Твиттер компани даваа гарагт оруулсан блог постдоо 2020 онд хамгийн их лайк цуглуулсан, RT хийгдсэн жиргээ, трэнд болсон хэштаг, жиргээчдийн хамгийн их ашигласан эможиг зарлажээ.
Энэ жил жиргээчид #COVID19 хэмээх хэштагийг хамгийн их ашиглажээ. Хоёрдугаарт, #BlackLivesMatter гуравдугаарт #StayHome багтсан байна.
Тэгвэл жиргээнд нэр нь хамгийн олон дурдагдсан хүмүүсээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден нар тодорчээ. Харин гуравдугаарт, сэжигтнээр баривчлагдах явцдаа цагдаагийн гарт амиа алдсан африк гаралтай иргэн Жорж Флоидын нэр бичигджээ. Мөн ерөнхийлөгч асан Барак Обама, Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлаг топ тавд багтжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/db9012dd-9632-4bff-8f35-22b607c2b9b0/66edb69d692c0eda1ce3559e0fd43657.png)
2020 онд жиргээчид дараах 10 эможиг хамгийн ашиглажээ. (Simp emoji гуравдугаарт багтсан байна )
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/db9012dd-9632-4bff-8f35-22b607c2b9b0/19213808c5d5f8e79a3acf891832ae05.png)
Энэ жил дэлхий нийт таагүй мэдээ олныг сонссон ч хүмүүс байгаа зүйлдээ талархаж, бусдыг дэмжих нь нэмэгдсэн гэдгийг Твиттер компани онцлов. Тодруулбал, 2020 онд талархлын агуулгатай жиргээ дэлхий нийтэд 20 хувиар нэмэгдсэний дотор эмч нар баярласнаа илэрхийлсэн жиргээ 135 хувиар, багш нар талархсан жиргээ 30 хувиар өсчээ. Мөн essential workers, frontline workers (цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй хүмүүс) гэх үгс орсон 17 сая жиргээ бүртгэгджээ.
Хүмүүс хамгийн их лайк дарсан 5 жиргээ:
1. Жүжигчин Чедвик Боузман таалал төгссөн тухай жиргээ
2. Барак Обамагийн Коби Брайантад хүндэтгэл үзүүлж бичсэн жиргээ
3. NASA, SpaceX-ийн сансрын нисэгчид эх дэлхийгээс хөөрч, сансрын тойрог замын аяллаа эхлүүлсэн тухай жиргээ
4. "Гэртээ ганцаараа" киноны гол дүрд тоглож үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Маколей Калкины 40 нас хүрсэн тухай жиргээ
5. АНУ-ын анхны хар арьст, эмэгтэй дэд ерөнхийлөгч болох гэж буй Камала Харрисын жиргээ
Холбоотой нийтлэл: 2020 оны ОНЦЛОХ 10 ҮГ: Цар тахал, Зүүм, Карен...
Эх сурвалж: Mashable