UBLife Logo
Спорт

Б.Сэр-Од , Г.Хишигсайхан нар Нью-Йоркийн марафонд "ELITE FIELD"-ээс уралдана

Б.Сэр-Од , Г.Хишигсайхан нар Нью-Йоркийн марафонд "ELITE FIELD"-ээс уралдана

"Парис-2024" Зуны олимпын XXXIII наадмын марафон гүйлтийн төрөлд амжилттай оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын СЭР-ОД, ОУХМ Галбадрахын ХИШИГСАЙХАН нар жил бүр АНУ-ын Нью Йорк хотноо зохиогддог "New York city marathon -2024" марафонд гүйхээр болжээ.

2024 оны арваннэгдүгээр сарын 3-нд 53 дахь удаагаа зохиогдох уг марафонд манай хоёр тамирчин дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт урилгаар оролцох бөгөөд Б.Сэр-Од эрэгтэйчүүдийн, Г.Хишигсайхан эмэгтэйчүүдийн "elite field" буюу зөвхөн урилгаар оролцож буй элит (хамгийн шилдгүүд) тамирчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн байна. "Elite field"-д нэрлэгдсэн тамирчид тусдаа хамгийн эхэнд гараанаас гарах бөгөөд бусад мэргэжлийн болон сонирхогчид хамтдаа гардаг онцлогтой.

Дэлхийн "Их зургаа" (Лондон, Токио, Берлин, Чикаго, Бостон) -н марафоны нэгд тооцогддог, дэлхийн хамгийн том (Энэ жил гэхэд л 165 000 хүн оролцох хүсэлт ирүүлсэн ажээ) марафон гэгддэг Нью -Йоркийн марафоны "элит гараанд" Монголын хоёр марафонч багтана гэдэг бас л том хүндлэл. "Нью-Йорк хотын марафон 2024" -д "Парис-2024" олимпын марафоны аварга Этиофийн Тамират Тола, мөнгөн медальт Бельгийн Башир Абди, "Нью Йорк марафон"-ы 2022 оны түрүү  Э.Чебет, 2021 оны түрүү А.Корир, 2017, 2019 оны түрүү Ж.Камворор (гурвуулаа Кени) нар эрэгтэйчүүдийн, "Парис-2024" олимпын марафоны хүрэл медальт Кенийн Хеллен Обири (Ноднин Нью-Йорк марафонд, сүүлийн хоёр жил Бостоны марафонд түрүүлсэн), 2022 оны Нью Йоркийн марафоны түрүү Кенийн Ш.Локеди нар эмэгтэйчүүдийн "элит"-ээс уралдах нь ээ.

Мөн Олимпын наадам (6 удаа) болон Дэлхийн АШТ (11 удаа)-д марафон гүйлтээр хамгийн олон оролцсон манай гаригийн цорын ганц тамирчин, Монголын Сэр-Од дэлхийн хамгийн том марафоны (Ноднин гэхэд л 50 мянга гаруй хүн барианд орсон) бас нэгэн тодотгол, бас нэгэн "чимэг" болох нь.

Ц. Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.