UBLife Logo
Нийгэм

1500 хүүхдийн суудалтай 21-р сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо

Б.Саруул
Б.Саруул
1500 хүүхдийн суудалтай 21-р сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо

2019-2020 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд ашиглалтад орж буй хамгийн том буюу нэг ээлжиндээ 1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 21-р сургуулийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй хүмүүс оролцсон юм. 

Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн хуучин байр 640 хүүхдийн суудалтай ч өнгөрсөн жилүүдэд 2300 сурагч хичээллэж иржээ. Харин 2018 оны наймдугаар барилгыг нурааж, шинээр барих шийдвэр гарснаар 2300 сурагч төвийн гурван сургуульд хуваагдан, гурван ээлжээр хичээллэж байсан юм. 

Сургуулийн шинэ барилгыг нийт 10.7 тэрбум төгрөгөөр барихаар шийдвэрлэсэн ч шаардлагатай санхүүжилтийг 2019-2021 оны улсын төсөвт гурав хуваан суулгасан байжээ. Хэдийгээр санхүүжилт дутуу олгогдсон ч гүйцэтгэгч "Батс-Өргөө" ХХК банкнаас зээл авч, барилгын ажлыг тасалдуулалгүй үргэлжлүүлж байсан аж. Харин БСШУСЯ, Сангийн яам нэмж шаардлагатай санхүүжилт болох 5 тэрбум төгрөг гаргаснаар 2021 онд ашиглалтад орох байсан сургуулийн шинэ барилгыг ийнхүү 2019 оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулжээ. 

Шинэ барилга нь нийт таван блок байгууламжаас бүрдэх бөгөөд спортын хоёр заал, урлагийн нэг заал, цайны газар, хичээлийн 42 анги, хими, биологийн лабораториос гадна мэдээлэл зүй, технологи, гадаад хэл, дуу хөгжмийн кабинеттай юм байна. 

Дашрамд дурдахад, хүн амын нягтаршил өндөртэй Баянзүрх дүүрэг сургууль, цэцэрлэгийн ачааллаараа хамгийн өндөрт тооцогддог. Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт 55 ЕБС, 202 цэцэрлэг, 50 хүүхэд харах үйлчилгээ нийт 307 боловсролын салбар нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс Ерөнхий боловсролын сургуульд нийт 62,120 хүүхэд, цэцэрлэгт 27,489 хүүхэд нийт 89,609 хүүхэд сурч, хүмүүжиж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.