UBLife Logo
Дэлхий

Бодит амьдрал дээрх "Кимийн гэр бүл" буюу подвальд амьдардаг солонгосчууд

Б.Саруул
Б.Саруул
Бодит амьдрал дээрх "Кимийн гэр бүл" буюу подвальд амьдардаг солонгосчууд

Харанхуй, давчуу байрны подвальд аж төрөх Кимийнхэн болон баян тансаг амьдралтай Паркийн гэр бүлийн амьдралаар өнөөгийн нийгмийн давхаргын ялгааг харуулсан Шимэгч кино Оскарын дөрвөн гол номинацид шилдгээр шалгарлаа. 

Шимэгч кино газар тэнгэр мэт ялгаатай хоёр давхаргыг дүрсэлсэн нь уран сэтгэмжид тулгуурласан гэхээсээ Солонгосын нийгэм дэх бодит байдлыг харуулсан гэдэгтэй санал нийлэх хүн олон байна. Учир нь, Сөүлд олон мянган хүн Кимийн гэр бүлтэй адил подвальд амьдарч байна. BBC тэдгээр хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, дараах фото сурвалжилгыг хийжээ.


Солонгосчууд байрны подвалийн хэсгийг банжиха (banjiha) гэж нэрлэдэг байна. 

У Ги Чолын амьдардаг подвальд нарны гэрэл огт нэвтэрдэггүй бөгөөд цонхоор тусах сүүмгэр гэрэлд хүн амьдрах нь бүү хэл ургамал ч ургахад бэрх аж. 

Гадна талаар өнгөрч яваа хүмүүс уг жижиг цонхоор байрыг бүхэлд нь тольдож болохоор харагдана. Мөн өсвөр насныхан хааяа У Ги Чолын амьдардаг байрны гадна тамхи татаж, газар луу нулимж зогсох нь харагддаг хэмээн тэрбээр ярьжээ. 

Зуны улиралд тэсвэрлэхэд бэрх чийгтэй болдог тул хөгц амархан ургадаг гэнэ. Угаалгын өрөө давчуу бөгөөд угаалтуургүй, тааз нь намхан учраас толгойгоо цохихгүйн тулд байнга бөхийж явахаас өөр аргагүй байдаг гэжээ. 

"Анх энэ байранд нүүж ороод бетонон хананд гараа гэмтээж, шилбээ хөхрүүлж байсан ч одоо дасчихсан" гэж тээвэр, ложистикийн салбарт амьдардаг 31 настай У Ги Чол ярив. 

Банжиха гэгдэх давчуухан "хонгил"-д хүмүүс оршин суух болсон нь хэдэн арваны өмнөх Өмнөд болон Хойд Солонгосын зөрчлөөс үүдэлтэй гэв. 1968 онд Умардын цэргүүд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Чун Хиг хороох даалгавар аван Сөүлийг зорьжээ. Тухайн үед Умардын төлөвлөгөөг зогсоосон ч хоёр улсын хооронд үүссэн хурцадмал байдлыг намдааж чадсангүй. 

Тэр жил Умардын цэргүүд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний USS Pueblo хөлөг онгоц руу довтолж, улмаар олзлон авсан билээ. Ийнхүү зэр зэвсгээ зузаатгасан Умардын тагнуулууд Өмнөд Солонгос руу нэвтэрч, хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа зохион байгуулжээ. Үүнээс үүдэн Өмнөд Солонгосын засгийн газар 1970 онд орон сууцны барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулж, шинээр баригдаж буй орон сууцны бүх барилгад онц байдлын үеэр хоргодох байрны зориулалтаар ашиглах хонгилтой байхыг шаарддаг болжээ.

Тиймээс банжихаг байрны зориулалтаар түрээслэх нь эхэндээ хууль бус байсан юм. Гэвч 1980-аад оны орон сууцны хямралын үеэр нийслэлд байрны хомсдол үүссэн тул засгийн газар иргэдэд газар доорх байгууламжид амьдрах эрхийг олгохоос өөр аргагүйд хүрчээ. 

Өмнөд Солонгос эдийн засгаараа дэлхийд 11-рт жагсдаг ч боломжийн үнэтэй орон сууц хомс байгаа нь залуучууд, нийгмийн эмзэг давхаргын иргэдэд томоохон сорилт болж байгааг НҮБ-ын 2018 оны тайланд дурджээ. Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал, 35-аас доош насныхан орлогынхоо 50 орчим хувийг байрны түрээсэнд зарцуулж байна. 

Жил жилээр өртөг нь нэмэгдэж буй орон сууцыг худалдан авах, түрээслэх боломж хомс учраас залуучууд подвальд амьдрах сонголтыг хийдэг аж. Подвалийн сарын түрээс ойролцоогоор 540 мянган вон (453 доллар) байдаг бол 20-30 насны залуучуудын дундаж цалин 2 сая вон (1,679 доллар) байгаа юм. 

"Ийм байранд амьдарч байгаа нь эмзэглээд байхаар зүйл биш л дээ. Учир нь, би ахиухан хуримтлал үүсгэхийн тулд хямд байр түрээсэлсэн. Тэр зорилгодоо ч хүрч овоо хуримтлалтай болоод байна. Гэвч хүмүүс намайг өрөвдсөн харцаар харж байгаа нь мэдрэгддэг. Солонгос хүмүүсийн хувьд өөрийн гэсэн аятайхан байр, машинтай байх нь их чухал. Тиймээс л намайг хэн болохыг амьдарч байгаа газраар минь  тодорхойлоод байгаа байх. Миний бодлоор банжиха бол ядуурлын бэлгэ тэмдэг" гэж У Ги Чол ярьсан юм. 

Шимэгч кинонд Паркийн бага хүү Да Сон Кимийн гэр бүлийнхнээс адилхан "сонин" үнэр үнэртдэг гэж ярина. Үүнийг олж сонссон Ким Ки Тэек эвгүй үнэрээ арилгахаар хичээх авч охин нь "Энэ бол хонгилын үнэр. Эндээс яваагүй цагт энэ үнэр биднээс салахгүй" гэж хэлдэг. 

26 настай гэрэл зурагчин Пак Ён Жун байрны подваль түрээслээд удаагүй байхдаа Шимэгч киног үзжээ. Уг нь тэр боломжийн үнэтэй, зай ихтэйг нь бодож подваль түрээсэлсэн боловч уг киног үзсэний дараа өөрөөс нь эвгүй үнэр үнэртэж байх вий хэмээн санаа зовдог болжээ. 

Тиймээс Ён Жун өнгөрсөн зунаас хүж асааж, чийг шингээгчийг байнга ажиллуулдаг болсон гэв. Байраа засаж, чимэглэхэд Шимэгч кино хөшүүрэг болсон гэжээ. Ён Жун найз бүсгүйтэйгээ хамт влог эхлүүлж, байраа хэрхэн засаж байгаагаа цувралаар бичлэг болгон оруулжээ. 

Ён Жуныг анх подваль түрээсэлж эхлэхэд эцэг эх, найз бүсгүй нь таатай хүлээж аваагүй байна. Харин байраа шинээр засаж буй бичлэгээ YouTube-д тавьж, фэнүүдээсээ магтаал, эерэг сэтгэгдэл авч эхэлснээс хойш тэдний хандлага өөрчлөгджээ. 

Гэвч Ён Жун болон Ги Чол нарын хэн хэн нь подвальд насаараа амьдрах бодолгүй байгаа бөгөөд хангалттай мөнгө хуримтлуулсныхаа дараа нүүхээр төлөвлөж байгаа хэмээн ярьжээ. 

Эх сурвалж: BBC 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
19
3
1
3
8
1
4
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.