Хайх зүйлээ бичнэ үү

20 мин

UB LIFE-ийн түүхүүд: Ганцаардал гунигийн дурсамж сэдрээсэн 25 дуу (№1)


Та бүхэндээ ийнхүү шинэ түүхүүдээ хүргэж байна. Хүмүүсээс дуутай холбоотой гунигтай түүхүүдийг асуухад нэг л шөнийн дотор 50 түүх ирсэн байлаа.   

Тиймээс 2 хувааж, дараагийн нийтлэлийг ирэх долоо хоногт оруулах болно. Хэрэв таны түүх энд багтаагүй бол дараагийн нийтлэлд орох юм шүү. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншаарай.


1. Rockit Bay - Эцсийн зогсоол

Нэг их бороотой орой машинд энэ дууг сонсоод, тэр минь надад "хэзээ аав болох бол, аав болбол ямар байх бол" гээд хоёулаа ирээдүйнхээ тухай яриад инээлдэж байснаа тод санадаг. Бид хоёр зургаан жил үерхээд салсан. Одоо тэр аав болсон.

-С.Б 

2. Enkhe x Erkhem - Chinii Tuhai

Энэ дуунд би яагаад ч юм дургүй. Налгар зуны сайхан өдрөөс эхлээд орой болгон саравчинд уулзах үедээ сонсдог байсан. Хамтдаа дуулж, хөгжилтэй, гунигтай бүх зүйлсээ энэ дуутай холбодог байсан. Гэхдээ тэр намайг нэг шөнийн охин болгож ашиглахыг хүсэх хүртэл энэ дуунд хайртай байсан. Харин одоо сонсох үед амьдралын минь хамгийн новшийн мөчүүдийн нэг болсон үе байнга бодогддог. Бас охидод хандаж хэлэхэд хүнээ сайн таньж сэтгэлээ өгөөрэй. Тэр чамд хайртай л бол хэзээ ч чамайг өвөртөө оруулах гэж яарахгүй шүү дээ. Үүнийг л сайн санаарай. Хэн ч чиний биед зөвшөөрөлгүй хүрэхийг бүү зөвшөөрөөрэй.

-Эгшиглэн 

3. OFFONOFF - Cigarette (Feat. Tablo & MISO)

Намайг хэзээ ч эргэж хайрлаагүй "хайртай" хүн маань энэ дуунд дуртай байж билээ. Байнга чихэвч зүүж явдаг, тэрүүгээр үргэлж энэ дуу явна. Даанч тэр минь одоо өөр хүнийг хайрлаад явж байгаа. Түүндээ өөртөө хүсдэг бүх сайн сайхан, аз жаргалыг хүсье. Үргэлж хайртай байх болно.

-А.

4. Coldplay - Fix You

2019 онд Индонезод Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход шагнал гардуулах ёслолын дараа энэ дууг нэг хамтлаг коверлож дуулсан юм. Тэр үед 1-р байранд ороод их баярлачихсан, дууны үг нэг бүр нь зүрхэнд хүрч байлаа. Учир нь энэ л тэмцээнд оролцохын тулд, ялахын тулд 2 жилийн хугацаанд олон төрлийн мэдрэмж мэдэрч, олон ч золиос гаргасан. Одоо ч гунигтай үедээ сонсохоор тэр үеийн мэдрэмж мэдрэгдээд бүгдийг чадах юм шиг санагддаг.

-Т.Энхжаргал

5. The Neighborhood- Sweater Weather

Олон жилийн өмнө их сургуулийн 1-р курсэд сурч байхдаа “Хувь хүний санхүү” гэдэг хичээл дээр нэгэн зураач залуутай танилцаж ухаангүй дурлаж байсан юм. Тухайн үед яг л өдий шиг ийм хүйтэн намар цаг байж билээ. Хөгжим гэдэг талаар тийм ч том ойлголт байхгүй надад энэхүү дууг сонсож үзэхийг санал болгож, би ч энэ дуунаас салахаа байж, их сургуулийн нэг байрнаас нөгөө байр хүртэл зөвхөн энэ л дуутай улаан хүрэн зузаан цамцтай, дурласан залуугаа бодоод л алхаад байдаг байлаа. Тэр минь нэг бол надад хайртай ч юм шиг, эсвэл бүр дургүй ч юм шиг. Ингэж нийлэх нийлэхгүй явсаар олон жил өнгөрч хэзээ хойно нь түүнийг найз охинтой болсон хойно л би гэдэг хүн ямар тэнэг, дураараа, ухаангүй, ийш тийш савчсан ааштай байснаа ойлгож өөртөө л бүх бурууг өгсөн дөө. Бид хоёрын бүхий л амьдрал холбоотой мэт санагддаг. Бүр жаахан л мартагнах гээд хэсэг хугацаа өнгөрсөн байхад хорвоо цаанаас нь учруулаад л байдаг гэхэд хилсдэхгүй. Бусад хүмүүсийг бодвол миний түүх тийм ч гунигтай эсвэл уншмаар биш байх, урт удаан түүхийг түүнийгээ санагалзахын тулд маш богиносгож бичлээ. Одоо бүхнийг эргээд харахад тэр залуу миний анхны хайр байсан гэж бардам хэлж чадна би.

-М.С

6. Бадрууган - Гэрлэж амжаагүй явна киноны дуу

Намайг жаахан байхад өвөө энэ дууг их сонсдог, дагаж аялдаг байлаа. Өвөө маань их албархуу хүн болохоор дуулахыг нь сонсоно гэдэг маш ховор. Хааяа бүр сонсож байгаад унтчихна. Гэхдээ одоо бодоход зүгээр л нүдээ аньдаг байсан юм билээ. Өвөөг тэнгэртээ тэврүүлснээс хойш би энэ дууг бүр мартаад их олон жил өнгөрсөн ч хөл хорионы үеэр дахиад нэрийг нь олж мэдсэн. Хүн ер нь их удаан хугацаанд уулзаагүй хүнийхээ царайг аажим аажмаар мартчихдаг байх. Гэхдээ энэ дууг сонсох тоолондоо өвөөгийнхөө нүдээ аньсан амгалан царайг дахин санаж чаддаг юм. Дуу нь ч өөрөө их гоё намуухан тайван. Ер нь энэ дууг өвөө шиг мэддэг мэдэрдэг хүнтэй л гэрлэчих юмсан гэж боддог доо.

-Н.Э

7. Lana Del Rey - Yes to heaven

3 жилийн өмнөх намар нэг охинд дурлаж байсан юм. Миний анхны хайр байлаа. Анхны харцаар шууд дурлачихсан. Энэ дуу "бид хоёрын дуу” байсан юм. Шинэ жилээр тэр надад энэ дууг төгөлдөр хуур дээр тоглож өгч байсан. Анхны хайр байсан болохоор бүх л мэдрэмж нь үнэхээр хүчтэй мэдрэгддэг байж билээ. Одоо харин ингээд “түүх” болгоод бичих сайхан дурсамж болоод үлджээ. Энэ дууг сонсоод түүнийг бодож байсан үе минь, хамтдаа сонсонгоо алхаж байсан минь, тэр үед орж байсан цас, энэ дууг төгөлдөр хуур дээр тоглож байсан тэр дүр зураг нь нүдний өмнө тод үзэгдэх шиг болж байна. Дуу бол тэгэхээр дурсамжийн хайрцаг юм.

8. NMN JONON - Цахилбаа

Амьдралаас юу ч мэдэрдэггүй нэгэн хэвийн болчихсон байсан үед минь гарч ирсэн нэгэн хүний надад дуулж өгч байсан дуу. Энэ дууг тэр үед амьдралдаа анх удаа сонсоод л дурлачихсан. Яг л түүнд дурласан шиг ээ...

-

9. Princess Chelsea - The Cigarette Duet

Тэр миний сонсдог төрлийн дууг анх удаа үнэлсэн нь энэ байлаа. "Хөөх ямар гоё дуу вэ, иймэрхүү дуунаасаа санал болгож бай л даа" гээд л. Бид 2 хамтдаа сонсож, дуулж, үгийг нь гаргаад дуэт хийж караокеддаг байлаа. Би яг тамхи татаж эхэлсэн үе ч таарч байсан. Жонатан Брийгийн хэсгийг дуулахдаа над руу яг хандаж дуулна. Одоо надаас өөр миний хөөрхөн уушгинд санаа зовох хүн байхгүй гэж бодох хааяа гунигтай байдаг. Ай хөөрхий түүнийгээ, түүнтэй байсан тэр үеэ их санах юм аа.

-Ш.А

10. Kamelia - Prima Oara

Сэтгэлтэй хүн маань энэ дуунд дуртай гэдгээ хэлж байсан юм. Нэг сонсоод л сэтгэлд хоногшсон. Аялгуу нь, клип нь, үг нь (Google translate-ээр орчуулж ойлгосон румын дуу байгаа юм). Жилийн өмнө энэ дууг сонсох болгонд яагаад ч юм бид хоёр бүтэх юм шиг, яг энэ клип дээрх шиг хамт байх юм шиг санагддаг байж. Харин одоо яаж ч хүсэж хичээлээ гээд хэзээ ч түүнтэй хамт байж чадахгүй гэдгээ мэдэрдэг. Хорвоо дээр зарим зүйлс хүсэх тусам хясдаг. Үүнийг л яс махандаа тултал ойлгож байна даа.

-

11. Сарантуяа - Тэр намайг дурсдаг болов уу?

Энэ дууг сонсох тоолонд эксээ боддог. Нэг хэсэг өдөр шөнөгүй сонсдог байсан ч сүүлийн үед бүтэн сонссон удаа бараг байхгүй болчхоод байгаа. Магадгүй мартагдаж байгаа байх аа.

-Г.Анужин

12. Singing In The Rain

6 жилийн өмнө гаднын нэг театр ирж манай драмын театрт жүжиг тоглосон. Тэрийг хайртай охинтойгоо үзээд, дуусахаар нь хоол идэж коктейл уугаад гартал гадаа бороо ороод их жаргалтай байсан болохоор энэ дууг дуулаад гараас нь атгаад бороонд норонгоо гүйгээд л их жаргалтай байлаа. Даанч миний зангаас болоод одоо холбоогүй болсон гэж бодохоор энэ дууг дахиж сонсохоор эсрэгээрээ гуниг төрөөд байдаг болчихсон.

-С.Э

13. Slowdive - Richard

Нэг залуу байсан юм. Хааяа нэг харахад монгол хип хоп сонсоод л, тэнэг хөвгүүдтэй нийлээд яваад л байдаг байсан. Харин нэг намар аймаар нухацтай, бодохоор инээдтэй царайтай дуу сонсоод явж байхаар нь "Хүүе чи юу сонсож байгаа юм" гээд сонссон чинь харин энэ дуу байсан. Миний хайрлаж сонсдог дуу байсан юм. Тэр үеэс хойш түүнийг анзаарч эхлээд, нэг мэдэхэд хайртай болчихсон. Миний хамгийн удаан крашласан хүн. Крашлаад л байсан, крашлаад л байсан, үнэхээр яг л надад тохирох хүн... Тэгээд эцэст нь ижил хүйстэн байсныг нь мэдсэн. Гунигтай гэхээсээ илүү хайрлам түүх л дээ. Би одоо болтол чамайг крашладаг шүү кс.

-Ц.Т

14. hyukoh - Gondry

Олон жил юугаа ч нуухгүй бүх зүйлээ ярилцдаг байсан найз минь нэг л өдөр надад сайн гэдгээ хэлсэн. Тэр үедээ, тэрний дараа ч тоохгүй явж байснаа нэг л өдөр түүнд ухаангүй дурлачихсан байсан. Гүн дурлаад, тэр дурлал минь хэнийг ч хайрлаж үзээгүй тийм их хайр болоод. Яг тэр үед холын зайн үерхэл байсан ч биенээ үргэлж дэмжиж, улам хайрласаар байсан. Нэг өвөл ирэхэд нь орой цас хөвсийтөл зөөлнөөр будраад, гудамжны гэрэлд цас буух болгонд яг л цаг хугацаа зогсоод, гудамж ямар ч хүнгүй, бид хоёрт л зориулсан юм шиг. Машинтай зөөлөн яваад, мөрөн дээр нь толгойгоо тавиад, гараас нь хөтлөөд энэ дууг хэчнээн ч сонссон юм бэ дээ. Тэр үедээ хорвоогийн хамгийн жаргалтай хүн байсан ч, энэ дуу тэрийг минь бодогдуулдаг жаргалтай "бидний дуу" байсан ч одоо сонсох болгонд яах орхигдсоноо бодоод гунигладаг дуу минь болсон.

15. Oпозит - Чиний төлөө би бүхнийг хийнэ

2018 оны өдийд анхны хайрдаа хаягдаад хэцүү явж байхад энэ дуу л хань болж байсан. Сонсох болгонд хамт өнгөрүүлсэн дурсамжууд, хамтдаа явж байсан гудамж гээд бүх л дурсамж бодогддог. Хэрвээ үүнийг уншвал хайр гэж юу байдгийг мэдрүүлсэн чамд баярлалаа Э*****.

-Robert Sandifer

16. Calum Scott - Dancing On My Own

2017 он. Төгсөх курсийн оюутан байх үед. Хаврын гунигтай өдрүүд ар араасаа үргэлжилсээр... Бүх зүйл нэгэн хэвийн уйтгартай ч биш, хөгжилтэй ч биш. Сэтгэл санаа тогтуун бөгөөд хөөр баяртай ч биш, уйтгар гунигтай ч биш. Өмнөх олон жилүүдийн хавар ямар байсан яг л тийм янзаараа. Манай ангийнхан бүгд хичээлээ тараад урагшаа бөөнөөрөө явна, харин манай гэр хойд зүгт болохоор ганцаараа тэднээс салаад гэрийн зүг алхана. Миний хамгийн сайн хийж чадах зүйл бол цаг хугацааг дэмий өнгөрөөх, хэрэггүй хоосон утга учиргүй бодлууд хүчин чармайлт гаргуулахгүйгээр зүгээр л өөрөө миний толгойд ар араасаа ундран орж ирэн утга авцалдаагүйгээр үргэлжлэхийг харах. Фэйсбүүк гүйлгээд гэртээ ганцаараа хэвтэн өөрийн бодолтойгоо ижилхэн эмх замбараагүй ар араасаа гарч ирэх мэдээ мэдээлэл, хов жив, бусдын сонин сайхныг сонирхож шимтэхгүйгээр хэрнээ уйдаж залхалгүйгээр дээш нь гүйлгэсээр л хэвтэнэ. Нэгэн видео гарч ирэв. Авьяаслаг Британичууд шоунд нэгэн залуу дуулж эхлэв. Эвлэгхэн хоолой, сонсголонтой ая, анхааран чагнах үзэгчид гарах нь өөрийн эрхгүй анхаарал татна. Асгаран урсах нулимс, чимчгэнэн өмрөх уруул, шимшрэн өвдөх сэтгэл гурав харин минийх байсан. Ээ бурхан минь энэ чинь юу болох нь энэ вэ? Өмнө нь өч төчнөөн л дуу сонсож байхад ийм зүйл тохиолдож байгаагүй юм даа. Дунд ангиасаа хойш бараг уйлаагүй өдий 26 нас хүртлээ явсан гэхээр хэдийнээ арав гаран жил болжээ. Удаан мэдрээгүй гаслантай, гунигтай, өрөвдөлтэй энэ мэдрэмжийг мэдэрч байгаадаа би өөрийн эрхгүй баярлаж, онцгүй таагүй зүйл хүртэл чамд ямар их дутагдаж болдгийг гайхан шимширч байлаа. Тав зургаан удаа давтан сонслоо. Уйлсан хэвээр л. Эр хүн шиг байх, хатуужилтай байх, охин шиг уйлахгүй байх... гэдэг хүмүүжлээр өссөн би хэцүү хүнд бүхнийг дотроо тээн өнгөрөөсөөр байгаад сүүлдээ бүүр дөжирчихсөн байж. Энэ дуу надад өсвөр насны оргилсон дэврүүн сэтгэлээ ахин нэг удаа мэдрэх боломжийг олгосон. Өсвөр насандаа л амьдралыг зуун хувь байгаагаар нь хүлээж авч мэдэрдэг байснаа ойлгосон юм даа. Нас ахих тусмаа хүний мэдрэмжүүд нэг нэгээрээ унтран үхсээр сонин содон, гоё сайхан зүйлс хүртэл байдаг л зүйл мэт болсоор байгаад насан эцэслэдэг юм шиг надад санагддаг. Одоо бол энэ дуу надад байдаг л нэг дуу, яг тэр үед сонссон шиг тийм онцгой мэдрэмжийг энэ дуунаас ахиж би авч чадахгүй нь харамсалтай.

-Мөнхдорж 

17. Milky Way - Хоёулаа

Олон гоё түүх байдаг ч хүүхэд насны минь, надад хамгийн инээдтэй санагддаг нэг түүхийг хуваалцмаар санагдлаа. Би сурагч байхдаа найзуудтайгаа хамт Мобиком орлоо. Манай аймагт шинэ дугаар дэлгэцээр харж өөрөө сонгож захиалж болдог болоод удаагүй байлаа. Дугаар харах гээд жагсаад зогсож байхдаа нэг хөөрхөн залууд анхны харцаар дурлачихсан. Тэгээд тэр залуугийн яг хойно нь дагаж зогссоор байгаад авсан дугаарыг нь харж цээжлээд амандаа арав хорь давтаж хэлээд зүрх тархиндаа хадгалж авав. Тэр үед найзуудаараа зургуулаа дундаа нэг шинэ дугаар аваад 7, 7 хоногоор ээлжилж нөгөө дугаараа барьж сайн хүмүүс рүүгээ зориг гарган, заримдаа нэрээ нууцлан танилцдаг байлаа. Одоо бодох нь ээ их хөгжилтэй байжээ. Миний нөгөө дундын дугаараа барих 7 хоногийн ээлж ирж би зүрх, тархиндаа цээжилсэн дугаарын эзэн, анхны харцаар дурласан залуутайгаа танилцаж зурвас бичилцэв ээ. Нэлээн хэд хоногийн дараагаас нөгөө залуутайгаа уулзсан. Бид хоёрыг уулзах үед 15-ны сар гарчихсан рома өдөр байлаа. Бид 2 баахан хамтлаг дуучдын талаар ярьсан. Oasis, Beatles, Radiohead, Sigur Ros, Kings of Convenience-д хоёулаа дуртай гээд л ниэлээн яриа нийлээд би гэж бөөн аз жаргалтай хүн. Нислээ нислээ. Аймаар гоё байсан. Тэгсэн нөгөө дурласан залуу маань надад нэг шинэ гарсан монгол дуу дуулж өгөх үү гээд. Би баярлаад тэгье гээд л ичингүйрэн балайрч дууг нь сонслоо. Milky way - Хоёулаа гэдэг дуу хаха. Одоо сонсохоор инээд хүрээд, эгдүүтэй санагдаад байдаг юм. Тэгээд тэр залуу намайг гэрт маань хүргэж өгөөд тэр өдрөөс хойш дахиж харьцаагүй, холбоо барихгүй, зурваст минь хариу өгөөгүй. Би эмороод л… Удалгүй сургуулийн урлагийн үзлэг болов оо. Тэгсэн хамтлаг дууны төрөлд доод ангийн хэдэн хүүхдүүд тэр дууг тайзан дээр дууллаа. Би чинь кинон дээр гардаг шиг тэр дуу эхлэнгүүт урлагийн заалнаас уйлж гарч гүйгээд. Надад дуулж өгсөн дуу гэж уйлаад. Тэрнээс хойш тэр залууд зориулж дууны үг, шүлэг хүртэл зохиож бичиж байлаа. Хаягдаад дууны үг зохиож хүртэл үзлээ. Хаягдалт хүчтэй. Намайг улам дуу хөгжимд хайртай болгосон доо. Дуу хөгжимтэй холбоотой олон гоё дурсамж надад, хүн бүрт л байдаг. Дуу хөгжим бидний амьдралд хөг нэмж, баяр гунигийг мэдрүүлэх чадвартай агуу шүү. Дуу хөгжим байдагт баярлалаа. Маш их хайртай.

-Ц.О 

18. CL - Wish You Were Here

Ээжийгээ сахиусан тэнгэр болсны дараа CL ээждээ энэ дууг зориулж гаргасан. Эмээг биднийгээ орхин одсоны дараа хүлээж авахад хэтэрхий хүнд ачаа шиг санагдаад, эмээгээ санаж уйлах болгондоо тултал нь чангалаад амандаа аялангаа тэнгэр ширтээд суухаар тайвширдаг. Эмээ минь тэнгэрт гялалзах мянган оддын дунд хайртай хүмүүстэйгээ хамт биднийг дээрээс хараад хамгаалж яваа юм шиг санагдаад, од харах болгондоо инээмсэглэдэг. Энэ дуу байгаагүй бол яг тэр үеийн гашуун мэдрэмжээ би яаж дарах байснаа огт төсөөлөхгүй байна даа.

-Цэлмэг

19. Michael Seyer - Lucky Love

16 насандаа нэг инди залууд үхтлээ дурлаж билээ. Тэр машинтайгаа ирээд л надтай уулздаг байсан сан. Машинаар нь дандаа сэтгэл дулаацуулсан дуу явна. Тэр хүн өөрөө ч их мэдрэмжтэй. Надаас хэдэн насаар ах. Гэхдээ тэр хэзээ ч намайг жаахан гэж боддоггүй яг өөртэй нь чацуу юм шиг л хүндэлж харьцдаг нэгэн байсан. Бид хоёр бүтэн 3 жил зууралдсаар яг жилийн өдийд хоёр тийш болцгоосон. Тэр гэнэт гарч ирсэн шигээ гэнэт л алга болсон доо. Эмэгтэй хүн анхны хайртайгаа гэрлэнэ гэж боддог шиг би яг тийм л явсан. Гэхдээ хүнд анхны хайр л бүх зүйлийг нь зааж өгчхөөд явдаг жамтай юм билээ. Бид хоёр хамгийн сүүлд уулзахдаа энэ дууг хамтдаа сонсож байлаа. “Үнэнч хайр дурлал шиг зүйл хаа ч байхгүй, энэ бүхэн зүгээр л азаар ирсэн хайр” гэдэг хэсэг энэ дуун дээр бий. Анхны хайр чинь чамайг догдлуулж, уйлуулж, бүр үзэн ядуулж ч болно. Гэхдээ энэ бүхэн чинь анхны бөгөөд та тэр мэдрэмжүүдийг хэзээ ч халуунаар нь дахин мэдэрч чадахгүй. Дараагийн хэн нэгнийг бид илүү хайрлаж сурахын тулд анхны хайртай учирдаг. Энэ л миний анхны хайрдаа одоог хүртэл талархаж, дотроо бодож явдгийн шалтгаан.

-М.С

20. The Eagles - Hotel California

Энэ дууг Shang-Chi киноны soundtrack гэдгийг үзсэн хүмүүс мэдэх байх. Кино нээлтээ хийгээд хэд хонож байхад нь найз залуутайгаа цуг үзсэн юм. Мэдэхгүй юм даа, өмнө нь зөндөө л киног янз бүрийн хүмүүстэй цуг үзэж байсан л даа. Гэхдээ энэ хүний мөрийг дэрлээд тухтай гэгч нь киногоо үзэж дууссаны дараа одоог хүртэл Шан Чи, Кэйти хоёрын Hotel California караокед дуулж байгаа нь чихэнд хоногшчихжээ. Ахин дахин сонсох тусам аманд орж ирээд л, хайртай хүнээ бодно. Одоо эмнэлэгт байгаа ч эдгэрээд гарахаараа заавал энэ дууг караокед дуулна даа. Энэ дуу магадгүй миний хамгийн жаргалтай, амар тайван үеийг үргэлж сануулах дурсамж болж үлдэх байх.

-Сараа

21. AM-C - Zurhendee Sonsooroi

11-р ангид байхдаа доод ангийнхаа нэг хөвгүүнд сайн болж байсан юм. Байсан ч гэж, одоо хүртэл сайн хэвээрээ л дээ. Түүнд сайн гэдгээ ойлгосноос хойш 2 жил болж байна. Гэхдээ энэ хугацаанд би нэг ч удаа зоригтой алхам хийж үзээгүй ээ. Яагаад ч юм тэр хүүг холоос л хараад инээмсэглээд зогсож байхдаа жаргалтай байдаг байсан. Ойртож дотносох талаар боддог ч зүгээр л танилууд төдий байгаа минь л хангалттай санагддаг байсан учраас тэр л дээ. Угаасаа ковидоос болоод хичээл ч танхимаар орохоо больчихсон, дээрээс нь тэр найз охинтой байсан болохоор бүр ч зоригломооргүй санагдсан юм. Тэгээд чаддагаараа фэйсбүүк инстаграмдаа ямархуу пост оруулж, сторидоо юу хийхийг нь л харуулддаг байлаа. Тэгтэл нэг өдөр энэ дууг машинд сонсож буйгаа сторидоо хийчихсэн байсан. Тэгэхэд нь л сүүлийн үеийн монгол уран бүтээлчдийн дууг огт сонсдоггүй би гэж хүн энэ дууг анх сонсож байлаа. Анхандаа дууны үг нь жаахан утгагүй санагддаг байсан ч ая нь их таалагдаад, дахилт хэсэг нь чихэнд хоногшчихсон. Тэгээд л тэр хүнийг сануулдаг хэдэн орос дуунууд дээр энэ дуу нэмэгдсэн дээ. Одоо тэдгээр дууг сонсох болгондоо сурагч насаа, бүтээхийг ч оролдолгүй алдчихсан анхны дурлалаа санаж "Ганц удаа ч болов зориглоод үзэх хэрэгтэй байж уу? " гэж харамсаж суудаг даа.

-Л.Н

22. BTS - Tomorrow

Анх дунд ангид ороод өсвөр нас нь эхлээд ч юм уу нэг л ганцаардаад, хаашаа явж юу хийж юуны төлөө сурж байгаа гэдгээ гэнэт л ойлгохоо больж юу ч хийх хүсэлгүй болчихсон. Дээрээс нь нэмээд ангийнхан маань дээрэлхдэг, аав ээж маань "чамд юу дутаад байна, хичээлээ л сайн хий" гэж шахдаг болчихсон. Би гэж хүн болохоор гэнэт л нэг тийм уналтад ороод, тэндээсээ хаашаа ч гарч чадахгүй, эсвэл гарах хүсэлгүй ч болчихсон байсан юм уу даа. Тэр үед анх энэ хамтлагийг сонсож байсан. Дахилтын үг нь болохоор "Одоо хэцүү байгаа ч битгий бууж өг, яагаад гэвэл нар мандахын өмнөх үүр цайх үе хамгийн харанхуй. Ирээдүй хэдий хол байгаа ч одоо байгаа өөрийгөө хэзээ ч битгий мартаарай. Хаана ч байсан яг одоо чи зүгээр л завсарлага авч байна. Битгий бууж өг" гэдэг үгтэй. Дууны үгийг нь уншаад л өөрийгөө бага зэрэг аргадах шиг болдог. Их олон дуу дурдмаар байгаа ч энэ дууны үгнээс илүү их эрч хүч авдаг болохоор явууллаа. Өсвөр насны сэтгэл гутралаас маань энэ хамтлагийн дуунууд л намайг гаргаж өгч аварсан гэж боддог.  

-Б.С 

23. Kodaline - Moving on

Түүнтэй би 3 жил хамт байсан. Тэр миний бүх юм байсан. Ухаантай, үзэсгэлэнтэй, хөгжилтэй тэр охин одоо өөр хэн нэгнийх болсон. Миний л дэргэд гаргадаг байсан тэр "хөөрхөн" бүхнээ одоо өөр нэгний дэргэд гаргаж байгаа. Би түүнийг аз жаргалаа олсонд баярлаж байна. Одоо бидний дунд хайр байхгүй ч гэсэн би өдөр бүр түүнийг өөрийн мэдэлгүй бодчихдог. Энэ дуу шиг хэзээ нэгэн өдөр зүгээр л уулзаж кофе ууж суунгаа бүх зүйлсээ ярихыг хүсдэг. Ямар ч гомдол, харуусалгүй зүгээр л хөгжилтэй, жаргалтай бүхнээ дурсаж үхтлээ инээлдэх юмсан. I miss you, чамд аз жаргал хүсье.

-Stan

24. Татар - Ганцаараа

Олон жилийн өмнө хайртай байсан охин минь үерхээд ч байгаа юм шиг, зүгээр найзлаад ч байгаа юм шиг харилцаатай байж байгаад арай гэж зориг гарган гуйсан орой нь манай найзтай үерхсэн байж билээ. Яг л 9 сарын 20-нд байсан даа. Бороо их асгарсан орой хол ч гэсэн гэрлүүгээ алхаад явж байхад онгорхой байсан нэг газрын тавьсан дуу нь Татар - Ганцаараа байсан. Сонсоод зогсоод байж билээ.

-

25. Magnolian & NMN - Ѳѳр хүмүүс

Өөр өөр хүмүүс миний
Өөр өөр талыг авч ирэхэд
Чамд байсан би
Өөртөө илүү таалагдлаа...

Энэ мөртүүд л чи бид хоёрын дунд байж. "Ямар их зантай юм бэ" гэж бодсоор дурлачихсан. Сэтгэлээ илчилж болзоонд урьсан ил захидал бичээд өгч чадалгүй 3 хоног халааслан явсан сан. Тарах цагийг нь тэнхимийнх нь гадаа нүдээ чилтэл хүлээж байгаад уулзаад, ил захидлаа өгсөн. Дараа нь МУИС-ийн нэгдүгээр байрны арын цэцэрлэгт суугаад энэ дууг сонсоход миний дотор чи байгаа шиг, чиний дотор ч би байгаа гэж гүн итгүүлсэн юмсан. Газраас хамгийн гоё навч олоод энэ мөртийг бичиж байхдаа ямар их догдолсныг тэр намар санаж байгаа. Надад чи байсан ч чамд би байгаагүй болохоор татгалзсан хариутай 2 жил өнгөрч байна. Чи надад намрыг ямар хайрлам үзэсгэлэнтэй атлаа цаанаа гунигтай гүнзгий санаа алдмаар улирал гэдгийг мэдрүүлсэн юм шүү. Аз жаргал хүсье.

-З.М


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nergui 2021.10.16 203.91.115.50

Eagles hamtlagiin hotel californiag shang chi kinonii soundtrack jigshig yu soliorood bgan bee

0 Хариулах