UBLife Logo
Миллениал

ХАРЬЦУУЛАХ НЬ: Дэлхийн улс орнууд хэнийг парламентын гишүүнээр сонгож байна вэ?

Б.Саруул
Б.Саруул
ХАРЬЦУУЛАХ НЬ: Дэлхийн улс орнууд хэнийг парламентын гишүүнээр сонгож байна вэ?

"Тоон тойм" булан энэ удаа дэлхийн улс орнууд ямар хүмүүсээр парламентын төлөөллөө бүрдүүлдэгийг шинжилж, мөн тэдгээрийн дундаж үзүүлэлтийг Монголтой харьцуулж үзлээ. 

Дэлхий нийтийн хэмжээнд парламентын гишүүний дундаж нас 53 байна

Дэлхий даяар 46 мянга гаруй хүн парламентын гишүүнээр сонгогдож, ард түмнээ төлөөлөн ажиллаж байна. Тэдний гишүүнээр сонгогдож буй дундаж нас нь ойролцоогоор 53 байгаа юм.    

Дэлхийд парламентын гишүүдийн 25 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Олон улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал, нэр дэвшигчид, эсвэл сонгогдсон парламентын гишүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх квотыг хуулиар тогтоосон улс цөөнгүй бий. Одоогоор дөрвөн парламентын гишүүн тутмын нэгийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

Парламентын гишүүдийн 28.1 хувийг 45-аас доош насныхан, 2.2 хувийг 30-аас доош насныхан эзэлж байна.

Олон улсын парламентын холбоо (IPU)-оос авсан мэдээллээр парламентын гишүүдийн 28.1 хувийг 45-аас доош насныхан, 2.2 хувийг 30-аас доош насныхан эзэлж байна.   

Харин одоо дээрх үзүүлэлтийг Монгол Улсад явагдсан 7 удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнтэй харьцуулж үзье. 


УИХ-ын гишүүнээр сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо сүүлийн хоёр сонгуулиар хамгийн өндөр байна

УИХ дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь дэлхий болон Азийн дунджаас доогуур байна (дэлхийд 25 хувь, Азид 20.5 хувь). Одоогоор УИХ-д 13 эмэгтэй гишүүн байгаа бөгөөд энэ нь парламентын гишүүдийн 17.11 хувийг эзэлж байгаа юм. Гэхдээ сүүлийн хоёр сонгуулиар түүхэндээ хамгийн олон эмэгтэй сонгогдож, эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад нэмэгдсээр байгааг онцлох нь зүйтэй. 

Дашрамд дурдахад нам тус бүрт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх квот бий. 

УИХ-ын гишүүд "хөгширсөөр" байна 

УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн дундаж насыг тооцсон үзүүлэлт хараахан байхгүй байна. Гэхдээ 1992, 1996 оны сонгуулийн үр дүнг 2016 оныхтой харьцуулбал гишүүдийн дундаж нас нэмэгдсэнийг харж болно. 1992 онд УИХ-ын гишүүдийн 71 хувийг, 1996 онд 78 хувийг 45-аас доош насныхан бүрдүүлж байв. Харин одоогийн УИХ-ын гишүүдийн 38 хувийг энэ насныхан эзэлж байна. Түүнчлэн 25-35 настай залуучуудын төлөөлөл 2.6 хувийг бүрдүүлж байгаа юм. (Дэлхийн дундаж 28.1 болон 2.2 хувь байна)

Залуу гишүүдийн тоо 2000 оноос огцом буурсныг эндээс харж болно. 

Хэрэв та энэ нөхцөл байдлыг өөрчилж, дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байвал 4 жилд нэг удаа олдох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.   

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, IPU Parline

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.