UBLife Logo
Дэлхий

Өнөөдөр ирэх Хань Жөн “Сибирийн хүч-2” хоолойг шийдэх эрх мэдэлтэй юу?

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Өнөөдөр ирэх Хань Жөн “Сибирийн хүч-2” хоолойг шийдэх эрх мэдэлтэй юу?

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монголд ирхээсээ өмнө ОХУ-ын Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумд оролцож, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзан, Сибирийн хүч-2  байгалийн хийн хоолойн талаар ярилцсан гэж байгаа. Мөн тэд хоёр талын харилцаа, В.Путины Монголд хийсэн айлчлалын дүнгийн талаар ярилцжээ. ОХУ нь Монголын нутгаар дамжуулан, байгалийн хийн хоолой тавихад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Сүүлийн үед гадаадын хэвлэлээр энэ төсөл зогссон, талууд хийн үнэ дээр санал зөрөлдөөд гацсан гэж мэдээлээд байгаа.

Сибирийн хүч-2 хоолой хөрш гурван улсын хувьд тун чухал, том төсөл. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ талаар “Бид төсөл дээр ажиллаж байгаа. Тодорхой зүйлсийг бүрэн хэлэлцэх шаардлага бий” гэж мэдэгдсэн. Харин В.Путин, Хань Жөн нарын уулзалт дээр энэ тал дээр ахиц гараагүй ажээ. Хань Жөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний өмнө нь Путинтэй тохиролцсон зүйлсийг л дурдаад байсан гэнэ. Мэдээж Хань бол Ши Жиньпиний итгэлтэй хүн. Гэхдээ Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн  товчооны гишүүн биш. Өөрөөр хэлбэл бие даан В.Путинтэй хэлэлцээ хийх эрх мэдэлгүй гэж Оросын хэвлэлүүд дүгнэсэн байна. Тийм болохоор Эдийн засгийн форум дээр энэ уулзалтаас үр дүн хүлээгээд хэрэггүй байжээ.

Гэхдээ уулзалтын уур амьсгал тун нөхөрсөг түвшинд явагдсаныг ОХУ-ын хэвлэл тэмдэглэсэн. Синхрон орчуулгын аппарат эвдрэхэд Путин өөрөө орчуулагч дуудаад яриагаа үргэлжлүүлжээ. Хань Жөн Ши Жиньпиний мэндчилгээг дамжуулж, харин Путин Хятадын даргатай аравдугаар сарын БРИКС уулзалт дээр уулзана гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Энэ уулзалт Оросын Казаньд болох юм. Аравдугаар сард ОХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болох юм.

ОХУ-ын шинжээч, ШУА-ийн Эдийн засаг, олонулсын харилцааны хүрээлэнгийн дэд захирал Александр Ломанов “Барууны орнуудад БНХАУ олон улсын хоригоос эмээгээд Сибирийн хүч-2 хоолойг барихыг хүсэхгүй байгаа гэж бичсэн. Үнэндээ энэ төсөл бараг арваад жил яригдаж байгаа болохоос сүүлийн хоёр жилд шийдсэн зүйл биш. Тиймээс Хятад улс ямар нутаг, муждаа орос хий ашиглаж болохоо сайтар тооцоолох ёстой. Одоо Хятадад эдийн засгийн хөгжлийн бодлогоо өөрчлөх үйл явц болж байгаа тул байгалийн хийн хоолойн асуудал нэгдүгээрт тавигдахгүй. Ногоон буюу эко эдийн засгийн бодлого мэдээж өөрчлөгдөхгүй. Нүүрс шиг байгаль орчинд хортой эрчим хүч, түлшнээс өөр зүйл тэдэнд хэрэгтэй. Асар том эдийн засаг тул бүх системээ шинэчлэхэд арваад жилийн төлөвлөгөө хэрэгтэй. Ер нь хийн хоолойн асуудал 2035 оны хэрэг болчихоод байгаа” гэж тайлбарласан байна.

Харин Бээжин яагаад Эдийн засгийн форумд Хань Жөнийг илгээсэн талаар тэрээр “Энэ бол улс төрийн биш эдийн засгийн форум. Заавал засгийн тэргүүд оролцох шаардлагагүй. Хань Шанхай гэсэн том хотыг амжилттай удирдаж байсан болохоор эдийн засгийн форумд оролцох туршлагатай. Тэр Владивостокоос Монголд айлчлах нь гайхаад байхаар зүйл биш. Монголд тэр Ши Жиньпиний орчлогчийн хувиар эдийн засаг биш улс төрийн асуудал голчлон ярих байх” гэж дүгнэсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.