UBLife Logo
Амьдралын дүрэм

36 нас хүрсэн Дагестан бүргэд Хабиб Нурмагомедов гэж хэн бэ?

36 нас хүрсэн Дагестан бүргэд Хабиб Нурмагомедов гэж хэн бэ?

Дагестаны холимог тулаанч, UFC холбооны хөнгөн жингийн аварга асан Хабиб Абдулманапович Нурмагомедов өнөөдөр 36 нас хүрч байна. Түүнийг дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тулаанчдын нэг гэж зүй ёсоор үздэг билээ. Мэргэжилд 29 тулалдахдаа нэг ч ялагдаж үзээгүй түүнийг “Дагестан бүргэд” хэмээн нэрлэдэг. Хабиб 29 тулааныхаа 19-ийг цагаас өмнө дуусгасны наймыг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн бол 11 тулаанд өрсөлдөгчид нь бууж өгч байв. Байлдааны самбо суурьтай түүний хүнд нударгын амтыг Ирландын Конор Макгрегор, АНУ-ын Жастин Гейжи, Дастан Порье нарын алдартнууд амсаж байлаа.

Ингээд 36 нас хүрсэн Хабиб Нурмагомедовын талаарх 20 сонирхолтой баримтыг толилуулж байна.

1, Хабиб Исламын шашинтай. The Guardian-ий гаргасан Исламын шашинт хамгийн алдарт тамирчдын чансаанд Египетийн хөлбөмбөгч Мохамед Салахын дараа хоёрт жагссан.

2, Хабиб 175 хүн амтай Сильди тосгонд (Дагестан, ОХУ) төрсөн, авар үндэстэн. Аав нь ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов тулааны урлагийн багш. Харамсалтай нь аав нь 2020 онд ковидоор нас барсан юм.

3, Анхны тулаанаа 2008 оны есдүгээр сарын 13-нд “CSFU: Champions League” тэмцээнд Азербайжаны Вусал Байрамовтой хийж, 2 минут 20 секундэд боох мэхээр цэвэр ялжээ.

4, Холимог тулааны хамгийн том холбоо UFC-д анхны тулаанаа 2012 оны нэгдүгээр сарын 20-нд хийж, Ираны  Камал Шалорусыг боож ялсан.

5, 2018 оны дөрөвдүгээр сарын 7-нд Эл Яквинтаг шүүгчдийн саналаар ялж, UFC холбооны хөнгөн жингийн аварга болсон.

6, Хабиб олон нийтийн сүлжээнд маш алдартай. Инстаграм хуудсыг нь 21 сая хүн дагадаг.

7, 2018 онд Оросын рэп дуучин Егор Крид исламын шашинтнуудын сүрдүүлгийн улмаас Дагестанд хийх тоглолтоо цуцлахад Хабиб гол үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр рэп дуучдыг хүүхэд залуучуудын хүмүүжилд муу нөлөө үзүүлдэг гэж шүүмжилсэн.

8, Байлдааны самбо, чөлөөт бөх, жүдо, панкратион, грепплингээр хичээллэж байсан. Байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга, ОУХМ цолтой. Грепплингийн дэлхийн аварга, панкратионы Европын аварга. Тэр таван настайгаасаа барилдаж эхэлсэн.

9, Багадаа баавгайтай барилдаж, бэлтгэл хийдэг байсан. Энэ бэлтгэлийн видео бичлэг нь өрсөлдөгчдийнх нь зүрхэнд шар ус хуруулдаг байв. Харин амьтны эрхийг хамгаалагч байгууллагууд эсэргүүцэл илэрхийлсэн.

10, Гэргий Патиматтайгаа цуг Сильди тосгоны сургуульд хамт сурч байсан. Анхных нь хайр. Тэд 2013 онд хуримаа хийж, 2015 онд Фатима охин, 2017 онд Магомед хэмээх хүүтэй болсон. 2019 онд отгон хүү нь мэндэлжээ. Ууган хүү нь гимнастикаар хичээллэдэг. Хабиб хувийн амьдралаа нууцалдаг тул Патимат хурим дээрээ ч битүү нөмрөгтэй байв. Түүний царайг ойр дотных нь хүмүүс л харсан гэнэ.

 

11, Рингэнд гарах болон буух, жин үзэлт, шагнал авахдаа Папах малгай өмсдөг. Хабиб малгайгаа Криштиану Роналду, Майк Тайсон нарт бэлэглэж байв.

12, Махачкала хотын Санхүү, эдийн засгийн коллеж, Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийг дүүргэсэн. Авар, кумык, орос, англи, турк, араб хэлээр чөлөөтэй ярьдаг.

13, 2014 онд өвдөг, хавиргаа дараалан хугалаад хоёр жил их спортоос хөндийрөөд байхдаа зодог тайлж, шөнийн клубын хамгаалагч болох гэж байхад аав нь болиулжээ. Аав нь “Хэрэв чи ажил хийх юм бол бэлтгэл хийж чадахгүй. Тамирчин болохын тулд өөрийгөө бүхлээр нь спортод зориулах хэрэгтэй. Чиний үүрэг бол сайн хооллох, бэлтгэлээ хийх. Үлдсэнийг нь би хариуцна” гэж хэлж байжээ.

14, ОХУ–ын Федор Емельяненко, Канадын тулаанч Жорж Сен-Пьер нарыг шүтэн биширч, хүндэлдэг.

15, Нурмагомедов хэмээх нэр нь Арабын “nur” (гэрэл), Магомед гэсэн үгнээс бүрдсэн.

16, Украин бол Хабибын хувьд маш дотно улс. Тэрээр “Би Украинтай олон талаар холбоотой. Байлдааны самбо бөхийн анхны дэлхийн аварга цолоо энд авч байсан. Мөн Украины “Combat- DOBRO” клубт харьяалагдаж байсан. Украинд маш олон найзтай” гэж ярьж байв. Түүний аав Абдулманап Нурмагомедов Украины чөлөөт бөх, самбогийн аварга болж байсан.

17, Хабиб хөлбөмбөгт маш дуртай, өөрөө ч сайн тоглодог. Тэрээр Мадридын Реал багийн шүтдэг. Криштиану Роналдутай анд найз. Холимог тулаанаас зодог тайлаад Хабиб Махачкала хотын хөлбөмбөгийн “Легион Динамо” багтай гэрээ байгуулах шахсан юм.

18, Хабиб олон нийтийн сүлжээ, нийтийн өмнө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Гэхдээ зарим нь хэрүүл маргаан үүсгэх нь бий. Тиага Таварестай Бразилд тулалдахдаа Хабиб “If sambo was easy it would be called jiu jitsu" буюу “Хэрэв самбо хялбархан байсан бол жиү жицү гэж нэрлэгдэх байсан” гэсэн бичигтэй цамцтай гарч, үндэсний спортыг нь доромжилсон хэргээр бразилчуудад үзэн ядагдаж байв.

19, Одоо Нурмагомедов хувийнхаа онгоцоор дэлхийн хаана ч очиж чадна. Харин UFC холбоонд анхны тулаанаа хийхээр АНУ явахын өмнө Махачкалагаас Москва ороход нислэгийн тасалбар хэдийн дууссан байжээ. Ингээд аавынх нь найз Гаджи Махачев Хабибыг онгоцны нисгэгчийн кабинд “хулгайгаар” суулгаж байсан гэдэг.

20, Хабиб эдийн засгийн их сургууль төгссөн тул бизнес ухаан сайн. Холимог тулааны шагналаас гадна олон нийтийн сүлжээний зар сурталчилгаанаас асар их мөнгө олдог. Тэрээр Туркт орон сууцны хороолол барьж байгаа, хөрөнгө оруулалтын Wahed Inc: платформын түнш, өөрийн гэсэн тулааны Eagle FC холбоотой. Одоо тэр гар утасны оператор, протеины брэнд, ухаалаг утасны фитнес апп, Jacob & Co-той хамтарсан цагны брэндээс гадна хүлэмжийн ногоо, хонь, хурдан морь зэрэг хөдөө аж ахуйн салбарт ч бизнестэй.  Forbes сэтгүүл түүний жилийн орлогыг 20 сая ам.доллар гэж үнэлсэн.

Хабиб Нурмагомедов ярьж байна

-Би бүх тулаанчдыг хүндэлдэг. Яагаад гэвэл аав минь тэгэж сургасан. Мэндчилгээгээр эхэлж, тулалдаад дууссан хойноо иэндчилж байх ёстой.

-Өндөр амжилт үзүүлэхийн тулд маш их юмаа золиослох хэрэгтэй.

-Би мөнгөний төлөө биш өөрийнхөө үлдээх өвийн төлөө тулалддаг. Би түүх бүтээхийн төлөө, ард түмнийхээ төлөө тулалддаг.

-Би аавтайгаа хамт аварга болохыг л хүсч байсан. Ингээд гэнэт аав минь алга болж, бүх юм нуруун дээр минь бууна гэж хэзээ ч төсөөлж байсангүй.

-Би хэн нэг онцгой хүнтэй өрсөлдөхийг хүсдэггүй. Би аваргын бүсэд ойртуулах өрсөлдөгчийг л хүсдэг.

-Миний амьдрал бэлтгэл, шашин шүтлэг, нойр, хоолноос бүрддэг.

-Би хүмүүжлээ харуулж, нэр төрөө унагаахгүйн тулд хамаагүй зүйл ярьдаггүй. Хүнийг хүндэлж байгаа гэдгээ үг хэлээрээ харуулж байх хэрэгтэй. Үг болгон утгатай шүү.

-Зориг зүрхгүй бол холимог тулаанд танд хийх зүйл байхгүй.

-Би торонд орох болгондоо аваргын бүсийн төлөө тулалдаж байна гэж төсөөлдөг. Шинэ залуу тамирчин байсан ч би өрсөлдөгчөө басж, хялбар тулаан болно гэж бодох эрхгүй. Учир нь нэг ялагдахад л бүгдийг алдана.

-Алдарт гараад амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн. Намайг хаана ч явсан хүмүүс таньдаг болсон. Энэ нь таалагддаггүй. Урьд нь би гадаа гудамжинд байх дуртай байсан бол одоо гэртээ л бүгэхээс өөр аргагүй болсон.

-Миний ялах боломж өрсөлдөгчийнхөөс илүү гэж би үргэлж итгэдэг. Өөртөө итгэхгүй бол тулалдаад яах билээ.

-Амжилт бол Бурханаас өгсөн хишиг. Би зөвхөн энэ амжилтын хөрсийг нь л тавьсан.

-Түүхэнд алдаа, буруу зүйл их байсан. Бид яагаад түүх уншдаг вэ? Энэ алдаануудыг давтахгүй гэж л тэр.

-Өөртөө итгэлгүй, сэтгэл зүй сул тамирчин л допинг хэрэглэдэг. Миний допинг бол бэлтгэлээ хийх, унтах, идэх юм.

-Миний амьдралын хамгийн чухал зүйл бол гэрбүл. Надад Дагестанаас амьдралын түвшин дээр газар амьдрах боломж бий. Гэвч би хүсдэггүй. Яагаад гэвэл энд миний гэрбүл, хамаатан садан байгаа.

-Алдартай болоод амьдрал эрс өөрчлөгдсөн.  Бүгд намайг мэддэг, таньдаг болсон. Үнэндээ энэ нь надад таалагддаггүй. Өмнө нь би гэртээ биш гадаа л байхдаа дуртай байлаа. Харин одоо гэртээ л байдаг болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.