UBLife Logo
UB.LIFE-ийн түүхүүд

UB.LIFE-ийн түүхүүд | Хүүхдийн баяраар тохиож байсан дурсамжтай 8 ТҮҮХ

UB.LIFE-ийн түүхүүд | Хүүхдийн баяраар тохиож байсан дурсамжтай 8 ТҮҮХ

Хүүхэд байхад хүүхдийн баяр гэхээр л догдлон баярлаж нойр ч хүрдэггүй байж билээ. 6 сарын 1-ний өдөр хамгийн гоё хувцсаа өмсөөд гэр бүлтэйгээ гарж тоглодог байсан дурсамж хамгийн сайхан нь... Угаас хамгийн жаргалтай цагаахан баяр "эх үрсийн баяр" мөнөөсөө мөн болов уу. Иймд "Ub.life-ийн түүхүүд"-ийн энэ удаагийн нийтлэлээрээ баяр, жаргалтай хүүхдийн баяраар тохиож байсан дурсамжтай түүхүүдийг хуваалцаж байна.

Тээр жилийн хүүхдийн баяраар аав үеэл хоёртойгоо жүжиг үзэж тэмдэглэж байлаа. Тэр жүжигийг үзсэн хүүхэд бүрд сугалаа өгч байсан санагдаж байна. Суудал бүрийн дугаараар тайзан дээр дуудаж бэлэг өгөөд л, тэр нь их гоё санагдаж билээ. Миний ч ээлж ирж тайзан дээр гарч шатар хожиж байсан. Тэр дурсамж ерөөс мартагддаггүй юм. Шатар харах бүрд гоё санагддаг. 

-Дөлгөөн, 26 настай

Намайг 4 настай байхад манайх гэдэг айл дөрвүүл ам бүлээрээ амьдардаг байлаа. Тэр үед их жаргалтай байснаа санадаг юм. Тухайн үед манайх гадаад улс руу явахаар төлөвлөж байсан. Дөрөвхөн настай миний сэтгэлд гадаад орон их л гоё юм шиг санагдаж хурдан л явах юм сан гэж боддог байж билээ. Тэр жилийн хүүхдийн баярын орой аав намайг хүзүүн дээрээ суулгаад долоон бурхан одыг зааж өгснийг тод санаж байна. Миний охин долоон бурхан одонд хүслээ шивнэвэл биелдэг юм гээд л. Тэгэхэд би чин сэтгэлээсээ "Хурдан явмаар байна" гэж хүслээ шивнэсэн юм. Гэвч удалгүй ээж ах бид гурав гадаад яваад харин аав ганцаараа үдсэн. Тэр үед би үнэхээр хүсэл биелдэг юм байна гэж мэдээд их баярлаж бас харамсаж билээ. Дараа нь том болчхоод мөн л долоон бурхан одонд аав руугаа явмаар байна гэж шивнээд аав руугаа буцаж байлаа. Юм гэдэг учиртай, хүсэл бүхэн хүчтэй гэдэг үнэн гэдгийг тэр үед ойлгосон доо.

-Оюунгэрэл, 28 настай

 

2011 оны хүүхдийн баяраар дүү бид хоёр гэртээ хоёулхнаа үлдсэн юм. Тухайн үед дүү минь 5 настай харин би 11 настай байсан. Гадаа хүүхдийн баяр болоод л бид хоёр хоёулхнаа, хэн ч бэлэг өгөхгүй юм байна гээд битүүхэндээ хямраастай, урвайсан хоёр юм сууж байтал аав утсаар залгаж байна. "Миний охин зуухны дээр байдаг нүхийг ухаад үз дээ" л гэнэ. Сандал тавьж байгаад нөгөө нүхийг ухтал бэлэг хийчихсэн байсан. Аав тийм романтик... Тэгээд л бөөн баяр болсон дүү бид хоёр бэлгээ сольж үзээд байж байтал аавын найз, нагац ах нарын эхнэрүүд гээд бөөн хүмүүс бид хоёрыг зориод ирсэн. Аавын найз бүр хоёр том тор дүүрэн амттай юм барьчихсан, нагац ах нарын эхнэрүүд ч гэсэн ууттай бэлэгтэй ирээд их гоё өдөр өнгөрч билээ.

-Болормаа, 24 настай

Нэг жилийн хүүхдийн баяраар би алиалгагчийн хувцас өмсөж,нүүрээ будаад парадад явсан юм. Өдөржин хүүхдүүдтэй тоглоод л орой харих гэтэл цас орчихдог юм даа. Тэгээд л цасанд норчихсон юм бүрэнхийд алхаж явтал хүүхдүүд айж зугтаад бөөн юм болсон. Ер нь одоо бодоод байхад оройн цагаар хэн ч будаг нь урссан алиалагчаас айх юм билээ.

-Б, 23 настай

Хүүхдийн баяр гэхээр л гангарааныаа даашинзыг өмсөөд аавынхаа мөрөн дээр суун ээжтэйгээ хамт талбай явдаг байсан дурсамж сэдэрдэг. Тухайн үедээ өөрийгөө хорвоогийн хамгийн хөөрхөн гүнж шиг санадаг байж билээ. Төв талбай ороод л, талбайд болж байгаа үзүүлбэрүүдийг үзэж, тэмцээнүүдэд оролцдог байлаа. Тухайн үед хүүхдийн бүжгийн тэмцээнд орж байснаа ер мартдаггүй юм. Аав ээж рүүгээ харж бүжиглэхдээ их л жаргалтай байсан даа.

-Хулан, 25 настай

1994 оны хүүхдийн баяраар 1 юм уу 2 дугаар ангид байсан санагдана. Би 8 настай эгч маань 13 настай л байсан байх. Эгч маань миний үсийг хөөрхөн самнаж өгөөд бас өөрийнхөө улаан хамба хилэн юбкийг өмсгөөд л сумын клуб руу очиж байсныг санадаг юм. Клуб руу очтол хүүхдүүдийн гүйлтийн тэмцээн болж байна, тэгсэн эгч миний нэрийг бичүүлчихдэг юм даа. Би багадаа их өндөр хүүхэд байсан юм. Чи өндөр юм чинь том том хариагаад л түрүүлчих гэж хөөргөж байгаад уралдуулчихсан. Би ч өнөө улаан юбкаа намируулаад гүйгээд л байлаа, гүйгээд байлаа, хүүхдүүдийг ер гүйцдэггүй ээ. Тэгээд сүүлээсээ хоёрт орсон доо. Дараа нь эгчдээ яах гэж нэр бичүүлсэн юм гэж уурлаад бөөн юм болсон.

-Отгонзул, 37 настай

Би багадаа их харамч хүүхэд байсан юм айлын ганц хүүхэд байсныг ч хэлэх үү хуваалцана гэсэн ойлголт ер байхгүй. Тэр жилийн хүүхдийн баяраар авга ах маань үеэл бид хэдийг баярлуулж баахан тоглуулсан юм. Их  ч халуун өдөр байсан. Ах гурван хаалгатай жаахан эвдэрхий пажеротой. Өнөө машин нь жаахан явж байгаад л унтарчихна. Бас кондишион байхгүй, халуун өдөр бөөн хүүхдүүд чихчихсэн халууцаад явж байснаа санадаг. Гэтэл гэнэт ахын машины бензин дуусаад замын голд зогсчихдог юм даа. Ах ч сандарч мөнгөтэй хүн хайн, бид хэдээс асуугаад бөөн юм болсон. Тэр дундаа мөнгөтэй нь би л байсан юм. Ах ч намайг мөнгөө зээлчих, бензин хийчихье гэж гуйгаад би гүрийсээр байгаад өгөөгүй. Одоо бодохоор өөрийгөө яасан амиа бацаан байгаа вэ гэж боддог юм.

-Амина, 25 настай

2013 оны хүүхдийн баяраар ангийнхаа охидтой нийлж тэмдэглэж билээ. Хүүхдийн баяр гэдэг жилд ганц л удаа ээж ааваасаа мөнгө авдаг өдөр байлаа шүү дээ. Бөөн хөөрч догдолсон охидууд нэгнийхээ гэрийг эзгүйчилж хоол хийж идье гээд 15 мянгаар нийлж байсан санагдана. Хоол ч гэж тэр үеийн тансаглал болох ундаа чипс тэгээд хиам, огурцы, будаа авсан санагдаж байна. Тэгээд ямар ч багцаагүй хоолны материал авчихсан бүхэл бүтэн 2 килограм будааг нэг дор агшаагаад түүхий, нялцгай тогоо дүүрэн будаа үлдээцгээж билээ (хаха).

-Энхжин, 24 настай

Хүүхдийн баяр болохоор л хүүхдүүд шинэ хувцсаа өмсөн гангарч гардаг даа. Яг түүний нэгэн жишээгээр би гэдэг хүн ээжийнхээ авч өгсөн цоо шинэ подволкийг өмсөөд гарснаа санадаг юм. Тэгээд найзтайгаа уулзтал найз маань ч шинэ хувцас өмсчихсөн хоёулаа өдөржин тоглож тоглож гэртээ ирэхдээ шошгоо аваагүй явснаа мэдэж билээ. (хаха).

-Энхчимэг, 18 настай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.