сорилоо дуусгахад апп дээр финишер гэсэн стикер өгөхөөс биш ямар нэг шагнал байхгүй. Хамгийн гол нь гүйлт нь өөрөө өөртэйгээ л өрсөлдөөд ялан дйилэх нь л чухал юм байна лээ. Гэхдээ олон хүмүүс энэ сорилтод оролцож байгаа нь илүүтэй гүйх урам зориг өгч байсан нь сайхан санагдсан.
- Гүйж эхэлсэн шалтгаан чинь юу вэ? Хэзээнээс гүйж эхлэв?
- Анх 2016 оны “Улаанбаатар марафон”-оор 3 км гүйж үзсэн. Эхэндээ надад их хэцүү санагдаж байсан. Цэвэр сэтгэл санаатай холбоотой гэхэд болно. Хайртай дотны хүнээ алдаад сэтгэлээр унаад, дээрээс нь уулздаг хүнтэйгээ уулзахаа больсон сэтгэл санааны хямралууд үүнд их нөлөөлсөн. Толгойд маш олон эмх замбараагүй бодлууд, сэтгэл санааг тавгүйтүүлж байсан тэр цаг үед үүнийг хэрхэн яаж зохицуулахаа үнэхээр мэдэхгүй байсан. Харин гүйхлээр тэр олон бодлууд минь сарниж тайвшраад сайхан болчихдог юм. Нэг бодлын гүйлт нь миний хувьд эмчилгээ, бясалгал юмуу даа. Дээрээс нь биеийн тамир хийе гэхэд энд тэндэхийн зааланд бүртгүүлээд, мөнгө зарах хэрэгтэй болдог. Харин гүйлт тухайн үед хямд төсөр спорт санагдсан. Анх өглөө гүйж эхэлж байхдаа согтуу хүнтэй таараад, түүнээс хойш орой гүйдэг болсон шүү. Бас наргүй, хүн багатай болохоор орой гүйх надад тааламжтай санагддаг. Мэдээж зам дагуу гүйж байгаа болохоор болгоомж илүүдэхгүй.
- Эрүүл мэндийн талаасаа гүйлт чамд өөр юу өгөв?
- Миний арьс их гоё болсон /инээв/. Гүйснээр сэтгэл санаа минь сайхан болж, урам зориг, аз жаргалын дааврыг ялгаруулдаг. Гүйсэн өдрөө би илүү бөх унтдаг. Гүйлтийн өмнө сунгалтын, хөл гуяны булчингаа сайжруулах дасгал хийх хэрэгтэй. Энэ нь нэгт манайд зориулалтын гүйтийн зам байхгүй, хоёрт гүйлтийн үед газраас ирэх реакц биетэй тэнцүү хүчээр ирж байдаг болохоор хөлөнд ачаалал өгдөгтэй холбоотой.
- Тэгвэл жимийн гүйлтийн зам дээр гүйх ямар байдаг вэ?
- Өвөлдөө хааяа заалны гүйлтийн зам дээр гүйдэл юм. Гэхдээ гүйлтийн зам надад нэг их таалагддаггүй. Нэгт агааргүй, хоёрт нэг газраа л байдаг нь жаахан уйтгартай. Бас хурдан гүйхлээр төхөөрөмж нь хөдөлж ганхах гээд жаахан эвгүй байдаг. Ядарсан үедээ харин шууд замаа зогсоочихдог нь зүгээр санагддаг шүү.
- Тогтмол гүйдэг болоход хэр хугацаа зарцуулсан бэ?
- 6 сараас 1 жил болсон байхаа. Эхэндээ долоо хоногт 1 удаа, аяндаа өнжөөд нэг гүйх зэргээр ахиулсан.
- 100км-ээ дуусгасны дараа чамд ямар мэдрэмж төрөв?
- Цөөн хоногт дуусгачихна гэсэн төлөвлөгөө анх надад байгаагүй. Өмнө нь зөвхөн өөртэйгөө, өөрийн тааваар гүйдэг байсан чинь, хүмүүстэй “хамт” нэг сорилтод орох үед би улам урам зоригтой болж эхэлсэн. Одоо вирусын цаг үеэс болоод байнга ганцаараа хүмүүсээс холуур гүйж байгаа. Уул нь группээр гүйвэл өөрийнхөө хурд, чансааг нэмэх боломжтой болдог юм билээ.
- Гүйлтийн арга барилын талаар хуваалцаач?
- Эхний 1 км орчим хөнгөж гүйж байгаад гол хэсэгтээ хурдаа аваад, түүнийгээ бага зэрэг хасаад ахиад нэмэх маягаар үргэлжүүлнэ. Гүйж дуусаад алхах нь хөргөлтийн нэг хэсэг бөгөөд гэртээ очоод сунгалт хийгээд дуусгана.
- Тэгвэл чансаагаа яаж ахиулдаг вэ?
- Туулж байгаа зайгаа нэмэхийг эхлээд би бодно. Үүний зэрэгцээ хурдаа ахиулахыг хичээнэ. Зориулалтын зам байхгүй болохоор гэрлэн дохион дээр хурдаа алдчихаад байдаг талтай. Тэр үед гүйлтийн апп-аа түр зогсоогоод, эргээд гүйж эхлэхдээ ажиллуулна. Замаа хэмжээд сурчихвал өөрийн гүйх минутаа багасгаад илүү ахихыг хүсч, хичээдэг болчихдог юм байна.
- Гүйлтэд тохиромжтой газар гэвэл?
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтын гүйлтийн зам.
- Гүйлтийн аппликейшнаас санал болговол?
- Nike Run, Strava, Relive, Map My Run зэргийг нэрлэж болно. Гэхдээ Nike Run гүйлт алдаад байдаг сул талтай. Аппуудаа бүгдийг нь зэрэг асаагаад туршиж ч болно. Түүнээс гадна спорт цаг аятайхан байдаг.
- Ус, хүнсийг дараагийн бэлтгэлээс урьтаад нөхсөн байх ёстой гэдэг. Энэ талаар ярьвал?
- Бэлтгэлийн үеэр шингэн юм уудаггүй, харин эрдэс бодис, уураг уучихдаг. Харин бэлтгэлийнхээ дараа шингэн юм сайн уух ёстой. Ихэвлэн орой гүйдэг болохоор 5 цагийн үед буюу бэлтгэлийнхээ өмнө хүчээр ч болтугай хоол хүнс идээд хоосон гүйхгүйг боддог. Яг гүйхийнхээ өмнө юм идвэл гүйлт хүндрэх гээд байдаг талтай.
- Зорилгодоо хүрэх талаар зөвлөвөл?
- Хамт гүйдэг групп зорилгодоо хүрэхэд их тусалдаг. Гүйдэг хүмүүсийн тухай судалгааг харвал сонирхолтой санагдсан. “Why we run”-ийг үзэхийг санал болгоё.