Ай хавар цагаа гэж... Зөөлөн сэвшээ салхи, дулаахан хаврын үдэш, хайрлан шохоорхсон сэтгэлт хүний намуухан яриа гээд л хавар цагийн хайрын дурсамж магадгүй хүн бүрийн зүрхэнд оршдог байх. Хаврын дурлал хамгийн хүчтэй байдаггүй гэж үү? "Ub.life-ийн түүхүүд"-ийн энэ удаагийн нийтлэлээрээ баяртай, гунигтай хаврын хайрын түүхүүдийг хуваалцаж байна.
Хавар уулзаж танилцаад, нэгэн рүүгээ 4 минут ширтэж суугаад 36 асуултын дагуу ярилцвал дурладаг гэх аргийг тоглоомоор туршин үзэхээр болж ширтэлцэн суусан юм. Тэгсэн чинь жинхэнээсээ дурлачихдаг юм хаха.
З, 26 настай
Ямар ч хоёр хүнийг шууд дурлуулах арга: 36 асуулт ба 4 минут
Зайрмаг идэх нэрийдлээр л намайг найрсан даа (хаха). Бид хоёр нэг том оффист өөр өөр газар ажилладаг юм. Ажилдаа дандаа шахуу зэрэг ирдэг болохоор үүд, лифт, доод дэлгүүрт хааяа таарна. Нэг өндөр, “аймар” цагаан царайтай хэр нь хав хар нүд хөмсөгтэй залуу л тэр хавиар яваад байсан. Би нэг сонин хээтэй, улаан цүнхтэй байхгүй юу. Нэг өдөр лифтэнд 2-лахнаа сууж таараад, тэгсэн чинь өнөөх маань “Хоо, ямар гоё цүнх вэ?” гээд бүр үнэн сэтгэлээсээ уулга алдсан. Би гайхаад, бас ичээд инээх аядаад буучихсан. Бодоод, бантаад, ядаж “Өө баярлалаа” гээд хэлчхээгүйдээ санаа зовоод … Бас ахиад таарчих санаатай байнга нөгөө цүнхээ үүрээстэй хэхэ. Тэгсэн нэг өдөр үүдэнд сууж байна, нөгөөх чинь. Хажуугаар нь явтал “Зайрмаг идэх үү?” гэж байна. “Байгаамуу?” гэсэн чинь өөдөөс босож ирээд инээгээд “Байгаа юм шиг харагдаж байна уу?” гэсэн. Ажил тараад л зайрмаг идэх нэрийдлээр уулзаж явсаар л одоо хамт амьдарч байна даа. Сайхан зайрмаг гэж байдаг юм шүү xD .
Намуун, 25 настай
"Хаврын анхны өдөр" гэж дэвтэртээ бичсэн тэр өдрөө түүнтэй анх танилцсанаа сүүлд хараад гайхсан. Хоёр хаврын дараа бид салсан даа. Хавар байсан, хайр байсан. Үүрд л байгаагүй...
Бo, 21 настай
Ленинградад, одоогоос 35 жилийн өмнө. Нүдэнд дулаахан, инженерийн ангийн залуу найзуудаасаа өөр гэж жигтэйхэн. Залуус орж гарч, кино клуб орж байхад ганцаараа байрныхаа хажуугийн номын сангийн уншлагын танхимд өнжинө. Эгч нь нүүрээ ч буддаггүй, тэр үед ч будаг шунх ховор байсан цаг. Нэг өдөр өрөөний орос охид намайг тал талаас гоёод л, анх удаа нүүрээ будаж аваад кино ший үзэхээр болов. Тэгсэн өнөөх "хэнхэгтэй" гэдгээрээ алдартай залуу бас найзуудтайгаа явж байсан. Оюутан болоод ч үсээ хоёр салаа боодог хэвээрээ байв. Дүүрэн чихэлдсэн театрын урд явж байгаад харсан чинь нэг талын үсний боодол алга болчхож. Юм ховор, үнэтэй үед чинь бид байгаа бүх юмаа л арвилж хямгадаж, гадны улс оронд яаж ийж болгоод л сурцгаадаг байсан хойно ганц боолтдоо баахан гол харласан юм. Тэгсэн маргааш нь "өнөөх залуу" дотуур байрны комендант эгчид нэг ууттай юм надад өгөөрэй гээд өгүүлсэн байв. Аягүй ганган хөөрхөн хоёр ширхэг боолт, нэг жижиг шоколад, жижигхэн уранхай цаасан дээр намайг таталгаад зурчихсан, доор нь жижигхээн гарын үсгээ үлдээсэн байсан. Тэр миний авч байсан хамгийн сайхан бэлэг. Сургуулиа ч төгсөөд, хувь хувьдаа гэр бүлтэй болцгоосон. Эгч нь тэр хүнтэй 30 жилийн дараа таараад таньж амжилгүй алмайран өнгөрсөн дөө. Одоо ахин таарвал "Баярлалаа" л гэмээр болдог юм. Залуу насны догдлом дулаан дурсамжийг минь бүтээж өгсөнд тэр шүү дээ.
- Хорол, 55 настай
"Хавар, зун, намар, өвөл... тэгээд ахиад хавар"
Бидний анх уулзсан үе хавар байж билээ. Зүс таних тэр хүн тийм халамжтай, хайр татам, сэтгэл догдлуулам нэгэн болохыг нь эхэндээ мэдээгүй ч бага багаар татагдсаар анх удаа л чин сэтгэлээсээ тэгж их дурлаж үзсэн. Хамгийн анх уулзахад тэр, түүний найз, манай найз дөрвүүлээ инээлдэн алхсаар шөнийн 2 цагт харьж байсан нь одоо бодоход нандин дурсамж болжээ. Тэр үнэхээр халамжтай, гудамжаар явахад согтуу хөлчүү хүмүүс ч юм уу, зам таарахад хоёр талд гарч намайг түүний дэргэд үнэхээр аюулгүй, эрх, хайрлагдсан нэгэн болгон мэдрүүлдэг байсан. Үүнээс хойш бид хамтдаа хавар, зуныг үдсэн. Одоо бол намар, өвөл тэгээд ахиад хавар иржээ. Энэ хавар тэр дэргэд байхгүй ч түүнтэй хамт өнгөрүүлсэн өдөр, хором бүрийн дурсамжаас би одоо ч хамгийн сайхан аз жаргалыг мэдэрдэг. Хамтдаа Богд уул гараад, хажуухнаас нь нэг дэвтэр авч байсан юм. Түүний үлдээсэн дурсамж, өөрт мэдрэгдсэн мэдрэмж бүрээ түүндээ бичиж, хэзээ нэгэн цагт өгнө гэж бодож байсан боловч одоо ч надад бий. Хүн тийм их аз жаргалтай, тийм "дүүрэн", тийм баяр хөөртэй байж, хайрлаж, хайрлуулж болдгийг харуулсан чамдаа баярлалаа. Хавар, зун, намар, өвөл... тэгээд ахиад хавар иржээ.
- Нэрээ нууцалсан
Хүмүүс "Хавар хайр авчирдаг" гэдэг ч надад бол хавар хамгийн гунигтай улирал шиг санагддаг. Түүнээс хавар салсан болохоор... Сүүлд нь надад хэлэхдээ "Шинэ жилийг ганцаараа өнгөрүүлмээргүй байсан болохоор аль эрт салах бодол төрсөн ч тэссэн" гэсэн нь улам их зүрх өвтгөсөн. Хүмүүс яагаад хайргүй хэр нь хамт байж, амиа хичээсэн зан гаргадгийг би ойлгодоггүй ээ. Хаврын дурлал хамгийн хэврэг, өөдгүй, новшийн, хувиа хичээсэн. Энэ хавар дурлахыг лав хүсэхгүй байна.
- Т, 21 настай
Айхтар шуурсан хаврын нэг өдөр ганцаараа алхаж яваад түүнийг анх харж билээ. Шороон шуурган дунд алхаад үс мүс сэгсийчихсэн, аймшигтай царайлаад явж байхад тэр их дэлгүүрийн тэндэх том цонхтой кофе шопт чухам "кино шиг" цонх руу хараад сууж байсан. Хальт харахад л нүдэнд тусаж, өөрийн эрхгүй яваад орчихсон. Ойрхон уулзах байсан найзыгаа тэнд дуудаад дэргэд нь шахуу суув. Биднийг ороход цонх руу харахаа болиод зөөврийн компьютероо дэлгэн их л төвлөрч сууж харагдав. Найзтайгаа "хов" базах нэрийдлээр уулзсан ч түүнийг сонсож байж магадгүй гэж бодохоос үгээ цэгнээд, өндөлзөж суув. Найздаа чатаар "Тэр залуу таалагдаад байна" гээд бичтэл очоод дугаараа өгчих өө гээд түлхээд явуулчхав. Дугаараа өгсөн өгсөн. Ахиад яг тэндээ уулзсан. Дурласан. Бидний хамтдаа өнгөрөөх хоёр дахь хавар ирж байгаа, түүндээ дурласаар л байна.
- Сараа, 28 настай
Хэтэрхий хайртай ч өлсөөд байгаа бол иддэг л юм байна лээ. Танилцаад яг дөрөв долоо хоног болж байсан юм. Тэр үед миний төрсөн өдөр таараад надад бэлэг өгнө гэж хэлээд л таг болчихсон. Тэгээд миний төрсөн өдрөөр эрт үүдэнд ирээд "Гараад ир" гэснээ аягүй хөөрхөн боолттой чихэр өгсөн. Жоохон байсан болохоор тэр үедээ их догдолсон..... Тэгээд орцонд сууж байснаа "Өлсөөд байна, би бүх мөнгөөрөө чамд бэлэг авчихсан. Тахиа аваад өг. Ойрхон гоё тахиатай газар байгаа юу" гэж билээ. Тэр үед тэнгэр хөмрөх шиг л болсон хаха. Гэхдээ би үнэхээр авсан бэлгэндээ тааруулж хоол авч өгсөөн өгсөн хаха. Бага насны дурсамж.
- Нэрээ нууцалсан
Cover art by: _Dotorhun_