Хүүхдийн нүдээр бидний амьдрал, эргэн тойрон хэрхэн харагддаг нь надад хамгийн сонирхолтой сэдэв байлаа. Энүүхэнд эргэлдэн хийсэх уутнаас авхуулаад тэртээд гялтганан түгэх одод хүртэл, тэдний сониучирхах зүйлс яг л огторгүй шиг хязгааргүй. Тэр хязгааргүй сониучирхал дунд юу нүдэнд нь бас сэтгэлд нь тусдаг бол, хүрээлсэн орчноо хэрхэн хардаг бол, энэ бүхэн тэднийг хэн болгодог бол гээд л хүүхдийн хараа, сонирхлыг тойрсон миний асуултууд хөвөрдөг.
Хариулт, бас урам зориг хайн энэ сурвалжлагыг бэлдэхээр гарахдаа хотынхоо урдаас төв, зүүнээс баруунш явсаар Баянхошууны эцэст төгсөв. Ийн аялсаар цэцэгчин, төгөлдөр хуурч, кино жүжигчин, зураач, нүүр будагч болох мөрөөдөлтэй хүүхдүүдтэй танилцлаа. Тэд миний нүдийг нээж өгөх шиг. Надаас ихийг үзсэн ч юм шиг. Хайрлана гэж юу байдгийг ч зааж өгөх шиг. Зөв буруу, сайн муугийн ялгааг илчлэх шиг. Бид бүгд л гэрэлт ирээдүйг хүсэмжилдэг. Гэхдээ тэр нэхэн элдэх ирээдүй гэгч нь яг бидний дэргэд ‘Сандлыг яагаад сандал гэж нэрлэсэн юм бэ?’ гэхчлэн гэнэн сэтгэлээр хорвоог сониучирхан орших ажээ. Насандаа баймгүй хэрсүү, манай хамгийн бяцхан зочин болох Содномцэрэнгийн Алигэрмаа, дүрслэх урлагийн багш болох хүсэлтэй Мэндбаярын Гүнчинлхам, өнгөрсөн сард Чех улсад болсон Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын “Virtuosi per musica di pianoforte” уралдаанд түрүүлээд ирсэн Баттулгын Гүен, Каннын кино наадамд оролцсон анхны монгол бүтээл болох “Баавгай болохсон” киноны жүжигчин Батсайханы Төгөлдөр, цусны хоргүй хавдраас үүдэн баруун нүдээ авхуулсан, мэргэжлийн нүүр будагч болох мөрөөдөлтэй Чойдогжамцын Отгонсүрэн нарыг танилцуулъя. Тэд авсан зургуудаараа та бүхнийг өөрсдийн ертөнцөд хөтлөх болно.
Том болоод цэцэг тарина гэж боддог. Зөндөө их цэцэг, ээж эмээ шиг ээ.
С.Алигэрмаагийн дарсан зургууд.
Хүнд тусалдаг хүн гоё.
Эгч маань fashion designer болохыг хүсдэг, гэхдээ би түүнийг багш болоосой гэж хүсэж байна. Хэрвээ тэгвэл залхуу байхаа болино.
Сургуульдаа явахад халтирч унах муухай.
Дараагийн хэсэг ирэх долоо хоногт.