UBLife Logo
Боловсрол

Зөвлөгөө: Дотоодын томоохон тэтгэлэг авсан оюутнуудын туршлага

Ub.life
Ub.life
Зөвлөгөө: Дотоодын томоохон тэтгэлэг авсан оюутнуудын туршлага

Нэр хүндтэй тэтгэлгийн эзэн болох нь шинэ оюутнуудын хувьд мөрөөдөл билээ. Ерөнхий сайдын тэтгэлэг саяхан зарлагдсан бөгөөд тус тэтгэлгийг авсан оюутнууд  туршлагаасаа хуваалцахаар боллоо. Мөн олон оюутны авахыг хүсдэг Зориг сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан тэтгэлгийг хүртсэн оюутантай уулзаж ярилцсан юм.  


 МУИС-ийн Социологийн тэнхимийн 4-р түвшний оюутан А.Хишигтөгс

Их сургуулийн дөрвөн жилийн хугацаанд би олон тэтгэлэг авснаас Ерөнхий сайдын тэтгэлэг илүү ойр байсан. Яагаад гэвэл би социологич, тиймээс төрийн үйл ажиллагаа, засгийн газрын мэдээлэл надаас тийм ч хол биш санагддаг. Намар ургац хураалт эхэлдэг шиг бид ч гэсэн өмнө нь сурч  мэдэхэд зориулсан цаг хугацаа, хөрөнгөө зарцуулсныхаа үр дүнг намар гаргах нь бий. Намар хамгийн их тэтгэлэг зарлагддаг. Намар хамгийн их эрдэм шинжилгээний хурал болдог. Бид мэдлэгээ ашиглах боломж энэ үед нээгддэг. 

Материалаа бэлдэхэд маш жижиг асуудал ч хүнд асуудал болж тулгамддаг. Жишээлбэл, анкетаа гараар бөглөх үү эсвэл шивэх үү гэх мэт эргэлзээ гардаг.  Албан мэдээлэл болон эсээг шивдэг, харин гарын үсгээ заавал үзгээр зурах ёстой. Хэрвээ гарын үсгээ зурахаа мартсан л бол хэчнээн их нотолгоотой, идэвх зүтгэлтэй байсан ч гэсэн хүчингүй болох учраас энэ мэт жижиг хэрнээ чухал зүйлсээ анзаарч байх хэрэгтэй. Тодорхойлолт, гэрчилгээ гэхчилэн албан бичгүүдээс гадна фото зураг, скрийншот зэрэг баримтуудыг хавсаргаж болно. Яагаад гэвэл бидний хичээл зүтгэл бүхэн үргэлж албан тоотоор баталгаажаад байдаггүй. Тиймээс сайн дурын зүтгэлээ харуулах баримт хэрэгтэй. Би бүх тэтгэлэгт нэг л удаа материал өгдөг. Харин Ерөнхий сайдын тэтгэлэгт хоёр удаа өгсөн. Ингэхдээ би өмнөх материалаа сэргээж өгсөн. Мөн   Засгийн Газрын хэрэг эрхлэх газраас холбогдож нэмэлт материал шаардлагатай гэдгийг хэлж өгдөг давуу талтай. Тиймээс эсээгээ илүү сайжруулах  боломж надад олдсон.

Ерөнхий Сайдын тэтгэлгийн  онцлог нь аль нэг салбар гэж онцгойлон заалгүйгээр үндэсний хэмжээнд зарлагддаг.  Хэн бүтээлч байна тэр хүн авч болно гэсэн үзэл баримтлал дээр үндэслэдэг. Тэгэхээр өөр өөрсдийн салбартаа хийж бүтээж, бусдад эерэгээр нөлөөлж чадах юм бол  хэн бүхэнд нээлттэй. Зөвхөн онц сурахаас гадна чамгүй хөдөлмөр хэрэгтэй болно. Миний хувьд эрдэм шинжилгээний ажилд онцгой үр дүн бүхий шинжилгээ хийж, олон нийтэд түгээсэн. Тийм  учраас энэ нь  онц сурахаас гадна шинэ санааг Монгол Улсын оюуны өмчид олгосон хэрэг болсон юм. Зөвхөн  их сургууль гэлтгүй  МСҮТ-ийн оюутнууд ч шинэ санаа бүхий бүтээл гаргаж нийгэмд зориулж чадсан  бол энэ тэтгэлгийн  эзэн болдог. 

Зөвхөн сургуулиа төгсөхийн тулд сурах биш харин хийж бүтээхийн тулд сурах хэрэгтэй

Би шударга амьдрахыг хүсдэг. Шударга байна гэдгийг философичид өгөө аваа тэнцэхүй гэж тайлбарладаг. Тиймээс би авсан бол өгнө, өгсөн бол авна гэдэг зарчмыг баримталдаг. Тэтгэлэг гэдэг ийм л шударга зарчмаар явагдах ёстой. Өөрөөр хэлбэл юу ч хийж, бүтээгээгүй мөртлөө тэтгэлэг горьдох хэрэггүй. Харин хийж бүтээсэн бол авах л хэрэгтэй гэсэн үг. Миний хувьд энэ тэтгэлэг нь мөнгө гэхээс илүүтэй  итгэл өгсөн. Ахиад чадна, ахиад илүү сайныг чадна гэдэгт итгэх тийм том итгэл найдвар бий болсон.  Ингэж чадвал тэтгэлэг нэг ёсондоо урамшууллын механизм болдог.  Зөвхөн мундаг байсанд нь өгсөн шүү гэхээс илүү  үүнээсээ  илүү болоорой гэж урамшуулдаг. Тиймээс цаашид сурахад илүү урам зориг орно. Монголын нийгэмд  ялангуяа оюутан залууст сурахаас гадна хийж бүтээх боломжууд их байдаг. Бусад нь шалгалтандаа бэлдэж байхад би хийх юмаа хийсээр л байсан. Тиймээс зөвхөн сургуулиа төгсөхийн тулд сурах биш харин хийж бүтээхийн тулд сурах хэрэгтэй. Ямар ч тэтгэлэг онц сурах гэдгээс илүү сэтгэл, ур чадвар, мэдлэг гурваа хослуулж байгаагаар олгодог гэдгийг сайн санах хэрэгтэй. Өөрийгөө л болгож явбал өөрт  хүнд тусна, харин бусдын төлөө гэвэл өөрийгөө гэхэд амар болдог. Тэтгэлгүүд сайн дурын ажилд оролцож  байсан уу гэж асуудгийн учрыг эндээс ойлгож байгаа байх. Яагаад гэвэл бусдыг гэж хийсэн бүхэн эргээд өөрт үр ашгаа өгдөг гэдэгт би итгэдэг.

 


Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан Т.Болор-Эрдэнэ

Би 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртэж байсан. Тэтгэлэгт материал бэлдэнэ гэхээр  тэр дор нь бэлдээд шууд өгдөг зүйл биш ээ. Аливаа тэтгэлэгт тэнцэхийн  тулд нэлээн эртнээс бэлдэж эхэлдэг. Жишээ нь,  өөрийн гаргасан амжилт, олон нийтийн идэвх зэргийг нотлохыг шаарддаг. Үүнд, олон улсын болон улсын уралдаан тэмцээн олимпиадад, сайн дурын үйл ажиллагаанд оролцож байсан эсэх, Монгол орны өв соёлыг түгээн дэлгэрүүлсэн байдал гэх мэт зүйлс багтдаг. Үүнийг тэр дор нь хийж хэрэгжүүлэх боломжгүй тул  эртнээс  бэлтгэдэг. Гэхдээ шууд тэтгэлэг авахын тулд л  бэлддэггүй. Тухайн оюутан өөрийн хүсэл сонирхол,  мөрөөдөл болон зорилгынхоо төлөө эдгээр  зүйлсийг хийж  ихийг танин мэддэг гэж хэлж болно. Улмаар өөрийгөө танин мэдэж, зорилго мөрөөдлийнхөө төлөө явсан баримтууд  нь эргээд тэтгэлгийн материал болдог гэж би боддог юм. 

Өөрийгөө танин мэдэж, зорилго мөрөөдлийнхөө төлөө явсан баримтууд  нь эргээд тэтгэлгийн материал болдог.

Аливаа тэтгэлэг бүрт заавал байдаг чухал шалгуур бол эсээ байдаг. Эсээ бол тухайн оюутныг илтгэх, танин мэдэх зүйл юм.  Эсээ бичих бас чухал шалгуур тул илүү анхаарах хэрэгтэй. Гэхдээ гоё  үгтэй эсээ гэхээс илүү өөрийн бодолд тулгуурлаж үзэл бодлоо бичиж, өөрт тохиолдсон нэг өдрийн адал явдалтай мөч, түүнээс сургамжлах зүйлсүүдээ голчлон бичдэг байсан. Агуу бүхэн энгийнээс гэдгийн адил энгийн бичигдсэн эсээ илүү үнэлэгддэг юм шиг санагдсан. Манай оюутнууд  өөртөө маш их илтгэлтэй байдаг. Учир нь жил ирэх тусам тэтгэлэг хүсэгчдийн тоо ихэсдэг. Энэ хэрээр залуучуудын өөртөө итгэх итгэлийг хэмжиж болох байх. Би чадна чи шүү гэж өөртөө итгэдэг олон залуус байгаа. Би тэд нараар их бахархдаг. Аливаа зүйлийг хийж хэрэгжүүлэхэд биднээс хамгийн түрүүнд шаарддаг зүйл бол өөртөө итгэх итгэл юм шүү гэж хэлмээр байна.

Тэтгэлэг хүртсэнээр сурч мэдсэн зүйл гэвэл өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Мөн хүн бүрт цаг тутамд боломж бий болсоор байдаг. Тэрхүү боломжийг бид хэрхэн ашиглах вэ гэдэг маш чухал санагдсан. Сурахад ямар нэгэн бэрхшээл тулгархад түүнийг өөрт олдсон боломжоороо өөрчилж болдог гэдгийг ойлгосон. Мөн шалтаг тоочиж, өөрийгөө голж, би чадахгүй гэхээс илүү өөртөө итгэлтэй байж, хичээж суралцах нь хамгийн сайхан. Хүн эхлээд өөрөө сурч хөгжиж, мэдлэг, туршлагыг хуримтлуулж байж эргээд түүнийгээ бусдад харамгүй түгээн нөлөөлдөг гэж би боддог. Тийм ч учраас сурах үедээ бүх л боломжийг ашиглаж сурах нь зөв.

Эцэст нь хэлэхэд, цаг нь болохоор л хийнэ, бэлдэнэ гэх биш тэр зүйлд бэлтгэлтэй байж цагийг үр бүтээлтэй ашиглах хэрэгтэй. 


МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн 4-р түвшний оюутан А.Сүхбат

2018-2019 оны хичээлийн жилд Зориг сан болон Швейцарын хөгжлийн агентлагын хамтарсан тэтгэлэг хүртэж байлаа. Материалаа бэлдэхдээ баримталсан гол зарчим  бол хамгийн түрүүнд үнэнээрээ л байсан. Хүүхдүүд тэтгэлэгт материалаа өгөхдөө хийсвэр зүйлс зохиох, өөрийгөө хэт өндрөөр үнэлэх гэх мэт алдаа гаргадаг. Сайн, муу аль нь ч байсан шууд л бичсэн. Өөрийнхөөрөө чөлөөтэй байсан учир олон материал дундаас шалгарсан гэж бодож байна.

Хүүхдүүд тэтгэлэгт материалаа өгөхдөө хийсвэр зүйлс зохиох, өөрийгөө хэт өндрөөр үнэлэх гэх мэт алдаа гаргадаг.

Анхаарах ёстой зүйлс гэвэл эсээн дээр нэлээд  анхаарал хандуулах хэрэгтэй. Зориг сангийн материал бүрдүүлж байхад хамгийн сонирхолтой нь хамгийн доод талд өөрийн гараар өргөдөл бичдэг. Тэндээс л олон зүйлсийг тэтгэлэг горилогчоос хардаг юм шиг санагдсан. Тийм болохоор албан бичиг хөтлөх, хүнтэй харилцаж,  өөрийгөө ойлгуулах чадварыг харгалзаж үздэг юм байна гэж ойлгосон.

Энэ тэтгэлэгт хамрагдсанаар би анх удаа төсөл бичиж, түүнийгээ хэрэгжүүлж үзсэн. Бусад  тэтгэлгээс ялгарах онцлог нь гэвэл оюутан дан ганц тэтгэлэг аваад зогсохгүй нийгэмдээ хэрэгтэй төсөл бичээд түүндээ хөрөнгө оруулалт босгож, хэрэгжүүлдэг нь  маш өгөөжтэй байсан. Төслөө бичих, багынхантайгаа хамтарч ажиллах, төсөл хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл тулгардаг болон түүний дараах үр дүн яаж илэрдэг гээд олон зүйлсийг сурч мэдсэндээ баяртай байдаг.

Сурах арга барил маань өөрчлөгдсөн гэхээсээ илүүтэй нийгмийн оролцоо илүү нэмэгдсэн гэж бодож байна. Тухайн жилийн бидний төсөл Булган аймгийн Рашаант сумын бага сургуулийг тохижуулж өгөх байсан. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй учир бид тэр сургуулийн ангиудыг тохижуулж, Үндэсний Төв номын сантай хамтран ном бэлэглэсэн. Замдаа бид тохижилтын материалаа аваад Булган аймаг руу явахдаа бие биетэйгээ ойр дотно байж, сайн найзууд болж чадсан.  Тохиолдсон хөгжилтэй түүхээсээ хуваалцахад бид хэд нийтийн унаанд суулгүй жижиг машинд шахцалдаж суусан юм. Анги тохижуулахдаа хотоос аквариумтай загас хүртэл авч явсан. Жижиг машины хойд суудалд аквариумаа өвөр дээрээ дамнуулж тавиад Булган хүртэл явсан чинь очихдоо бүгдийнх нь хөл бадайрчихсан байж билээ. Буусан хойноо бүгд биенээ шоолж инээгээд, зарим нь алхаж чадахгүй хөлөө барьж энд тэнд зогсчихсон. Очсон сургуулийнх нь нэг сурагч хүү ‘’хүүе яасан олон загас вэ.  Хэдүүлээ сайхан шараад идчих үү’’   гэх мэтээр наргиан хийгээд хөгжилтэй зүйлс их тохиолдож байсан.

                                             

                                                                                                   Бэлтгэсэн : М.Саранцэцэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
6
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.