UBLife Logo
Дэлхий

АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хориг арга хэмжээ авна

АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хориг арга хэмжээ авна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурлаа. Яагаад хориг арга хэмжээ авах болсон шалтгаан нь тус байгууллага АНУ болон түүний холбоотон Израилын эсрэг мөрдлөг явуулж байгаатай холбоотой ажээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн талаар манайд өнгөрсөн жил нэлээд шуугисныг уншигчид санаж байгаа. Гаагад байрладаг тус шүүхээс 2023 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг баривчлах тушаал гаргаж байсан. В.Путин манай улсад айлчлахад Монголын тал баривчлаагүй тул асуудал үүсэж байсан билээ.

Тэгвэл энэ шүүх мөн 2024 онд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, БХЯ-ны сайд асан Йоав Галант нарыг Газын зурваст хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах шийдвэр гаргасан юм.

Ерөнхийлөгч Трампын гаргасан баримт бичигт “Америкчууд болон түүний холбоотнууд, гэр бүлийг нь мөрдөн шалгах үйл явцад оролцож байгаа хүмүүст санхүү, визийн хориг арга хэмжээ авна” гэж тусгажээ. Мөн “Олон улсын эрүүгийн шүүх нь ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр АНУ-ын иргэд, холбоотнуудын эсрэг урьдчилсан мөрдлөгө явуулж, бүрэн эрхээ давуулан ашиглалаа” гэдгийг онцолсон байна.

Олон улсын эрүүгийн шүүхээс АНУ-ын хориг арга хэмжээнээс ажилтнуудаа хамгаалан, гурван сарын цалинг нь урьдчилан олгоод байгаа ажээ.

2020 онд Трампыг Засгийн эрхэнд байхад Гаагын шүүхээс АНУ-ын зэвсэгт хүчний Афганистанд хийсэн цэргийн гэмт хэргийг шалгаж эхлэхэд мөн АНУ хориг арга хэмжээ авч байсан юм. АНУ, Израил улсууд нь тус шүүхийн үүсэн байгуулагдах нөхцөл болсон Ромын дүрмийг соёрхон батлаагүй билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.