LEAD Mongolia хөтөлбөрт өөр, өөрийн салбартаа манлайлж яваа залуусыг шалгаруулж авдаг. Энэхүү нийтлэлээр бид өмнөх хөтөлбөрт оролцсон таван залуугийн туршлага, сэтгэгдлийг та бүхэнд онцлон хүргэж байна.

Н.Ганчимэг, LEAD Mongolia 2017 Монгол дахь хөтөлбөрийн оролцогч, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Төслийн зохицуулагч

Залуучууд хүсэл зориг, хүч чадлаа нэгтгээд, түүнийхээ төлөө үйлдэл хийж, улмаар тууштай байх юм бол ямар ч том зүйлийг бүтээж, бий болгож чадахыг олж харсан нь миний хувьд хамгийн чухал ололт байсан. Мөн LEAD хөтөлбөрт хамрагдсанаар хүмүүсийн ялгаатай байдлыг мэдэх болсон төдийгүй, хүн бүрийн оролцоог дэмжиж, мэдээллээр хангаж байх нь ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй, үнэ цэнтэй болохыг илүүтэй ойлгосон.
LEAD хөтөлбөрт оролцсоноор харах өнцөг, хамрах хүрээ, хувь хүний чадварын хувьд нэжгээд алхамаар урагшлах боломжийг олж авна. Амьдарч буй орчин, нийгмээ одоо байгаагаас илүү сайжруулахын тулд чамтай хамт зүтгэх, чамайг сэдэлжүүлж, дэмжих олон залуус байгааг олж мэднэ, тэдний нэг болно. Ажил, амьдралын тань зорилго тодорхой бус байсан бол тодорхой болж, том байсан бол илүү том болно.

Д.Ганзориг, LEAD Mongolia 2016 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн оролцогч, Unread Today сайтыг үүсгэн байгуулагчдын нэг
Мэдээж хөтөлбөрийн гол цөм болсон ардчиллын тухай ойлголтоо тэлж, ардчилсан нийгмийн эд ангиуд хэрхэн эргэж, нийгмээ урагшлуулж байдгийг илүү сайн ойлгосон шүү. Иргэний нийгмийн хүчтэй залуу лидерүүд манай ангид байсан болохоор иргэний нийгмийн ойлголт ч их сайжирсан. Нийгмийн асуудлыг хэрхэн үнэлж дүгнэж, түүний шийдлийг яаж гаргаж ирэх ёстой вэ, нөлөөллийн ажлыг хэрхэн хийх вэ гэдэгт суралцсан. Олон салбарын, ид хийж бүтээж яваа, өсөж хөгжиж яваа залуучууд байсан болохоор салбар бүрийн онцлог, боломж ба асуудалтай танилцсаныг дурдах ёстой. Хөтөлбөрт оролцсон туршлагаа ерөнхийд нь дүгнэхэд, өөрийн дассан тухлаг орноос өндийн гарч, нийгмийн асуудлуудыг харах өнцгөө тэлсэн, шийдэхэд хувь нэмэр оруулах эрмэлзлээ бадраасан. Иргэн хүний хувьд шат ахиж, өөрийн үйлдэл болон ажлаар дамжуулан эерэг нөлөөллийг илүү сайн түгээе гэж бодох болсон доо.
Үүнээс гадна LEAD-д хамрагдах ёстой нэг гол шалтгаан бол олон салбарын залуу лидерүүдтэй “холбоотон" болох явдал юм. Тэд чиний бодлыг өөрчилнө, мэдлэг чадварыг чинь тэлнэ, мэргэжилтний хувьд шат ахиулна. Сайн найзууд болно. Нэг ангийнхнаар тогтохгүй LEAD-ийг төгсөгч 180 гаруй залуучуудыг багтаасан, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төгсөгчдийн холбооны нэг хэсэг болж, маш хүчтэй коммюнитигийн нэг хэсэг болох боломжтой юм. Хүнийг хүн л боломжид хөтөлдөг гэдгийг сануулах юун.

Ч.Болортуяа, LEAD Mongolia 2017 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн оролцогч, IKON News-ийн Ерөнхий редактор
LEAD хөтөлбөрт хамрагдсанаар ардчилалд иргэд, иргэний нийгмийн оролцоо ямар их ач холбогдолтой, ардчиллын суурь зарчим болох хянаж тэнцэх (Check & balance) зарчим зэрэг өөрийн хайж байсан зүйлсээ газар дээрээс нь, шилдэг экспертүүдээс нь олж мэдсэн үр дүнтэй олон хичээл, сургалтыг авсандаа сэтгэл хангалуун байдаг. Мөн залуус нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хэрхэн амжилттай болгох талаарх олон хичээл, дасгал ажлуудыг ажилласан нь хөтөлбөрийн хүрээн дэх багийн төслөө хэрэгжүүлэхэд ч одоогийн ажил хөдөлмөрт маань их тус нэмэр болж байна.
Хэрэв залуус ардчиллын утга учрыг илүү гүн гүнзгий ойлгож таних хүсэлтэй, мөн нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг бол LEAD хөтөлбөр хамгийн богино хугацаанд, онол, практик хослуулан хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг өгөх хөтөлбөр юм.

Б.Баттөмөр, LEAD Mongolia 2018 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн оролцогч, BPREDU ХХК-ийн захирал
Миний хувьд нийгэмдээ чухал үүрэг, хариуцлага үүрч байгаа залуу манлайлагчидтай танилцаж, нөхөрлөсөн маань чухал байлаа. Тэдний санаа, бодлыг сонсч, ярилцах боломжтой, хамтдаа суралцсан хөтөлбөр байсан. Мөн нэг анги, хамт олны хэсэг болсондоо баяртай байна. Зөвхөн энэ он төдийгүй өмнөх төгсөгчидтэйгээ танилцаж, хамт олон болсноор хийж байгаа ажилд маань ч маш их тус болж байгаа.

Ж.Хулан, LEAD Mongolia 2018 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн оролцогч, UB.life, “Гэрэг” сэтгүүлийн дэд захирал

Манлайлал гэж үг орчин үед, ялангуяа манай хотод улиг болох хандлагатайг бүгд л ярьж буй. Харин “LEAD Mongolia” хөтөлбөрт хамрагдсан хугацаагаа би манлайллын тухай шинээр ойлгосон өдрүүд гэж хэлнэ. Албаны гоё хувцастай, тайзан дээр ярьдаг, тод дуутай хэн нэгнийг бус хүрээлэн буй орчин, хүмүүстээ зөв нөлөө үзүүлж чаддаг, бүлэг олны эрх ашгийн төлөө үйл ажиллагаа, хөдөлмөр бүтээлээ зориулж чаддаг хүнийг манлайлагч гэдэг юм байна, үүний тулд нийгмийн бүтцийнхээ тухай зөв ойлголттой, оролцоотой байх учиртай юм байна гэдгийг тод томруун харж авсан.
Түүнчлэн ардчилалд эргэлзэх болсон энэ цаг үед өлгий нутгаас нь жинхэнэ ойлголттой нь танилцаж, бидний туулсан зам хариуцлага, үүрэг, тэгш хамруулах, хүртээмжтэй байх зэрэг олон үнэт зүйлийг нь хэрхэн гээгдүүлж вэ гэдгийг мэдэж цаашид энэ бүхний тухай илүү анхаарахсан гэж ойлгосон.
Хөтөлбөрт хамрагдсан залуус салбар бүрээс сонгогдсон учраас аливаа асуудлыг 30 өөр өнцгөөс харж байгааг нэг танхимд сонсч, мэдэрнэ гэдэг гайхалтай байдаг. Сэтгүүлч хүний хувьд ийм олон талт дуу хоолойг алхам тутамдаа дуулж, маргаж, мэтгэлцэх боломж нь юугаар ч үнэлшгүй байсан бөгөөд одоог хүртэл LEAD-ийн төгсөгчидтэйгээ үргэлж холбоотой байж хамтран ажиллаж байгаа маань ололт юм.
2020 онд LEAD Mongolia нь хоёр төрлийн хөтөлбөрөө сүүлийн удаа зарлаж байгааг дуулгаж байна. LEAD Mongolia 2020 Монгол дахь хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг дараах холбоосоор, АНУ дахь солилцооны хөтөлбөрийн өргөдлийн маягтыг дараах холбоосоор авах боломжтой.
Хэрэв Та ч бас LEAD гэр бүлийн гишүүн болохыг хүсвэл LEAD Mongolia хөтөлбөрийн фэйсбүүк хуудсаар зочилж нэмэлт мэдээлэл аваарай. LEAD Mongolia 2020 Монгол дахь хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах хугацаа дөрөвдүгээр сарын 19-нд дуусах тул яараарай. Харин LEAD Mongolia 2020 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн өргөдөл тавдугаар сарын 10-нд хаагдах юм байна.
