UBLife Logo
Хөлбөмбөг

Спортын ертөнц дэх офшор буюу “Панамын баримт”

Спортын ертөнц дэх офшор буюу “Панамын баримт”

Панамын “Mossack Fonseca” хуулийн компанийн ил тод болгосон офшор бүсийн хэлэлцээ, наймааны талаарх мэдээлэл дэлхийн санхүү, улс төр, эдийн засгийн ертөнцөд ихээхэн дуулиан үүсгээд байна. “Панамын баримт” хэмээх энэхүү баримт бичгээс харахад “Mossack Fonseca” үйлчлүүлэгчдэдээ мөнгө угаах, татвараас зугтахад нь туслан дэмжиж байжээ. Тэдний дунд төр засгийн шинэ, хуучин 72 тэргүүн, алдартай жүжигчид, дуучид багтсан байна. Спортын ертөнц ч тэднээс хоцорсонгүй. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси, УЕФА-гийн тэргүүн асан Мишель Платини, ОХУ-ын хөлбөмбөгч В.Карпин тэргүүтэй 20 гаруй хөлбөмбөгч “хар жагсаалтад” багтаад байгаа юм.Лионель Мессигийн гэр бүлийнхэн татвараас зугтаж байснаа эрс үгүйсгэсэн. Тэд “Манай гэр бүлийг татвараас зайлсхийх шинэ арга зохиож, мөнгө угаах сүлжээ байгуулсан гэдэг мэдээлэл нь огт худал бөгөөд бидний нэр хүндийг гутааж байгаа хэрэг” гэж мэдэгдээд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа зарлаад байгаа. Испанийн “Барселона” ч тоглогчоо хамгаалж, хэрэгтэй бүх туслалцааг үзүүлэхээ мэдэгдсэн. Харин Платини Панамын банкинд данстай гэдгээ зарлаад хэзээ ч дансаа нууж хааж байгаагүй, Швейцарийн татварын албанд бүх тайлангаа өгдөг байснаа хэлсэн. Францын “Le Monde” сонинд бичсэнээр Платини Панамд “Balney Enterprises Corp” хэмээх офшор компанитай байжээ.

“Панамын баримт”-аар спортын ертөнцөөс хамгийн том хэрэгт холбогдоод байгаа нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн шинэ тэргүүн Жанни Инфантино. Түүнийг авлигын хэргээр баригдсан хүмүүстэй гэрээ хэлэлцээр байгуулсан хэрэгт буруутгаад байгаа. УЕФА-д ажиллаж байх үедээ Инфантино Аваргуудын лигийн тоглолтыг шууд дамжуулах эрхийг Уго Хинкис, Мариано Хинкис хэмээх Аргентиний аав, хүү бизнесменүүдэд гэрээ байгуулан олгосныг тэд цааш нь гурав дахин илүү өндөр үнээр зарсан байна. Гэхдээ УЕФА-гийн нэрийн өмнөөс Жанни гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн гэсэн ямар ч баталгаа байхгүй. Уго, Мариано нарыг өнгөрсөн жил АНУ-ын лигийн хөлбөмбөгийн тоглолтын дамжуулах эрхийг хууль бусаар эзэмшиж байсан хэмээн Аргентинд баривчлах үед УЕФА тэдэнтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж байсан билээ. Гэтэл “Панамын баримт”-аар илэрсэн гэрээний бичигт Инфантиногийн гарын үсэг байгаа нь нотлогдсон. Эцэг, хүү Хинкисүүд одоо Аргентиний шоронд байгаа ч удахгүй тэднийг Америкт шилжүүлэх болно. Тэдний амнаас ямар үг унахаас ФИФА-гийн тэргүүний хувь заяа шийдэгдэж магадгүй.  2015 оны тавдугаар сард Америкийн прокурорын газраас “Cross Trading” компанийн эзэн Хинкис олон жилийн турш Өмнөд Америкийн хөлбөмбөгийн эрх мэдэлтнүүдэд авлига өгөн, тэмцээн уралдаан дамжуулах эрхийг хямдхан авч, дараа нь дамлан зардаг байсныг тогтоожээ. Европын Аваргуудын лигийн 2006-2007, 2008-2009 оны улирлын тоглолтыг Эквадорт дамжуулах эрхийг дээр дурдсан “Cross Trading” компанид олгох гэрээнд Жанни Инфантиногийн гарын үсэг байгаа юм. Номхон далайн Ниуэ арал дээр бүртгэгдсэн “Cross Trading” компани энэ эрхийг 111 мянган доллараар авч, Эквадорын “Teleamazonas” телевизэд 311 мянган доллараар дамлан заржээ. Мөн Европын Супер цомын тэмцээн дамжуулах эрхийг 28 мянган доллараар худалдан авч, мөн л “Teleamazonas”-д 126.200 доллараар зарсан байх юм. Тус компани хөлбөмбөг дамжуулах эрх дамлах бизнест гаршиж, бүх нүх сүвийг мэддэг, эзэмшдэг байсан нь илт байна. Харин тэр үед УЕФА-гийн Хуулийн хэлтсийн тэргүүний алба хашиж байсан Инфантино үүнийг мэдэж байсан уу? УЕФА-гийн хамгийн том тэмцээний эрхийг Эквадор улсад шууд өгөхгүй, яагаад хаа хамаагүй Ниуэ арлын компанид өгсөн хэрэг вэ? Сэжигтэй байгаа ч “Cross Trading”-тэй гэрээ байгуулахдаа Инфантино авлига авсан, “Teleamazonas” телевиз гэм буруутай гэж хэн ч буруутгаж, баталгаа гаргаж ирээгүй байна.  Одоогийн байдлаар УЕФА-гаас “Cross Trading”-тэй байгуулсан бүх гэрээ хэлэлцээр хууль, дүрэм зөрчөөгүй, тус компани “Teleamazonas” телевизийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгдээд байгаа. Мөн тэмцээн уралдаан дамжуулах эрхийг нээлттэй, ил тод тендер зарлан олгодог, “Cross Trading”-ийн санал болгосон үнэ өрсөлдөгчдөөс нь 20 хувь илүү байсан гэж л хэлсэн. Харин тэр эрхийг дараа нь хэн эзэмшиж, зарж борлуулах нь УЕФА-д огт хамаагүй аж.

УЕФА-гийн албан мэдэгдэлд “Бид Аваргуудын лигийн тоглолтыг телевизээр дамжуулах эрхийг олгох хэдэн зуун гэрээ байгуулдаг. “Cross Trading”-тэй байгуулсан гэрээ тэдний л нэг, тэгээд ч УЕФА-гийн ашиг орлогын маш бага хувь энэ гэрээнээс орсон. “Панамын баримт”-д гараад байгаа Инфантиногийн гарын үсэгтэй гэрээ бол жирийн л нэг гэрээ. Тэр үед Жанни гарын үсэг зурах эрхтэй захирлуудын нэг нь байсан тул ажлаа л хийсэн хэрэг” гэж дурдсан байлаа.Жанни Инфантино хоёрдугаар сарын 26-нд ФИФА-гийн тэргүүнээр сонгогдсон. Түүний өмнөх ерөнхийлөгч Зепп Блаттер авлигын хэргээр огцорсон тул Жанни юуны өмнө ФИФА-гийн нэр хүндийг сэргээн, авлигаас ангид байгууллага болохоо харуулна гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч Америкийн Холбооны мөрдөх товчооноос "Cross Trading” компанийн талаар мөрдлөг явуулж байхад Инфантино ч, УЕФА ч тэдэнд ямар нэг мэдээлэл өгөөгүй, нуун дарагдуулсан гэж BBC агентлаг мэдээлсэн. Өөрөөр хэлбэл “Панамын баримт” гарч  ирээгүй бол Холбооны мөрдөх товчоо ч тэднийг сүлжээний бизнестэй холбоотой гэдгийг мэдэлгүй өнгөрөх байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
34
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.