Уран зохиолд шимтэгч уншигчдадаа Ирландын алдарт зохиолч Жэймс Жойсын “Эвэлин” өгүүллэгийг орчуулагч Б.Сувддуламын хөрвүүлснээр хүргэж байна. Эл өгүүллэг зохиолчийн 1914 онд хэвлүүлсэн “Дүблинчүүд” түүвэрт орсон буй.
Ирландын зохиолч Жэймс Жойс 1882 оны 2-р сарын 2-нд Дүблин хотноо мэндэлжээ. Түүний зохиол бүтээлүүдээс Ирландын нийгмийн бугшмал амьдралыг олон талаас нь харуулсан 15 өгүүллэг бүхий“Дүблинчүүд”, ёс суртахууны дарамт, шашны суртал, бэртэгчин ахуй орчноос залхсан Стивэн Дидал хэмээх зураач залуугийн оюуны өсөлт хөгжлийг дүрслэн харуулсан “Зураачийн залуугийн хөрөг”, Хомэрийн Одиссэй туульсын үйл явдлаас сэдэвлэн гол дүрийн баатруудын нэг өдрийн амьдралыг дэлгэрэнгүй өгүүлсэн “Үлисс” романууд нь алдартай.
Орчуулагчийн тухай:
Тагтаа паблишнгийн орчуулагч Б.Сувддулам нь Нобелын шагналт, Туркийн зохиолч Орхан Памукийн “Истанбул: дурсамж ба хот”, Францын зохиолч Франсуаз Саганы “Сайн уу, гуниг минь”, Канадын зохиолч Янн Мартелын “Пигийн амьдрал”, Туркийн зохиолч Элиф Шафакийн “Хайрын дөчин дүрэм”, Хятадын зохиолч Жан Жылүгийн “Цахилгаан жаал” зэрэг 10 гаруй номыг эх хэлнээ хөрвүүлсэн.
Жэймс Жойс
Эвэлин
Үдшийн бүрий гудамжийг бүхэлд нь нөмөрч ахуйд бүсгүй цонхны дэргэд сууж байлаа. Хөшгөнд нүүрээ наавал зузаан даавуунд шигсэн тоос хамрынх нь үзүүрт бургив. Тэгэхэд л бүсгүй тамирдаж ядарснаа мэдэрчээ.
Цонхны доогуур хүмүүс ганц нэгээрээ явж өнгөрнө. Мухрын байшингаас гарч ирсэн нэг эр мөн л цонхных нь доогуур гутлынхаа улаар цардмал зам товшин өнгөрч, тэрүүхэнд шинэхэн баригдсан зосон улаан байшингуудын өмнүүрх шороон замаар шүр шархийлгэн алхсаар явж одов. Олон жилийн өмнө энэ зосон байшингуудын оронд задгай талбай байдаг байв. Бүсгүй жаал охин байхдаа тэр талбайд орой болгон айл хөршийнхөө хүүхдүүдтэй тоглодог байж билээ. Гэтэл Бэлфастаас ирсэн нэг эр мөнөөх талбайг худалдаж аваад, эндхийнхний суудаг умгар бор байшингаас тэс өмнөө дээвэр нь гялалзсан улаан тоосгон байшингууд барьж орхижээ. Талбайтай байхад Дивайныхан, Вотэрсынхан, Даннынхан, дээр нь бас доголон Кио, жаал охин, түүний ах, дүүс гээд л тэр хавийн хүүхдүүд бүгд хамтдаа тоглодог байсан сан. Эрнэст харин ахархаад огт тоглохгүй. Охины аав үе үе өргөст модон таягаа даялж ирээд хүүхдүүдийг элдэн хөөх тул ихэнхдээ л доголон Кио харуулд гарч, айсуй бараанаар нь хэл өгдөг байв. Тэгэвч хүүхдүүд л болсон хойно баяртай жаргалтай л байсан санагдана. Аавынх нь ааш зан яадгаа алдчихаагүй байсан үе, бас ээж нь амьд сэрүүн байжээ. Ээж нь нас барснаас хойш нэлээн хэдэн жил өнгөрч, хүүхдүүд бүгд учир мэдэх том улс болцгоолоо. Тиззи Данн мөн нас барж, Вотэрсынхан Англи руу нүүсэн үе шүү дээ. Эргэн тойрных нь бүх юм тэр мэтчилэн өөрчлөгдөж байв. Эдүгээ бүсгүй ч бас үүр гэрээ орхин одох гэж байна.
Үүр гэр! Бүсгүй чухам хаанаасаа ингэж их тоос татдагийг нь гайхан байж долоо хоног бүр арчиж цэвэрлэсээр дасал болсон эд хогшлуудаа бүртгэх мэт өрөөгөө тойруулан харав. Сэтгэлийг нь ингэж хоёрдуулах юм чинээ төсөөлж ч байгаагүй тавилга сэлтээ тэр дахиж хэзээ ч харахгүй биз ээ. Энэ гэрт өдий олон жил амьдрахдаа бүсгүй эвдэрхий гармон хөгжмийн дээхнэ тушаа, ариун Маргарет Мэри Алкокт өргөх тангаргийн үгс бүхий өнгөт хэвлэмэл хуудасны хажууд өлгөөстэй байх ирмэгээсээ шарласан гэрэл зураг дээрх санваартны нэрийг олж мэдэж чадаагүй аж. Сайх санваартан аавтай нь нэг сургуульд сурч байжээ. Аав нь орж гарсан хүнд мөнөөх зургийг тайлбарлахдаа “Одоо Мэльбурнд амьдарч байгаа” гэж жирийн л нэг анд нөхрөө дурсаж буй янзтай хэлдэг сэн.
Орон гэрээсээ явахаар шийдсэн нь ухаалаг алхам мөн болов уу? Бүсгүй шийдвэрийнхээ зөв, бурууг дэнслэхийг оролдлоо. Энд түүний орох орон, оочих аягаас өгсүүлээд өсөхөөс өдийг хүртэл бие биенээ мэддэг дотны хүмүүс нь бий. Үлдэж гэмээнэ орон гэртээ ч, ажилладаг дэлгүүртээ ч амсхийх чөлөөгүй зүтгэж таарна. Гэтэл эр дагаад арилсныг нь сонсвол ажлынхан нь юу гэж ярих бол? Усан тэнэгийг нь л гайхацгаах байх даа. Удалгүй зар тавиад оронд нь ажиллах хүн дорхноо олчих нь лавтай. Хатагтай Гаван лав хөл газар хүрэхгүй баярлах биз. Үргэлж л бүсгүйг өөлж гоочилж,
“Хилл авхай, энэ хатагтай нар өөрийг чинь хүлээгээд байгааг харахгүй байна уу?”
“Залуу хүн байж цог золбоотой байж үзээч, бүсгүй минь!” гэж ирээд л олны өмнө улалзуулж байдаг юм хойно.
Мухлагаасаа гарлаа гээд нус нулимс болох нь юу л бол. Харин хүний нутаг, гүний хошуунд дасах гэж л ёстой нүдээ ширгэтэл уйлах хэрэг гарах вий. Тэгээд л айлын эхнэр болно доо, Эвэлин минь. Тэр цагт хүмүүс түүнийг хүндэтгэж харьцах нь дамжиггүй. Эх шигээ хүний гарт зовж амьдахгүй. Эвэлин хэдийнэ арван естэй, нас биед хүрсэн бүсгүй болсон ч эцгийнхээ савраас одоог хүртэл мултарч чадаагүй ч шиг санагдан, хааяа зүрх нь түгшдэг хэвээрээ. Эцэг нь Эвэлинийг охин хүүхэд гээд Эрнэст, Харри хоёрт ширүүлдэг байсан шигээ хатуу гараар өсгөөгүй ч ойрноос харин даруулгатайхан байхгүй бол өөд болсон эхийнх нь өмнөөс хашрааж өгнө гэж хашхичин занах болжээ. Одоо бүсгүйг өмгөөлж хамгаалах хэн ч байхгүй. Эрнэст амьсгал хурааж, Харри сүм чимэглэдэг ажлаар газар сайгүй тэнүүчлээд, гэрийн бараа харахаа больжээ. Ядаж байхад, хагас сайны орой болгон мөнгөнөөс болж мөнхийн хэрүүлтэй байдагтаа бүсгүй дотроо туйлдаж эхлээд байв. Эвэлин цалингийнхаа долоон шиллингийг сохор зоос ч дутаалгүй тушааж, ах нь олсон бүхнээ шавхаж явуулдаг ч эцэг нь тэдэнд юу ч хялайлгадаггүй байлаа. Харин ч Эвэлинийг өөрийн толгойгүй юм шиг үрэлгэн загналаа хэмээн аашилж, хөлсөө дуслуулж олсон хэдэн цаасаа чамд өгч гудамжаар нэг цацуулдаг вий хэмээн зандрах бөгөөд хагас сайнд бол бүр ч гар татуу болчихно. Арай гэж нэг юм алгаа тэнийлгэхдээ амралтын өдрийн хоол хошоо бэлдэхийг үүрэгддэг байлаа. Тэгээд л бүсгүй хар савхин хэтэвчээ лавхан атгаж, хар захаар хөлхөх олонтой нудралцан зүтгэсээр хүнсээ цуглуулж аваад, харуй бүрий болсон хойно хүнд ачаагаа дааж ядсан амьтан харьж ирдэг байв. Гэр орноо авч явахаас гадна гарыг нь харж үлдсэн хоёр жаалын ходоодыг цатгаж, хичээл сургуульд нь цалгардуулалгүй явуулах үүргийг ч нуруундаа үүрчээ. Ажил төрөл, ахуй амьдралын буулгыг ганцаар үүрнэ гэдэг хүнд байлгүй яах вэ. Гэвч орхин одохынхоо өмнө эргээд харахад огтоос хүсэмгүй амьдрал ч бас биш ажээ.
Удахгүй бүсгүй Фрэнкийг дагаад өөр нэгэн амьдралд хөл тавих гэж буй. Эршүүд, өгөөмөр, ил цагаахан эл залуутай хамт оройн усан онгоцонд сууж, орон гэрээ тохинуулсан Буонэс Айрест нь очоод эхнэр нь болж амьдарна. Фрэнкийг анх харсан өдрөө Эвэлин тод санана. Бүсгүйн байнга явдаг гол гудамжин дахь хөлсний байранд Фрэнк түр буусан байв. Хайнгадуухан тавьсан саравчтай малгайных нь доороос хэдэн туг үс нүүр рүү нь унжсан хөрслөг бор залуу хаалганы дэргэд зогсож байсан сан. Удалгүй тэд танилцаж, Фрэнк бүсгүйг орой бүр дэлгүүрийнх нь гаднаас тосож аваад гэрт нь хүргэдэг болжээ. Нэг удаа Бохемийн охин үзэхээр, театр гээч өргөөний дотор хамт сууж байхдаа бүсгүй мөн ч их догдолж билээ. Залуу хөгжимд хорхойтойн дээр жаахан дуулах авьяастай. Ойр тойрныхон нь ч тэдний болзож буйг гадарлах болов. Фрэнкийг далайчинд хайртай бүсгүйн тухай дуулахад нь Эвэлин сэтгэл догдловч цаанаа жаахан эргэлзэж, түгших аж. Залуу түүнийг “Хүүхэлдэйхэн минь” тоглох шоглохын хооронд дуудна. Эвэлинд эхэндээ хажуудаа нэг хархүү дагуулж явах нь л сайхан санагдаж байсан ч яваандаа түүндээ дасан дурлах болов. Фрэнк түүнд алс холын орон хотуудын тухай ярьж өгдөг байлаа. Анхлан сарын нэг фунтийн хөлстэйгээр далайчны туслах болж, Аллен Лайн нэртэй хөлөг онгоцоор Канад явж үзжээ. Залуу Эвэлинд аялж явсан хөлөг онгоцнуудынхаа нэрийг сонирхуулж, тэр хөлгүүдийн тавцан дээр хийж явсан ажлуудынхаа талаар нэгд нэгэнгүй ярьдаг байлаа. Магелланы хоолойгоор аялж үзсэнээ ярихдаа айж сүрдэм патагониачуудын тухай олон янзын түүх хуучилдаг сан. Эдүгээ Фрэнк Буонэс Айрест хөлөө олж төвхнөсөн агаад аглаг хөдөөгийн энэ сууринд амрах гэж ирсэн аж.
Эвэлиний аав тэдний учиртайг олж мэдүүтээ “Муусайн далайчдыг би мэдэлгүй дээ” хэмээн аашлаад, дахиж үг солихгүй байхыг охиндоо тушаажээ. Нэг өдөр эцэг нь Фрэнктэй халзагнаад авсан тул Эвэлин амраг хүүтэйгээ нууцаар уулздаг болсон аж.
Гадаа харанхуй болжээ. Өвдөг дээрээ дэлгэсэн хоёр захидлынх нь цагаан цаас ч харанхуйд уусан үзэгдэхээ байв. Эвэлин нэгийг нь Харрид, нөгөөг нь аавдаа бичсэн аж. Бүсгүй Эрнэст ахдаа илүүхэн хайртай байсан ч, Харриг ч бас дутуугүй хайрладаг билээ.
Нүдэн дээр нь өтөлсөөр буй эцэг нь Эвэлинийг санах нь дамжиггүй. Үргэлж яхирлаж ярдаглаж байдаг хүн ч бас биш сэн. Нэг удаа өвдөөд хэвтсэн байхад нь аймшгийн өгүүллэг уншиж өгч, ил гал дээр талх шарж өгсөн нь саяхан мэт санагдана. Бас нэг удаа ээжийг нь амьд сэрүүн байхад бөөнөөрөө Хофын хөндий рүү явган аялалд явж билээ. Тэгэхэд аав нь тэднийг хөгжөөх гээд ээжийнх нь далбан малгайг өмсөөд алиалж явсан сан.
Тухлах цаг бараг үлдээгүйг мэдэж байсан ч бүсгүй тоостой хөшгөнд нүүрээ наан цонхны дэргэд суусаар байлаа. Гудамжны үзүүрээс орган хөгжмийн ая сонстоно. Тэр аяыг бүсгүй яахин андах билээ. Ам бүлээ чадах чинээгээрээ бөөцийлж явна гэж ээждээ амласныг нь яг энэ үдшээр сануулан цуурайлдаг нь ямар жигтэй вэ. Бүсгүй ээж нь сүүлчийн амьсгалаа татсан үдшийг нэхэн санав. Эвэлинийг хонгилын үзүүр дэх харанхуй өрөөнд сууж ахуйд энэ уйтай итали аялгуу гадаа нь эгшиглэж байж билээ. Эцэг нь орган хөгжимчинд зургаан зоос өгч хөөмөгцөө ээжийнх нь хэвтэж байсан өрөөнд маадгар алхсаар орж ирээд “Үхэж хэвтсэн италичууд! Ахиж ирээд үзээрэй л дээ!” хэмээн харааж байсныг Эвэлин одоо ч тод санадаг.
Өөд болсон эхийнхээ дүрийг сэтгэлдээ төсөөлөн, өнгөрүүлсэн амьдралыг нь эргэцүүлж суухуйд амьсгалаа тасартал биеэ золин зүтгэсэн ч эцэстээ үхэж л дууссан гашуун хувь тавиланг нь өөрийн биеэр давтах гэж буй мэт ёр төрлөө. Тэр даруй “Дэрваан сэраан! Дэрваан сэраан!” гэж тасралтгүй үглэх ээжийнх нь дуу сонстсонд бүсгүйн бие агзас хийгээд явчхав.
Эвэлин тогонд цохиулсан мэт огло харайн бослоо. Зугтах хэрэгтэй! Даруйхан! Фрэнк л түүнийг аварна. Түүнд амьдрал бэлэглэж, нэмээд бас энэрэл хайраа ч зориулж мэднэ. Эвэлин амьдармаар байлаа. Ер нь яагаад заавал зовж амьдрах ёстой юм бэ? Түүнд жаргах эрх бий. Фрэнк түүнийг элгэндээ нааж, энгэртээ тэвэрнэ. Тэгээд бас аварч хамгаална.
Нэг мэдэхнээ Эвэлин бум бужигнаж түм түжигнэсэн Норт Воллын усан онгоцны боомтод зогсож байлаа. Фрэнк гараас нь атгаад, өөрт нь нэвтрэх хаалганы л тухай бололтой нэг юм ахин дахин сануулж хэлсээр буйг бүсгүй там тум мэдэрч байв. Бор богц үүрсэн цэргүүд боомтоор нэг хөлхөнө. Боомтын ангарын өргөн хаалганы цаанаас хана дагуу зогссон усан онгоцны аварга бие бараантан харагдахыг, бөөрөн дээрх жижигхэн цонхнууд нь гялалзан гялтганаж үзэгдэхийг бүсгүй зэрвэс харав. Амнаас нь үг гарч өгсөнгүй. Сэтгэл нь түгшихдээ царай нь байдгаараа цонхийсон бүсгүй энэ амьдралд зүглэх ёстой зүгийг нь чиглүүлж, үүрэх ёстой ачааг нь үзүүлж өгөгтүн хэмээн бурханд залбирлаа. Хөлөг онгоц хөдлөх болсноо зарлан дохиогоо хангинуулахад хачин уйтай дуу нь манан зүсэн цуурайлав. Хэрэв онгоцонд суувал маргааш гэхэд Фрэнктэй хамт Буонэс Айресыг чиглээд задгай далайд хөвж явна. Тасалбараа аль хэдийн авчихсан. Амраг хархүү нь өөрийнх нь төлөө энэ бүхнийг зохицуулсан байхад эргэж буцаж болно гэж үү? Сэтгэл үймэрснээс болоод дотор нь муухайравч Эвэлин амандаа бувтнан залбирсаар байлаа.
Зүрхэн дээр нь хонх жингэнэх шиг санагдав. Тэгтэл Фрэнк гараас нь шүүрэн аваад “Явъя!” гэлээ.
Ертөнцийн бүх далай зүрх рүү нь цутган орж ирэх шиг. Фрэнк цутган орж ирэх их далайдын зүгт түүнийг чирэн алхана. Живүүлэх нь л дээ. Эвэлин төмөр хашлаганаас юу юугүй зуураад авав.
“Явъя!”
“Үгүй! Явахгүй! Яасан ч үгүй! Явж болохгүй.” Эвэлин хашлаганы төмрөөс амь тэмцэн зуурсаар байлаа. Түрхрэн айсуй далайдын дундуур түүний уйт дуу цуурайлна.
“Эвэлин! Эви!”
Фрэнк боомтын хашаагаар яаран гүйж ороод бүсгүйг араасаа дуудна. Эвэлин түүнийг яв гэж дохисон ч өнөөх нь эргэж хурган дуудсаар л байлаа. Бүсгүйн царай байдгаараа цонхийгоод, арга тасарсан аятай араас нь ширтсээр хоцров. Гэвч харцанд нь хайр, хагацал, талархлын аль нь ч тодорсонгүй.