ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхий даяар 300 сая гаруй хүн сэтгэл гутралаас болж шаналдаг байна. Үүнд бага насны хүүхдээс өтөл буурай үеийнхэн хүртэл багтана. Сэтгэл гутралд автсан хүмүүс аливаа зүйлд идэвхгүй болж, айдас, ганцаардал, гуниг гутрал, гэнэтийн хүчтэй сэтгэл хөдлөлд автдаг. Ихэнх тохиолдолд бидний шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж, өөрийгөө бүрэн дүүрэн ойлгуулахад бэрх болгох нь бий. Та бүхэнд энэ удаа сэтгэл гутралаас болж хийдэг 10 үйлдлийг сонирхуулж байна. Хэрэв таны эргэн тойронд ийм хүн байдаг бол тэднийг шүүмжилж буруутгахын оронд эхлээд яагаад тийм байгааг нь асууж, ярилцаад үзээрэй.
1. Өөрийгөө тусгаарлах
Энэ нь янз бүрийн шалтгаантай байдаг. Зарим нь олны дунд байснаар маш их ачаалал авч ядарч байгаа учраас ганцаараа байсан нь дээр гэж үздэг. Харин өөр тохиолдолд бол тухайн хүн өөрийгөө хэтэрхий их голж, үзэн ядсанаас болоод бусадтай харилцахаас эмээж, өөртөө итгэхээ итгэлээ алдсан байдаг. Сэтгэл гутралын бүр хүнд үед өөрийгөө тусгаарлах үзэгдэл хэдэн долоо хоног, сараар үргэлжлэх нь ч байдаг.
2. Эмх замбараагүй болох
Үргэлж ядарсан мэт мэдрэмж төрүүлэх учраас ямар нэгэн зүйл хийнэ гэхээс л ядарч, туйлдах нь бий. Угаагаагүй хувцас овоорч, гаргаж хаях ёстой хог нэмэгдэн, цүнхэн доторх эд зүйлс тань холион бантан болж эхэлдэг.
3. Чадамж буурах
Эрч хүчийг сордог хар нүх цээжинд үүсчихсэн юм шиг санагдана. Амьдралын энгийн л үйлдлүүд болох гараа угаах, усанд орох, тэр ч байтугай орноосоо босох, хоол халбагадах нь хүртэл хэцүү болж эхэлнэ. Учрыг үл мэдэх хүмүүс үүнийг залхуурал хэмээн хардаг. Гэхдээ зүгээр л хувцсаа сольж өмсөх, шүдээ угаах нь хүртэл зовууртай, хүнд хэцүү санагдах үеүд тэдэнд байдаг гэдгийг ойлгоосой.
4. Унтаж чадахаа болих
Ихэнх тохиолдолд сэтгэл гутралтай хүмүүс нойргүйдэх шинжтэй байдаг. Шөнөжин хүсээгүй зүйлээ ургуулан бодох, толгой өвдөх, гэгээ орох мөчид асар их дарамт, тогтворгүй байдал мэдрэх гэх мэт. Учир нь дахиад л нэг шөнийг унтаж чадалгүй өнгөрүүллээ гэх бодол тэднийг туйлдуулж, улам хүнд байдалд оруулдаг. Харин зарим тохиолдолд бүтэн өдөр унтсан ч амарч чадаагүй мэт, огт унтаагүй мэт санагдана.
5. Бүх нөхцөл байдлыг муугаар бодох
Сэтгэл гутрал хүний оюун ухаанаар тоглож, сөрөг бодолд амархан итгүүлдэг. Ямар нэг муу зүйл болох болгонд тэд үүнийг амьдрал үнэхээр муухай байгаагийн баталгаа болгон харж, дэвэргэж байдаг.
6. Хор хөнөөлтэй идэх зуршил
Нэг бол тэд бүх зүйлийг хараа хяналтгүй ховдоглон иднэ, эсвэл юу ч идэхгүй. Зарим нь дотор мэдрэгдэж байгаа хоосон зүйлийг нөхөх гэж оролдсондоо хөргөгчинд байгаа бүхнээ идэж байх болно. Харин зарим нь ямар ч идэх дуршилгүй болж, бүр хоолыг үзэн ядах хэмжээнд ч хүрч болдог.
7. Урам зориггүй болох
Бүр хамгийн дуртай хобби тань хүртэл сонирхолгүй, хэнд ч хэрэггүй мэт санагдана. Хийж байгаа зүйлээсээ таашаал авахаа больж, сэтгэл хангалуун байлгах зүйл тун ховор үлдсэн мэт санагдана.
8. Асуудлуудаас зугтах
Угаасаа л бүх зүйл ядаргаатай, хүнд хэцүү санагдаж байгаа дээр аливаа нэг асуудлыг шийднэ гэдэг бүр ч хэцүү, ядаргаатай санагдах болно. Та асуудлуудаас зугтаж, хаяж гээснээр тэр болгон ар араасаа нэмэгдэж, улам л гарах гарцгүй болгодог.
9. Харуусал, гэм буруу, өөрийгөө үзэн ядах мэдрэмж
Ихэвчлэн тэд өөрсдийгөө үзэн ядах хандлагатай байдаг. Бүх зүйл улам лавширсаар, танд бусдаар хайрлуулах юу ч байхгүй мэт мэдрэмж төрнө. Бас бүх зүйл таны буруу мэт санагдаж эхлэх болно.
10. Айдас дунд амьдрах
Тэдэнд аймшигтай зүйл тохиолдох вий гэж тэд үргэлж айж, санаа зовдог. Жишээ нь болзоонд явах гэж байлаа гэж бодъё. Гэтэл гэнэтхэн бүх зүйл муугаар эргэж болох мэт, тэр өөрийг чинь тэнэг амьтан гэж бодож үлдэж магадгүй мэт санагдана. Ингээд л тэд цааш "Би түүнтэй байх эрхгүй. Над шиг хүнтэй байж болохгүй" гэх мэтээр ургуулан бодсоор, хойш сууж, боломжуудаа алдаж орхидог.
Энэ бол хамгийн түгээмэл 10 үйлдэл бөгөөд та бүхэн өөрийн бодлыг мөн бидэнтэй хуваалцах боломжтой шүү.
Эх сурвалж: Psych2Go